Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1645

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 25 өдөр                   Дугаар 102/ШШ2020/01645                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Г холбогдох,

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36,726,569 /гучин зургаан сая долоон зуун хорин зургаан мянга таван зуун жаран ес/ төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэ, хариуцагч Л.Г, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Г нь 2019.01.31-ний өдөр тус банктай ЗГ/ВСС190131010-1 тоот “Зээлийн гэрээ”, ЗБ/ВСС190131010-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, 2019.03.14-ний өдөр ЗГ/ВСС 190314064-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ” болон ЗБ/ВСС190314064-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан 30,000,000 төгрөгийг хялбар зээлийн зориулалтаар жилийн 28.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2205041743 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 хороо, Тэмүүлэл хотхон /16081/, 103 байр, 24 тоот, 55 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан. Гэвч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж ирсэн ба зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 4,537,816 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,849.31 төгрөг, гарсан зардалд 11,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хариуцагчаас шалтгаалан удааширч байгаа тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3, Иргэний хуулийн 453.1-д заасны дагуу 2020.02.06-наас 2020.05.11-нийг хүртэл хуримтлагдсан хүү 2,094,904 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 36,726,569 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гэрээ байгуулж зээл авсан нь үнэн, үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 4,537,816 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,849.31 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин гэрээний хугацаа дууссан тул бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

“Х” ХХК нь Л.Гид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,726,569 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2,094,904 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээний хугацаа дууссан гэж, хариуцагч нь анх гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрнө, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргалаа.

 

“Х” ХХК нь Л.Гтой 2019.01.31-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг жилийн 24% хүүтэй, 240 сарын хугацаатайгаар зээл олгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээг байгуулсан, хариуцагчийн хүсэлтээр талууд 2019.03.14-ний өдөр 18,000,000 төгрөг нэмж зээлэн, гэрээнд өөрчлөлт оруулжээ. 

 

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гарын үсэг зурж, нотариатч гэрчилснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэн ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, энэ талаар маргаагүй, хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь зээлийг хүүгийн хамт буцаан шаардах эрхтэй байна.

 

Талууд зээлийн гэрээний 3.3 дахь заалтаар нэмэгдүүлсэн хүүг 4,8 хувиар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасанд нийцжээ.

 

Хариуцагч нь үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 4,537,816 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,849.31 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул түүний маргаж буй нэмэгдүүлсэн шаардлага 2,094,904 төгрөг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2020.02.07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байх тул 2,094,904 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 451.1, 452.1, 452.2-т зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,631,665 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, шаардлагаас үлдэх 2,094,904 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

 

Талууд барьцааны гэрээний дагуу Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ТЭМ, 103 байр, 24 тоот үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, зээлдэгч нь төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиололд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д нийцжээ.

     

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 449,778 төгрөгийг  орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 401,309 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Л.Г зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 34,631,665 /гучин дөрвөн сая зургаан зуун гучин нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөг гаргуулж, “Х” ХХК-д олгож шаардлагаас үлдэх 2,094,904 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хэрэв хариуцагч нь 34,631,665 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205041743 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ТЭМ, 103 байр, 24 тоот орон сууцыг албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 449,778 төгрөгийг  орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 401,309 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар гардаж авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ