Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2026/0122

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй захиргааны

                                                          хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Б.Н-

Нэхэмжлэгч: Б.Н-

Хариуцагч: Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Б.Н-, хариуцагч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 109/2025/0041/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Н-гийн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хоёр. Нэхэмжлэгч Б.Н- шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “...Миний бие Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 12 жил ажилласан бөгөөд анх 2013 онд Хөдөлмөрийн хэлтэс гэж байгуулагдахад мэргэжилтнээр орж Жижиг дунд үйлдвэрлэл, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2014 оноос ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 онд Хөдөлмөрийн хэлтэс нь нийгмийн халамжийн хэлтэстэй нэгтгэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж миний хариуцаж байсан ажил, мэргэжлийн чиг баримжаа, олгох үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байр нь ажилд зуучлах үйлчилгээний орон тоотой нэгтгэгдэж Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж өдийг хүрсэн. 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тухай сонсох ажиллагаа явуулж Архангай аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 09 сарын 30-ний өдөр "Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай" Б/47 тушаалыг надад гардуулж өгсөн.

2.2. Тухайн тушаалд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэг, Монгол Улсын Их хурлын тогтоол, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын тушаалыг тус тус үндэслэн "орон тоо хасагдсан үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн байдаг.

2.3. Үүнийг эс зөвшөөрч Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар Б.Н-г бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.7-д " ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан болох нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн А/320 дугаар тушаалаар тогтоогдож байна" гэж дүгнэсэн.

Орон тоо хасагдаж ажлаас чөлөөлөгдөж буй шалтгаан нь ажилтнаас үл хамаарах шалтгаанаар хөдөлмөрлөх болоод төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа зөрчигдөх үндсэн нөхцөл болж байгаа бөгөөд энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан хориглох заалтыг зөрчсөн байдаг.

2.5. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааны заалтын боломжуудыг хэрэглэхдээ захиргааны байгууллага сонгох биш хуульд бичигдсэн дарааллыг харгалзах нь уг зохицуулалтын агуулга, төрийн албанд баримтлах дээрх зарчмуудад нийцнэ гэж үзэж байгаа бөгөөд төрийн байгууллагад зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийгдсэн нь ажилтнаас үл хамаарах шалтгаанаар түүний эрхэлж байсан "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн" гэх албан тушаалын орон тоо хасагдсан.

2.6. Энэ тохиолдолд ажилтанд "цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих" нэмэгдэл баталгаа, уг баталгаагаар хангуулах эрх байх бөгөөд, энэ боломж байгаагүй тохиолдолд дараагийн "төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авах", "хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах" баталгаа, аль аль боломж байхгүй төрийн албанаас чөлөөлөх тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох" баталгааг хангах гэсэн дарааллаар хэрэглэх ёстой байсан.

2.7. Түүнчлэн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийг удирдлага болгосон байдаг бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ний өдрийн 33 дугаар тогтоолд "орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална" гэж заасан ба энэ тохиолдолд ажлаас халах тохиолдолд хуульд заасан хугацааг баримтлахыг 2012 оны Зөвлөмжөөр тогтоосон байдаг.

2.8. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-д ". Б.Н- нь газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй, мэргэжлийн индекс код 621300, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2025 оны бүтцээр ирсэн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжилд эдийн засаг, эрх зүй, статистик, менежмент ба удирдахуй байна гэжээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.4-д Б.Н-гийн ажил мэргэжлийн индекс тохирохгүй болох нь хаагчдын мэргэжлийн индексээ харьцуулсан байдлаас тодорхой харагдаж байна" гэж тус тус дүгнэсэн.

2.9. Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлсөн гэсэн болохоос төрийн албан хаагчийн тусгай шаардлага хангахгүй байгаа учраас ажлаас чөлөөлсөн тухай биш бөгөөд 2 өөр эрх зүйн үр дагавар агуулж буй харилцааг хольж захиргааны актыг зөвтгөж дүгнэсэн.

2.10. Мэргэжлийн индекс таарахгүй байсан ч тухайн ажил албан тушаалд ажиллаж болох талаар өмнө нь Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байдаг бөгөөд нэгэнт шүүхийн дүгнэсэн үйл баримтыг дахин дүгнэхгүй байх зарчимтай байдаг төдийгүй анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 6.11-т дурдсан сертификатаар мэргэжил дээшлүүлж байсан нөхцөл байдлыг үнэлж индекс нь таарахгүй ч тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх боломжтой болохыг тодорхойлсон.

2.11. Хэрэв захиргааны байгууллага дээр дурдсанчлан төрийн албан хаагчийн тусгай шаардлага хангахгүй байгаа шалтгаанаар ажлаас чөлөөлсөн тохиолдолд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа болох 3 сарын тэтгэмжийг олгох үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн 109/ШШ2025/0051 дугаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай гомдлын шаардлага гаргаж байна. гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            3. Нэхэмжлэгч Б.Н-гаас Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/47 дугаар тушаал хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргажээ.

            4. Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Б.Н-г бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөх тухай” Б/47 дугаар тушаалаар ...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн дүгээр хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1.4 дүгээр хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дүгээр хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн "Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 498 дугаар тогтоол "Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам -ын 2.1.4 дүгээр заалт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар Ажил мэргэжлийн чиг баримжаа ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдсан үндэслэлээр Баярсайханы Н-г 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

            5. Нэхэмжлэгч Б.Н-гаас “...Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж заасны дагуу ажил олгогчийн санаачилгын дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан хугацааг баримтлаагүй..., ...Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүтэц орон тооны санал дээр үндэслэн тооцоо судалгаа хийх, ажлын байрны дүн шиншилгээ хийгээгүй, өөрсдийн санал, санаачилгад үндэслэн, ашиг сонирхлын зөрчилтэй санал, санаачилга батлуулж, биднийг ажлын байрнаас чөлөөлсөн учраас Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2025.09.30-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар Б.Н- намайг бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлсөн нь хууль бус...” гэж, хариуцагч “...Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/320 дугаар тушаалаар Архангай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг 46 орон тоотойгоор ажиллахаар бүтэц орон тоо батлагдсан, ...Нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо, ажлын байр хасагдсан учраас түүнийг цаашид ажиллуулах боломжгүй...” гэж маргажээ.

            6. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/320 дугаар тушаалаар 2025 оны төсвийн тодотголоор орон тооны хязгаарт төрийн албан хаагчийн орон тоог 9.0 хувиар бууруулж баталсантай холбогдуулан тус байгууллагын 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/378 дугаар албан бичиг саналыг харгалзан Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд уг өөрчлөлтөөр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь 2 хуваагдан Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн" болон "Ажил мэргэжлийн чиг баримжаа, Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн" нэршилтэй болж нэхэмжлэгчийн албан тушаал хасагдсан байна.

            7. Үүнтэй холбоотойгоор Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр А/87 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шилжилт хөдөлгөөн, ажилд зуучлал, хариуцсан мэргэжилтэн”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн” ажлын байрны албан тушаалын тодорхойлолтыг баталсан байх ба дээрх 2 мэргэжилтний хэрэгжүүлэх чиг, үүрэгт нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа, ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн”-ний чиг үүрэг хуваагдан багтаж байгаагийн зэрэгцээ тухайн албан тушаалуудад “Эдийн засаг, эрх зүй, статистик, менежмент ба удирдахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал” мэргэжилтэй хүн ажиллах тусгай шаардлага тавигджээ.

            8. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг бусад 2 албан тушаалд хуваагдаж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал хасагдсан болох нь тогтоогдож байгаа тул хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “...хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэсэн заалтыг хэрэгжүүлэх учиртай.

9. Гэтэл нэхэмжлэгч Б.Н- нь Газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй бөгөөд дээрх 2 албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангахгүй болох нь хэрэгт авагдсан түүний бакалаврын дипломоор тогтоогдож байна.

10. Тодруулбал, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал хасагдсан, шинээр батлагдсан 2 албан тушаалын тусгай шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй тул бодит нөхцөл байдалд түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, мэргэжлийн индекс тохирох ажлын байр байхгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд түүнийг ажлаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгохоор шийдвэрлэсэн Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын шийдвэр хуульд нийцнэ.

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                               М.ЦЭЦЭГМАА

 

            ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

            ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН