Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1275

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа,

улсын яллагч: С.Батгэрэл, 

шүүгдэгч: Б.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/

хохирогч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н-ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********* овогт *******,******** /регистрийн дугаар: ******/,

Монгол Улсын иргэн, **** оны *** сарын ****-ны өдөр Ховд аймгийн *******суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, буриад, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *********** ХХК-ний туслан гүйцэтгэгч ********** уурхайд ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, *******ийн *****-р хороо, ******-р гудамж *********** тоот хаягт оршин суух, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******гийн автобусны буудлын зүүн талд үйл ажиллагаа явуулах “*******” нэртэй пабын гадна хохирогч ********* “манай караоке хаасан оруулахгүй” гэхэд нь маргалдан зодож баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, хоёр талын хацрын шонтон, хамрын нуруу, дээд уруул, баруун хацар, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, нуруу, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.  

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 4-ний шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ********гийн автобусны буудлын зүүн талд үйл ажиллагаа явуулах “*****” нэртэй пабын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ********* “манай караоке хаасан оруулахгүй” гэхэд нь маргалдан нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь “баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, хоёр талын хацрын шонтон, хамрын нуруу, дээд уруул, баруун хацар, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, нуруу, баруун өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ          

          Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

            -Хохирогч Б.Ч шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 01:00 цагийн орчим СХД-ийн *****-р хорооны нутаг дэвсгэр ******** нэртэй автобусны буудал орчим гэртээ харих гэж найз ******* хамтаар явж байгаад үл таних 30 орчим насны эрэгтэй хүнд зодуулсан. Манай найз ***** нь ******** нэртэй автобусны буудлын ТҮЦ орох гэж явсан хойгуур би үл таних 30 орчим насны эрэгтэй хүнтэй маргалдсан. Тэр хүнтэй ямар шалтгааны улмаас маргалдаж эхэлсэн талаар санахгүй байна. Тэр хүн 2 эмэгтэй хүнтэй хамт явж байсан бөгөөд миний нүүр хэсэг рүү гар болон хөлөөрөө өшиглөж гэмтэл учруулсан. Би тэр хүнд ганц ч удаа гар хүрээгүй бөгөөд манай найз Мөнхбат цаанаас ирээд намайг салгах гэсэн салахгүй намайг зодоод байсан. Тэгээд би хэсэг газар хэвтэж байгаад цагдаагийн байгууллагад хандсан. Миний 2 хацар, хамар орчим халцарсан. Хамар мурийсан, үүдэн шүд хугарсан. Гар болон хөл зулгарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн******* дэх тал/,

            -Гэрч Э.Л мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” нэртэй паб караокед зөөгч ажилтай. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр ******** ажил дээр маань ирж хаалга засаж өгсөн. Тэгээд манай ах, эгч нар ирээд манай нөхөртэй нийлээд 0,5 грамм “*********” нэртэй пиво тус бүр 2 шилийг уусан. 2023 оны 10 дугаар сарын 03-ны шөнө 23:00 цагийн орчим үл таних хоёр согтуу хүн манай караокед орж ирэхээр нь манайх хаасан гэж хэлээд гаргасан. Тэгээд удалгүй 00 цагийн үед би нөхөр ********ийн хамтаар тамхи татаад караокены гадаа зогсож байхад манай караоке руу орж ирсэн хоёр залуугийн өндөр нь манай нөхөртэй маргалдаад байсан. Тэр залуу “манай караоке хаасан байна” гэж хэлэхэд “орчихъё” гэж удаа дараа хэлсэн. Манай нөхөр болон би тайлбарлаж хэлэхэд ойлгохгүй байсан. Нөгөө өндөр залуу манай нөхрийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Манай нөхөр уурласандаа гараараа нүүр орчим руу нь цохиод хоорондоо барьцалдаад авсан. Ийм шалтгааны улмаас манай нөхөр ******** тэр залууг цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08 дахь тал/,

            -Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нийг шилжих шөнө хамаатны ах Чинзоригтой СХД-ийн нутаг дэвсгэр ******** нэртэй автобусны буудлын цаана байрлалтай байр хороолол дунд буюу******г ахын гэрийн гадна 2023.10.03-ны өдөр, шөнийн 23:00 цагийн орчим уулзсан юм. ***г ах бид хоёр юм ярьж сууж байгаад 0,5 граммын Cass нэртэй пиво тус бүр 4 ширхгийг уусан. Тэгээд бид хоёр ***** нэртэй төв дотор үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй бааранд орж хүнтэй уулзсан. Би тус бааранд байхдаа өөрийн зүүн хөлөө эвгүй болгочихоод түрүүлээд гарчихсан. Би суух сандал хайж явсаар ******** нэртэй автобусны буудлын хотын төв явах талын автобусны буудлын сандал дээр очиж суусан. Тэр үед**ах миний араас гарч ирээд ******** нэртэй автобусны буудлын цаана байрлалтай ** гэх нэртэй пабын гадна үл таних эрэгтэй хүнтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би ** ах дээр очиход маргалдаад байсан үл таних эрэгтэйд зодуулаад эхэлсэн. Тэр хүн *** ахын нүүр орчим гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Яг хэдэн удаа цохиж, өшиглөсөн талаар хараагүй. Би хөл өвдөөд байсан болохоор Чинзориг ахыг цохиод байсан хүнийг холдуулж чадаагүй. **ах газар суугаад нөгөө зодсон хүн нь яваад өгөхөөр нь ***ахыг аваад шууд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Бид хоёр гэмтлийн эмнэлгээс гараад цагдаагийн хэлтэс дээр ирж өргөдөл гаргаж өгсөн юм. Тухайн үед би өөрийн нэрээр өргөдөл гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

            -хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-21 дэх тал/,

            -дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 28 дахь тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ******** 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12296 дугаартай:

1. ********** биед баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, хоёр талын хацрын шонтон, хамрын нуруу, дээд уруул, баруун хацар, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, нуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Нийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 03-наас 04-нийг шилжих шөнө хохирогчтой караоке хаасан гэх шалтгаанаар маргалдаж улмаар биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Уг асуудалд миний зүгээс ямар нэг байдлаар маргахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/ мэдүүлж байсан.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэснийг дурдах нь зүйтэй.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би үеэл дүү ******* хамт 4 ширхэг пиво хувааж уугаад бааранд орсон. Манай дүү түрүүлээд гараад явахаар нь би араас нь гарсан. Тэгээд ********той пабын гадна жоохон маргалдаж, муудалцсан. Одоо 1,650,000 төгрөг нэхэмжилж байгаа. Өмнө нь 200,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэв.

 

Шүүгдэгчийн байдлын талаар: эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 44-45 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/, Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 49-51 дэх тал/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ******** 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12296 дугаартай дүгнэлтээр хохирогч ******** биед баруун дээд үүдэн 1-р шүдний хугарал, зүүн дээд зовхинд цус хуралт, хоёр талын хацрын шонтон, хамрын нуруу, дээд уруул, баруун хацар, цээж, баруун бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, нуруу, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.       

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Б.Н хохирогч Б.Ч гараараа цохисон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Нийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд мөн хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны шат болон прокурорын шатанд хохирол төлбөрийн талаарх баримт /хавтаст хэргийн 15 дахь тал/ гаргаж өгсөн бөгөөд үүнийг төлж барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлсэн. Харин шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээтэй холбоотой болон ажилгүй байсан хугацааны цалин орлого нэхэмжлэх талаарх баримтыг тус тус гаргаж өгсөн бөгөөд шүүгдэгч шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөө илэхийлж оролцсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж зааснаар хохирогчийн, Индранил шүдний эмнэлэгт шүдээ эмчлүүлсэн 1,170,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ноос гаргуулан хохирогч Б.Ч олгох нь зүйтэй байна.

Мөн хохирогч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй байсан үеийн цалин орлогыг нэхэмжилсэн бөгөөд ажлын газрын ажилдаа гараагүй талаарх тодорхойлолт нь нотлох баримтын шаардлагыг бүрэн хангахгүй /өвчтэй байсан хугацааны баримт байхгүй/ байх тул хэлэлцэхгүй орхиж, учирсан гэмтлийн шинж, хор уршгийг нь харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т “иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компаст дискийг хэргийн хамт хадгалах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Б.Н нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.   

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Н-ийг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Б.Н-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд ажил эрхэлдэг байх тул торгох ял шийтгэл тохиромжтой байна. 

 Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр ял оногдуулах зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Н-ид оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч *********** овогт **********,********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Б.Н-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.   

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-оос 1,170,000 төгрөг гаргуулан хохирогч*******т олгосугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************** нь цаашид гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардаж авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

          9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.УРАНГУА