Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2017/0482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Боржигон овогт Э.Б. /РД:******/,

 

Хариуцагч: Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: ...2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын Б/** тоот тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эргэн орох, ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг тус тус нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Лнар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.Б нь анх 2008 онд Цагдаагийн албанд элсэн орж хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлж аливаа алдаа дутагдал, зөрчил гаргалгүй ажиллаж ирсэн бөгөөд 2014 онд Сүхбаатар Цагдаагийн 3-р хэлтсийн цагдаа жолоочоор ажиллаж байхдаа хэлтсийнхээ хөдөлмөрийн аварга болон үлгэр жишээчээр ажиллаж ирсэн. Э.Б нь Цагдаагийн албанд 8 жил 6 сар ажиллахдаа ямарваа нэгэн сахилгын шийтгэл, арга хэмжээ авахуулж байгаагүй болно. Гэвч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн ажилтнууд нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн 6-р хороо 102-34 тоотод дайран орж ирэн баривчилсан. Уг байранд Э.Б нь нэг өрөө түрээслэн амьдардаг бөгөөд Эрүүгийн Цагдаагийн газрын ажилтнууд Г-03 гэх гомдол мэдээллийн дагуу уг ажиллагааг явуулсан гэх ба тус байранд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулах зорилгоор хадгалсан, олж авсан гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Н шалгаж, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А хяналт тавьсан болно.

Улмаар 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын дугаар 39 тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан байдаг. Гэтэл уг тогтоол гарахаас өмнө буюу гомдол мэдээллийн дагуу алгаж дуусаагүй байхад, эрүүгийн хэрэг үүсгээчгүй байхад 2017 оны 02 дугаар 02-ны өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын Б/** тоот тушаалаар нэхэмжлэгчийг Э.Б нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг үндэслэн ажлаас халсан байдаг.

Э.Б нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гомдлоо гаргасан боловч 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Дугаар 05 тогтоолоороо энэхүү шийдвэрийг хэвээр үлдээсэн болно. Нэхэмжлэгч нь амьдралдаа нэг ч удаа хар тамхины төрлийн бодис хэрэглэж үзээгүй бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 04-нээс 05-нд шилжих шөнө саатуулагдсан даруйдаа мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестэрээр үзэхэд илрээгүй. Лабораторийн шинжилгээний хариугаар мөн адил огт илрээгүй. Э.Бат-Эрдэнийн түрээслэн амьдарч байсан өрөөг нь Баянгол дүүргийн 6-р хороо 102-34 тоот байранд бүрэн нэгжлэг хийсэн ч борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис огт илрээгүй байгаагүй болно.

Нэхэмжлэгчийг мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, олж авсан хадгалсан ямар ч нотлох баримт байхгүй, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэхээс өмнө ажлаас нь үндэслэлгүй халж, ноцтой гэмт хэрэгт гүтгэсэнд нэхэмжлэгч үнэхээр их гомдолтой байгаа.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн Нийслэлийн цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтэст 2017 оны 01 дүгээр 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Роху бааранд цагдаагийн ажилтан Э.Б нь найзуудын хамт хар тамхи авч явж байна гэх мэдээллийн дагуу тус хэлтсийн алба хаагчид Э.Бат-Эрдэнийн амьдардаг Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол 102-34 тоотод түүнийг найзуудын байхад нь саатуулан шалгаж, Э.Б болон хамт байсан хүмүүст мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгагч тест тавихад Э.Бтэй хамт амьдардаг О-нь хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд Э.Бд холбогдох асуудалд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Хяналт шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсээс албаны шалгалт явуулсан.

Дээрх мэдээллийг шалгах явцад Э.Бат-Эрдэнийн гэрээс хар тамхи хэрэглэхэд ашигладаг хэрэгсэл олдсон бөгөөд шинжилгээгээр уг хэрэгслээс хар тамхины төрлийн бодис илэрсэн байдаг.

Албаны шалгалтын хүрээнд Э.Б 2016 оны 08 дугаар сарын 19-ний Сүхбаатар дүүргийн нутагт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа мансууруулах бодис хэрэглэж, авто осол гаргасан, тухайн үед түүнээс мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах гэхэд шалгуулахаас татгалзаж, мансууруулах бодис хэрэглэсэн талаар мэдүүлсэн болох нь Э.Бэс гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт, бусад хүмүүсийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Э.Б нь мансууруулах бодис хэрэглэж албаны автомашинтай үүрэг гүйцэтгэж осол гаргасан, бусдыг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаа хууль бус үйлдлийг лавтай сайн мэдсэн атлаа нуун дарагдуулсан нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 2.3-т Цагдаагийн алба хаагч нь биеэ авч явах байдлаараа цагдаагийн байгууллагын нэр хүндийг цэвэр байлгахыг ямагт хичээж, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж мөрдөх үүрэгтэй, 4.1.1-т Үндсэн хууль, хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм журам, заавар, байгууллагын соёл, дэг журмыг чанд баримтлах, 4.1.6-т Ажлын бус цагаар цагдаагийн байгууллагын нэр хүндэд харшлах аливаа зохисгүй гаргахгүй байх, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 4.4.7-д Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон бусад бодис хэрэглэхгүй", Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж заасан хэм хэмжээг тус тус зөрчсөн байна.

Цагдаагийн алба хаагч нь Цагдаагийн албаны тухай хуулийн /2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн/ 8.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахиж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт чин шударгаар зүтгэж, алба хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж ажиллах тангараг өргөдөг.

Тангараг өргөсөн алба хаагчийн хувьд Э.Бат-Эрдэнийн дээрх үйлдэл нь Цагдаагийн албаны болон Төрийн албаны хууль тогтоомж, алба хаагчийн сахилга, ёс ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Э.Бд явуулсан албаны шалгалтын дүнг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын-зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, түүнд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.2-т Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй", 26.3-т Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.14-т зааснаар Э.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Э.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Улаанбаатар хотын Цагдаагийн газар/хуучин нэрээр/-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эргэн орох, ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, ...амьдралдаа нэг ч удаа хар тамхины төрлийн бодис хэрэглэж үзээгүй, шинжилгээгээр миний биеэс хар тамхины төрлийн бодис илрээгүй, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоол гарсан байхад энэ үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус гэж маргажээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газар/хуучин нэрээр/-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-Эрдэнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэсэн үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.[1]

Цагдаагийн ахлах ахлагч Э.Б нь 2016 оны 08 дугаар сард иргэнээс мансууруулах бодис хураан авч холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэлгүй өөрөө хэрэглэсэн гэх, мөн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэх асуудалд Улаанбаатар хотын цагдаагийн газрын хяналт шалгалт, аюулгүй байдал, ёс журмын хэлтсээс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хооронд албаны шалгалт явуулжээ.

Албаны шалгалтын явцад Э.Б нь хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн нь гаргасан ... өвсийг нь хурааж аваад явуулчихсан юм. Ингээд маргааш нь нэг ширхэг бэлэн тамхийг үйрүүлж байгаад нөгөө хурааж авсан өвсийг хийгээд татсан юм, ...долоо хоногийн өмнө хар тамхи татсан. Битгий шинжилгээ аваач гэж гуйсан[2] гэсэн тайлбар өгсөн, мөн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч Э.Жавхлантөгсийн гаргасан ...Э.Б хар тамхи хэрэглээд байна... гэсэн мэдээлэл өгсөн. Түүний дагуу миний бие эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ю.Дэмбэрэлсайханд танилцуулахад ...хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагч нартай хамтарч шалга гэсэн үүрэг өгсний дагуу баримтжуулалтын ажиллагаа хийж байсан тайлбар, мөн цагдаагийн хэлтсийн телекамерийн жижүүрийн цагдаа Б.Одбаяр, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Шинэ-Од, иргэн Г.Солонго нарын гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон байна.

Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 39 тоот тогтоолоор[3] ...Э.Б нь ...урьд нь мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байсан гэж үзэхээр байна гэж дүгнээд тогтоогчоос хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчлаагүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзвэл, цагдаагийн ахлах ахлагч Э.Б нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис удаа дараа хэрэглэж байсан гэж үзэхээр байх бөгөөд уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохгүй, мөн шинжилгээгээр Э.Бат-Эрдэнийн биеэс дээрх бодис илрээгүй явдал нь төрийн албан хаагчийг тэр дундаа цагдаагийн албан хаагчийг сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тодруулбал, цагдаагийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13.1.2өргөсөн тангарагтаа үнэнч байх үүрэгтэй байх бөгөөд мөн хуулийн 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэж заасны дагуу гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй эвлэрэхгүйгээр төрийн албан хаагчийг нэр хүндийг алдагдуулах аливаа үйлдлийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа төдийгүй нийгмийн харилцаанд оролцож байхдаа гаргахгүй байх шаардлагатай юм.

Мөн Цагдаагийн албаны тухай хууль/2013 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар цагдаагийн албан хаагч нь цагдаагийн албанд орж ажиллахдаа Монгол Улсын иргэн ... би цагдаагийн албанд орж ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахиж, ... алба хаагчийн сахилга, ёс зүйг чанд сахиж, ... Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ гэж тангараг өргөхөөр, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 598 дугаар тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 4.4 дүгээр зүйлийн 4.4.7-д Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бусад эм, бэлдмэл болон бусад бодис хэрэглэхгүй байх-аар тус тус зохицуулсан байна.

Гэтэл Э.Бат-Эрдэнийн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн явдал нь хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй төдийгүй, төрийн албан хаагчийн нэр хүндийг гутааж өргөсөн тангаргаасаа няцсан, ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болжээ.

Иймд Улаанбаатар Улаанбаатар хотын цагдаагийн газар/хуучин нэрээр/-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/72 дугаар тушаал нь зорилгодоо нийцсэн байх тул Э.Бэс гаргасан Улаанбаатар хотын Цагдаагийн газар/хуучин нэрээр/-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эргэн орох, ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Э.Бат-Эрдэнийг шөнөжин зодож байж ийм тайлбар гаргуулсан, Б.Одбаяр, Б.Шинэ-Од, Э.Жавхлантөгс, Г.Солонго нар нь үнэн зөв тайлбар өгсөн гэхэд эргэлзээтэй хэмээн тайлбарлан маргаж байх боловч Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас хууль сануулж авсан тайлбарууд байх бөгөөд дээрх тайлбарууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх тул нэхэмжлэгч нь Цагдаагийн албан хаагч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж тайлбар авсан, иргэд худал мэдүүлэг өгсөн эсэх талаарх гомдлоо гаргаж шийдвэрлүүлсний үндсэн дээр шүүхийн энэхүү шийдвэрийг дахин хянуулах боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.5, Цагдаагийн албаны тухай хууль /2013 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан Э.Бэс гаргасан Улаанбаатар хотын Цагдаагийн газар/хуучин нэрээр/-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/72 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эргэн орох, ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ