Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

2020              3              26                                       2020/ДШМ/368

 

Д.Э, Л.С, Б.П нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Д.Э, Л.С, Б.П нарт холбогдох 1905045260009 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Дийн Э, 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин механизмын операторч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, эх, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:...,

2. Б овгийн Лгийн С, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, “...” ХХК-д жүжигчин найруулагчаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../

3. Б овгийн Бийн П, 1988 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “...” ХХК-д маркетингийн менежэр ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

Д.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадаа Л.Сыг зодсоны улмаас биед нь баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад язрал, зүүн гарын дунд. ядам, чигчий хуруунд зулгаралт, баруун шуунд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

Б.П, Л.С нар бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадаа иргэн Д.Эг зодсоны улмаас хуйх, завжинд шарх, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, дух баруун сарвуунд зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 Б.П, Л.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.П, Л.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Пыг цагаатгаж, Л.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж, Х овогт Дийн Э, Б овогт Лгийн С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Л.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оргох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Д.Э, Л.С, Б.П нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, Д.Э, Л.С нар бусдад төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

               Прокурор Т.Оюунжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолд Б.Пд холбогдох хэргийг дүгнэхдээ “түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийн, ойр дотнын буюу нөхрийнхөө амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй гэмт хэрэгт тооцохгүй гэх заалтад нийцнэ” гэж дүгнэсэн боловч уг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Б.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Шүүх Б.Пын үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “аргагүй хамгаалалт” гэж дүгнэсэн бол Б.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Д.Э, Л.С нар нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 42 дугаар байрны гадаа “Л.Сын эхнэрийг хэл амаар доромжилсон, татаж чангаан зууралдсан” гэх шалтгаанаар харилцан зодолдож, Л.С нь Д.Эгийн биед завжинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, дух баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл, Д.Э нь Л.Сын биед баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад язрал, зүүн гарын дунд. ядам, чигчий хуруунд зулгаралт, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч, шүүгдэгч Л.Сын “...орцныхоо гадаа гүйгээд очиход хоёр үл таних залуу манай эхнэрийг татаж, чангааж зууралдаад зогсож байсан. Тэгээд би шууд дундуур нь “болиоч” гээд гүйгээд очиход Э миний шүд рүү цохиод авсан. Тэгээд цохилдоод тэр хоёр залуу намайг газар унагаасан. Тэгтэл манай хүн намайг зодуулахыг хараад сандарч очоод нөгөө том биетэй залуугийн толгой руу газраас нэг юм аваад цохисон байсан. Э дээд уруул руу гараа атгаж байгаад хүчтэй цохиж уруул язалж, шүд хугалсан. Бас миний хоёр гарыг самардаж цохиж зодсон. ...Ганбаяр миний нүүр ам руу цохиж, зодож гэмтэл учруулаагүй. ...Эд цохиулж гэмтэл авсандаа гомдолтой байна. ...” гэх /хх 26/,

хохирогч, шүүгдэгч Д.Эгийн “...23 цагийн үед машинаас буугаад Ганбаярыг хүргэж өгөх гээд 42 дугаар байрны хажуугаар өнгөрч явахад 7 дугаар орцны хажууд нэг эмэгтэй байж байхаар нь Ганбаяр “хаашаа явах гэж байгаа юм” гэсэн байх. Ямар ч байсан нэг юм яриад байсан. Тэгсэн нөгөө эмэгтэй нь маргаан хийгээд “зайлаач” гэсэн. Тэгэхээр нь би Ганбаярыг “явъя” гээд өөр рүүгээ татаад нөгөө эмэгтэйг орилж хашхираад байхаар нь “зайлаач” гээд түлхсэн юм. Тэгтэл эмэгтэйн нөхөр нь байрны булан тойрч хүрч ирээд миний зүүн нүд рүү цохиод авсан. Би “хөөе нүд цохичихлоо” гээд нөхөртэй нь барьцалдаж аваад буцаагаад цохисон. Ганбаяр нөгөө эмэгтэйн нөхөр бид гурав зууралдаж байгаад газар унасан чинь нөгөө эмэгтэй миний толгой руу тоосгоор цохисон. Миний биед учирсан дээд, доод зовхины цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцралыг С учруулж, хуйх дагзны зөөлөн эдийн няцрал гэмтлийг П учруулсан. ...” гэх /хх 31/,

гэрч Б.Ганбаярын “...нөгөө эмэгтэй Этэй маргалдаад түлхээд байх шиг л байсан. Би согтуу байсан. Би тэнд маргалдаж байсан хүмүүсийг салгах гэж оролдоод л  байх шиг байсан. Би болсон асуудлыг санахгүй байгаа. ...” гэх /хх 34/,

Б.Пын “...Намайг орцныхоо үүдэнд нохойгоо салхилуулаад нөхрөө хүлээгээд сууж байхад Э найзынхаа хамт согтуу явж байгаад над руу ирж яриа өдөхийг оролдоод байсан. Тэгэхээр нь “зайлаач” гэтэл Э миний хацар руу алгадсан. Тэгээд манай нөхрийг ирэхэд доороо оруулж байгаад зодоод байхаар нь би сандраад нөхрөө өмөөрөөд гартаа тааралдсан юмаар Эгийн толгой руу цохисон. Э эхэлж харанхуй шөнө согтуугаар над руу яриа өдөж, хэл амаар доромжлоогүй байсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй л байх байсан. Э намайг алгадчихаад манай нөхрийг ирсэн чинь мөн адил цохисон. ...” гэх /хх 98/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “...1. Д.Сын биед баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад язрал, зүүн гарын дунд, ядам, чигчий хуруунд зулгаралт, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 13609 дугаартай /хх 55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “...1. Д.Эгийн биед хуйх, завжинд шарх, дагзны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал, дух, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 13632 дугаартай /хх 56/ дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Пыг хохирогч Д.Эгийн биед бүлэглэн хөнгөн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд “Шүүгдэгч Б.П нь бусдын хууль бус халдагаас нөхрийгөө хамгаалах аргагүй хамгаалалтын явцад хөнгөн гэмтэл учруулсан... аргагүй хамгаалалтын үйлдэл” гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Д.Э, Л.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Д.Э, Л.С нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд Д.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Л.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулсан нь  шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Зүй нь шүүгдэгч Б.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “аргагүй хамгаалалт” гэж дүгнэсэн бол түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэхээр байна.

Иймд, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг засч прокурор Т.Оюунжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/138 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Б.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр...” гэснийг “...Б.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ц. ОЧ