Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 45

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч С.Одонцэцэг,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

            Улсын яллагч С.Мөнхгэрэл,

            Хохирогч Я.Нямжав

            Гэрч Б.Ариунтуяа

            Шүүгдэгч Г.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Г.Алтангэрэлийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625021792 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг 8 дугаар хороо, Баянцагааны 9-47 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Батхаан овогт Галягийн Алтангэрэл /регистрийн дугаар ЧГ79060571/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Алтангэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Автобус-3” бааз хүртэл явах замын хөдөлгөөнд оролцож байсан 23-67 УНЧ улсын дугаартай автобусанд хамт архи ууж байсан Я.Нямжавыг “өөрийг нь доромжилсон” гэх шалтгааны улмаас зодож, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун 9, 10 дугаар хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цус хий хуралт бүхий амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Алтангэрэл шүүх хуралдаанд “...Тухайн хэрэг гардаг өдөр буюу 3-4 шилжих шөнө хохирогчтой маргалдсан, би хохирогчийн цээж нь тус газарт цохиогүй. Гэрч нарын мэдүүлгээр хохирогч ухаангүй байсан талаар хэлдэг. Хохирогч “Автобус-3” баазын хашаан дотор хүнд зодуулсан байх, зөвхөн автобус дотор байрлах камерын бичлэгээр намайг яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…Нямжав миний ар талд сууж байгаад “чи муу бацаан” гэж долоовор хуруугаараа над руу чичлээд заагаад, хуруугаараа толгой руу хатгаад, “хэрээний хүүхэд минь, мангар бацаан минь” гэх мэтээр дахин дахин доромжлоод байсан. Тэгэхээр нь би эргэж хараад зүүн гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод байж байгаад баруун хөлөөрөө хэвлийн тус газарт нэг удаа жийсэн. Тэгээд байж байгаад доош нь хөлнөөс нь чирээд автобусны голд аваачиж байгаад дээр нь гараад баруун хөлөөрөө гуян тус газар өвдөглөөд зууралдаж байх үед манай ажилчин Хасбаатар, Давааням нар салгасан. Тэгээд Нямжав урагшаа жолоочид хувцсаа өгчхөөд буцаад ирэхдээ сандал дээр унаад байсан., над руу дайраад ирэхээр нь дахиад муудалцаад байхаар нь би баруун, зүүн гараараа толгойн тус газар нь 2 удаа цохисон…” гэсэн мэдүүлэг /хх-32-33/,

 

Хохирогч Я.Нямжав шүүх хуралдаанд “…Тухайн өдөр баазын гадаа би согтуу очиж Алтангэрэлтэй маргалдсан нь үнэн. Тэгээд би автобусанд суугаад явж байгаад замд мөн Алтангэрэлтэй маргалдсан. “Автобус-3” бааз дээр буухад 4-5 залуу намайг зодсон. Нэг мэдэхэд цемент дээр хэвтэж байсан. Миний цагаан цамц дээр гутлын олон мөр болсон байсан. Гомдол саналгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ…” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…би анх болсон үйл  явдлыг өөрөө мэдэхгүй  байсан. Тухайн үед намайг хүмүүс нийлж зодсон гэж яриад байсан болохоор би намайг олон хүмүүс нийлж зодсон юм байна гэж мэдүүлэг өгсөн. Харин дараа нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад бичлэг харсан чинь Алтангэрэл намайг автобус дотор зодож байсан… Алтангэрэл нь намайг гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байхад 1.150.000 төгрөг, эмчилгээ, эм тарианы мөнгө өгсөн…”  гэсэн мэдүүлэг /хх-13, 97/,

 

Гэрч Б.Нямдоржийн “…Би 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед автобус компанийн хашааны гадна 500 метр орчим газарт Алтангэрэл бид 100 грамм архи уусан. Тамхи татаад зогсож байсан чинь ертөнцийн зүгээр урд талаас Нямжав гэдэг жолооч согтуу ирсэн. Тэгээд ирчхээд Алтангэрэлтэй хэсэг хугацаанд муудалцаж байгаад больсон. Тэгээд би Нямжавд хандаж “миний найз согтсон байна, эхнэртэйгээ яриад харь” гэж хэлсэн чинь “миний утас цэнэггүй” гэж байхаар нь би өөрийнхөө утсаар эхнэртэй нь нь яриулсан. Удалгүй “автобус-1” компанийн ажилчдын автобус гарч ирэхээр нь Давааням /96252125/, Бямбарагчаа /99067582/, Алтангэрэл /91640605/, Нямжав, №178 жолооч, 101-н жолооч Хасбаатар гэдэг залуу бид 7 тэрэнд сууж “Автобус-3” компанийн чиглэл рүү явж байх хооронд Алтангэрэл, Нямжав 2 хоорондоо дахиж муудалцаад хоорондоо бие биенээ барьж аваад явж байгаа автобусан дотор дээр, доороо дарж унаад байсан. Тэгээд “Автобус-3” компани дээр зогсоод Нямжав автобуснаас буугаад би араас нь 3 минутын зайтай буухад Нямжав газар уначихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-14, 123/,

 

Гэрч О.Даваажаргалын “…тэд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд хажуу талаас Машбат ах /96880545/ бид 2 “больцгоо” гэж шаардлага тавьсан чинь удалгүй салцгаасан. Тэгээд “Автобус-3” бааз дээр очоод түрүүлээд буусан. ...Автобусны хяналтын камер ажиллаж байсан. Толинд харахад Нямжав, Алтангэрэл 2 хоорондоо маргалдаж байх шиг байсан. Бусад нь салгаж байх шиг байсан…” гэсэн мэдүүлэг /хх-15, 121/

 

Гэрч Ө.Машбатын “…би баазын хашаанаас “ганцаараа хамгийн урд талын зорчигчийн суудал сууж гарсан.” Тэгээд баазын хашаа тойроод явж байсан чинь 4-5 зүс таних баазын жолооч залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд зорчигчийн суудлын хамгийн ар талын суудал дээр очоод суусан. Тэд нар хоорондоо маргалдаад байсан. Нэг нь “чи миний дүүтэй чацуу хүн байж намайг ах гэсэнгүй” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй байж байсан чинь 33-35 насны 160-165 метр орчим өндөртэй намхан хар куртиктай, хар царайтай, том хамартай залуу нөгөө нэг 35-40 насны шар царайтай, 165-170 метр орчим өндөртэй туранхай биетэй залууг түлхээд сандал дээр унагаачихсан. Би тэгээд “та нар больцгоо” гэж хэлсэн чинь тэд нар салчихсан…” гэсэн мэдүүлэг /хх-16/,

 

Гэрч Ц.Хашбаатарын “…ажилчдын автобус гараад ирэхээр нь бид 6 ажилчдын автобусанд суугаад “Автобус-3” компани руу явж байгаад гадаа ууж байсан архиа хувааж ууж байсан чинь Алтангэрэл, Нямжав 2 хоорондоо дахиад маргалдаад байхаар нь би очоод салгасан чинь Алтангэрэл нэг хөлөөрөө Нямжавын гэдэс орчим нэг удаа өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг /хх-17/

 

гэрч Б.Даваанямын “…нэг харсан чинь Нямжав газар уначихсан Алтангэрэл хөлөөрөө ганц, хоёр өшиглөж байгаа харагдсан …” гэсэн мэдүүлэг /хх-21, 120/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №8774 тоот актын “...Я.Нямжавын биед цээжний хэнхэрцэгийн дарагдал, баруун 9-10 дугаар хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цус хий хуралт гэмтэл, мэс заслын дараахь байдал тогтоогдлоо. …Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна …” гэсэн дүгнэлт /хх-24/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10, 113/,гэрэл зургийн үзүүлэлт /хх-114-118, 127, 128/, Эд мөрийн баримтаар хавсаргах тухай тогтоол /хх-11/, шүүгдэгч Г.Алтангэрэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-34, 36/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/, хохирогч Я.Нямжавын эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх-78-91/, Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-77/, Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолууд /174, 175/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Алтангэрэл нь 2016 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Автобус-3” ХХК-ийн бааз хүртэл явах замд замын хөдөлгөөнд оролцож байсан “Автобус-1” ХХК-ийн ажилчдын 23-67 УНЧ улсын дугаартай автобусанд хамт архи ууж байсан хохирогч Я.Нямжавыг “өөрийг нь доромжилсон” гэх шалтгааны улмаас зодож, түүний бие махбодид “…цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун 9-10 дугаар хавирганы хугарал, цээжний баруун хөндийн цус хий хуралт…” бүхий амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Я.Нямжавын “…Тухайн өдөр баазын гадаа би согтуу очиж Алтангэрэлтэй маргалдсан нь үнэн. Тэгээд би автобусанд суугаад явж байгаад замд мөн Алтангэрэлтэй маргалдсан. …би анх болсон үйл  явдлыг өөрөө мэдэхгүй  байсан. Тухайн үед намайг хүмүүс нийлж зодсон гэж яриад байсан болохоор нь намайг олон хүмүүс нийлж зодсон юм байна гэж бодсон. Харин дараа нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад бичлэг харсан чинь Г.Алтангэрэл намайг автобус дотор зодож байсан. …Алтангэрэл нь намайг гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байхад 1.150.000 төгрөг, эмчилгээ, эм тарианы мөнгө өгсөн…”, г

гэрч Б.Нямдоржийн “…Би 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 23 цагийн үед автобус компанийн хашааны гадна 500 метр орчим газарт Г.Алтангэрэл бид 100 грамм архи уусан. …ертөнцийн зүгээр урд талаас Нямжав жолооч согтуу ирчхээд Г.Алтангэрэлтэй хэсэг хугацаанд муудалцаж байгаад больсон. …Удалгүй “автобус-1” компанийн ажилчдын автобус гарч ирэхээр нь Давааням, Бямбарагчаа, Алтангэрэл, Нямжав, 101-н жолооч Хасбаатар бид 7 тэр автобусанд сууж “Автобус-3” ХХК-ийн чиглэл рүү явж байх хооронд Алтангэрэл, Нямжав 2 хоорондоо дахиж муудалцаад хоорондоо бие биенээ барьж аваад явж байгаа автобусан дотор дээр, доороо дарж унаад байсан. Тэгээд “Автобус-3” компани дээр зогсоод Нямжав автобуснаас буугаад би араас нь 3 минутын зайтай буухад Нямжав газар уначихсан байсан...”,

гэрч О.Даваажаргалын “…тэд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд хажуу талаас Машбат ах бид 2 “больцгоо” гэж шаардлага тавьсан чинь удалгүй салцгаасан. …Толинд харахад Нямжав, Алтангэрэл 2 хоорондоо маргалдаж байх шиг байсан…”,

гэрч Ө.Машбатын “…Тэгээд баазын хашаа тойроод явж байсан чинь 4-5 зүс таних баазын жолооч залуучууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд зорчигчийн суудлын хамгийн ар талын суудал дээр очоод суусан. …Нэг нь “чи миний дүүтэй чацуу хүн байж намайг ах гэсэнгүй” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй байж байсан чинь 33-35 насны 160-165 метр орчим өндөртэй намхан хар куртиктай, хар царайтай, том хамартай залуу нөгөө нэг 35-40 насны шар царайтай, 165-170 метр орчим өндөртэй туранхай биетэй залууг түлхээд сандал дээр унагаачихсан. Би тэгээд “та нар больцгоо” гэж хэлсэн чинь тэд нар салчихсан…”,

гэрч Ц.Хашбаатарын “…ажилчдын автобус гараад ирэхээр нь бид 6 ажилчдын автобусанд суугаад “Автобус-3” компани руу явж байгаад гадаа ууж байсан архиа хувааж ууж байсан чинь Алтангэрэл, Нямжав 2 хоорондоо дахиад маргалдаад байхаар нь би очоод салгасан чинь Алтангэрэл нэг хөлөөрөө Нямжавын гэдэс орчим нэг удаа өшиглөсөн…”,

гэрч Б.Даваанямын “…нэг харсан чинь Нямжав газар уначихсан Алтангэрэл хөлөөрөө ганц, хоёр өшиглөж байгаа харагдсан …” гэсэн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №8774 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Г.Алтангэрэлийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан, прокуророос шүүгдэгч Г.Алтангэрэлийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Алтангэрэлийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Хохирогч Я.Нямжав нь шүүх хуралдаанд “…гомдол саналгүй…” гэж мэдүүлснээс гадна тэрээр энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч Г.Алтангэрэлийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Харин хохирогч Я.Нямжав нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул цаашид гарах эмчилгээний зардлыг “иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгчийг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч Г.Алтангэрэлд ял шийтгэл оногдуулахдаа түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  түүний ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Г.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Алтангэрэлд холбогдох хэргээс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ¹418, ¹419 дугаартай ”Прокурорын тогтоол”-оор сэжигтэн Б.Давааням, Г.Бямбарагчаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлтэй болсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам “шүүгдэгч Л.Алтангэрэлд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй, Г.Алтангэрэл нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэсэн хэргийн онол дэвшүүлснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Хэрэгт авагдсан дээр дурьдсан гэрч нарын мэдүүлэг болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг /СД/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Видео бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр шүүгдэгч Г.Алтангэрэлийн үйлдсэн хэрэг нь бүрэн дүүрэн нотлогдсон, хэрэгт нотолбол зохих асуудлыг бүгдийг шалгасан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Алтангэрэлд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.   

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1.Шүүгдэгч Батхаан овогт Галягийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Шүүгдэгч Галягийн Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Г.Алтангэрэлийн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн 201625021792 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Алтангэрэлд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Алтангэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                  ШҮҮГЧИД                                     Б.ДУЛАМСҮРЭН

 

Б.МӨНХ-ЭРДЭНЭ