Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 07

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, явуулсан эрүүгийн хэргийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Г.Долгорсүрэн

Улсын яллагч Н.Бадам

Шүүгдэгч Б.Дорждан

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,

Хохирогч Ц.Оюунжаргал,

Гэрч З.Цэнд, З.Амартуяа, Б.Отгонзул,нарыг оролцуулан  тус шүүхийн танхимд нээлттэй хийж

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д  заасан гэмт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамын Доржданд  холбогдох  201618010050 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 1-р сарын 06-ны өдөр хүлээн авч  шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  Сэлэнгэ аймгийн Орхон суманд  0000 оны 08 дугаар сарын 24-ний өдөр  төрсөн. 00 настай, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Гавшгай 2 дугаар баг, овоот хорооллын задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн гэх Боржигон овгийн Бадамын Дорждан /РД:МЙ-/ гэв.

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Дорждан нь 2016 оны 04-р сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл захад хууль бусаар нэвтрэн орж “Асер” загварын зөөврийн комьпютр, камерийн бичлэг хийдэг төхөөрөмж, тамхи 12 ш, бэлэн 500.000 төгрөг хулгайлан хохирогч Ц.Оюунжаргалд нийт 1.634.500 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

1.Хохирогч Ц.Оюунжаргал  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.Дорждан нь манайд ажилдаг Цэнд гэдэг залуугийн төрсөн эгчийнх нь нөхөр байгаа. Өмнө нь манайхаар үйлчлүүлдэг байсан. Тэгээд надаас ажил байвал та намайг ажилд аваач гэж гуйж асууж байсан. Манайх тухайн үед ажилуулсан хүндээ 5000 төгрөг, мөн 10000 төгрөг гэх мэтээр хийсэн ажлаас нь шалтгаалж хөлс мөнгийг нь өгдөг байсан. Хулгай ордогоос өмнө нь АПУ-гийн бараа ирээд Б.Доржданг дуудаж ажилуулсан байгаа. Тэгээд Дорждан ирж ажилаад тодорхой хэмжээний хөлс мөнгийг нь өгөөд явуулсан. Тэгсэн Цэнд маргааш нь Дархан руу явж үзүүлэх ажил гараад оронд нь Б.Доржданг мөн ажилуулсан.  Тэр өдөр би Доржданг 11 цагийн үед дуудсан. Дорждан манайд ирээд ажилласан. Манай скалад урдаа ганцхан цонхтой, ардаа нэг хаалгатай байдаг. Дугуйраад бараа тавьсан тойроод явах боломжтой тийм зохион байгуулалттай. Скаладны гэрлийг бол би өөрөө асаагаад тэгээд тэр чигээр нь орхичихдог. Тэгээд Дорждан ирсэн. Ард байсан АПУ-гийн үлдэгдэл бараанаас урагшаа зөөсөн. Тэгээд өдөр Цэнд хүрээд ирэхээр нь би Доржданг явуулаад  тэгээд байж байсан чинь мэргэжлийн хяналтын шалгалт ирнэ гэхээр нь скаладны газраар байгаа байраагаа дээш нь өрүүлэх гээд Доржданг дуудаж янзалуулсан. Мөн гоо сайхны барааг янзлуулна гээд эхнэрийг нь дуудсан байсан. Эхнэр нь араас нь ирж гоо сайхны барааг янзалж, Дорждан Цэнд хоёр скаладанд байгаа барааг янзалсан. Тэгээд байж байгаад нилээн орой нэг худалдан авагч ирсэн. Тэгээд орой 8 цаг өнгөрөөд 9 цагийн үед Дорждан эхнэр хүүхдийн хамт гараад явсан. Эд нарыг гарах үед худалдан авагч ороод ирсэн байсан. Тэгээд тэр худалдан авагч нарыг гараад явсны дараа бид дэлгүүрээ хаагаад явсан.Бараанаас бол алга болсон зүйл байхгүй. Санхүүгийн программтай нөтбүк, мөн хяналтын камер байхгүй болсон байгаа. Тэр өдөр үйлдвэрийн цалин буугаад орлого сайн байсан. Тэгээд би хэдэн орлогоо аваад хэдэн төгрөг мөнгөний хайрцагт үлдээсэн байсан. 500 төгрөг, 1000 төгрөг, 5000 төгрөг, 10000 төгрөг гэх мэт мөнгө байсан. 20.000 төгрөгийг бол би үлдээгээгүй байсан. Тэгээд дотор нь байсан мобигийн карт гээд бүгдийг нь авсан байсан.  Би энэ хүнийг ирээд ажлаад өгөөч гээд гуйж ажилуулчихаад одоо энэ хүнийг авсан байна гэж бодохгүй байгаа. Хамгийн гол нь унтраалга дээр энэ хүний хурууны хээ илэрсэн гэхээр нь би гайхаад байна. Уул нь хамгийн сүүлд гэрэл унтраасан хүн Цэнд байгаа. Гэтэл энэ хүний хурааны хээ байгаад л гайхаж байгаа. Цагдаагийн зүгээс юу гэж үзэж байгаа юм би хэлж мэдэхгүй байна 1.634.500 төгрөгийн  хохирол учирсан гэсэн мэдүүлэг,

2.Гэрч   З.Цэндийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

 Би барааг скалад руу зөөж байсан. Тэгээд туслах хүн хэрэгтэй байсан учраас би хүргэн ахыг дуудуулсан. Тэгээд хамтдаа бараа зөөж байгаад орой явцгаасан. Дорждан ах болохоор хүүхэд нь уйлаад байхаар нь түрүүлээд яваад өгсөн. Хамгийн сүүлд захирал бид хоёр дэлгүүрээ хаагаад гараад явсан. Тэгээд гэртээ хариад амарсан. Өглөө ирсэн чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Скаладны гэрлийг би  унтраасан байгаа. Скаладанд байгаа гэрлийн унтараалганаас  Дорждангийн хурууны хээ яагаад илэрсэнг мэдэхгүй байна.

3.Гэрч Отгонзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрэг болохын урьд орой нь хяналтын алба ирнэ гээд цэвэрлэгээ хийгээд орой явсан. Тэгээд өглөө ирсэн чинь хулгай орсон байсан. Би хулгай ордогийн урд өдөр нь Дорждангийн эхнэртэй хамт лангуу цэвэрлэж байсан.Скаладанд бол Цэнд, Дорждан хоёр пиво өрж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна гэв.

                 4.Гэрч З.Амартуяа  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид хоёрыг гэртээ байхад Оюунжаргал эгч дуудсан. Тэгээд манай нөхөр бид хоёр хамт очиж ажилласан. Скаладанд Дорждан манай дүүтэй бараа зөөсөн. Би болохоор дотор нь байсан бараануудыг өрж янзалж байсан. Тэгээд тэр үед хүүхдээ найзаараа харуулсан байсан. Тэгсэн хүүхэд уйлаад байна гээд манай хүүхдийг аваад хүрээд ирсэн. Тэгээд хүүхэд уйлаад байна гээд бид хийж байсан ажлаа орхиод би нөхрийн хамт хүүхдээ аваад гэр лүүгээ явсан.  Тэр үед нилээн бүрэнхий болсон байсан. Бид гэртээ очоод хоол ундаа хийж идчихээд гэртээ унтсан.Манай нөхөр гэртээ хоносон. Тэр шөнө хаашаа ч яваагүй. Би нөхрөө хаана юу хийж байгааг мэднэ. Бид хоёр байнга хамт явдаг гэв. 

                 5.Гэрч Д.Лхачинжавын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 04-р сарын сүүл 5-р сарын эхээр санагдаж байна ямарч байсан ямаа самнаад ноолуураа зарчихаад явж байсан юм. Дорждан эхнэрээ бас нэг эмэгтэй хүн дагуулчихсан явж байсан юм. Тэгээд надтай хөтөлийн үйлчилгээний үүдэнд уулзаад хэдэн төгрөгийн хэрэг байна та надад 160.000 төгрөг зээлчих гээд 160.000 төгрөг зээлж авсан. ... Одоо болтол өгөөгүй байна гэсэн мэдүүлэг,

                 6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 22-ний өдрийн 38 тоот Дүгнэлт:

                 1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан гэх 1ш гарын мөр, Ц.Оюунжаргал, З.Цэнд, Б.Отгонзул, Б.Мөнхгал, Р.Түвшинтөгс нарын гарын хээний дардаснууд шинжилгээнд тэнцэнэ.

                 2.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан гэх 1ш гарын мөр нь папилон санд хадгалагдаж байгаа 0000 онд төрсөн, эрэгтэй, МЙ- регистрийн дугаартай Сэлэнгэ аймгийн сайхан сум 2-р баг  -0-00 тоотод оршин суух Бадам овогтой Дорждангийн баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна гэжээ.

                 7.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас  /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/

    8.Эд хөрөнгөд үнэлгээ тогтоох комиссын акт  /х.х-ийн 19 дугаар хуудас/

    9.Шүүгдэгч Б.Дорждангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Доржданг 2016 оны 04-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Хөтөл захад нэвтрэн орж “ASER” маркийн зөөврийн компьютр, камерийн бичлэг хийдэг төхөөрөмж, 12 ш тамхи,бэлэн 500.000 төгрөг нийт 1.634.500 төгрөгийн эд зүйл хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 22-ний өдрийн 38 тоот “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан гэх 1ш гарын мөр нь папилон санд хадгалагдаж байгаа 1982 онд төрсөн, эрэгтэй, МЙ82082417 регистрийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2-р баг  4-15 тоотод оршин суух Бадам овогтой Дорждангийн баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна” гэсэн нь буюу  Хөтөл захын складны унтраалганд иргэн Б.Дорждангийн хурууны хээ илэрсэн нь түүнийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Хөтөл захад нэвтрэн орж “ASER” маркийн зөөврийн компьютр, камерийн бичлэг хийдэг төхөөрөмж, 12 ш тамхи, бэлэн 500.000 төгрөг нийт 1.634.500 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэж үзэх бүрэн үндэслэл болохгүй, өөр бусад нотлох баримтаар нотлон тогтоогдоогүй  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт  болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн гэрчүүд  болох З.Цэнд, З.Амартуяа, Отгонзул, Г.Зулбаяр, С.Мөнхтуяа, Д.Лхачинжав нарын мэдүүлэг ч Б.Доржданг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг нотлохгүй байна.

Иймд Б.Доржданд үүсгэсэн Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хулгайн гэмт хэргийн гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинж үгүйсгэгдэж байгаа тул  холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож  цагаатгах нь зүйтэй  гэж шүүх дүгнэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч  цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Доржданд  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.4, 295, 298 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамын Доржданд холбогдох  хэргийг  хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Дорждан цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

3.Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Доржданд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай

5.Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч цагаатгах  тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6.Цагаатгах  тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Доржданд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.САРАНТУЯА