| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2017/0025/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2017-02-09 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
Иргэдийн төлөөлөгч Д.Буянсайхан,
Улсын яллагч Ш.Насанжаргал,
Шүүгдэгч Б.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт Б.Мөнхбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625022014 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг 14 дүгээр хороо, Хайлаастын 9-108 тоотод оршин суудаг,
2015 оны 4 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзагдсан, Боржигин овогт Батмөнхийн Мөнхбаатар /регистрийн дугаар УХ94050531/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Мөнхбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хушт хангай” нэртэй нийтийн байрны 502 тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз Д.Лхагвадоржтой маргалдан улмаар түүний цээж болон зүүн гар тус газар нь хутгалж бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Мөнхбаатар шүүх хуралдаанд “...Тухайн өдөр Батмягмарын машинд 2 шил архи уучхаад Отгонжаргалыг оруулж өгсөн. Тэгээд гадаа гараад Лхагвадорж намайг зөндөө олон удаа цохисон. Тэгээд би айлгах санаатай энэ үйлдлийг хийсэн болохоос санаатай биш...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5-н буудлын орчим найз Отгонжаргал, Даваасамбуу нартай явж байгаад Лхагвадоржтой тааралдсан. Лхагвадорж өөрийн эзэмшлийн микро автобустай явж байсан. Тэгээд бид нар пиво уухаар болоод Лхагвадорж гэртээ очиж автомашинаа тавьчхаад Лхагвадоржийн гэр байдаг гудамжинд Лхагвадорж, Батаа, Отгонжаргал, Даваасамбуу бид нар 1 ширхэг 0,75 литрийн архи, 1 ширхэг 2,5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд Лхагвадорж, Бямбаа хоёр гэртээ ороод, Отгонжаргал, Даваасамбуу бид гурав салаад доошоо явсан. Тэгээд доор гудамжны үзүүрт зогсож байтал Лхагвадорж. Бямбаа хоёр араас хүрээд ирсэн. Тэгээд бид нар дахин 2 шил 0,75 литрийн архи уусан. Тэгээд би гэртээ харилаа гэж хэлээд явах гэж байснаа санаж байна. Түүнээс өөр зүйл санахгүй байна. Тэгээд нэг сэргэтэл Даваасамбуу “Хушт Хангай” нэртэй нийтийн байрны 00-ын өрөөнд надад “чи найз Лхагвадоржийгоо хутгалчихлаа ш дээ” гэсэн. Тэгээд би ухаан ороод гэртээ хариад аав, ээж хоёртоо болсон асуудлын талаар хэлсэн чинь аав, ээж хоёр цагдаа дуудаад намайг цагдаад барьж өгсөн. Тэгээд бас түргэн ирээд түргэний машинтай нийтийн байранд очсон чинь Лхагвадорж байхгүй явсан байсан. Д.Лхагвадоржийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-51, 84/,
Хохирогч Д.Лхагвадоржийн “…2016 оны 6 дугаар сарын 18-ны орой 19 цагийн орчим би өөрийн эзэмшлийн микро автобусаар Мөнхбаатар, Даваасамбуу, Отгонжаргал, Бямбаа нарын хамт Багшийн Дээд сургуулиас 7-н буудлын хооронд хүн ачиж явсан. Шөнийн 00 цагийн орчим микро автобусаа хашаандаа оруулж тавьчхаад гэрийн гадаа бид гурав 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд доошоогоо явж байгаад Батноров гэдэг найзтайгаа таарсан. Батноровын автомашин дотор дахин 2 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгтэл Отгонжаргал тасраад унасан чинь Мөнхбаатар Отгонжаргалыг алгадаад байхаар нь би болиулаад Отгонжаргалыг үүрээд гэрт нь оруулж өгсөн. Тэгээд Батноровын машинаас буулгаад би Мөнхбаатарыг “чи зүгээр байж бай” гэж хэлээд нэг хавирч унагасан. Тэгчхээд Мөнхбаатар, Даваасамбуу, Бямбаа бид нар 5 буудлын замын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах “Хушт хангай” нэртэй нийтийн байр луу явсан. Нийтийн байран дотор ороод юм яриад сууж байсан чинь Мөнхбаатар хайч барьсан байхаар нь би Мөнхбаатарыг “чи наад хайчаа хая, чадахгүй байж” гэж хэлсэн чинь хайчаа хаяад тагтан дээрээс хутга аваад намайг сууж байхад миний элэг орчим нэг удаа хутгалсан. Тэгээд дараа нь гар руу нэг удаа хутгалсан…” гэсэн мэдүүлэг /хх-11/,
гэрч У.Даваасамбуу “…”Хушт хангай” нэртэй нийтийн байранд орсон чинь Мөнхбаатар, Лхагвадорж хоёр Мөнхбаатар, Баянаа хоёр маргалдсанаас болж маргалдсан. Би тэр хоёрыг “боль” гэж хэлсэн чинь Лхагвадорж Мөнхбаатарыг “чи зүгээр байгаарай, чи намайг барахгүй шүү” гэсэн чинь Мөнхбаатар уурлаад Лхагвадоржтой зодолдсон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Мөнхбаатар Лхагвадоржийг хутгалсан байсан. Тэгээд би Мөнхбаатарыг дагуулаад 00-ын өрөөнд ороод “чи яагаад найзыгаа хутгалж байгаа юм бэ” гэсэн чинь Мөнхбаатар гараад гүйсэн. ...Мөнхбаатар Лхагвадоржийг “Баянаа гэдэг хуурай дүүгээ өмөөрлөө” гэх шалтгаанаас болж хутгалсан...” гэсэн мэдүүлэг /хх-14, 123/,
гэрч Н.Долгорсүрэн “…би хашаанаас гараад хартал нөгөө хашааны хаалгыг Лхагвадоржийн кондуктор хийдэг Бямбаа гэдэг залуу цээж нүцгэн онгойлгож байсан. Тэгээд би “Лхагвадорж хаана байна” гэтэл Бямбаа “энэ дотор байна” гэсэн. Би очоод микроны хаалгыг онгойлгосон чинь Лхагвадорж гараараа цээжээ дарсан битүү цус болсон байсан. Би микро автобустай нь шууд гэмтлийн эмнэлэг рүү дагуулаад явсан ба “Мөнхбаатар гэх залуу хутгалсан” гэж хэлсэн. Гэхдээ “цагдаад битгий хэлээрэй” гээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-12/
Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №996 тоот шинжээчийн “...Д.Лхагвадоржийн биед цээжний баруун талаар, хэвлийн хөндийд нэвтэрч, элэг өрцний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үед амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-19/,
Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ¹996 тоот шинжээчийн нэмэлт 54 дүгээр “…Д.Лхагвадоржийн биед цээжний баруун талаар, хэвлийн хөндийд нэвтэрч, элэг, өрцний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Баруун мөр орчим гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-91/,
Хохирогч Д.Лхагвадоржийн өвчний түүх /хх-20-35, 38-46/, Эмчилгээний зардалд төлсөн баримт /хх-17/, Б.Мөнхбаатарын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-64/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, Б.Мөнхбаатарын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-71-76/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-59-62/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хушт хангай” нэртэй нийтийн байрны 502 тоот өрөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн найз Д.Лхагвадоржтой маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж, хохирогч Д.Лхагвадоржийн бие махбодид “цээжний баруун талаар, хэвлийн хөндийд нэвтэрч, элэг өрцний хатгагдсан шарх” гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Д.Лхагвадоржийн “…тагтан дээрээс хутга аваад намайг сууж байхад миний элэг орчим нэг удаа хутгалсан…” гэсэн мэдүүлэг,
гэрч У.Даваасамбуу “…Лхагвадорж Мөнхбаатарыг “чи зүгээр байгаарай, чи намайг барахгүй шүү” гэсэн. Тэгтэл Мөнхбаатар уурлаад Лхагвадоржтой зодолдсон. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан чинь Мөнхбаатар Лхагвадоржийг хутгалсан байсан…” гэсэн мэдүүлэг,
гэрч Н.Долгорсүрэн “…би хашаанаас гараад хартал нөгөө хашааны хаалгыг Лхагвадоржийн кондуктор хийдэг Бямбаа гэдэг залуу цээж нүцгэн онгойлгосон. Тэгээд би “Лхагвадорж хаана байна.” гэтэл Бямбаа “энэ дотор байна” гэсэн. Тэгээд би очоод микро автобусны хаалгыг онгойлгосон чинь Лхагвадорж гараараа цээжээ дарсан битүү цус болсон байсан…” гэсэн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №996 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ¹996 тоот шинжээчийн нэмэлт 54 дүгээр дүгнэлт, шүүгдэгч Б.Мөнхбаатарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан, прокуророос шүүгдэгч Б.Мөнхбаатарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Мөнхбаатарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч Д.Лхагвадорж нь энэ хэрэгт холбогдуулан хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд тэрээр “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн хэдий боловч шүүгдэгч Б.Мөнхбаатар нь түүнийг эмнэлэгт хэвтэн эмчилүүлсэн зардлыг нөхөн төлсөн болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мөнхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Мөнхбаатарын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, харин үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Б.Мөнхбаатарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаатарын цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн 201625022014 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг болохын тус тус дурдах нь зүйтэй.
Прокурорын яллах дүгнэлтийн “ТЭМДЭГЛЭХ нь” болон “ТОГТООХ нь” хэсэгт шүүгдэгч Б.Мөнхбаатарыг “…өөрийн найз Д.Лхагвадоржтой маргалдан улмаар түүний цээж болон гар тус газар нь хутгалж…” гэж буруу бичсэнийг шүүх “…өөрийн найз Д.Лхагвадоржтой маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж…” гэж зөвтгөж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.Мөнхбаатар нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жил 5 сарын хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүх Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Мөнхбаатарын дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор тэнсэж, хянан харгалзсан хугацааг дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “хорих ялыг тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням шүүх хуралдаанд “Б.Мөнхбаатарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлыг” бүрэн шалгаагүй, Тухайн цаг үед хамт байсан Бямбаа гэгчийг гэрчээр байцаагаагүй, нэмэлт шинжилгээг бүрэн хийгээгүй, шинжээчийн дүгнэлтэд хүнд гэмтэл гэсэн атлаа хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэхийг нарийн тогтоогоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэсэн хэргийн онол дэвшүүлснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих ажиллагааг бүрэн шалгасан, тогтоол гарахад ач холбогдолтой байх бүхий л ажиллагааг бүрэн хийсэн байна. Мөн уг хэрэг гарахад хамт байсан Бямбаа гэгчийг заавал олж байцаах шаардлагагүй, гэрч, хохирогчийн нарийн мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгүүд хоорондоо ямар нэгэн зөрүүгүй байгаагаас гадна Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №996 тоот шинжээчийн дүгнэлтийн 4-т “…Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэж заажээ.
Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигин овогт Батмөнхийн Мөнхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Б.Мөнхбаатарт оногдуулсан 5 /таван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаатарын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Эрүүгийн 201625022017 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Мөнхбаатарын эдлэх хорих ялыг 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД С.ОЮУНЧИМЭГ
Б.МӨНХ-ЭРДЭНЭ