| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2023/0126/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/127 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/127
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Ц.П,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-гийн П-д холбогдох 2328000000182 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Б овгийн Ц-гийн П . . .
Шүүгдэгч Ц.П нь согтуугаар, 2023 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 23 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын “Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах” байрны гадаа цагдаагийн дэд ахлагч Б.О-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний нүүр рүү нь нэг удаа мөргөж хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.П-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагаас 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг хүртэл Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны цагдаагаар ажилласан. Тухайн цаг хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 07-ны орой 23 цаг 30 минутад цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б, мэдээлэл хүлээн авагч, цагдаагийн дэд ахлагч А нар гаднаас хүн саатуулахаар эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд авч ирсэн. Тэр эрэгтэй зөндөө согтуу драгер үлээх чадваргүй байсан. Намайг бүртгэл хөтлөх гэтэл уг эрэгтэй саатуулах байранд орохгүй гэж ярьсан. Уурлаж уцаарласан, тэгээд байрнаас гарч явсан. Иймд би цагдаагийн дэд ахлагч А-ийн хамт гарсан эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны гадна талыг бусдын амгалан тайван байдал алдагдуулсан гэх зөрчлийн дагуу авчирсан байна. Саатуулах үндэслэлтэй та саатуулах байранд ор гэсэн шаардлага тавихад орохгүй гэж хэлээд эсэргүүцэл үзүүлж намайг нэг удаа мөргөсөн. Иймд А-ийн хамт уг иргэний гарыг нь гавлаж саатуулах байр руу оруулсан. Тухайн үед энгэрийн камерын бичлэг хийж чадаагүй намайг мөргөж байгаа бичлэг бол хяналтын камерт харагдахгүй байна лээ, харин болсон асуудлыг цагдаагийн дэд ахлагч А баривчлах байранд байсан Э нар харсан. Уг залуу мөргөсний улмаас миний хамраас цус гарсан, хэсэг хугацааны дараа намдсан. Би ямар нэгэн эм, тариа хэрэглээгүй одоогоор өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. ... Миний хамар зөөлөн эдийн няцрал тогтоогдсон байсан шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хамар бага зэрэг овойж хавдаж байгаад зүгээр болсон эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй тул миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, уг хэргийг хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байна.” /хавтаст хэргийн 9, 12 дахь тал/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний бие Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу мэдээлэл хүлээн авагчаар ажилласан. Тус өдрийн 23 цагт иргэн Ба . . . дугаарын утсаар манай гэрт нүүр нь цус болчихсон огт танихгүй, согтуу хүн гэрт ороод ирлээ, манай хүүгийн нэрийг хэлээд яваад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийг хүлээн авч цагдаагийн ахлах ахлагч Б.Б-ийн хамт очиход иргэн П нь Ба гэх айлын гадаа хашааны хаалганы тэнд зогсож байсан. Энэ хүүхэд танай хүүхдийг өмөөрч зодолдсон, манай хүүхэд хаана байна гэхэд буудалд байгаа гэх мэтчилэн сонин зүйл яриад байна гэдгийг хэлсэн. Иймд тухайн этгээдээс гэрийн хаяг регистрийн дугаар зэргийг асуухад хариулахгүй байсан тул саатуулах байранд авчирсан. Тэгтэл би орохгүй гэж хэлээд байрнаас гарч явсан, тэр эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрээр ажиллаж байсан цагдаагийн дэд ахлагч О-ын хамт араас гарч байранд орох талаар хэлэхэд шууд Оыг мөргөсөн. Орохгүй зууралдаж хэл амаар доромжилсон. ” /хавтаст хэргийн 16 дахь тал/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр миний бие Цагдаагийн газрын даргын баталсан томилгооны дагуу цагдаа жолоочоор ажилласан. Тус өдрийн 23 цагт иргэнээс манай гэрт нүүр нь цус болчихсон огт танихгүй, согтуу хүн гэрт ороод ирлээ, манай хүүгийн нэрийг хэлээд яваад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийг хүлээн авч цагдаагийн дэд ахлагч Аийн хамт уг хаягт очсон. Тэгэхэд П нь хашааны хаалганы тэнд зогсож байсан. Иймд тухайн этгээдээс гэрийн хаяг регистрийн дугаар зэргийг асуухад хариулахгүй байсан тул саатуулах байранд авч ирсэн. Тэгтэл орохгүй гэж хэлээд байрнаас гарч явсан. Тэр эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрээр ажиллаж байсан цагдаагийн дэд ахлагч О араас нь гарч хэсэг хугацааны дараа буцаж орж ирсэн. Тэгэхэд мөргүүлчихсэн гэж ярьж байсан бас намайг байхад О-ыг хэл амаар доромжилсон. Тухайн этгээд зөндөө согтуу байсан бөгөөд анх дуудлага мэдээллийн дагуу очиход хөөе дэд ахлагчаа гээд харьцаж эхэлсэн.” /хавтаст хэргийн 17 дахь тал/
Гэрч С.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 10 дугаар сарын 07-ны орой 23 цагийн орчимд гаднаас танихгүй нэг эрэгтэй хүн манай гэрт ороод ирсэн. Уг иргэнийг танихгүй бөгөөд тухайн хүний нүүр нь цус болчихсон байсан. Иймд Цагдаагийн байгууллагад өөрийнхөө . . . дугаараас дуудлага мэдээлэл өгсөн. Удаагүй хоёр цагдаагийн алба хаагч ирээд нөгөө залууг авч явсан. Тэр залуу зөндөө согтуу байсан бөгөөд манай хүүгийн нэрийг асуугаад байсан тул би сандарч ямар учиртай юм бол гэж бодож дуудлага мэдээлэл өгсөн.” /хавтаст хэргийн 22 дахь тал/
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.О биед хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Б.Оын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.О-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.П-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.П нь согтуугаар, 2023 оны 10 дугаар сарын 07-ны шөнө 23 цаг 30 минутын үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн газрын “Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах” байрны гадаа цагдаагийн дэд ахлагч Б.О-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний нүүр рүү нь нэг удаа мөргөж хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Оын мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 12 дахь тал/, гэрч Б.А, Б.Б, С.Ба нарын мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 17, 22 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 421 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаагаар ажилладаг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, таслан зогсоох чиг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор түр саатуулах, шаардлага тавих эрхтэй бөгөөд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд жижүүрийн цагдаагийн үүргийг 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 цагаас эхлэн 24 цагийн хугацаатайгаар гүйцэтгэхээр томилогдсон болох нь тус Цагдаагийн газрын даргын тушаалаар батлагдсан жижүүр, харуул, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд ажиллах алба хаагчдын нэгдсэн томилгоогоор /37-39 дэх тал/ тогтоогдож байх тул түүнийг албан үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ.
“Хүч хэрэглэх” гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгохоор тайлбарласан бөгөөд шүүгдэгч Ц.П нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа Б.О-ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, улмаар түүний нүүр рүү нь нэг удаа мөргөсөн үйлдлийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ц.П нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ц.П-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 12 дахь тал/ гэх мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Даланзадгад сумын нутаг дэвсгэрээр тогтоох тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ц.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ц.П-г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.П-д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвөөс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц-гийн П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.П-д зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймаг Даланзадгад сумын төвөөс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ