Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

2020              3              26                                       2020/ДШМ/369

 

Я.Оад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

хохирогч Б.Г,

шүүгдэгч Я.О,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Я.Оад холбогдох 1905 0491 10034 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

З овгийн Яийн О, 1988 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Увс аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “...” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

Я.О нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын гуравдугаар төв эмнэлгийн орчим баригдаж буй барилгын талбай дээр иргэн Б.Гтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Б.Гийн биед халдаж, баруун гуяны цус хуралт, доод эрүүний 4, 5 дугаар шүд хөдөлсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Я.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт Яийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Я.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Г нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

               Хохирогч Б.Г гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Отай сайн дураараа тохиролцсон боловч миний хохирлыг барагдуулж өгөхгүй байгаа тул маш их гомдолтой байна. Хоёр шүдгүй болгож сэтгэл санаагаар маш их унасан. “Би ялаа авчихсан шүү дээ” гэж хэлсэн. Хүн зодоод ажлаас хөөсөн. 1 сарын цалингаа болон шүдээ хийлгэж авмаар байна...” гэв.

               Шүүгдэгч Я.О тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Гтэй сайн дурын үндсэн дээр тохирч хэргээ хүлээсэн. Г нь хохирол гомдолгүй, нэхэмжлэх төлбөргүй хэмээн прокурорт хүсэлт гаргаж, нэхэмжлэх төлбөргүй хүүдээ гутал авч өгнө гэж 100.000 төгрөг надаас авсан. Одоо гомдол гаргаж хохирол нэхэж байгааг гайхаж байна. Дараа төлбөр өгнө гэсэн зүйл байхгүй. Ажлаас өөрийн дураар гарсан. Ажлаа хаяж явсан. Би цалин өгч шийдвэр гаргадаг хүн биш болохоор энэ талаар мэдэхгүй байна. ...” гэв.

Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд хохирогч 3.000.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн байдаг. Гэвч тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул шүүх баримтаар тогтоогдсон хохирол төлбөргүй хэмээн үзсэн. Прокурорын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх төлбөргүй талаар амаар болон бичгээр хүсэлт гаргасан байсан. Анхан шатны шүүх хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Я.О нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын гуравдугаар төв эмнэлгийн хажууд баригдаж буй барилгын талбай дээр иргэн Б.Гтэй “ажлын шаардлага биелүүлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан улмаар Б.Гийн хоолойг боож, хөл рүү өшиглөж, тоосгоор зүүн талын шанаа хэсэгт цохиж, түүнд баруун гуяны цус хуралт, доод эрүүний 4, 5 дугаар шүд хөдөлсөн хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гийн “...Хамт ажилладаг О гэх залуу намайг “хог цэвэрлээдэх” гэхээр нь “дараа цэвэрлэнэ” гэж хэлэхэд “шаардлага биелүүлэхгүй яагаад байгаа юм” гэж хэлээд маргалдаад миний хоолойг боосон. Тэр үед хамт ажилладаг Алтан-Од, Отгонбаяр нар ирээд салгасан. Тэгээд салаад байж байхад О газарт байсан тал тоосго аваад над руу дайрах үед Отгонбаяр салгах гэж байхад О миний зүүн талын шанаа хэсэгт барьж байсан тоосгоороо цохисон. Тэгээд Оыг Отгонбаяр салгаад холдуулах гээд байж байхад О миний баруун хөлийн гуя хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Миний зүүн шанаа хэсэгт цохисноос болж 2 шүд хөдөлсөн. Мөн баруун гуя хэсэгт 3-4 удаа хүчтэй өшиглөж, хөхөрч хавдсан. ...Миний бие Отай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хохирол, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэх /хх 7, 57/,

гэрч Ц.Отгонбаярын “...О нь Г ахын баруун хөл рүү удаа дараалан хэд хэдэн удаа өшиглөсөн. Би Г ах, О нарыг холдуулаад байж байхад Г ах миний ажиллаж байсан өрөө рүү ороод Оыг “чи яагаад хүн зоддог юм бэ” гэж хэлээд өрөөний хаалга хэсэгт маргалдаад байж байсан чинь О Г ахыг “зайл” гэж хэлээд хөөгөөд газраас тоосго аваад дайрах үед би холдуулах гэхэд О нэг гараараа заамдаад нөгөө гартаа барьсан тоосгоороо Г ахын нүүр хэсэгт хальт цохисон. ...” гэх /хх 9-10/,

гэрч Ч.Сумъяасүрэнгийн “...Тэр хоёр маргалдаад заамдалцаж байхад Отгонбаяр салгах гэж ирсэн. Тэр хоёрыг “боль” гэж хэлэхэд салахгүй байсан. Яг юу болсон талаар сайн хараагүй. ...” гэх /хх 15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “...1. Б.Гийн биед баруун гуяны цус хуралт, доод эрүүний 4, 5 дугаар шүд хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 90 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 20-21/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Я.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Я.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд түүнийг тухайн зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирчээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Я.О болон хохирогч Б.Г нарын хэн алины хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар шүүх хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн байх тул хохирогч Б.Гийн гаргасан “...миний хохирлыг барагдуулж өгөхгүй байна. ...1 сарын цалингаа болон шүдээ хийлгэж авмаар байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохирлын талаар холбогдох баримтыг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд эдгээр баримтын талаар шүүх дүгнэхдээ “...эмчилгээтэй холбоотой 3.685.000 төгрөгийн эмчийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байна... харин эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй...” талаар дурдсан нь үндэслэл бүхий болжээ.

Иймд хохирогч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                               М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ