Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01117

 

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2020/01117

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ................. тоотод оршин суух Б овогт З.Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...........давхарт байрлах ИХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн ......... тоотод байрлах БТББ нарт холбогдох

Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхоны 00 дугаар байрны 00тоот хаягт байрлах 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг З.Ат олгохыг ИХХК-д даалгахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Амирлин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал /ШТЭҮД:, хариуцагч ИХХК-ийн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Ж.Б /ШТЭҮД: /, хариуцагч БТББ-ын төлөөлөгч Р.Б, гуравдагч этгээд Д.Г, түүний өмгөөлөгч С.Я /ШТЭҮД:5/, Г.Ч /ШТЭҮД: /, гуравдагч этгээд ХХХК-ийн төлөөлөгч Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч З.Аийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: З.А нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Өмч, харилцааны газарт 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ба газрын албанд тасралтгүй 22 жил ажилласан төрийн албан хаагч юм. 2015 онд газрын албаны ажилчдын нийгийн асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Өмч, харилцааны газрын ажилчдын 90 айлын орон сууцыг бариулах болсноор Чингэлтэй дүүргийн газрын албанд 5 айлын орон сууцны квот хуваарилагдсан бөгөөд уг шалгаруулалтад газрын албанд үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, 5-аас дээш жил ажилласан албан хаагчдыг хамруулж, шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулсан. Нэхэмжлэгч З.А нь тус шаардлага, шалгуурыг хангасан тул Чингэлтэй дүүргийн 1 квотыг авч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдах орон сууцны барилгаас 703 дугаар байрны 12Б буюу 1202 тоотыг хөнгөлөлттэй үнээр захиалан бариулах эрхийг олж авсан. Өөрөөр хэлбэл, байгууллагын нийт ажилтнуудын дунд ил тод, нээлттэйгээр зарласан шалгаруулалтад орж, тавьсан шаардлагыг хангаж, энэхүү орон сууцыг захиалах эрхийг нэхэмжлэгч нь шударгаар олж авсан болно. Нийслэлийн Өмч, газрын харилцааны гаүар өөрийн ажилчдын орон сууцыг бариулахаар барилга барих газрыг нь гарган өгч ИХХК-тай тохиролцсон байдаг. Мөн энэхүү орон сууцыг бариулах, түүнд хяналт тавьж ашиглалтад оруулах, орон сууцны захиалга авах зэрэг орон сууцтай холбоотой зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор Нийслэлийн өмч, газрын харилцааны газраас БТББ-ыг үүсгэн байгуулж, тус газрыг төлөөлж харилцах эрхийг олгосон байдаг. Ингээд нэхэмжлэгч З.А нь орон сууц захиалах квот, эрх авсан бусад ажилтнуудын нэгэн адил Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гу ,дамж, Модун таун хотхоны 703 дугаар байрны 1202/12Б/ тоот 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нийт 110.398.750 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож, орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг БТББ болон ИХХК нартай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, дансаар 9.838.640 төгрөг шилжүүлж, 2017, 2018, 2019 онд 69.840.000 төгрөгийн үнэтэй тоосгыг ИХХК-д худалдан нийлүүлж, өнөөдрийн байдлаар нийт 79.678.640 төгрөгийн төлбөрийг төлөөд байна. Үлдэгдэл төлбөрийг ИХХК-тай байгуулсан оро нсууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 2.3-т зааснаар бараа материал буюу тоосго нийлүүлж төлөхөөр харилцан тохиролцсон. 2019 оны 5 дугаар сард байр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авч, байрны түлхүүрийн нэг хувийг захиалагч З.Ат гардуулан өгсний дараагаар захиалсан орон сууцаа ИХХК-иас хүлээан авсан. Гэтэл нэхэмжлэгч З.Аийн захиалсан орон сууцыг БТББ нь Д.Г гэх хүнтэй давхардуулан гэрээ байгуулсан байна гэх тайлбарыг ИХХК-ийн зүгээс өгч 00 дугаар байрны 00тоот орон сууцны өмлөгчөөр З.Аийг бүртгэх боломжгүй гэж мэдэгдсэн. Энэ талаар мэдмэгц БТББ-д хандахад Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, Төрийн бус байгууллагын дүрмийн 12.1 дүгээр зүйлийг зөрчиж, Удирдах зөвлөлийн тогтоол гаргалгүйгээр нэхэмжлэгчийн захиалсан бйрыг өөр хүнд давхардуулан олгосон, З.Атэй хийсэн гэрээг хүчин төгөлдөр, орон сууц захиалах гэрээг байгуулахыг зөвшөөрсөн албан бичгийг БТББ-аас ИХХК-д 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн болно. Гэтэл БТББ-аас 2019 оны 08 дугаар сарын 26-ны өпөр ИХХК-д байр захиалагчдын нэрсийг шинэчлэн явуулахдаа 00 дугаар байрны 00тоот орон сууцан дээр нэхэмжлэгчийн нэрийг биш, Д.Г гэж өөр хүний нэрийг бичиж хүргүүлснээр ИХХК нь нэхэмжлэгчийг орон сууцаа авах эрхгүй гэж үзээд байна. БТББ, ИХХК нартай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ одоо болтол хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа тул З.Аийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ИХХК-тай байнга холбоотой байж, төлбөрийн нэхэмжлэх, мэдэгдэл хүлээн авсны дагуу орон сууцны төлбөрийг төлж байсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу ИХХК-ийн захиалсан чанарын шаардлага хангасан, ямар нэг доголдолгүй тоосгыг тогтоосон хугацаанд нь нийлүүлж байсан. Мөн түүнчлэн ИХХК-тай байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 2.3-т заасны дагуу 2019 ондоо багтааж үлдэгдэл төлбөрт тооцож тоосго нийлүүлснээр орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж дуусах ба ИХХК ба З.Аийн хооронд ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй билээ. Гагцхүү БТББ-ын зүгээс зориуд санаатайгаар өөр хүний нэрийг 00 дугаар байрны 00тоотыг захиалсан мэтээр мэдэгдэж, ИХХК энэхүү хууль бус мэдэгдлийг үндэслэж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь тус орон сууцыг анхлан захиалж гэрээ байгуулж, гэрээний төлбөрөөс 80 орчим сая төгрөгийг төлсөн, шударгаар өмчлөх эрхтэй бөгөөд өдийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж ирсэн боловч өнөөдөр ийнхүү захиалсан орон сууцаа өмчилж чадахгүй, байргүй хоцорч үлдэхэд хүрээд байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу ИХХК нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, ИХХК нь З.Аийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж олгох үүрэгтэй гэж үзэж байна. Төлбөрөө бартераар төлсөн нь хууль зөрчсөн зүйл биш юм. Гэрээ хийсэн болон эзэмшилдээ авсан тухайд аль аль шаардлагыг нь З.А хангасан тул нэхэмжлэгчийн хувьд илүү давуу эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч З.Аийг Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхоны 00 дугаар байрны 00тоот хаягт байрлах 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулссан өмчлөгч мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж З.Ат олгохыг ИхмодунХХК-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ИХХК-ийн төлөөлөгч Б.Э шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллага нь Нийслэлийн өмчин харилцаан газрын ажилчдын байгуулсан БТББ-ын захиалгаар 90 айлын орон сууцыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. БТББ-ын гишүүн орон сууц захиалагч, өмчлөгчийг тус БТББ-ын удирдах албан тушаалтнууд тодорхойлж албан тоот ирүүлсэн байдаг. Манай тал тоотын дагуу гэрээг үйлдэн холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан. Иймд орон сууцны захиалагч, өмчлөгчийг зөвхөн дангаар БТББ-ын шийдвэр байсан гэдгийг дахин сануулаад дээрх даалгасан нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр БТББ-аас З.Атэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээ байгуулна уу гэсэн утгатай албан бичиг ирүүлсний дагуу З.Атэй гэрээ байгуулсан. 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр БТББ-аас хүсэлт ирүүлж хавсралтад дурдсан нэр бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулахыг мэдэгдсэн. Энэхүү жагсаалтад нэхэмжлэгч З.Аийн нэр байгаагүй. Гэтэл 2019 оны 7 дугаар сард БТББ-ын захирал Д.Н гэх хүнээс гарын үсэг зурж ирүүлсэн албан бичигт З.Атэй гэрээ байгуулахыг мэдэгдсэн байсан. Үүнтэй холбоотойгоор аль албан бичиг нь хүчинтэй вэ гэдэг асуудал яригдсан. Д.Гтай байгуулсан гэрээг цуцалсан учир хүчин төгөлдөр бус гэж хэлсэн. Төлбөрийн хувьд З.А манайтай тоосго нийлүүлэх гэрээ байгуулсан. Манай компанийн хувьд аль алинтай нь гэрээ байгуулсан учир бидний зүгээс шүүхийн шийвэр ямар ч гарсан хүндэтгэн үзнэ. Албан ёсоор гэрээ цуцалсан юм уу гэж үзэхээр байхгүй юм билээ. Тэгэхээр гэрээ цуцлагдсан гэдэгт эргэлзэж байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манайх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргадаг субъект биш. Манайх холбогдох бичиг баримтыг л гаргаж өгдөг. Иймд иргэн З.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн үүргээс чөлөөлж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч БТББ-ын төлөөлөгч Р.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Иргэн З.Аийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. БТББ нь З.Атэй 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 56 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. З.А тухайн гэрээнд заасан нөхцөлүүдийг бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр энэхүү гэрээг байгуулж гарын үсэг зурсан гэж үзэж байна. З.А орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 4.5-д заасны дагуу гурван удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч тухайн мэдэгдэлд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Тус гэрээний 4.5-д захиалга хүлээн авагч тал нь энэхүү гэрээний 2.1, 2.2, 2.3-т заагдсан төлбөрийн нэхэмжлэлийг захиалагч талд 3 удаа хүргүүлж биелүүлээгүй тохиолдолд дангаар болон гүйцэтгэгч талын ирүүлсэн хүсэлтийн дагуу гэрээг цуцлах эрх эдэлнэ гэж заасан. Мөн дээрх гэрээний 2.1-д захиалагч тал нь ажил эхлэхээс өмнөх урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь 28.380.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, 2.4-т төлбөрийг БТББ-ын Улаанбаатар хотын банкны 0000000 тоот дансанд тушаан төлбөрийн баримтын хуулбарыг хавсаргана. Төлбөрийг нэхэмжлэл хүлээн авсанаас хойш хуанлийн 14 хоногийн дотор төлнө гэж тус тус заасан. З.А нь гэрээний 2.1-д заасныг зөрчиж урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хугацаандаа төлөөгүй тул гэрээнд зааснаар түүнтэй байгуулсан 56 тоот гэрээг цуцалж, түүний оронд Д.Гтай гэрээг байгуулсан болно. БТББ-аас З.А болон урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлөөгүй нийт захиалагч нарт 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлбөр алдангий тооцох тухай 01 тоот мэдэгдэл, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэрээний заалт хэрэгжүүлж ажиллах тухай, 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлбөрөө төлөх тухай мэдэгдэл, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 16/05 тоот Та тус байгууллагатай байгуулсан 2015 оны гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийн эхний 30 хувийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний дотор төлөх үүргээ биелүүлээгүй өнөөг хүрээд байна. Иймд уг төлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор Улаанбаатарын хотын банкин дахь 0000000 тоот дансанд байршуулна уу. ...Төлбөрөө гэрээний хугацаанд төөх асуудлаар өмнө нь 3 удаа мэдэгдсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлбөр алдангийг төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдэж байна гэсэн утгатай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч тухайн заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй. З.А нь төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй учир 2016 оны 03 дугаар сарын 24-ни й өдөр 16/06 тоот Тус байгууллагатай гэрээ байгуулсан иргэд гэрээний 2.1 дэх заалтын дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрөө огт төлөөгүй болон дутуу төлсөн иргэд 30 хувийн төлбөрөө алдангийн хамт 2016 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улаанбаатар хотын банкин дахь 0000000 тоот дансанд байршуулна уу. Заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд эрх цуцлахаар байгууллагын удирдлагаас шийдвэрлэсэн болохыг мэдэгдье гэх мэдэгдлийг дүүрэг, хэлтсийн нягтлан бодогч, дарга нарт хүргүүлж гарын үсэг зуруулан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Санхүү аж ахуйн хэлтэст авчирч өгөхийг тухайн мэдэгдэлд дурдсан байдаг. БТББ-аас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 05/02 албан тоотоор Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт хандан Тус нөхөрлөлийн Удирдах зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар эхний 30 хувийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, удаа дараагийн мэдэгдлүүдийг хэрэгжүүлээгүй хавсралтад заасан нэр бүхий ажилтнуудын гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн тул эдгээр ажилтнуудын байрны хуваарилалтыг дахин хийж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлсэн бөгөөд энэхүү хүсэлтийн хавсралтын 1-д З.Аийн нэр орсон байна. З.А нь 2016 оны 04 дүгээр сарын 29-нйи өдөр БТББ-д хандан өргөдөл гаргаж НӨХГ-ын СХД-ийн Өмч, газрын харилцааны албан мэргэжилтэн Загдсүрэн овогтой А нь орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх 56 тоот гэрээний 2.1-захиалагч тал нь ажил эхлэхээс өмнөх урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь 28.380.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл болох 28.380.000 төгрөгийг 7 хоногийн дотор Улаанбаатар хотын банкин дахь 0000000 тоот дансанд төвлөрүүлэх болно. Энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахад татгалзахгүй болно гэж гарын үсэг зурсан. З.А нь өөрийн гаргасан өргөдөлд заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж барагдуулаагүй тул түүнтэй байгуулсан 56 дугаартай гэрээг цуцалж, Д.Гтай гэрээ байгуулсан болно. Бараа нийлүүлэх гэрээгээр төлбөрөө төлсөн гээд байна. Гэрээнд төлбөрөө бартераар төлнө гэсэн заалт байхгүй. 2019 оны 1 дүгээр сард орон сууц ашиглалтанд орсон. Гэтэл үүнээс хойш бараа нийлүүлэгдсээр байсан байна. Төлбөр БТББ-ын дансанд байршаад дараа нь И ХХК-ийн дансанд шилжих ёстой. И ХХК-тай бараа, материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу тоосго нийлүүлснийг төлбөрөө төлсөн гэж үзэхгүй. БТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нгаас явуулсан албан бичиг хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч З.А нь түүнтэй байгуулсан гэрээ цуцлагдсаныг мэдэж байсан. Иймд З.Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Г шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Г нь газрын харилцааны салбарт 2005 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа нийгмийн асуудлаа огт шийдвэрлүүлж байгаагүй бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр энэ тухай өргөдөл өгсөний үндсэн дээр тус газраас захиалгаар баригдаж байгаа байгууллагын албан хаагчдын 90 айлын орон сууцны квотод хамрагдах тухай Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/3134 дугаартай шийдвэр албан ёсоор гарсан. Намайг гэрээ байгуулахад барилгын санхүүжилт зогсох гэж байгаа тул 30 хувийн төлбөрөө төлсөн ажилтнуудыг оруулна гээд миний гаргаж байсан өргөдөл дээр гарын үсэг зуруулан баталгаажуулж өөрийн боломжоор банкнаас цалингийн зээл авах, хувь хүнээс өндөр хүүтэй зээл авах зэргээр урьдчилгаа 30 хувийг төлж байрны захиалгаа баталгаажуулсан. Ингээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдын 90 айлын орон сууцны 00 дугаар давхрын 00 тоот /одоогийн 703 дугаар байрны 1202 тоот/ байрны захиалгын ж2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 89 дугаартай гэрээг БТББ-тай байгуулан гэрээний 1.3, 2.1, 2.2-т заасны дагуу гэрээний үүргийг биелүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд төрийн бус байгууллага болон гүйцэтгэгч компаниас үлдэгдэл төлбөрөө боломжоороо хийх тухай хүсэлт гаргаж байсан тул банкнаас зээл авч төлөх зорилгоор ИХХК-тай тооцоо нийлэн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай гэрээг байгуулсан. Барилгын ажил 100 хувь дуусаж барилга ашиглалтанд ороход ИХХК руу БТББ-ын гүйцэтгэх захирал Д.Н нь захиалагчийн нэрсийг 2019 оны 6 дугаар сард ИХХК-д хүргүүлэхдээ миний захиалсан байрыг маргаантай гэж хүргүүлсэн. Гэтэл Д.Н нь З.Атэй хуйвалдаж дахин 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай бичгээр З.Аийн нэрийг гэрээ байгуулахаар явуулсан нь эрхий бүхий этгээд биш байсан тул БТББ-ийн эрхий бүхий албан тушаалтнууд хуралдаж, тогтоол гарган 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр захиалагчдын нэрсийг эцэслэн шийдвэрлэж хүргүүлсэн. Ингээд миний бие ИХХК-тай дахин гэрээ байгуулж Төрийн банк, Х болоод Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст И ХХК-иас минйи нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгож болох тухай 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 308/19, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 338/19 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж Хнаас ипотекийн зээлийн шийдвэр гаргуулсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст зээлийн шийдвэр болон бусад холбогдох баримтыг журмын дагуу бүрдүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авах хүсэлт гаргасан боловч З.А тус орон сууцан дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэж өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй болгосон. Ингээд миний бие зохих журмын дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт гомдол гаргаснаар хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч улсын бүртгэлийн гэрчилгээгээ авч Хтай зээлийн гэрээ байгуулж, үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулан 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр И ХХК-тай тооцоо нийлж дуусан захиалагчийг хүлээсэн үүргээ биелүүлж албан ёсоор байрны түлхүүрээ олон хувийн хамт хүлээн авсан. Би энэ байрыг захиалах гэрээ байгуулахаас эхлээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, байрны түлхүүрээ хүлээн авах хүртэл хугацаанд ямар нэг хууль бус зүйл хийгээгүй, З.Аийн байрыг дур мэдэн аваагүй, Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон түүнийг төлөөлж захиалагч эрх, үүрэг, харилцлагыг хүлээж ажилласан, одоо ч ажиллаж байгаа БТББ-ын Удирдах зөвлөлийн гаргасан хууль ёсны шийдвэри йн дагуу л орон сууцаа захиалж, худалдан авах төлбөрөө бүрэн төлж, өмчлөх эрхийн бүртгэлээ хийлгэж гэрчилгээ авсан. Гэтэл орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний захиалагчийн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ нь цуцлагдсан З.А гэнэт уг байрыг миний байр гэж хууль зүйн ямар ч үндэслэлгүй маргалдаж, эрх ашгийг минь хохироож байгаад гомдолтой байгаа бөгөөд шүүх маргааныг хуулийн дагуу шударга шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Иймд миний бие зохих журмын дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, 00 дугаар байр, 00тоот хаягт байршилтай, 79.97 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны албан ёсны өмчлөгч тул З.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХК-ийн төлөөлөгч Ц.Ш шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, 5.3-д улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж заасан. Д.Г нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ИХХК, БТББ-тай орон сууц захиалах, захиалан гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1, 2.2 болон иргэний хуулийн 351.1.1-д заасны дагуу орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд барагдуулж үүргээ биелүүлсэн тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, 00 дугаар байр, 00тоот хаягт байршилтай, 79.97 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болсон. Үүний дагуу улсын бүртгэлийн газар хүсэлт гарган орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өмчлөгч болсон байна. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасны дагуу зээлдэгч Д.Гг Х ХХК нь орон сууцны өмчлөгч гэж үзсэн тул 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ипотекийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 69.800.000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 175 сарын хугацаатай олгож, гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, 00 дугаар байр, 00тоот хаягт байршилтай, 79.97 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан болно. Зээлдэгч Д.Гтай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлдүүлэгч барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан тул зээлийн гэрээний төлбөр төлөгдөж дуусах хүртэл маргаан бүхий орон сууц барьцаанаас чөлөөлөгдөхгүй. Х ХХК зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, 00 дугаар байр, 00тоот хаягт байршилтай, 79.97 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргааны улмаас хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан Х ХХК-ийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй тул анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзаж үзэхийг хүсье гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, гуравдагч этгээд Д.Ггийн фэйсбүүк хуудсанд үзлэг хийж, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад        

ҮНДЭСЛЭХ нь:

             З.А нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ИХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхоны 00 дугаар байрны 00тоот хаягт байрлах 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргасан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг З.Ат олгохыг ИХХК-д даалгахаар шаардаж, хамтран хариуцагчаар БТББ-ыг оролцуулжээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж шүүх үзлээ.

            Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 90 айлын 16 давхар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр ИХХК-тай 2015 онд барилгын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээг байгуулжээ. /1 хав, хуу-95-100/

            Гэвч талууд харилцан тохиролцож, ИХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж буй Модун таун хотхоны орон сууцнаас 90 айлын орон сууцыг дээрх гэрээнд заасан нөхцлийн дагуу өөрсдийн ажилчдын хэрэгцээнд захиалан бариулахаар тохиролцжээ.

            Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь өөрийн хэрэгжүүлж буй Ажилчдын амины орон сууц төслийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтийн хяналт тавих, мэдээллээр хангах, сурталчлах ажлыг зохион байгуулахаар БТББ-ыг 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр үүсгэн байгуулсан тул ажилчдын орон сууцны төсөлд хамрагдаж, орон сууц захиалан бариулах эрхтэй болсон нэр бүхий ажилчид нь захиалга хүлээн авагч БТББ-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж, орон сууцны төлбөрийг БТББ-ын дансанд тушаах үүрэг хүлээжээ.

            Үүний дагуу Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтэн З.А нь БТББ-тай 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 56 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны урд талд барьж байгаа Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилчдын 90 айлын орон сууцны 00 дугаар байрны 00 давхрын 00 буюу 00 тоот хаягт байршилтай, 75.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тагтны үнэ оролцуулан 1 м.кв талбайг 1.250.000 төгрөгөөр тооцон нийт 96.025.000 төгрөгөөр захиалсан байна. /1 хав, хуу-10-11,170-171/

            Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 2.1-т захиалагч тал нь ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 28.380.000 төгрөгийг төлж, барилгын каркас угсралт, дүүргэлтийн ажил бүрэн дууссаны дараа гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийг, барилгын ажлыг бүрэн дуусгаж барилга байгууламж ашиглалтанд оруулах комисст хүлээлгэн өгсний дараа гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг тус тус төлөх үүрэг хүлээжээ.

            Гэвч нэхэмжлэгч З.А нь орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрт 28.380.000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй учраас БТББ-аас түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, байрны хуваарилалтын дахин хийлгэхээр хүсэлт ирүүлсний дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/3134 тоот албан бичгээр эхний 30 хувийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээ нь цуцлагдсан нэр бүхий 5 албан хаагчдын байрны хуваарилалтыг дахин хийж ирүүлснээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 703 дугаар байрны 12 давхрын 12Б тоот орон сууцанд Д.Г нөхөн орохоор хуваарилагдсан байна.

            Гуравдагч этгээд Д.Г нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр БТББ-тай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж, орон сууцны урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөрийг төлсөний үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их Монгол улсын гудамж, 703 дугаар байрны 1202 тоот хаягт байршилтай 79.97 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас авчээ.

            Нэхэмжлэгч З.А нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, дансаар 9.838.640 төгрөг, бараа, материал нийлүүлэх гэрээгээр ИХХК-д 69.840.000 төгрөгийн үнэтэй тоосгыг нийлүүлж, нийт 79.678.640 төгрөгийн төлбөрийг төлсөний үндсэн дээр 2019 оны 5 дугаар сард захиалсан байр ашиглалтад орж, захиалсан орон сууцаа ИХХК-иас хүлээн авсны дараа БТББ нь Д.Г гэх хүнтэй давхардуулан гэрээ байгуулсан байна гэсэн үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр З.Аийг бүртгэх боломжгүй гэж мэдэгдсэн нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхоны 00 дугаар байрны 00тоот хаягт байрлах 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг З.Ат олгохыг ИХХК-д даалгахаар шаардсан бол хариуцагч ИХХК-иас орон сууц захиалагч, өмчлөгчийг тус БТББ-ын удирдах албан тушаалтнууд тодорхойлж албан тоот ирүүлсний дагуу бид тэдгээр иргэдтэй гэрээг үйлдэн холбогдох байгууллагуудад хүргүүлж байсан. Манай компани холбогдох бичиг баримтыг л гаргаж өгдөг болохоос үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгдөг байгууллага биш учир орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг олгох боломжгүй гэсэн үндэслэлээр, хариуцагч БТББ-аас З.А нь гэрээний 2.1-д заасныг зөрчиж урьдчилгаа төлбөрийн 30 хувийг хугацаандаа төлөөгүй тул гэрээнд зааснаар түүнтэй байгуулсан 56 тоот гэрээг цуцалж, түүний оронд Д.Гтай гэрээг байгуулсан болно гэсэн үндэслэлээр, гуравдагч этгээд Д.Ггаас намайг гэрээ байгуулахад барилгын санхүүжилт зогсох гэж байгаа тул 30 хувийн төлбөрөө төлсөн ажилтнуудыг оруулна гээд миний гаргаж байсан өргөдөл дээр гарын үсэг зуруулан баталгаажуулж өөрийн боломжоор банкнаас цалингийн зээл авах, хувь хүнээс өндөр хүүтэй зээл авах зэргээр урьдчилгаа 30 хувийг төлж байрны захиалгаа баталгаажуулсан. Ингээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчдын 90 айлын орон сууцны 00 дугаар давхрын 00 тоот /одоогийн 703 дугаар байрны 1202 тоот/ байрны захиалгын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 89 дугаартай гэрээг БТББ-тай байгуулан гэрээний 1.3, 2.1, 2.2-т заасны дагуу гэрээний үүргийг биелүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан БТББ-ийн эрх бүхий албан тушаалтнууд хуралдаж, тогтоол гарган 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр захиалагчдын нэрсийг эцэслэн шийдвэрлэж хүргүүлсэн. Ингээд миний бие Хнаас ипотекийн зээлийн шийдвэр гаргуулж, орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж дуусган Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Их монгол улс гудамж, 00 дугаар байр, 00тоот хаягт байршилтай, 79.97 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны албан ёсны өмчлөгч болсон. Гэтэл орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний захиалагчийн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ нь цуцлагдсан З.А гэнэт уг байрыг миний байр гэж маргалдаж, эрх ашгийг минь хохироож байгаад гомдолтой байна гэсэн үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

            Хариуцагч нар болон гуравдагч этгээдийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч З.А болон хариуцагч БТББ нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ нь захиалагчийн хүсэлтийн дагуу орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэх тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэсэн ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

            Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд хөлс төлөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №56 дугаартай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 2.1-т зааснаар нэхэмжлэгч З.А нь ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь 28.380.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

            Хариуцагч ИХХК-иас орон сууцны барилгын суурийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс барилгын ажлыг үргэлжлүүлж эхлэхээр төлөвлөсөн боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид захиалсан байрныхаа эхний 30 хувийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй учир ажил удааширч энэ талаар захиалагчид удаа дараа мэдэгдсэн байна.

            Ерөнхий захиалагч болох Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон ажилчдын орон сууцны төслийн зохион байгуулалтанд оролцож, хяналт тавих эрх бүхий байгууллага болох БТББ-аас ажилчдын орон сууцны барилгын төлбөр төлөлтийн талаар авч хэлэлцэн байр захиалсан албан хаагчдад мэдэгдэл хүргүүлж, төлбөр төлөх эцсийн хугацааг тогтоон өгч байсан болох нь БТББ-ын мэдэгдлүүд, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, фэйсбүүк сүлжээн дэх Б нэртэй групп хуудсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

            Үүний дагуу нэхэмжлэгч З.А нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БТББ-д орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь 28.380.000 төгрөгийн төлбөр төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахад татгалзах зүйлгүй болно гэж өргөдөл гаргасан боловч уг үүргээ биелүүлээгүй учир 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар эхний 30 хувийн төлбөрөө огт төлөөгүй 6 хүн буюу З.А, Ш.Мягмарсүрэн, Д.Ган-Эрдэнэ, Г.Готов, Хадбаатар, Энхбаяр нартай байгуулсан гэрээг цуцлахаар БТББ-ын бүх гишүүдийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар шийдвэрлэснийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/3134 тоот албан бичгээр эхний 30 хувийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээ нь цуцлагдсан нэр бүхий 5 албан хаагчдын байрны хуваарилалтыг дахин хийж ирүүлснээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 703 дугаар байрны 12 давхрын 12Б тоот орон сууцанд Д.Г нөхөн орохоор хуваарилагдаж, БТББ-аас түүнтэй 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /1 хав, хуу-67-69, 70-73, 86-94, 133-136/

            2019 оны 01 дүгээр сард захиалсан орон сууц ашиглалтанд орж, ИХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00 дугаар байрны 00тоот орон сууцыг нэхэмжлэгч З.Ат хүлээлгэн өгсөн боловч БТББ-аас уг орон сууцыг захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг Д.Гтай давхардуулан байгуулсан гэсэн үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр З.Аийг бүртгэх боломжгүй болохыг мэдэгджээ.

            Хариуцагч БТББ-аас нэхэмжлэгч З.Атэй байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр цуцлагдаж, түүний оронд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Д.Гтай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулсан болохыг барилгын ажлын гүйцэтгэгч ИХХК-д мэдэгдээгүйгээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00 дугаар байрны 00тоот орон сууцны төлбөрийг З.А, Д.Г нараас тус бүр авч ирсэн байна.

            Хариуцагч БТББ-аас З.Атэй байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 56 тоот орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг цуцлагдсан болохыг ИХХК-д мэдэгдээгүй учир нэхэмжлэгч З.Атэй бараа, материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны төлбөрт тооцон тоосгон худалдан авч байсанд ИХХК-ийг буруутгах үндэслэлгүй бөгөөд орон сууц болон орон сууцыг өмчлөх эрхийг З.Ат бус Д.Гд шилжүүлэн өгсөн нь түүний хүсэл зоригоос шалтгаалаагүй байна.

            Өөрөөр хэлбэл орон сууцыг захиалагч талыг төлөөлсөн БТББ-ын зүгээс 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №7 тоот албан бичиг болон түүний хавсралтаар ИХХК-д орон сууц ашиглалтад орсон тул Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажилчдын орон сууцанд орох ажилтнуудын нэрсийн жагсаалтын 64-т Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 00 дугаар байрны 00тоот орон сууцанд орох ажилтнаар Д.Г болохыг тодорхойлон өгсөн тул 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч З.Атэй байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг цуцлагдаж байгааг мэдэгдсэний үндсэн дээр Д.Ггийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн албан бичгийг улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, улмаар Д.Г нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 703 дугаар байрны 1202 тоот орон сууцыг өмчлөх эрх үүссэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т нийцсэн байна. /1 хав, хуу-222-224

            Нэхэмжлэгч З.А нь орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ нь цуцлагдсан 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 9.000.000 төгрөгийг бэлнээр төлж, 2017, 2018, 2019 онуудад ИХХК-тай бараа, материал худалдах худалдан авах гэрээг байгуулсны үндсэн дээр тоосго нийлүүлж, бараа, материалын үнийг нийлүүлсэн хэмжээгээр 12 давхрын Б айл буюу иргэн З.Аийн захиалсан орон сууцны байрны үнээс хасч тооцохоор тохиролцсон байна. /1 хав, хуу-13-18/

            Дээрх бараа, материал худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч З.А нь ИХХК-д 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 69.840.000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг нийлжээ. /1 хав, хуу-12, 19-21/

            Гэвч нэхэмжлэгч З.А нь БТББ болон ИХХК-д орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны дараа бэлнээр 9.000.000 болон бартер хэлбэрээр орон сууцны төлбөрт 69.840.000 бараа нийлүүлсэн нь орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэх, улмаар уг захиалсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэл болохгүй юм.

            Учир нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон ажилчдын орон сууцны төслийг хэрэгжүүлж буй БТББ-аас эхний 30 хувийн төлбөрөө гэрээнд заасан хугацаан төлөөгүй нэхэмжлэгч З.Атэй байгуулсан гэрээг цуцалж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т нийцсэн байна.

            Хариуцагч БТББ-аас захиалагч З.Ат орон сууцны эхний 30 хувийн төлбөрөө төлөх мэдэгдэл хүргүүлэх, хугацаа тогтоон өгөх зэрэг боломжийг олгосон, энэ үүргээ биелүүлээгүйд өөрөө гэм буруугүй учир гэрээг цуцлах эрхтэй.

            БТББ нь фэйсбүүк цахим сүлжээнд Б нэртэй групп хуудас нээн ажиллуулж, уг хуудсанд холбогдох байгуулага, албан тушаалтны шийдвэр, мэдээллийг байршуулан танилцуулж байсан байх ба уг Б нэртэй групп хуудасны гишүүнд нэхэмжлэгч З.А Tsetsii Tsetsii нэрээр, гуравдагч этгээд Д.Г Ganaa ganaa нэрээ тус тус бүртгэлтэй байгаа болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. /1 хав, хуу-249-250, 2 хав, хуу 2-6/

            Тус Б нэртэй групп хуудсанд орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдах болохыг мэдэгдсэн мэдэгдэл удаа дараа тавигдсан байх бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн урьдчилгаа төлбөр дутуу болон төлөөгүй албан хаагчид 2016 оны 05 дугаар сарын 06-ны дотор төлж барагдуулна уу. Төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн болно гэсэн мэдээллийг нэхэмжлэгч З.А болон гуравдагч этгээд Д.Г хэн аль нь үзэж танилцсан байдал, нэхэмжлэгч З.Аээс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр БТББ-д урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлнө, төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахад татгалзах зүйлгүй гэж өргөдөл гаргасан зэргээс үзэхэд гэрээ цуцлагдсан болохыг мэдэгдээгүй, энэ талаар мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

            Хариуцагч БТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нгаас ИХХК-д З.А нартай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх тул орон сууц захиалах гэрээ байгуулахыг зөвшөөрч байна гэсэн утга бүхий №05 тоот албан бичгийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болохыг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна. /1 хав, хуу-125/

            Учир нь нэхэмжлэгч З.Атэй байгуулсан гэрээг цуцалсныг хүчин төгөлдөр эсэх талаар БТББ-ын Удирдах зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцээгүй, Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зөвшөөрөөгүй байхад БТББ-ыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдээс гэрээ нь цуцлагдсан захиалагчтай орон сууц захиалах гэрээ байгуулахыг зөвшөөрсөн болохыг мэдэгдсэн нь хүчин төгөлдөр бус юм.

            Хариуцагч БТББ-ын дүрэм болон улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээс үзэхэд Удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах бүрэн эрх бүхий этгээд байна. /1 хав, хуу 74-80/

            Энэ ч үүднээс БТББ-ийн тэргүүн С.Бямбадорж болон гүйцэтгэх захирал нар 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №07 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 703 тоот орон сууцанд орох ажилтнуудын нэрсийг үйлдэн, захиалагчидтай орон сууц захиалгын гэрээг байгуулахыг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн жагсаалтын 64 дүгээрт гуравдагч этгээд Д.Ггийн нэр бичигдсэн учир ИХХК-иас түүнтэй орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүнд олгохыг зөвшөөрсөн утга бүхий 344/19 тоот албан бичгийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснийг З.А нь урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ. /1 хав, хуу-185-187, 217-218

            Гуравдагч этгээд Д.Ггаас урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг хяналтын улсын байцаагчаас шалгаад орон сууцтай холбоотой баримтууд болон З.Аийн урьдчилсан тэмдэглэл хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан зэргийг үндэслэн урьдчилсан тэмдэглэл бүхий бүртгэлийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 3351 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтээр хүчингүй болгож шийдвэрлэсэн учир улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Д.Гд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 703 дугаар байрны 1202 тоот орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон, үүний дагуу Д.Г нь Хны орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. /1 хав, хуу-153, 163-169/

            Иймд нэхэмжлэгч З.Аийн цуцлагдсан гэрээний үүргийг шаардаж, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхоны 00 дугаар байрны 00тоот хаягт байрлах 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг З.Ат олгохыг ИХХК-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

            Харин хариуцагч БТББ нь нэхэмжлэгч З.Атэй байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ цуцлагдсан болохыг хариуцагч ИХХК-д мэдэгдээгүйгээс орон сууцны төлбөр төлөх, орон сууцны барилгын гүйцэтгэгчид бараа, материал нийлүүлсний улмаас хохирол учирсан бол учирсан хохирлыг шаардах эрхтэй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч З.Аийн хариуцагч ИХХК, БТББ нарт холбогдох Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхоны 00 дугаар байрны 00тоот хаягт байрлах 80.29 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг З.Ат олгохыг ИХХК-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР