| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2025/0945/З |
| Дугаар | 221/МА2026/0121 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0121
“Н” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Гомдол гаргагч: “Н” ХХК
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ч.Г
Гомдлын шаардлага: “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0133910 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 934 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0945/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Н” ХХК нь “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0133910 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0934 дүгээр шийдвэрээр: “...Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 10.16 дугаар зүйлийн 9.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0133910 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Н ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1. “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 29 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэгт огт танилцуулаагүй, танилцах гэхэд танилцуулж болохгүй гэсэн байдаг.
3.2. Хохирогч нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эмнэлэг дотор шавхай тариад явахад нь шавхай битгий тарь, шавхайгаа арилгаач гэж хэлсний төлөө ажлаасаа гарлаа гэж хэлээд ажлаа хаяад явсан байдаг. Улмаар хэд хоногийн дараа ажлын бус цагаар гадны хүнтэй хамт хүнгүй эмнэлэгт нэвтрэн орж хайрцагтай зүйл хулгайлж авч яваад баригдсан ба энэ үед 6 ширхэг түлхүүрээ хураалгасан байдаг. Ингээд буцаж эмнэлэгт ирэх нүүргүй болсон хүн огт ирээгүй байж байгаад 7 сарын дараа дүүрэгт гомдол гаргасан.
3.3. Хулгай хийж байгаад баригдсан хохирогчийг ирж тушаалаа авахыг хүлээсэн боловч ирээгүй тул сар гарны дараа ажлаас халах тушаал ажлаас халах тушаал, цалинг нь олгох тушаал гарсан байдаг.
3.4. Хавтаст хэрэгт цалин амралтын мөнгө авах хүсэлт, их эмчээр томилсон тушаал, орлогч даргаар томилсон тушаал, эд хөрөнгө хүлээлцсэн баримтууд бүгд худал баримт бөгөөд эдгээр худал баримттай шүүх дээр ирээд анх удаа танилцаад шүүх эдгээр бүх баримтууд худал гэдгийг нотолсон боловч шүүх хэрэгсээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.7 дахь заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээх ёстой байсан ба хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй бол зөрчлийн хуулиар шийдвэрлэж болох зохицуулалттай байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 934 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, манай гомдлыг хангаж, улсын байцаагчийн 0133910 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2.1. Гомдол гаргагч “Н” ХХК-иас “Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0133910 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргасан.
2.2. Гомдол гаргагчийн хүчингүй болгуулахыг хүссэн, хяналтын улсын байцаагч Ч.Гийн үйлдсэн дээрх шийтгэлийн хуудсаар ... “Н” ХХК-ийг зөрчлийн хэрэгт гомдол гаргагч Н.Эын ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө, 2025 оны 02 дугаар сарын цалинг хугацаанд нь олгоогүй гэж, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
2.3. Анхан шатны шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
2.4. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд “Ажилтны үндсэн эрх, үүрэг” гээд 42 дугаар зүйлийн 42.1.3-д “гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах”, 42.1.4-д “ээлжийн амралт эдлэх, зохих журмын дагуу хувийн чөлөө авах”, 42.1.5-д “хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах”; 42.1.6-д “нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт, баталгаажилтад хяналт тавих, буруу, дутуу бичилт, алдааг залруулахыг шаардах”, 43 дугаар зүйлийн 43.2.1-д “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бол хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэх”, 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах”, 99 дүгээр зүйлийн 99.1-д “Ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшууллын хэмжээг энэ хуулийн 110.2-т заасан хэмжээнээс нэмэгдүүлж олгох асуудлыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцон олгоно”, 99.2-т “Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ” гэж,
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 10.16 дугаар зүйлийн 9.2-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан ...хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.
2.5. Хэрэгт авагдсан баримтаар “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Т/01 дүгээр тушаалаар Н.Эыг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн “Н” эмнэлгийн эмчилгээ хариуцах, бичиг хэргийн ажилтнаар томилж, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Т/07 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд түүнд 2024 оны ээлжийн амралтыг эдлүүлээгүй, ээлжийн амралтын цалинг олгоогүй, мөн 02 дугаар сард ажилласан 4 хоногийн цалинг хугацаанд нь олгоогүй болох нь талуудын тайлбар, цалингийн хүснэгт, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, ажлын цаг ашиглалтын бүртгэлээр,
Түүнчлэн гуравдагч этгээд Н.Эын 2025 оны 01 дүгээр сарын цалинг хугацаанд нь олгоогүй, хугацаа хэтрүүлж буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олгосон болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.
2.6. Тодруулбал, Н.Эын 2024 онд ээлжийн амралт эдлэх эрх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс үүссэн байх боловч ажил олгогч “Н ХХК” түүнд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй, ээлжийн амралтын цалинг олгоогүй, мөн 2025 оны 1 дүгээр сарын цалинг хугацаа хоцроож олгосон, 2 сард ажилласан 4 хоногийн цалинг олгоогүй, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй болох нь тогтоогдож байх тул Н.Эын гаргасан гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, “Н” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж, 5,000,000 төгрөгөөр торгосон Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0133910 тоот шийтгэлийн хуудас дээрх хуульд нийцжээ.
2.7. Мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...ажилтан ажлаа хаяж яваад хэд хоногийн дараа байгууллага дээр нууцаар, ажлын бус цагаар гадны хүнтэй нэвтэрч орж эд хөрөнгө хайрцаглан авч яваад баригдаад 6 ширхэг түлхүүрийг хураалгасан, ...цалин болон халагдах тушаалаа авахаар ирээгүй, хүсэлт гаргаагүй, байгууллагын эд хөрөнгө авч явсан тул эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэхээр хүлээсэн ирээгүй...” гэх тайлбар нь гуравдагч этгээд Н.Эд, 2024 онд ээлжийн амралт эдлүүлээгүй, ээлжийн амралтын цалин олгоогүй, болон 2025 оны 01 дүгээр сарын цалинг олгоогүй үйл баримттай цаг хугацааны хувьд хамааралгүй бөгөөд эдгээр үндэслэл нь түүний цалин хөлсийг олгохгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул энэ талаарх гомдлыг шүүх хүлээж авах үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН