Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

2020               3              26                                       2020/ДШМ/367

 

Б.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/214 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Оюун-Эрдэнийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Мт холбогдох 1903 0093 10423 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Бын М, 1993 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Хьюндай Аванте” загварын ...УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын хойд замд мөн дүрмийн 10.1-д заасан заалтыг зөрчсөнөөс Г.Аын жолоодож явсан “Тоёота Сай” загварын ...УБЭ, С.Гийн жолоодож явсан “Тоёота Приус-20” загварын ...УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөснөөс С.Эын жолоодон явсан “Тоёота Сай” загварын ...УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч С.Энхзаяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, дээрх зам тээврийн ослыг гаргаад мөн дүрмийн 3.5.а, б, г-д заасан заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1 дүгээр хавтас хэргийн 85-86 дугаар талд авагдсан шинжээчийн 337 дугаар дүгнэлтэд Б.Мыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-т заасныг зөрчсөн гэсэн нь яллах дүгнэлтэд бичигдсэн Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн гэсэнтэй тохирохгүй, зарим заалтыг орхигдуулж бичсэн, улсын яллагч энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Мөн гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Б.Мын жолоодож явсан “Хьюндай Авантэ” загварын ...УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын техникийн хяналтын үзлэгээр оруулаагүй, эвдрэл ихтэй, асах боломжгүй гэсэн тодорхойлолтоор тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тогтоолгүйгээр хэргийг шалгасан нь учир дутагдалтай, тухайн тээврийн хэрэгслийг ачилт хийлгэж, техникийн хяналтын үзлэгийн төвд хүргүүлэх, тухайн тээврийн хэрэгсэл гэмт хэрэг гарах үед бүрэн бүтэн байсныг нэг мөр шалгаагүй, орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр зүйлд жолоочийн хүлээх үүргийг заасан бөгөөд жолооч нь бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон эсэхийг тогтоох нь хэрэгт ач холбогдолтой. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гол ач холбогдол бүхий нотлох баримт болох автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн, яаж зөрчсөн эсэх талаарх техникийн шинжээчийн дүгнэлт болон мөрдөгчийн магадлагаа гаргуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Оюун-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн дүгнэлтэд "Хэрэгт авагдсан хэргийн газар, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтээс харахад “Аванте” загварын ...УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана", 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэжээ. Хэрэгт авагдсан хохирогч С.Энхзаяа, гэрч С.Э, гэрч Г.А, гэрч Э.Гэ, гэрч Б.Баясгалан, гэрч Ц.Сүхбат мэдүүлгүүд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан жолооч С.Эын жолоодон явсан ...УБЭ улсын дугаартай “Тоёота Cай” загварын автомашины хар хайрцгийн бичлэгээр “Аванте” загварын ...УНЭ улсын дугаартай автомашины жолооч Б.М Замын хөдөлгөөний дүрмийн жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ" буюу "зэрэгцээ эгнээнд зэрэгцэн явж байгаа тээврийн хэрэгслүүд эгнээ байр солих" үйлдэл хийгээгүй гэж прокурорын зүгээс үзэж Б.Мт холбогдуулан "Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон "Яллах дүгнэлт"-д жолооч Б.Мыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана" гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг ...прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэн заалтыг баримталсан болно. Мөн жолооч Б.М нь зам тээврийн ослын дараа өөрийн жолоодон явсан “Аванте” загварын ...УНЭ улсын дугаартай автомашинаа орхиод, хамт явсан найз Б.Баясгалангийн хамт "хашаа даван" зугтаасан болох нь тогтоогдсон тул прокуророос түүнийг 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, түүнчлэн дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр жолооч Б.М болон түүний хамт явсан найз нь зам тээврийн осол гарах үед согтуу байсан талаар мэдүүлсэн тул түүнийг мөн дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчсөн гэсэн хууль зүйн дүгнэлтийг өгсөн. Мөрдөн шалгаж ажиллагааны явцад мөрдөгч 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “Х.Аванте” загварын ...УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгуулахаар "Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай" мөрдөгчийн тогтоол үйлдэн Автотээврийн үндэсний төвд хүргүүлсэн боловч, мөн өдөр Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын төвийн 282 дугаартай албан бичиг "Техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тус төвд ирүүлсэн “Х.Аванте” загварын ...УНЭ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй, асах боломжгүй тул техникийн бүрэн бүтэн байдалд шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн. Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын төвүүд нь тээврийн хэрэгсэл нь оношилгооны багаж тоног төхөөрөмж дээр байрлуулан автомашиныг хөдөлгөж байж техникийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг тул “X.Аванте” загварын ...УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах боломжгүй байсан талаар албан ёсны хариулт өгсөн байхад шүүхээс уг албан бичгийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг тодорхой дурдаагүй байна. Нэгэнт их хэмжээний эвдрэлийн улмаас Б.Амар-Мэндийн жолоодон явсан “Х.Аванте” загварын ...УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд авто оношилгоо хийх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул мөрдөн шалгах ажиллагааны явцад уг тээврийн хэрэгсэл өмнө нь оношилгоонд орж байсан эсэх, техникийн бүрэн бүтэн байдал нь ямар байсныг тогтоосон талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Авто оношилгооны төвийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1/2980 дугаартай албан бичгээр дээрх тээврийн хэрэгслийг 2016, 2017, 2019 онуудад үзлэг оношилгоонд хамрагдаж байсан нь тогтоогджээ. Б.Мын жолоодон явсан “Х.Аванте” загварын ...УНЭ улсын артай тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орохоос 3 сарын өмнө буюу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр авто оношилгоонд орж техникийн хувьд бүрэн бүтэн байсан талаар "Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас"-д мөн дурдсан байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/Ш3/214 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан нөхцөл байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно.” гэж заасан. Гэвч тус хэрэгт мөрдөгч магадалгаа гаргаагүй байдаг. Мөн шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзсэн. Гэвч согтуугаар осол гаргасан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Согтуугаар жолоодсон гэж үзвэл Б.Маас тусгай багаж буюу драйгер үлээлгэх, цуснаас дээж авах ёстой байсан. Прокуророос шүүгдэгч Б.Мыг зугтаасан тул дээрх ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж байгаа боловч Б.М хэрэг гарсны маргааш ирсэн байдаг. Тэр үед цуснаас нь дээж авч шалгах боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Б.Мыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-т заасныг зөрчсөн гэсэн нь яллах дүгнэлтэд бичигдсэн Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн гэсэнтэй тохирохгүй, зарим заалтыг орхигдуулж бичсэн...” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлийг заажээ. Хэргийн материалыг судлахад, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр “Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 болон 10.4 дэх заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд прокуророос хэргийг хянах явцад Б.Мыг “Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөн” талаар дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг ... прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтад нийцсэн гэж үзнэ.

Мөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй атлаа прокурорын яллах дүгнэлтэд тохирохгүй бичигдсэн гэх “Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.5а, б, г” заалтууд нь прокуророос Б.Мыг ялласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл болон 27.11 дүгээр зүйлийн гэмт хэргийн хүндрүүлэх, үндсэн шинжид “...согтуурсан үедээ, ...хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж хуульчлагдсан тул заавал шинжээчийн дүгнэлтэд тусгах шаардлагагүй.

 Харин гэмт хэрэгт холбогдсон этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан эсэхэд тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан шалгаж,  үнэлсний үндсэн дээр тухайн үйл баримтыг хэргийн бодит байдалд нийцүүлэн дүгнэх нь шүүгчийн дотоод итгэлийн асуудал юм.      

Мөн шүүгчийн захирамжийн үндэслэл болсон “...тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох” асуудал нь хэргийг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/214 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Мт холбогдох эрүүгийн 1903009310423 дугаартай хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ