| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0195/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/206 |
| Огноо | 2023-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Д-д холбогдох 2330000000212 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сангийн мастер мэргэжилтэй, ... ажилтай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн “Д”-ийн ... тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр баг “....”-ын ... дүгээр байр ... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Ц-ийн Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ... газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Т-ыг албаны утсаар удаан ярилаа гэх шалтгаанаар баруун гарын сарвууны ар тал болон бугалгад зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах ... газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Т-ыг албаны утсаар удаан ярилаа гэх шалтгаанаар баруун гарын сарвууны ар тал болон бугалгад зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлснээс гадна эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 8/, хохирогч Т.Т /хх 12-13/, гэрч Ч.Адъяа /хх 17-18/, гэрч М. /хх 20-21/ нарын мэдүүлэг, хохирогч Т.Т-т үзлэг хийсэн “Яаралтай түргэн тусламжийн хуудас №7597” /хх 25/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 330, /хх 26-27/, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 037 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх 32-34/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Т.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг, мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 200,000 төгрөгийг хохирогчид сайн дураар нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Хохирогч Т.Т нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгийн байгууллагаас 120,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 120,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Т.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “4XL размертай, дугуй захтай, энгэр хэсэгтэй “Adidas” гэсэн бичигтэй, ханцуй болон хормойгоороо цагаан оруулгатай, ар хэсэгт ханцуйн үзүүрээс зүүн тийш 12 см, баруун ханцуйн залгаас оёдлоос баруун тийш 7.5 см зайд 3 см урт гэмтэлтэй, ногоон өнгийн фудволк”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгана.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Д-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-ээс 120,000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч Ц.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Т нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн бөгөөд шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Хохирогч Т.Т гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “4XL размертай, дугуй захтай, энгэр хэсэгтэй “Adidas” гэсэн бичигтэй, ханцуй болон хормойгоороо цагаан оруулгатай, ар хэсэгт ханцуйн үзүүрээс зүүн тийш 12 см, баруун ханцуйн залгаас оёдлоос баруун тийш 7.5 см зайд 3 см урт гэмтэлтэй, ногоон өнгийн фудволк”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
12. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ