Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00839

 
 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00839

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Ж.Сэмжид, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .......... байранд байрлах УБТЗ ХНН /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ......... тоотод оршин суух О овогт Г.Э /РД:00000000 /-д холбогдох

гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 47.377.911 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ш, хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Я.Б / /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч УБТЗ ХННийн нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Хариуцагч Г.Э нь 2014 оны 02 дугаар сарын 10-наас 2015 оны 09 дүгээр сарын 01-н хүртэл УБТЗ ХННийн Хангамжийн албаны орлогч дарга, даргаар ажиллах хугацаандаа УБТЗ ХННийн даргын 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-145 тоот тушаалаар батлагдсан гэрээг байгуулах журмыг зөрчиж, Замын үнийн комиссоор хэлэлцүүлэлгүйгээр өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, зах зээлийн үнээс хэт өндөр үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авч 29.002.911 төгрөгийн, УБТЗ ХННийн Зүүнхараагийн ачааны вагон депод нийлүүлсэн хос дугуйны гүүшингийн тос чанарын шаардлага хангаагүйгаас 18.375.000 төгрөгийн, УБТЗ ХННт нийт 47.377.911 төгрөгийн хохирол учруулсан байна. Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолд дурдсанаар Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болхыг тогтоосон. Харин Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргасныг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээр дурдсан прокурорын тогтоолын 2 дахь хэсэгт яллагдагч Г.Э нь УБТЗ ХННт 47.377.911 төгрөг төлөх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаанаа иргэний журмаар шүүхээр нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэсэн байна. Иймд хариуцагч Г.Э нь 2017 оноос хойш УБТЗ ХННт төлөх ёстой 47.377.911 төгрөгийг сайн дураар төлөхгүй өнөөдрийг хүртсэн тул эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол 47.377.911 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Г.Э шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Г.Э миний бие 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл УБТЗ ХННийн Худалдан авалт, борлуулалтын албаны орлогч даргаар, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Худалдан авалт, борлуулалтын албаны даргаар, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Худалдан авалт, борлуулалтын албаны нэр өөрчлөгдөж Хангамжийн алба болоход орлогч даргаар, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Цэрэгжүүлсэн хамгаалах албаны орлогч даргаар, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрээр Хангамжийн албаны даргаар эргүүлэн томилсон боловч Авлигатай тэмцэх газарт төмөр замаас гомдол гаргасны дагуу албан тушаалыг түдгэлзүүлсэн юм. Нэхэмжлэлийн шаардлагад 2014 оны 02 дугаар сарын 10-наас 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд орлогч дарга, даргаар ажиллаж байхдаа гэж дурджээ. Ажил үүргийн хуваарийн дагуу орлогч дарга гэрээ хийх, үнэ тогтоох эрх байхгүй. Дарга байхгүй үед орлогч дарга Үнийн комиссын ажлыг удирдаж хуралддаг байсан. Хангамжийн алба нь дотоодын болон гадаадын худалдан авалтыг яаралтайгаар хийх тохиолдолд тухайн албаны дарга болон хариуцсан замын орлогч даргын зөвшөөрсөн цохолтын дагуу хийдэг байсан. Орлогч болон даргаар ажиллаж байх үедээ тос болон тослох материалыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авсан, чанаргүй тос авсан зүйл байхгүй. 2016, 2017 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байхад үндэслэлгүйгээр өндөр үнээр болон чанаргүй тос авч төмөр замд хохирол учруулсан гэх боловч тухайн үед Хангамжийн албаны даргаар ажиллаж байхдаа Үнийн комиссын хурлаар хэлэлцүүлэн өндөр үнэтэй байсан тос бусад материалын үнийг буулгаж худалдан авч байсан юм. Би үнийг нь зах зээлийн ханшаас доогуур авч байсан тул үнийн зөрүү гарах ёсгүй. Худалдан авсан тосоо одоо болтол хэрэглэж байгаа болох нь нэмж ирсэн баримтаар нотлогдож байна. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход зайлшгүй гэм буруугаа хүлээсэн байх, хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардаж байсан учраас тухайн үед хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд ийм хүсэлт гаргаж өгч байсан. Дараа нь ийм үр дагавар үүснэ гэдгийг тухайн үед мэдээгүй юм. Надад 47.377.911 төгрөгийн учруулсан хохирол байхгүй. Миний бие уг хэргийн дараа ажлаа хийж 3 жил болоод одоо тэтгэвэртээ гарсан. Санхүүд өглөг, авлага байхгүй гэсэн бичиг байгууллагаас өгсөний дагуу тэтгэвэртээ гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч УБТЗ ХНН нь хариуцагч Г.Эаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 47.377.911 төгрөг гаргуулахаар .

        Хариуцагч Г.Э нь 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд УБТЗ ХННийн Хангамжийн албаны дарга, орлогч даргаар ажиллаж байхдаа өөрийн танил Ц.Ж, С.Б нарын М ХХК, Х ХХК, Х ХХК-иудын оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг Хангамжийн албаар дамжуулан 2014 оны 09 дүгээр сарын 15-наас 2015 оны 05 дугаар сарын 15-ны хооронд худалдан авахдаа Улаанбаатар төмөр замын даргын 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-146 дугаартай ...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын гэрээг байгуулах журам-ыг зөрчиж үнийн комиссоор хэлэлцүүлэлгүйгээр өөрийн эрх мэдлээ урвуулж, хэт өндөр үнээр худалдан авсны улмаас 29.002.911 төгрөгийн, Улаанбаатар төмөр замд нийлүүлсэн ЛЗЦНИИ маркийн тосолгооны материал нь чанарын шаардлага хангахгүйн улмаас 18.375.000 төгрөгийн, нийт 47.377.911 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол 47.377.911 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

Уг тогтоолоор хариуцагч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хариуцагч Г.Эыг өөрийн эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас нэхэмжлэгч УБТЗ ХННт 47.377.911 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй.

        Иймд хариуцагч Г.Эы гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч УБТЗ ХННт гэм хорын хохирол учирсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, хариуцагч Г.Э нь хууль бус үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлын үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

        Нэхэмжлэгч УБТЗ ХНН нь хариуцагч Г.Эаас өөрийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 47.377.911 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Г.Эаас миний бие УБТЗ ХННийн Хангамжийн албаны дарга, орлогч даргаар ажиллаж байх үедээ тос болон тослох материалыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авсан, чанаргүй тос авсан зүйл байхгүй. Харин ч зах зээлийн үнэ ханшаас буулгаж худалдан авч байсан. Нэхэмжлэгч байгууллага нь худалдан авсан тосыг одоо болтол хэрэглэж байгаа. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход зайлшгүй гэм буруугаа хүлээсэн байх, хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардаж байсан учраас тухайн үед хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд хүсэлт өгч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлсэн. Дараа нь ийм үр дагавар үүснэ гэдгийг тухайн үед мэдээгүй юм. Миний бие уг хэргийн дараа ажлаа хийж байгаад санхүүд өглөг, авлага байхгүй гэсэн бичиг байгууллагаас өгсөний дагуу тэтгэвэртээ гарсан. Надад учруулсан хохирол байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

        Хариуцагчийн татгалзал үндэсгүй гэж шүүх дүгнэв.

        Учир нь хариуцагч Г.Э нь УБТЗ ХННийн Хангамжийн албаны дарга, орлогч даргаар ажиллаж байх үедээ Улаанбаатар төмөр замын даргын 2011 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-146 дугаартай УБТЗ ХННийн гэрээг байгуулах журмын 4.13-д заасан Улаанбаатар төмөр замын Худалдан авалт, борлуулалтын алба нь бусад алба, хэлтэс, төв, салбар нэгжүүдээс ирүүлсэн захиалгын үндсэн дээр нэг удаагийн худалдан авалтын үнийн дүн нь арван сая төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний сэлбэг хэрэгсэл, бараа, материалыг тус албаны үнийн комиссын шийдвэрийн үндсэн дээр гэрээг байгуулахгүйгээр худалдан авч болно гэснийг зөрчиж, үнийн комиссоор хэлэлцүүлэлгүйгээр 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн танил Ц.Ж, С.Б нарын М ХХК, Х ХХК, Х ХХК-иудын оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг Хангамжийн албаар дамжуулан худалдан авсан нь гадаад гэрээний үнийн дүнгээс бускол тосны хувьд 16.390.080 төгрөг, ЛЗЦНИИ тосны хувьд 12.612.831 төгрөгийн илүү зөрүүтэйгээр худалдан авч нийт 29.002.911 төгрөгийн хохирол учруулсан гэх 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 186 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

        Мөн түүний Хангамжийн албаар дамжуулан худалдан авч 2015 оны 9 дүгээр сард УБТЗ ХННийн Зүүн хараа дахь ачааны вагон засварын депод нийлүүлсэн 11 торх ЛЗЦНИИ маркийн тосыг засварт ашиглах үед тосны шинж байдалд өөрчлөлт орсон, тунадас үүсч, үнэр орсон байтал тул техникийн комисс бүх тосыг задлан үзэж, АХХК-д тосны дээжийг явуулан шинжилгээ хийлгэхэд уг тосны стандартад заагдсан тогтоосон норм хэмжээнд хатуулаг, дусал унах, температур нормдоо хүрэхгүй байгаа нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул ашиглалтад тэнцэхгүй гэж комисс үзэн Худалдан авалт борлуулалтын албанд тосны үлдэгдэл болох 7 торх буюу 1225 кг ЛЗЦНИИ тосыг буцаасны улмаас 18.375.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Дотоод аудит, хяналтын хэлтсийн хангамжийн албанд хийсэн шалгалтын тайлан, Улаанбаатар төмөр замын Зүүн хараа дахь Ачааны вагон засварын депогийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 79/965 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн техникийн комиссын акт №1/17, АХХК-ийн сорилын үр дүнгийн тайлангууд, Ачааны вагон засварын депод нийлүүлэгдсэн чанаргүй тосны талаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн гаргасан дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 79/913 тоот албан бичиг, Улаанбаатар төмөр замын Вагоны аж ахуйн албаны 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5/149 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

        Нэхэмжлэгч УБТЗ ХНН нь Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогоос буцаасан 7 торх буюу 1225 кг тосыг хүлээн авч УБТЗ ХННийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А-441 тоот тушаалаар дээрх ЛЗЦНИИ маркий тосыг бараа материалын үнэ цэнийн бууралтын хасагдуулгаас хасч санхүүгийн тайланд тусгахаар шийдвэрлэсэн бөгөөд уг тушаалын дагуу 18.926.250 төгрөгийн ЛЗ-ЦНИИ тосыг Улаанбаатар төмөр замын Төв засварын үйлдвэр, Төмөр бетон дэрний үйлдвэр болон зам хэмжигч вогонтой салбар нэгжүүдэд тарааж өгөх, борлуулах ажлыг үүрэг болгосны дагуу 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар худалдан авалт, борлуулалтын албаны агуулахад 875 кг буюу 5 тор ЛЗ-ЦНИИ тос үлдэгдэгдэлтэй байгаа ба өнгөрсөн хугацаанд Төв аймгийн засварын үйлдвэр болон Төмөр бетон дэрний үйлдвэр нь тус бүр нэг торх ЛЗ-ЦНИИ тосыг авч ашиглажээ.

Нэхэмжлэгч УБТЗ ХНН нь Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогоос буцаасан 18.375.000 төгрөгийн үнэ бүхий 7 торх буюу 1225 кг ЛЗЦНИИ тосыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй учир бараа материалын жагсаалтаас хассаны үндсэн дээр өөр байдлаар ашиглах боломжтой салбар, нэгжүүдэд тараан өгч зориулалтын бусаар ашиглаж байх тул одоог болтол тосыг хэрэглэж байгаа гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

        Хариуцагч Г.Э нь түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа нэхэмжлэгч байгууллагад үргэлжлүүлэн ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдөх үед түүнтэй холбоотой өглөг, авлагын тооцоо байхгүй гэж Зүүнхараа дахь ачааны вагон засварын депо болон Худалдан авалт, борлуулалтын албанаас тодорхойлж, албан бичиг өгсөн нь эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлоос чөлөөлөх, тухайн хохирлыг төлж барагдуулсан болохыг нотолсон баримт биш болно.

Иймд хариуцагч Г.Э нь мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлж барагдуулахаа амлаж хүсэлт гаргасан байх тул түүнийг гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос үүсэх үр дагавар буюу хохирлыг нөхөн талаар буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч байгууллага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 394.840 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Эаас 47.377.911 /дөчин долоон сая гурван зуун далан долоон мянга есөн зуун арван нэг/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБТЗ ХННт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Эаас 394.840 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД Ж.СЭМЖИД

Д.ЯНЖИНДУЛАМ