| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0201/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/209 |
| Огноо | 2023-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,
Улсын яллагч Б.Жамъяндорж,
Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Б.Э, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э, С.Б нарт холбогдох 2330000000164 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Нэг. Монгол Улсын иргэн, 19... оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймаг Мөнххаан сум ... дугаар баг “...”-ын “Х”-ын ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Б-ын Э
Хоёр. Монгол Улсын иргэн, 19... оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ...-р баг “....” гэх газар нутаглах,
урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж дээрх хугацаанд хянан харгалзсан, Х овогт С-ын Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн нутаг “А” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүнтэй зодолдож байхад тэдгээрийг салгахаар очсон хохирогч М.Ц-ын баруун хөлийн гуяны гадна талд хазаж, эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч С.Б нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн нутаг “А” гэх газар гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед хохирогч Б.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан, түүний толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь “толгойн баруун зулайн хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн нутаг “А” гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Б-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, түүнтэй зодолдож байхад тэдгээрийг салгахаар очсон хохирогч М.Ц-ын баруун хөлийн гуяны гадна талд хазаж, эрүүл мэндэд нь “баруун гуянд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч М.Ц /хх 11-12/, гэрч Ц.М /хх 15-16/ нарын мэдүүлэг, хохирогч М.Ц-т үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 53/, Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 54-55/ зэрэг нотлох баримтаар,
Шүүгдэгч С.Б нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын ... дүгээр багийн нутаг “А” гэх газар гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед хохирогч Б.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан, түүний толгойн тус газар төмрөөр цохиж эрүүл мэндэд нь “толгойн баруун зулайн хуйханд язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.Э /хх6-7/, гэрч Ц.М /хх 15-16/, Б.Э /хх 19-20/, Д.Б /хх 23-24/ нарын мэдүүлэг, хохирогч Б.Э-ад үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 32/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 33-34/ зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Э, С.Б нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байгаа ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Э, М.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэдгээр нь хэн алинаасаа хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Хохирогч Б.Э нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгийн байгууллагаас 424,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогчийн эмчилгээний зардалд 424,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Б-ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч нарын энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Э, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэж, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын Э, Х овогт С-ын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.Б нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э, С.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Э, С.Б нар шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Э, С.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
7. Хохирогч Б.Э, М.Ц нар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Э-ын эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан 424,000 төгрөгийг шүүгдэгч С.Б-ээс гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ