Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0052/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, Хохирогч Г.Мөнхчимэг, П.Ирэхзаяа, Б.Цэрэндорж, Иргэний нэхэмжлэгч А.Одсүрэн, Ж.Алтанцэцэг, Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, Шинжээч С.Хурцбилиг, Шүүгдэгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү Норовсамбуугийн Болдод холбогдох эрүүгийн 201609000596 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Иөншөөбү Норовсамбуугийн Болд, 1954 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, 62 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ганцаараа Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 2-10б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, 1.Шарын гол хотын Эрүүгийн хэргийн шүүхийн 1989 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Дархан хотын Давж заалдах шатны эрүүгийн хэргийн шүүхийн 1989 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн 21 дүгээр магадлалаар 3 жилийн хорих ял болгон өөрчилсөн. 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ТЯ54120518 регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.Болд нь 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Цайдмын хөндий гэх газар 21-69 УНТ улсын дугаартай T.Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ эсрэг урсгал руу орж А.Одсүрэнгийн 15-59 ДАХ улсын дугаартай Isuzu маркийн автомашины хойд талын дугуйг мөргөн улмаар ард нь явсан Б.Цэрэндоржийн 12-93 ХӨВ улсын дугаартай Nissan presage автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргаж түүний автомашинаар зорчин явсан П.Мандах нас барсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Н.Болдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө Улаанбаатар хотоос автомашин худалдан авахаар хуурай дүү П.Мандахын хамт Ялалт гэдэг залуугийн машинд суугаад явсан. Тэгээд Улаанбаатар хотын Шар хадны захаас Приус-11 маркийн 2196 УНТ улсын дугаартай авто машин худалдаж аваад орой 22 цагийн орчим Улаанбаатараас гараад 00 цагийн орчим Урьхан хоолны газар хоол идчихээд цаашаа явж байгаад Хонгор сумын Цайдмын хөндий гэх газар явж байтал өөдөөс хурц гэрэлтэй хоёр машин цуваад явж байгаа харагдсан. Өөдөөс ирж яваа машин 100 орчим метрийн зайтай явсан би 73 км/цагийн хурдтай явж байгаад хажуугаар нь зөрөх үед 60 орчим км/цагийн хурдтай явсан. Би өөрийнхөө машиныг замын баруун тал руу ирмэг хэсгийг хараад ачааны машины хажуу талаар зөрж өнгөрөх үед хажууд суугаад унтаж явсан П.Мандах машины рулээс хоёр гараараа татахад нь би рулээ булаацалдаад нөгөө ачааны машины хойд хэсгийн дугуйг мөргөөд чигээрээ цаашаа явж байгаад өөдөөс ирж явсан автомашинтай мөргөлдчихсөн. Тэгээд нэг мэдсэн чинь би машин дотроо хамгаалалтын бүснээс зүүгдчихсэн байсан. Ачааны машины жолооч ирээд яасан, юу болов гэхээр нь гэрэлд гялбуулчихсан гэж хэлсэн. Ачааны машины жолоочид хандаж гадаа чинь хүн байна уу гэж асуухад нэг хүн байна гэсэн. Мандахын ёолох чимээ сонсогдож байсан. Тухайн үед миний ар талд ачааны машин зогсчихсон харин миний машин хажуулдаад уначихсан урд талд цагаан өнгийн жижиг тэрэг эвдэрчихсэн байдалтай зогсож байсан. Мөргөлдөх үед ачааны машины араас ирж явсан машин яагаад зогсоох юмуу эсвэл тойроод гарч болоогүй юм болоо гэж бодож байна. Мандахыг нас барсанд маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрт 8 500 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Одсүрэнд 500 000 төгрөг өгсөн. Миний хувьд сэтгэл санааны хувьд маш хүнд байна гэх мэдүүлэг, Хохирогч Г.Мөнхчимэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн үед манай нөхөр Улаанбаатар хот руу Болд ахын хамт машин авахаар явсан. Тэгээд би буцаагаад утас руу нь залгаад хаана явж байгаа талаар асууж тодруулахад Болд ах нэг машин авлаа бичиг баримтыг шилжүүлээд нотариат дээр байна гэж хэлсэн. Тэгээд би 22 цагийн орчим нөрхийнхөө утас руу залгаж хаана явж байгааг нь асууж тодруулахад жаран нэгийн гарам өнгөрөөд явж байна гэж хэлэхэд нь машин хэн жолоодож яваа юм бэ гэж асуухад би барьж явна, машин гэрэл муутай оройтож очих юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд 02 цагийн орчимд Болд ахын охин болох Оюундарь утсаар яриад нөгөө хоёр зам тээврийн осолд орсон байна. Чи хувцсаа өмсөөд байж бай гэж надад хэлсэн. Шүүгдэгчээс оршуулгын зардалд 8 500 000 төгрөг өгсөн. Гомдол санал их байна. 3-16 насны 3 хүүхэдтэй. Хүүхдүүдийн тэмжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах гэсэн боловч материалаа бүрдүүлж өгч чадаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34/, Хохирогч П.Ирэхзаяагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 02:30 цагийн үед манай эгч Нарантуяа над руу утсаар яриад П.Мандах машины осолд ороод нас барчихсан байна гэж хэлэхэд нь мэдсэн. ... том хүү Ганзориг 16 настай Од цогцолбор сургуульд сурдаг, дунд охин нь 10 настай Бүрэнжаргал Од цогцолбор сургуулийн 5 дугаар ангид сурдаг, бага хүү нь 3 настай Ивээл цэцэрлэгт явдаг. Шүүгдэгчээс сэтгэл санааны хохирол, оршуулгын зардал, өмгөөллийн хөлс нийт 30 233 690 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37/, Хохирогч Б.Цэрэндоржийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Улаанбаатар хот руу ээж Алтанцэцэг, Эрдэнэбат, Баярсайхан нарын хамт явж байсан. Би өөрийн 1293 ХӨВ улсын дугаартай Nissan presage маркийн цагаан өнгийн суудлын автомашинтай явж байсан. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буузандаа цайны газрыг өнгөрөөд явж байтал урд явж байсан ачааны машиныг жижиг суудлын авто машин хурдтай ирээд арын дугуйг нь мөргөөд хөөе энэ хоёр гэхэд шууд эсрэг урсгалд орж ирээд маний машины жолоочийн эсрэг талыг мөргөчихсөн. Би өөрийнхөө машины тоормосыг гишгэхээс гадна ослын тоормосоо мөн татсан байсан. Би ослын тоормосоо гишгэснээ өөрөө ч мэдээгүй. Энэ хүн намайг тоормосоо гишгээгүй, машинаа зогсоох арга хэмжээ аваагүй гэж гүтгэж байгаад их харамсаж байна. Ослын улмаас миний бие дотуур гэмтэл авсан. Уушиг урд, ардаа бяцралттай, 3 хавирга хугарсан, уушгинд хий хуримтлагдсан гэсэн. Хагалгаанд яаралтай орох шаардлагатай гэсэн боловч ороогүй л явж байна. Би мужаан хийдэг гэтэл энэ ослын улмаас ажлаа хийж чадахгүй болсон. Энэ хүн миний биеийг асууж нэг удаа яриагүй мөртөө намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Машины эвдрэлд 3 487 000 төгрөг, эмчилгээний болон унааны зардалд 925 000 төгрөг нийт 4 412 200 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 45/, Иргэний нэхэмжлэгч А.Одсүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 15-69 ДАХ улсын дугаартай Isuzu маркийн тээврийн хэрэгсэлтэй Хонгор сумаас будаа ачаад Улаанбаатар хот руу явж байсан. Тэгээд Цайдмын хөндий гэх газар газар явж байтал хойд талд суудлын машин явж харагдсан. Тэгээд миний машиныг гүйцэд түрүүлэх үйлдэл хийгээд зөрөөд өнгөрөх үед өөдөөс эсрэг урсгалаарнэг суудлын машин хажуугаар зөрөх үйлдэл хийхдээ миний машины хойд талын дугуйг мөргөх шиг болсон. Тэгээд намайг толиндоо харахад нөгөө машины гэрэл эргэлдэх шиг харагдсан. Тухайн үед миний машиныг гүйцэт түрүүлсэн машин миний машины ойрын гэрлээс бүрэн гүйцэд гараагүй харагдаж байсан. Би машинаа замын хажуу тал руу шахаж зогсоогоод буухад приус маркийн тээврийн хэрэгсэл нь замын хажуу талын жалга руу хажуугаараа уначихсан, цагаан өнгийн суудлын машин урд хамраараа жалга руу орчихсон байдалтай харагдсан. ...приус маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг машин дотроос буулгаад юу болсон талаар асуухад машины гэрэлд гялбуулаад хажууд явсан хүн машины рулийг татчихлаа гэж хэлсэн. Миний машины зүүн хойд талын хоёр дугуй хагарч обуд нь зуйван болсон мөн нум болон 4 стермен /нумны боолт/ тасарч, чулак гулзайсан байсан. 500 000 төгрөг авсан одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53, 67-68/, Иргэний нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө хүргэн Цэрэндоржийн машинд суугаад Хөвсгөлөөс Улаанбаатар хот руу явж байгаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдмын хөндий гэх газар шөнийн 02 цагийн үед зам тээврийн осолд орсон. Манай машиныг хурдаа хасах үед эсрэг талын урсгалаас нэг машин гарч ирээд урд явсан ачааны машиныг мөргөөд дараа нь манай машиныг мөргөчихсөн. Тэр машин гэрлээ шилжүүлээгүй харагдсан. Манай машин зогсоох арга хэмжээ авсан яагаад гэвэл тоормос гишгэхэд би суудлаасаа урагш болсноо санаж байна. Ослын улмаас миний дух задарч оёдол тавиулсан. Хавирга хэсэг зовиуртай, баруун хөлийн шилбэ хавдсан, зүүн нүд хөхөрсөн, дээд, доод хиймэл шүд бутарсан байсан. Эмчилгээний зардал болон ирэх очих унааны зардалд 500 000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62, 72/, Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндий гэх газар ачааны машины хойд талд 15-20 метрийн зайтай дагаад явж байтал эсрэг урсгалаар өөдөөс ирж явсан Приус маркийн тээврийн хэрэгсэл ачааны машины хажуу талаар зөрж өнгөрөх гэж байгаад хойд талын дугуй хэсгийг мөргөөд миний сууж явсан машиныг ирээд мөргөчихсөн. Би тухайн үед жолоочийн хажууд сууж явсан. Тэгээд би машинаас буучихсан хойд талд нь гараад зогсож байгаад ухаан алдаад уначихсан байсан. Зам тээврийн осолд орсны улмаас одоогийн байдлаар толгой, баруун өвдөг, цээж, толгойн зүүн хэсэгтээ гэмтэл авсан. Энэ гэмтэлдээ 248 000 төгрөгийн эм, тариа авч хэрэглэсэн. Цаашид мөн эм, тариа авч хэрэглэнэ. Дархан-Уул аймгаас 2 удаа ирж 1 удаа явсан зардал 45 000 төгрөг, буудалд хоносон 35 000 төгрөг, Улаанбаатар хотын гэмтлийн болон дүүргийн эмнэлэгээр такси болон машинд шатахуун хийж явсан зардал 130 000 төгрөг, нийт 473 000 төгрөгийг одоогийн байдлаар нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55, 70/, Иргэний нэхэмжлэгч Г.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдмын хөндий гэх газарт цагаан өнгийн машинаар зардал мөнгөө өгч явж байгаад осолд орсон. ... Нэхэмжлэх зүйл гэвэл би толгой хүзүү мөр зэргээ бариулсан, мөн өвчин намдаах эм уусан, 60 000 төгрөгөөр бариулж, эм тарианд 45 000 төгрөг, ирэх очих унааны зардалтайгаа нийлээд 200 000 төгрөг болсон. Одоогоор гаргаж өгөх баримт байхгүй. Шаардлагатай бол шүүхийн шатанд гаргаж өгнө гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69, 79/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.10-ны өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Талийгаачийн биед элэгний урагдал няцрал, цээж, хэвлийн хөндийн цусан хураа Уушигны гялтангын цус хуралт, зүүн гарын шарх, зулгаралт, баруун шуу, зүүн шилбэ, 2 өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид учирсан гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 2.Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас шокоор нас баржээ. 3.Талийгаачийн биед архаг хууч өвчин илэрсэнгүй. 4.Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. 5.Талийгаачийн цус нь В III бүлэг байна гэжээ /хх-ийн 81-82/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.04-ний 1182 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Цэрэндоржийн биед цээжний дарагдсан няцрал, баруун талын 3 хавирганы хугарал, уушигны няцрал тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэжээ /1-р хх-ийн 106/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.04-ний 1184 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Ж.Алтанцэцэгийн биед духанд шарх, 2 нүд, зүүн шуу, баруун шилбэнд цус хуралт, зүүн хацар чихэнд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 110/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.04-ний 1183 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Эрдэнэбатын биед тархи доргилт, зүүн нүдэнд цус хуралт, өвдгөнд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 118/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016.11.21-ний 52 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Н.Болд нь T.PRIUS маркийн 2169 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрмийн доорхи заалтуудыг зөрчсөн. 2.Жолооч Н.Болд нь МУ-ын ЗХД-ийн 15-р бүлэг 15.1-а. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсооно, мөн дүрмийн 2-р бүлгийн 2.3-б. Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.Б.Цэрэндорж нь NISSAN PRESAGE маркийн 1293 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болно. 4.А.Одсүрэн нь ISUZU маркийн 1569 ДАХ улсын дугаартай атвомашин жолоодож явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болно. 5.Осол үйлдэгдэх үеийн 3 тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэжээ /хх-ийн 162/, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017.02.10-ний 67 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Nissan/Presage маркийн 1293ХӨВ улсын дугаартай авто машины жолооч Б.Цэрэндорж нь зам тээврийн осол болох үед мөн Тоуоta/Рrius-11 маркийн 2169УНТ улсын дугаартай авто машин Isuzu/Forward маркийн 1569ДАХ улсын дугаартай авто машины зүүн хойд хэсэг рүү мөргөх үеийг хараад жолооч Б.Цэрэндорж тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан байна. 2016.10.29-ний өдөр иргэн Б.Цэрэндоржийн өгсөн тайлбар /хх-9/, 2016.12.08-ний өдөр хохирогч Б.Цэрэндоржийн өгсөн байцаалт /хх-45/, 2016.11.02-ны өдөр өгсөн гэрч Б.Цэрэндоржийн өгсөн байцаалт /хх-71/, 2016.10.30-ны өдөр иргэн Ж.Алтанцэцэгийн өгсөн тайлбар /хх-12/ дээрээс тогтоогдож байна. Жич: Хэргийн газар Nissan/Presage маркийн 1293ХӨВ улсын дугаартай авто машины тоормосны мөр үүсээгүй байгаа тул хурдыг тогтоох боломжгүй. Хэрэв хэргийн газар тоормосны мөр үүссэн бол авто машины хурдыг тодорхойлох боломжтой байсан. 2.Nissan/Presage маркийн 1293ХӨВ улсын дугаартай авто машины жолооч Б.Цэрэндорж нь ... Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлэг 9.2-д заасан байдаг. Харин ослоос зайлж гарах, зайлах ёстой гэсэн дүрмийн заалт байхгүй. 3.Nissan/Presage маркийн 1293ХӨВ улсын дугаартай авто машины жолооч Б.Цэрэндорж нь МУ-ын ЗХДүрэм 9-р бүлэг 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг биелүүлэх үүрэгтэй. 4.Тухайн авто машины явж байгаа хурд буюу км/цагийг харгалзан урдаа явж байгаа тээврийн хэрэгслээс тэдэн метр зайтай явна гэсэн дүрмийн заалт байхгүй, харин ... Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэж ЗХ-ний Дүрмийн 8-р бүлгийн 8.11-д заасан байдаг. 5.2016 оны 10-р сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01:10 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг Цайдмын хөндий гэх газар Тоуоta/Рrius-11 маркийн 2169УНТ улсын дугаартай авто машин, Isuzu/Forward маркийн 1569ДАХ улсын дугаартай авто машин, Nissan/Presage маркийн 1293ХӨВ улсын дугаартай авто машинуудтай мөргөлдсөн гэх зам тээврийн хэрэг дээр ...Дээрх мэдүүлгийг үндэслэн туршилт хийх боломжгүй /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Арван долдугаар бүлэг 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар туршилтыг ...эрүүл мэндэд хохирол учруулахгүй нөхцөлд явуулна гэсэн заалтыг хангах боломжгүй/. 6.Тоуоta/Рrius-11 маркийн 2169УНТ улсын дугаартай авто машины жолооч Н.Болд нь МУ-ын ЗХДүрмийн 2-р бүлэг 2.3/Б-д Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо ... хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ, мөн дүрмийн15-р бүлэг 15.1/А-д Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед ... хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно мөн дүрмийн 9-р бүлэг 9.2-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн нь 2016.10.30-ний өдөр иргэн Н.Болдын өгсөн тайлбар /хх-11/, 2016.12.04-ний өдөр сэжигтэн Н.Болдын өгсөн байцаалт /хх-201/, гэрэл зургийн үзүүлэлт 8, 9, 14 дугаартай фото зураг /хх-5/, мөн хэрэг учучрлын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс тогтоогдож байна. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг, бусад тайлбарууд, тодорхойлолт зэргээс үзэхэд Isuzu/Forward маркийн 1569ДАХ улсын дугаартай авто машины жолооч А.Одсүрэн, Nissan/Presage маркийн 1293ХӨВ улсын дугаартай авто машины жолооч Б.Цэрэндорж нар нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна гэжээ /2-р хх-ийн 66-69/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-4, 5-6/, зам тээврийн осолын газарт хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 7-8/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17, 18/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 26-29/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, тогтоол /хх-ийн 31-32/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 137-138, 139, 153-154, 156, 181-182, 183/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 208-209/, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар /1-р хх-ийн 211-215/, эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 129-130, 143-144/, П.Мандахын нас барсны гэрчилгээ /хх-ийн 38/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83-87/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.11.16-ны 15403 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 125/, гэрч Б.Оюунболд /хх-ийн 73/, Б.Оюунбат /хх-ийн 74/, Г.Насандулам /хх-ийн 75/, Ш.Мягмаржав хх-ийн 76/ нарын мэдүүлэг зэрэг болно. Шүүгдэгч Н.Болд нь 2016 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 02 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Цайдмын хөндий гэх газар 21-69 УНТ улсын дугаартай Toyota Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын ЗХД-ийн 15-р бүлэг 15.1.а/ ...Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно, мөн дүрмийн 2-р бүлгийн 2.3.б/ Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9-р бүлгийн 9.2. жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгал руу орж А.Одсүрэнгийн 15-59 ДАХ улсын дугаартай Isuzu Forward маркийн автомашины хойд талын дугуйг мөргөн улмаар ард явсан Б.Цэрэндоржийн 12-93 ХӨВ улсын дугаартай Nissan presage маркийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас Н.Болдын машинд зорчиж явсан П.Мандахын амь нас хохирч, Б.Цэрэндоржийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, Б.Цэрэндоржийн машинд сууж явсан иргэн Ж.Алтанцэцэг, Б.Эрдэнэбат нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирч, зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч А.Одсүрэнгийн тээврийн хэрэгсэлд 20 070 000 төгрөгийн, хохирогч Б.Цэрэндоржийн тээврийн хэрэгсэлд 3 487 000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хохирогч Г.Мөнхчимэг, П.Ирэхзаяа нараас сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, оршуулгын зардалд 9 233 960 төгрөг нийт 30 233 960 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчээс 8 500 000 төгрөг өгсөн болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож энэ нь 1-р хавтаст хэргийн 233-250, 2-р хавтаст хэргийн 1-21 хуудсанд авагдсан нотлох баримтын хэмжээн дэх оршуулгын зардлыг бүрэн төлсөн байна гэж үзлээ. Харин сэтгэл санааны хохирол 20 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Сэтгэл санааны хохирлыг тооцон гаргах хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд төр хариуцах байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй болно. Хохирогч Б.Цэрэндоржийн нэхэмжилсэн машины эвдрэл 3 487 000 төгрөг, унааны болон эмчилгээний зардал 925 000 төгрөг нийт 4 412 200 төгрөг нэхэмжилсэн нь хавтаст хэргийн 46-51, 144-р хуудсанд авагдсан эм тариа болон эмчилгээний баримт, хот хоорондын зорчих тасалбар, үнэлгээний тайлан, Иргэний нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь унааны зардал болон эмчилгээний зардалд 500 000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс хавтаст хэргийн 63-66-р хуудсанд авагдсан бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт болон хот хоорондын зорчих тасалбар, Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь эмчилгээ болон унааны зардалд нийт 473 000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс хавтаст хэргийн 56-58-р хуудсанд авагдсан эмчилгээний баримтаас 199 318 төгрөгийн баримт нь тус тус нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн нэхэмжлэлийг хангах, Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбатын хавтаст хэргийн 59-р хуудсанд авагдсан эмчилгээний зардал гэх 87 500 төгрөгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө-т заасан шаардлага хангаагүй, үлдэх 186 182 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй тул тус тус хангах боломжгүй гэж үзэв. Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогч Б.Цэрэндорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Г.Мөнхчимэг нь хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Н.Болдод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Болдын №617286 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, шүүгдэгч Н.Болдын дундын эзэмшлийн Г-2003003257 эрхийн улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирын 2-р хэсгийн 10Б тоотын 1044.7мкв талбайтай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.12.13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч А.Одсүрэн нь нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч Иөншөөбү Норовсамбуугийн Болдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж зам тээврийн осол гарган 1 хүний амь нас хохирч, 1 хүний бие махбодид хүндэвтэр, 2 хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Н.Болдын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хасч, 3 жил 1 сар /3 жил 1 сар/ хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Н.Болдод оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.Болдын нэр хөрөнгөөс 5 119 138 /таван сая нэг зуун арван есөн мянга нэг зуун гучин найм/ төгрөг гаргуулж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 1-10 тоотод оршин суух хохирогч Бүрнээбаатарын Цэрэндорж /РД:РЮ79072576/-д 4 412 800 /дөрвөн сая дөрвөн зуун арван хоёр мянга найман зуу/ төгрөг, Улаанбаатар хот СХДүүрэг 3-р хороо Баганарангийн 21-10 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Бямба-Очирын Эрдэнэбат /РД:УО85042116/-д 199 318 /нэг зуун ерэн есөн мянга гурван зуун арван найм/ төгрөг, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сант багийн 2-6 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Жанцандоржийн Алтанцэцэг /РД:РЮ62030401/-т 507 620 /таван зуун долоон мянга зургаан зуун хорь/ төгрөг тус тус олгож, хохирогч П.Ирэхзаяа, Г.Мөнхчимэг нарын хохирлоос 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Болдын эзэмшлийн №617286 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Н.Болдын дундын эзэмшлийн Г-2003003257 эрхийн улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирын 2-р хэсгийн 10Б тоотын 1044.7мкв талбайтай газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.12.13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэбат нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн, хохирогч Б.Цэрэндорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа, хохирогч Г.Мөнхчимэг нь хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, иргэний нэхэмжлэгч А.Одсүрэн нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Н.Болдод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Болдод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ