Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

2020               3              26                                      2020/ДШМ/370

 

А.Мд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Мн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 1908 0051 90235 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Аын М, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... байгууламжийн албанд жолооч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суудаг гэх /РД:.../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 8 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

А.М нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн 2 давхарт байрлах биллиардын газар Г.Дтой маргалдан барьж байсан биллиардын цохиур мод болон шарикаар гар, толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Мн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Аын Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Мд оногдуулсан 900 нэгжийн торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, түүнд оногдуулсан торгох ялыг 60 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгж буюу 60 хоногийн ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт ирсэн цагаан өнгийн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ болон урьд шийтгүүлсэн хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

               Шүүгдэгч А.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлдсэн өмнөх хэргүүдийг нэмж нэгтгэн 4 жил болгон 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 2 жилийн тэнсэн харгалзах ял оноосон. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар надад оноосон ял нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялгүй болсон. 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан. Иймд 2017 оны 2 дугаар сарын 03-наас 1 жил 8 сарын тэнссэн ялын хугацааг тоолбол 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байна. Эсвэл 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс тоолбол 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр дууссан байна. 188 дугаартай шийтгэх тогтоол нь ялгүй болж хөнгөрсөн. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 60 хоногийн ял явсан. Энэ хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Иймд өмнөх үйлдсэн 49 дугаартай тогтоолын тэнсэн харгалзах ял дууссан байгаа тул тэнсэн харгалзах ялыг минь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Миний эрх зүйн байдал дордож байгаа тул хорих ялаас өөр ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Мн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Мн сүүлийн үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудал яригдаж байна. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас өмнөх гэмт хэргийн ялыг нэмж нэгтгэх асуудал яригдахгүй гэж үзэж байна. Ялыг анхан шатны шүүх нэмж нэгтгэхдээ хамгийн анх үйлдсэн гэмт хэрэг болох 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 49 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байгаа. Уг хянан харгалзах хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шалгагдаж байсан. Үүнийг нь нэмж нэгтгээд нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой байсан. Шүүгдэгч А.Мн үйлдлийг нэмж нэгтгээгүйгээс болоод дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэсэн зүйл ангиар зүйлчлэгдсэн. Гэхдээ анхан шатны шүүх шүүгдэгчийн буруугаас биш мөрдөн байцаалтын ажиллагаанд нэмж нэгтгээгүйн улмаас дахин гэмт хэрэгт холбогдож орж ирсэн гэдэг. Иймд эрх зүйн байдлыг нь хөнгөрүүлж 3 жил 6 сарын хорих ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг нэмээд 4 жил болгоод 2 жилийн хугацаагаар тэнссэн байгаа. Сүүлийн гэмт хэргийнх нь ялыг нэмж нэгтгэх асуудал яригдах ёстой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэмж нэгтгэх байтал шүүх хүнд гэмт хэргийг нь нэмж нэгтгэнэ гээд 49 тоот шийтгэх тогтоолыг нэмж нэгтгэж байгаа нь үндэслэлгүй болсон. 188 дугаартай шийтгэх тогтоолыг нэмж нэгтгэх асуудал яригдах байсан. Сүүлийн шийтгэх тогтоолын гэмт хэргийн зүйлчлэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн төрлийн гэмт хэрэг учраас торгуулийн ял оногдуулахаар дурдсан. Иймд торгуулийн ял болгож, хоригдсон хугацааг нь торгуулийн ялд нь дүйцүүлж тооцож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзэж 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Уг ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна. Ялыг нэмж нэгтгэсэн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчдын эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

А.М нь 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн 2 давхарт байрлах биллиардын газар Г.Дтой “хамт биллиард тоглохгүй” гэсэн шалтгаанаас болж маргалдан барьж байсан биллиардын цохиур мод болон шарикаар гар, толгой тус газар нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Дийн “...намайг биллиардын цохиур модоор миний зүүн чихний орчим цохисон. Тэгэхээр нь би “чи согтуу байна, боль” гэж хэлсэн чинь улам над руу дайраад агсарч байснаа дахиж намайг цохихоор нь би цохиур модыг нь зүүн гараараа хаасан. Тэгтэл дараа нь над руу гурван ширхэг биллиардын цохиур бөмбөг шидсэн. Эхэлж шидсэн 2 бөмбөг нь намайг оноогүй. 3 дахь нь миний толгойг онож, хагалсан. Тэгээд намайг дахиж цохих гээд дайраад байсан. ...” гэх /хх 8-9/,

гэрч Г.Уранбаярын “...Тэр үед М барьж байсан биллиардын цохиур модоор Д гэх залууг цохиод авахаар нь би очиж салгасан. Тэгтэл Д цагдаа дагуулж орж ирээд Мг аваад гарсан. Тэр хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. М модон цохиураар цохиод авахаар нь би салгасан. ...” гэх /хх 14/,

шүүгдэгч А.Мн “...би түүнтэй маргалдаж байгаад барьж байсан биллиардын модон цохиураар нэг удаа толгой руу нь цохиход зүүн гараараа хааж байсан. Би биллиардын цохиур бөмбөг шидэхдээ толгой руу нь шидээгүй доошоо шидсэн, түүнийг оноогүй. ...” гэх /хх 27/ мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “...1. Хохирогч Г.Дийн зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Сэлтэрсэн хугарал гэдэг нь хугарлын шинжийг зааж байгаа, шивнүүр гэдэг нь ясны нэршил зааж байгаа хоёр өөр ойлголт юм. Энэ гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. 4. Хохирогчийн зүүн зулайд босоо байрлалтай 2 см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий шарх нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...” гэх 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 137-139/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “...1. Г.Дийн биед зүүн сарвууны эрхий хурууны алганы шивнүүрийн хугарал, тархи доргилт, зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Зүүн сарвууны эрхий хурууны алганы шивнүүрийн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь тус, тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх 1602 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох талуудын тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн А.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн түүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд тухайн зүйлд зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирчээ.

Анхан шатны шүүх А.Мг урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хорих ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй. Харин Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй...” хэмээн хууль зүйн дүгнэлтийг зөв хийсэн атлаа шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 49 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас...” хэмээн буруу бичсэн нь техникийн шинжтэй гаргасан алдаа байх тул давж заалдах шатны шүүх энэхүү магадлалаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “А.Мн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2002 оны Эрүүгийн хуулиар ял нэмж нэгтгэх үндэслэлгүй” гэх тайлбарын тухайд;

Улсын Их хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлан гаргаснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох болсон бөгөөд энэхүү хугацаа тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар болсон тул шүүгдэгч А.Мн 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн хувьд 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй,

мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 -т заасан тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ хүндэрч байгаа тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь тус тус зөв байна.    

Иймд шүүгдэгч А.Мн гаргасан “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял нь шинэчлэн найруулсан 2015 оны хуулиар хорих ялгүй болсон байх тул надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 49 дүгээр шийтгэх тогтоолоор...” гэснийг “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                  Ц. ОЧ