Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 228

 

Б.У, Б.М, Т.А нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Б.У, Б.М, Т.А /цахимаар/, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахимаар/, Д.Эрдэнэчимэг /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар магадлалтай, 1736000000057 дугаартай эрүүгийн хэргийг Ховд аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бичсэн 5/08 тоот эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овогт Т-ы А,

2. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Б-ийн М,

3.Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б-н У нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.А, Б.М, Б.У нарыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар Т.А, Б.М, Б.У нарын тус бүрт 1 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.А, Б.М, Б.У нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бичсэн 5/08 тоот эсэргүүцэлд “Давж заалдах шатны шүүх Б.А нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шүүхэд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Б.М, Б.У, Т.А нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилсан үгсэн тохиролцоогүй боловч тухайн гэмт хэргийг үйлдэх үедээ үйлдлээрээ нэгдэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь Б.У, Т.А, Б.М нарын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Мөн Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 44-41 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь А.У-ы эзэмшлийн авто машин болох нь гэрч Л.З, шүүгдэгч Б.У нарын мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “Монгол хэл, бичиг мэдэхгүй” бол яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгч оролцуулна гэж заасан. Шүүгдэгч Б.У-ыг яллагдагчаар татаж байцаахад “..би монгол хэл мэднэ. Харин уншиж бичиж чадахгүй...” гэж мэдүүлэг өгсөн ба тухайн байцаалтад өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгийг оролцуулан байцаасан бөгөөд шүүгдэгчийн эрхийг хангаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэл журмын дагуу явуулсан байна.

Анхан шатны шүүх Б.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь шүүгдэгч Б.М, Б.У, Т.А нар нь машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч нарын тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх заалт юм.Мөн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...”, мөн хуулийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэсэн заалтуудыг зөрчсөн.Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх түүнийг зөвтгөлгүйгээр хэргийг анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д “анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаана” гэж заасан байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Т.А, Б.У нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал хэлсэн саналдаа “Шүүгдэгч Б.У нь Монгол хэл сайн мэддэггүй, бичиг үсэг мэдэхгүй байхад хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт аваагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан. Энэ хулгайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.М-ын оролцсон оролцоо тодорхойгүй тул тогтоох шаардлагатай байна. Учир нь шүүгдэгч Т.А, Б.У нар том оврын ачааны автомашины дугуйг хулгайлахдаа хоорондоо казакаар ярилцаж байсан бөгөөд үүнийг Б.М ойлгосон нь тодорхойгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотолж, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн байна. Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бичсэн 5/08 тоот эсэргүүцлийг үндэслэн Б.У, Б.М, Т.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч  Б.У, Б.М, Т.А нарыг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чайна Хуанши” ХХК-ийн хашаанаас машин механизм ашиглан том оврын ачааны автомашины 1 ширхэг дугуйг хулгайлж 680,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоож Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн боловч гэмт хэрэг төгссөн цаг хугацааг буруу тогтоосноос гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар алдаатай дүгнэлт хийжээ. Тухайлбал, шүүгдэгч нар “Чайна Хуанши” ХХК-ийн хашаанаас том оврын ачааны автомашины дугуйг хулгайлахдаа машин механизм ашигласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.У, Б.М, Т.А нар хамжиж том оврын ачааны автомашины дугуйг “Чайна Хуанши” ХХК-ийн хашааг давуулан гаргаснаар компанийн эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ оруулж захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс хулгайн гэмт хэргийг төгссөн гэж үздэг тул цаашид машин механизм ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцож болох эсэхийг хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэж байх нь зүйтэй.

Иймээс шүүгдэгч Б.У, Б.М, Т.А нар нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чайна Хуанши” ХХК-ийн хашаанаас том оврын ачааны автомашины 1 ширхэг дугуйг хулгайлж 680,000 төгрөгийн хохирол учруулсан буюу хүндрүүлэх шинжгүйгээр хулгайн гэмт хэргийг үйлдсэн байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч тус бүрт 6 сар хорих оногдуулахаар шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөн зассан тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх тухай давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолд:

“Шүүгдэгч Б.У, Б.М, Т.А нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хорих ял хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэсэн 2 дахь заалт болон Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Ховд аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр бичсэн 5/08 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН