Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж,

Хохирогч Г.Б /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-т холбогдох эрүүгийн 2330001770143 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-ын Н  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг “Талын агуй” гэх газарт “Hilux” маркийн ... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явахдаа хохирогч Г.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Д, Ц, Б, бид хэд явж байсан. Д хотоос гараад л машин бариад явсан. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Хотоос гараад би жолоочийн хажууд сууж байсан. Ц Б хоёр ард суусан. Б яг жолоочийн ард сууж явсан. Тэгээд Сүхбаатар аймгаас гараад урагш явж байхад нэг машин цасанд суусан байсан. Тэр машиныг бид чирч гаргаж өгсөн. Бид Багануураас гараад явж байхад Б согтоод бид нарт агсам тавьж эхэлсэн. Ц рүү Б агсан тавиад байсан. Ц урьд гэмт хэрэгт холбогдсон байсан. Б бие муутай. Тэгээд би Ц Б хоёрыг муудахаас сэргийлээд Цийг урагш суулгаад би Б-гийн хажууд суусан. Б “Тамирын дээд” сургуулийг төгссөн. “Маахуур”-ын атаман  гээд хотоос гараад л агсам тавиад Ц-тэй муудаад байхаар нь би Ц-тэй суудлаа солиод суусан. Тэр үед намайг бас зүгээр байлгахгүй өдөөд, өөрөө сандал мөргөөд байсан. Би түүнийг гараараа цохисон зүйлгүй.” гэв.  

Хохирогч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бид 2 фейсбүүкээр холбогдоод “Шилийн Богд” уул руу явъя гэж ярилцсан. Тэгээд шөнө 22 цагийн орчим Д, Ц гэх хоёр танихгүй хүнтэй Н хамт явъя гэсэн. Би тэр 2-г огт танихгүй, нэг ч удаа харж байгаагүй. Тэгээд бид хөдлөөд замаараа хүнсний зүйл бензин, 2 шил архи, нэг хроп пиво аваад хөдөлсөн. Тэгээд замдаа архи пивоо уугаад явсан. Н-тай явж байхдаа муудсан шалтгаан нь би Н-аас “Toyota Chaser” маркийн машин 5,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд мотор муудсан байна гээд 5,000,000 төгрөгөө буцаж аваад машиныг нь буцааж өгсөн. Гэтэл тэр машин чинь зүв зүгээр хүнд зарсан гэж хэлээд надтай хэрүүл өдөөд байсан. Би “хол замд явж байж хоорондоо муудаад яах вэ, эр хүмүүс шиг яръя” гэж хэлсэн бүр болохгүй байсан. Мөн намайг боосон. Тэгээд цааш явж байхад гэнэт машин торомз гишгээд зогсох гээд байж байтал намайг хажуугаас гэнэдүүлээд нүүр ам руу цохисон. Яг тэр үед Ц гэх залуу согтоогүй байсан. Тэр залуу ч бас намайг цохисон. Сая Н-ын ярьсан зүйлд үнэн юм нэг ч алга худлаа хэлээд байх юм. Би цааш хамраа угаагаад “Шилийн Богд” ууланд очоод энэ гурван хүнээс би гуйсан. “Намайг аймаг руу хүргээд өгөөч, би төв бараадаж хамар амаа янзлуулъя” гээд гуйсан. Энэ гурав унтаад босохгүй байсан. Би тэгэхээр нь тэр хавьд байсан хүмүүсээс очоод “аймаг явах гэж байна уу? намайг аваад яваач” гэж гуйхад хамар хавдсан байсан тул тэр хүмүүс надаас айгаад нэг ч унаа намайг аваад явъя гэхгүй байсан. Тэгээд өглөө буцаад аймаг руу явсан. Тэр үед би огт архи уугаагүй. Энэ хэд уусан. Тэгээд замд намайг дарамталж “одоо зодолдох уу, хөгжим унтраа, цонх хаа” гэх зэргээр байнга дарамталсан. Би жолооч Д-д “энэ хоёр дахиад ингэж дарамталж байна. Би хурдхан төв орж нүүр амаа янзлуулмаар байна” гэж хэлсэн. Тэгээд төвд орж ирээд аймгийн төвөөс машинд хүргүүлээд шууд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд хотод очоод эмнэлэгт үзүүлэхэд “хавантай байна, хаванг нь буухаар ир” гээд явуулсан. Тэгээд хоёр гурав хоногийн өмнө Н Ц гэх найзтайгаа манай байрны гадаа ирээд “нэгэнт би буруутай юм чинь янзлуулаад өгье, “ЭМЖЖ” гэх эмнэлэг сайн юм байна билээ” гээд үзүүлэхээр очиход тэр эмнэлэг зураг авч өгөөд “хагалгаа хийх шаардлагатай, аймар болсон байна” гэхээр нь би “хамраа бол янзлуулчихъя. Нүдээ бол энд янзлуулахгүй. Монголд хоёр газар эмчлэх боломжтой юм байна. Гэхдээ би Монголд хийлгэхгүй, Солонгос улсад хийлгэнэ” гэсэн. Тэр үед эхнэр хүүхдүүд нь байсан. Тэгээд тэд нар “Солонгост хийлгэж чадахгүй, Монголд хийлгээд өгье” гэсэн. Түүний дараа ээж нь над руу ирж уулзаад “манайхаас 10 гаруй сая төгрөг гарна, миний дүү Монголд янзлуулчхаж болохгүй юм уу?” гэсэн. Дараа нь тархины бичлэг хийлгэх гэж байхад Н ирсэн. Тэгэхээр нь би “бичлэгийн хөлс 500,000 төгрөг” гэхэд “надад бэлэн 200,000 төгрөг байна, хүнээс 300.000 төгрөг зээлээд өгье” гээд надад өгсөн. Тэгээд надтай уулзахаараа янзлуулаад өгье гэж хэлсэн. Цаагуур өөр хүмүүс болохоор “би зодоогүй” гээд яриад намайг гүжирдсэн гэсэн. Манай дүүг дарамталсан гэж хэлж байна дарамталсан зүйл байхгүй. Би Монголд хамрын хагалгаанд орсон. Одоо Хятад Улсад зардал бага гээд нүдний ухархайгаа нөхүүлэх гээд хөөцөлдөж байгаа. Би хэрэг болсон өдрөөс хойш ажил төрөл хийж чадаагүй. Хагалгаанд ороод гам барах шаардлагатай гээд гам бариад явж байгаа. Би энэ хүнээс хагалгаа хийлгээд эмчлүүлээд өгчих гэсэн болохоос илүү мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй. Би эрүүл мэндээрээ хохирсон маш их гомдолтой байна. Би хагалгаа хийлгэхдээ өөрөөсөө гаргасан мөнгийг авбал гомдол санал байхгүй.” гэв. 

Эрүүгийн 2330001770143 дугаартай хэргээс:

  • Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Сүхбаатар аймгийн төв буюу Баруун-Урт сум руу ороод “Шилийн богд” уул руу хөдөлж 100 км орчим явж байхад Д.Н нь өмнө нь надад худалдаж наймаа буцсан “Chaser” маркийн тээврийн хэрэгслийн талаар ярьж маргалдаж миний хоолойг боож нүүр хэсэг рүү 2-3 удаа цохиж авахад хамраас цус гараад доош тонгойж байхад дээрээс нуруу, толгой хэсэг рүү цохиж байгаад болиход нь машиныг нь зогсоож хамраас гарсан цусыг тогтоосон. Цааш явж “Шилийн богд” уул ороод нөгөө хэдтэйгээ буцаж Сүхбаатар аймгийн төв орж тэд нараас салж шууданд сууж, Улаанбаатар хотод ирээд “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс 3 хугарч, баруун нүдний ухархайн яс цөмөрч, баруун талын хана хугарсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад хандах болсон. Уг асуудал болсны дараа Д.Н нь “хамар, амыг чинь янзлуулж өгнө” гэж хэлсэн боловч эмчилгээний мөнгийг өгөөгүй өдийг хүрсэн. Би нүд болон хамрын хагалгааг Солонгос улсад очиж хийлгэх талаар Д.Н-т хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй Монгол улсад хийлгэчих гээд байгаа. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй. Миний биед Д.Н халдаж хамрыг 3 хугалж, баруун нүдний ухархайн ясыг цөмлөж, баруун нүдний ханыг хугалж гэмтээсэн.” гэх /хх 22 дугаар хуудас/,

“Д нь машин барьж байсан бөгөөд Д.Н-тай маргалдаж муудах үед машинаа зогсоосон. Тэгэхэд шууд нүүр лүү 2 удаа цохиход хамраас цус гарсан. Аль гараараа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна Хамар луугаа 2 удаа цохиулсны улмаас тухайн үед хамар “таг” гэж дугараад хугарахаар нь би халуун дээр нь хамраа өөрөө тэгшилсэн. Тухайн үед Д уг асуудлыг харсан.” гэх /хх 32 дугаар хуудас/

  • Гэрч Б.Д-гийн “...Тухайн хадтай замын гол хэсэгт Г.Б зогсоорой гэж хэлэхээр нь эргээд харахад Г.Б-гийн хамраас цус гарч байхыг хараад машинаа шууд зогсоосон. Г.Б машинаас буухаар нь би араас нь буугаад “юу болсон юм” гэж асуухад “Н цохичихлоо” гэж хэлээд уурлаад жолоочийн хойд талын жижиг баганыг гараараа цохиж хонхойлгосон.Тэгэхээр би “миний дүү хол замд хоорондоо муудаад хэрэггүй” гэж хэлээд тайвшруулсан. Бид нар “Шилийн богд”-ын энгэрт очоод хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өглөөний 06 цагийн үед “Шилийн богд” ууланд гараад нар харсан. Б, Н, Ц гурвын зургийг би авч өгөөд бид нар “Шилийн богд” уулнаас буусан. Тэгээд буцаад тус аймгийн төв рүү явах замд Б бид хоёроос бусад нь буюу Н, Ц хоёр архи үргэлжлүүлэн уусан. Б аймгийн төв рүү явах замдаа эхнэртэйгээ утсаар яриад л байсан. Аймгийн төвд ирээд Б бид нарт хэлэхдээ “манай хүүхдийн бие нь өвдөөд байна, би та хэдээс түрүүлээд явлаа” гэж хэлээд аймгийн төвөөс таксинд суугаад хот руу явсан. ” гэх /хх 50-51 дүгээр хуудас/

“Б-гийн хувьд хотоос гараад л агсам тавиад байсан. Намайг машин барьж байхад Д.Н нь цохисон байхыг үгүйсгэхгүй. Учир нь үнэхээр их агсам тавиад хүн болгон руу дайраад агсраад байсан учраас Д.Н нь цохисон байх гэж бодож байна. Тухайн үед Г.Б нь надад хэлэхдээ “Д.Н хамар луу хэд хэдэн удаа цохиод хамар гэмтээчихлээ” гэж хэлж байсан. Г.Б-гийн хамраас нь цус гараад нойтон салфеткаар арчиж цэвэрлэсэн. Д.Н уг асуудлын талаар огт юу ч яриагүй. Хамраас нь цус гарсан байсан. Аль талынх гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан хамар нь хавдаж, нүдний доод зовхи нь бага зэргийн хөхөрсөн байсан. Аль нүд гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн хүмүүс хоорондоо дахин маргалдаж муудаагүй. Маргааш өглөө нь би тухайн хүмүүсийн зургийг авч өгсөн. Тэгэхэд Г.Б-гийн биед дээрх гэмтлүүд учирсан байсан. “Шилийн богд” уул руу явахад зам нь их хад ихтэй байсан учраас ихэвчлэн 20-30 км цагийн хурдтай явсан. Би машин бариад явж байхдаа хурд маш бага явж байсан учраас хэзээ ч машины эд зүйлс мөргөөд биедээ учирсан гэмтлүүдийг авахгүй. Тэглээ ч тухайн үед хамт байсан хүмүүс Г.Б-г машины эд зүйлс мөргөсөн талаар хэлээгүй. Д.Н-т зодуулсан байх гэж бодож байна.” гэх /хх 54-55 дугаар хуудас/

  • Гэрч У.Цийн “...Тэгээд цаашаа хөдлөөд замаасаа төөрөөд хад асгатай замаар явж байхад зодоон цохион болсныг хараагүй. Тэгсэн Б “зогс, зогс” гээд орилоод байсан. тэгээд зогссон чинь Б бууж ирээд машин руу цохисон. Тэгсэн Б-гийн хамраас бага зэргийн цус гарсан байдалтай  харагдаж байсан. /хх 63-66 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3728 дугаартай “1. Г.Б-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 76-77 дугаар хуудас/,

  • Хохирогч Г.Б-д үзлэг хийсэн “Бриллиант” эмнэлгийн үзлэгийн хуудас /хх 78-79 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Д.Н-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 100-101 дүгээр хуудас/,
  • Хохирогч Г.Б-гээс хэрэгт ирүүлсэн эмчилгээний гэх 6 хуудас НӨАТ баримтууд /хх 103-108 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Н-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, /хх 113-116 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Д.Нын ХААН банкны дансны хуулга /хх 118-119 дүгээр хуудас/

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Д.Н-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар баг “Талын агуй” гэх газарт “Hilux” маркийн ... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явахдаа хохирогч Г.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.2.1 Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Талын агуй” орчим “Hilux” маркийн ... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд зорчиж явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.Б-гийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын тусламжийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн, хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хавтаст хэрэгт бэхжүүлсэн. Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шилжин судалсан нотлох баримтуудаар буюу өмгөөлөгчийн шинжлэн судалсан хавтаст хэргийн 50-52 дугаар хуудсанд авагдсан Д, Ц нарын мэдүүлгийг уншиж танилцуулснаас дүгнэж хэлэхэд Д болон Ц 2 шүүгдэгч Н-тай сайн найзууд буюу найз нөхдийн холбоотой хүмүүс. Хохирогч Б-тэй бол ямар нэгэн харилцаа холбоо байхгүй тухайн үедээ танилцсан байгаа. Гэрч Д хэргийн бодит байдлын талаар буюу өөрийн үзсэн харсан зүйлийг гэрчийн мэдүүлгээр 2 удаа мэдүүлсэн байгаа. Өмгөөлөгчийн ярьж байгаа цохиж зодохыг нь огт хараагүй гэж яриад байгаа ганц эрүүл байсан гэрч нь Д. Энэ хүн угаасаа харах боломж байхгүй. Яагаад гэхээр хохирогч гэрч Д-гийн ард талд нь сууж явж байсан. Гэрч Д замын турш байнгын машин барьж явж байсан. Машин барьж явж байгаа хүн урд талынхаа замыг харна уу гэхээс биш хойшоогоо байнга эргэж хараад байх эсвэл хойшоогоо хараад явах нөхцөл боломж байхгүй. Иймд хэлэлцүүлгийн үед болон талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Н нь өөрийн үйлдлийг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хор уршиг зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэйгээр үйлдсэн гэх үндэслэлтэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед баримтаар 816,975 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь уг хохирлоос 520,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл хохирол 296,975 төгрөгийг төлөөгүй байгаа. Хэрвээ шүүгдэгч Д.Н үнэхээр Бг цохиж зодоогүй бол яагаад удаа дараа хохирогчийн хэлснээр эмнэлгээр цуг явах болов. Яагаад удаа дараа дуудаж уулзъя гэхэд нь очиж уулзаж хохирол мөнгийг төлнө, эмнэлэгт үзүүл, мөн дээрээс нь энэ 520,000 төгрөгийг гаргаж өгөв.  Иймд шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч Г.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь бусдын эрх эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй буюу хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, зориуд хохирол учруулсан, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн. Мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл хохирол хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Иймд шүүгдэгч Д.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

1.2.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаагаас: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой асуултуудыг асууж нотлох баримтууд шинжлэн судалж, нотлох баримт шинжлэн судалж байгаатай холбоотой тайлбараа хэлж мэтгэлцэж оролцлоо. Нэгдүгээрт: Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтээ гэрч Д-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт хоёроор Д.Н-ыг буруутай гэж үзэж яллаж оруулж ирсэн байгаа. Д-гийн мэдүүлэгт Б-гийн хэлсэн юмыг буцаагаад Д цагдаад хэлсэн. Ийм үйл баримт байдаг. Яг цохиж зодоод байгааг бол гэрч Д хараагүй. Хоёрдугаарт улсын яллагч Д.Н эмнэлэг дагуулж яваад байсан тул нотлогдож байгаа гэж ярьдаг. Энэ өөрөө тухайн хэргийн яг нөхцөл байдал дээр гарч байгаа факт биш.  Дараа нь Д.Н тайлбараа хэлж байна найз нөхөд цуг явсан учраас үзүүлж харуулах хэрэгтэй байх гэж бодоод гэдэг. Шинжлэн судалсан хавтаст хэргийн материалаас үзэхэд хавтаст хэргийн 15 дугаар хуудаст авагдсан зураг шинжлэн судалсан. Хохирогчоос энэ зургийн талаар өмгөөлөгч миний бие болон шүүгч тодруулж асуусан.  Энэ яг тэр үед авагдсан зураг мөн үү гэсэн мөн гэсэн. Түүний нүүр аймар болсон, шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан байгаа шиг 3 удаагийн хугаралтай байсан бол бүтэн хоноод босоод ирэхэд хавдана. Ямар ч тохиолдолд нүүр амаа цохиж янз бүр болоход дороо л хөхрөөд хавдаад ирдэг. Мөн хавтаст хэргийн 14 дүгээр хуудаст авагдсан зураг өөрийнх нь фейсбүүкийн зургийг угаалгаж авсан. Яагаад гэхлээр 2 зургийг харьцуулж шүүх үзээч ээ гэж. Д-гийн мэдүүлгийг би бүрэн эхээр нь уншлаа. Д өгсөн 2 мэдүүлэг дээр юу гэж хэлдэг вэ? гэхлээр би Г.Б-г энэ хүмүүс болон Н цохиж зодоод байгааг огтоосоо хараагүй. Намайг зогсоход Б “Н намайг цохчихлоо” л гэдэг талаар хэлдэг. Ц бас хэлдэг. Ер нь энэ 3 хүн өөрсдөө яг тухайн үед биеэ удирдан жолоодож авч явах чадвартай байсан уу гэдэгт эргэлзээтэй. Хэрвээ машины дэр мөргөсөн бол олон удаа мөргөх байсан байх. Шинжээчийн дүгнэлт нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн байгаа. Согтуу биеэ удирдах чадваргүй хүн машиныг яаж ч мөргөж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт тухайн хэрэг болсноос хойш хэсэг хугацааны дараа энэ асуудал яригддаг энэ хугацаанд энэ хүн ямарваа нэг байдлаар гэмтэл авсан байхыг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдал байгаа гэдгийг бас шүүх анхаараасай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийг Улсын дээд шүүхээс тайлбарладаг үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт юу хамаардаг юм бэ? гээд Эрүүгийн хууль цугларсан бүхий л нотлох баримтыг шалгаж эрх тэгш нотлох баримтыг эрэмбэлнэ гэж байгаа юм. Гол нь тэр ажиллагааг хийгээгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль 1.15-ыг битгий хэрэглээрэй гэдгийг тайлбарлаад өгсөн. Тэгэхлээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эрэмбэ дарааллыг шүүх тогтоогоод шүүгдэгчид ашигтайгаар энэ нөхцөл байдлыг хийдэг. Тухайн хавтаст хэрэгт агуулагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалж харьцуулан дүгнэлт хийхэд Д.Н-ын гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хангалттай тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

1.2.3 Шүүгдэгч Д.Н: “Д, Ц, Б, бид нар Шилийн богд руу шинийн 8-ны сар харах гээд явсан. Д хотоос гараад л машин бариад явсан.... Бид Багануураас гараад явж байхад Б согтоод бид нарт агсам тавьж эхэлсэн. Ц рүү Б агсан тавиад байсан. Ц урьд гэмт хэрэгт холбогдсон байсан. Б бие муутай. Тэгээд би Ц Б хоёрыг муудахаас сэргийлээд Цийг урагш суулгаад би Б-гийн хажууд суусан. Б “Тамирын дээд” сургуулийг төгссөн.  “Маахуур”-ын атаман  гээд хотоос гараад л агсам тавиад Ц-тэй муудаад байхаар нь би Ц-тэй суудлаа солиод суусан. Тэр үед намайг бас зүгээр байлгахгүй өдөөд, өөрөө сандал мөргөөд байсан. Би Б-г цохиогүй, гэм буруугүй” гэж маргасан.

2. Хэргийг нотлох нотолгооны баримтын тухайд:

Хохирогч Г.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би “хол замд явж байж хоорондоо муудаад яах вэ, эр хүмүүс шиг яръя” гэж хэлсэн бүр болохгүй байсан. Мөн намайг боосон. Тэгээд цааш явж байхад гэнэт машин торомз гишгээд зогсох гээд байж байтал намайг хажуугаас гэнэдүүлээд нүүр ам руу цохисон.” гэх,

Гэрч Б.Д-гийн “...Тухайн хадтай замын гол хэсэгт Г.Б зогсоорой гэж хэлэхээр нь эргээд харахад Г.Б-гийн хамраас цус гарч байхыг хараад машинаа шууд зогсоосон. Г.Б машинаас буухаар нь би араас нь буугаад “юу болсон юм” гэж асуухад “Н цохичихлоо” гэж хэлээд уурлаад жолоочийн хойд талын жижиг баганыг гараараа цохиж хонхойлгосон.Тэгэхээр би “миний дүү хол замд хоорондоо муудаад хэрэггүй” гэж хэлээд тайвшруулсан. Бид нар “Шилийн богд”-ын энгэрт очоод хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 27-ны өглөөний 06 цагийн үед “Шилийн богд” ууланд гараад нар харсан. Б, Н, Ц гурвын зургийг би авч өгөөд бид нар “Шилийн богд” уулнаас буусан.

...Б-гийн хувьд хотоос гараад л агсам тавиад байсан. Намайг машин барьж байхад Д.Н нь цохисон байхыг үгүйсгэхгүй. Учир нь үнэхээр их агсам тавиад хүн болгон руу дайраад агсраад байсан учраас Д.Н нь цохисон байх гэж бодож байна. Тухайн үед Г.Б нь надад хэлэхдээ “Д.Н хамар луу хэд хэдэн удаа цохиод хамар гэмтээчихлээ” гэж хэлж байсан. Г.Б-гийн хамраас нь цус гараад нойтон салфеткаар арчиж цэвэрлэсэн. Д.Н уг асуудлын талаар огт юу ч яриагүй. Хамраас нь цус гарсан байсан. Аль талынх гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан хамар нь хавдаж, нүдний доод зовхи нь бага зэргийн хөхөрсөн байсан. ...Маргааш өглөө нь би тухайн хүмүүсийн зургийг авч өгсөн. Тэгэхэд Г.Б-гийн биед дээрх гэмтлүүд учирсан байсан. “Шилийн богд” уул руу явахад зам нь их хад ихтэй байсан учраас ихэвчлэн 20-30 км цагийн хурдтай явсан. Би машин бариад явж байхдаа хурд маш бага явж байсан учраас хэзээ ч машины эд зүйлс мөргөөд биедээ учирсан гэмтлүүдийг авахгүй. Тэглээ ч тухайн үед хамт байсан хүмүүс Г.Б-г машины эд зүйлс мөргөсөн талаар хэлээгүй. Д.Н-т зодуулсан байх гэж бодож байна.” Гэх,

Гэрч У.Цийн “...Тэгээд цаашаа хөдлөөд замаасаа төөрөөд хад асгатай замаар явж байхад зодоон цохион болсныг хараагүй. Тэгсэн Б “зогс, зогс” гээд орилоод байсан. тэгээд зогссон чинь Б бууж ирээд машин руу цохисон. Тэгсэн Б-гийн хамраас бага зэргийн цус гарсан байдалтай  харагдаж байсан гэх,

Гэрч Б.Э-гийн: “...Б Шилийн богд руу яваад 2023 оны 02  дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 03 цагийн үед ирсэн. Ирэхдээ хамар нь муруйсан, нүүрэн хэсэгт олон тооны шарх үүссэн, цээж хэсгээр олон тооны зулгаралттай байсан. ...цоо эрүүл яваад орж ирэхдээ гэмтсэн орж ирсэн” гэх,

Гэрч Л.Нансалмаагийн”Манай хүү Н нөхөр бид хоёрт хэлэхгүйгээр Шилийн богд руу явсан байсан. ...Бэр Мөнхтуул Н-ыг хамт явж байсан Б-тэйгээ зодолдоод зодчихсон байна гэхээр нь зодуулсан гээд байгаа Б гэх хүний утасны дугаарыг өгчих гэж хэлээд дугаарыг авсан. ...Уг асуудлын талаар мэдээд Д-гийн утас руу залгаад юу болсон талаар асуухад Д Б нь Н, Ц бид 3 руу агсраад хүн болгонтой зодолдох гээд байсан. Уг зодоонд Ц оролцоогүй, Б амнаасаа болоод ийм болсон талаар хэлсэн. Амнаасаа болоод ийм болсон гэдэг нь Н-д Б нь зодуулсан гэсэн үг, Б-т хажууд нь баагаагүй, үхтэл үр харам гэгчээр хүүн маань хэрэг хийсэн учраас хүүгийнхээ өмнөөс хагалгааны мөнгийг нь өгнө” гэх,

Шинжээч эмч Т.Ч-ын: “Г.Б-гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд тус гэмтлүүд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Харин хуучин гэмтэлтэй байсан бол компьютер томографын шинжилгээгээр ясны бороололт үүссэн талаар дурдах ёстой. Ийм зүйл дурдаагүй байсан учраас тус гэмтлүүдийг шинэ гэмтэл гэж үзнэ” гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №3728 дугаартай “1. Г.Б-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Д.Н-ын “Би Б-г цохиогүй, гэм буруугүй” гэж мэдүүлж байгаа нь үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Иймд хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

3. Эрх зүйн дүгнэлт:

3.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч Д.Н нь хохирогч Г.Б-тэй маргалдсаны улмаас түүнийг машин дотор гараараа цохиж, зодон түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан нь хор уршиг бүхий гэмт үйлдлийн болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

3.2. Шүүгдэгч Д.Н нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.3. Прокуророос шүүгдэгч Д.Н-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Г.Б-гийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

4.1. Шүүгдэгч Д.Н-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

4.1.1. Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч Г.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, мөн хохирогчийн биед учирсан гэмтлийг үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд үүнийг эмчилсэн эмчилгээний төлбөр болох 201,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шүүгдэгчээс гаргуулан төлүүлэх, шүүгдэгчийг цагдан хориогүй, баривчлаагүй тул эдлэх ялд оруулан тооцох саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэн ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид прокурорын шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх” гэх саналыг,

4.1.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч:  “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ гаргая гээд, шүүхээс 497,975 төгрөгийн хохирол төлүүлэхээр гарсан үүнийг төлнө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт улсын яллагчийн зүгээс торгуулийн ялын санал тавьж байна. Өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ялтай санал нэг байна. Гэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал. Тухайн гэмт хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг шүүх харгалзан үзэж хамгийн доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож өгнө үү.  Миний үйлчлүүлэгч Д.Н нь өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Энэ гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн. Иймд хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал үүсэж байгаа тул миний үйлчлүүлэгчийг 450,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргаж гаргав.

4.2. Шүүгдэгч Д.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн, хохирол, хор уршиг учруулснаа ойлгосон зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломж, торгуулийн хэмжээ зэргийг харгалзан дээрх ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.

5. Хохирол, хор уршгийн талаар

5.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн эмчилгээний зардалтай холбоотой 816,975 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлэн нэхэмжилснээс шүүгдэгч Д.Н 520,000 төгрөгийг нөхөн төлсөн.

Иймд шүүгдэгч Д.Н-аас үлдэх 296,975 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч Г.Б нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

5.2. Хохирогч Г.Б өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 201,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 201,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй.

6. Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д-ын Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-т 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Н-т оногдуулсан торгох ялыг 3 / гурав / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Н-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 816,975 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 520,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-аас нийт 497,975 төгрөгийг гаргуулж, 201,000 төгрөгийг Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд, 296,975 төгрөгийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 хорооллын 2-19 тоотод оршин суух Г овогт Г-ийн Б-д тус тус олгосугай.

8. Хохирогч Г.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ