| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 151/2019/01197/И |
| Дугаар | 102/ШШ2020/01286 |
| Огноо | 2020-04-23 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2020/01286
| 2020 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2020/01286 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 тоот хаягт байрлах, Л.М ХХК /РД: 0000000/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 тоот хаягт байрлах, С.Н ХХК, /РД: 0000000/,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Занабазарын гудамж, Байгаль хишиг ордон хаягт байрлах М.С ХХК /РД: 0000000/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байр 0 тоот хаягт оршин суух, Г.С овогт Д-ийн Г /РД: 00000000/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 давхарт 0 тоотод байрлах, М.М.А.Х-Н.Ү.Т.Б.Б нарт холбогдох,
Ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг даалгуулах, мэдээллийг авч тараасан телевиз, вэбсайтуудаар тархсан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцааж, залруулга хийхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, өмгөөлөгч Т.Д, иргэдийн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Хын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л.М ХХК нь 2006 оны 1 дүгээр сарын 25-нд аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр, С.Н ХХК нь 2006 оны 1 дүгээр сарын 9-нд аялал жуулчлалын чиглэлээр, М.С ХХК нь 1996 оны 6 дугаар сарын 14-нд аялал жуучлалын чиглэлээр тус тус үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан компаниуд юм. Дээрх 3 компани нь аялал жуулчлал, тусгай зориулалтын агнуур зохион байгуулалтын чиглэлээр үйл ажилагааг үүсгэн байгуулагдсан үеэс эхлэн хууль тогтоомж болон бусад дүрэм, журмын хүрээнд явуулж ирсэн. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2017 оны тусгай зориулалтын ангийн хуваарь гарснаас хойш М.М.А.Х-ТББ-ын тэргүүн Д.Г нь нэхэмжлэгч компаниудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гутаан доромжилсон шинжтэй үндэслэлгүй, худал мэдээ, мэдээллийг тарааснаар нэхэмжлэгч компаниудын нэр хүнд зөрчигдөж байна. Тухайлбал www.medee.mn, www.dailynews.mn вэбсайтуудад 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 13.10 минутад “Шонхорын анчид улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ” гэх нийтлэл нийтлэгдсэн. Тус нийтлэл гадаадын угалз, шонхор зэрэг ан амьтдыг хууль бусаар агнаж байгааг Монголын М.М.А.Х ТББ-ынтэргүүн Д.Г хэлэхдээ “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар Баян-Өлгий аймгийн Булган суманд 1 толгой угалзын зөвшөөрлөөр 9 дүгээр сарын 18-нд Л.М ХХК, Герман улсын анчин хуваарьт ан хийсэн. Гэвч дээрх нэр бүхий компанийн захирал н.Б дахин нэг угалз зөвшөөрөлгүй агнасан, мөн Герман иргэн Томас угалз агнасан. Ингээд 5 угалзийг хууль бусаар агнасан талаар Д.Г онцоллоо” гэх нийтлэлийг цацсан. Мөн www.nutag.mn вебсайтад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 09.22 минутад “Шонхорт цадаагүй Арабууд угалз агнаж эхэллээ” нэртэй нийтлэлд Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Г “Өнгөрсөн сард гэхэд М.С ХХК-ийн эзэн У.Буяндэлгэр, Л.М ХХК, С.Н ХХК-ийн эзэн Г.Б, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын захирал Д.Д-тайхуйвалдаж ан хийх зөвшөөрөл авсан байгаа юм. Ингээд хууль бусаар 5 угалз агнасан” гэж гүтгэж бичсэн. Мөн www.wikimon.mn вебсайтад 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр “Монголд ан хийсэн гадаад иргэдийг шалгуулна” гэх гарчигтай нийтлэлд Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Г “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар Баян-Өлгийн аймгийн Булган суманд 1 толгой угалзын зөвшөөрөл гаргасан. Үүний дагуу 9 дүгээр сарын 18-нд Л.М ХХК, Герман улсын иргэн анчин хуваарьт ан хийсэн. Гэвч дээрх нэр бүхий компанийн захирал н.Б дахин нэг угалз зөвшөөрөлгүй агнасан” гэх худал мэдээллийг тараасан. Мөн “VTV” телевизийн “Шударга ярья” нэвтрүүлэгч Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Г оролцохдоо “Миний шүүмжлээд байгаа, хууль хяналтын байгууллагааг шалгуулаад байгаа Л.М, М.С, С.Н ХХК-иудын эзэн Б, нөгөөд гадаад анчинд машинаар хөөж угалз агнуулсан хэргийг хийсэн нөхдүүдэд хуйвалдаад дахиад нэг угалз өгчихсөн, хөтлөгч: тэгэхээр энэ ангийн хулгайч нарыг яах бэ? гэхэд, Д.Г: эрүүгийн хариуцлага хүлээлгэх хугацаа нь 3-хан сар, тэгэхээр нөгөө ангийн хулгайч маань яг газар дээрээ баригддаггүй л байхгүй юу, М.С ХХК-ийн эзэн Г.Б-ийн үйлдэлд яг энүүгээр хэрэг хүлээлгэх боломжгүй, нотлогдсон боловч хуулийн хугацаа дууссан учир хариуцлага хүлээлгэх боломжгүй гэсэн прокурорын дүгнэлт гарсан” гэх худал мэдээллийг тус тус тараасан.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/446 дугаар “Тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарь батлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралтад Л.М ХХК нь Баян-Өлгий аймгийн Булган сумын “Улаагчин” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баацагаан” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, С.Н ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Олон овоот” агнуурын бүс нутагт 2 толгой угалз, М.С ХХК нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Төмөрт” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Хойд өнжүүл” агнуурын бүрт нутагт 2 толгой угалз агнах зөвшөөрлийг тус тус авсан. Үүний дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/23 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах” тухай тушаалаар С.Н ХХК-ийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Олон овоот” агнуурын бүс нутагт 2 толгой угалз агнах зөвшөөрлийн 1-ийг Баян-Өлгий аймгийн Булган сумын “Улаагчин” агнуурын бүс нутаг руу, үлдсэн 1 угалз агнах зөвшөөрлийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баацагаан” агнуурын бүс нутаг руу тус тус шилжүүлж, “Олон овоот” агнуурын бүс нутгийн 2 угалз агнах зөвшөөрлийг “0” болгосон юм.
Энэхүү тушаалын дагуу Л.М ХХК болон захирал Г.Б нь Баян-Өлгийн аймгийн Булган суманд 2 угалз агнах тусгай зөвшөөрлийн дагуу ан хийсэн. М.С ХХК, Л.М ХХК, С.Н ХХК-иуд нь Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан үүргийн орлон гүйцэтгэгч Д.Д-тай хуйвалдаж ах хийх зөвшөөрөл аваагүй. Үүнтэй холбоотой мэдээллийг Д.Г нь Авлигатай тэмцэх газарт гарган шалгуулж, Нийслэлийн Прокурорын газраас хянаж Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Д албан тушаалын байдлаа урвуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн 2016 лгы 11 дүгээр сарын 28-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг. М.М.А.Х ТББ-ын тэргүүн Д.Г нь манай компаниудыг хууль бусаар ан агнадаг, бусадтай хуйвалдаж ангийн зөвшөөрөл авдаг мэтээр удаа дараа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох телевиз, сонин хэвлэлээр мэдээлж байгаа нь биднийг гүтгэж, нэр төрд халдах, улмаар энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэр хүндийг олон нийтийн дунд гутаах зорилготой юм. Иймд Л.М ХХК, С.Н ХХК, М.С ХХК-иудын ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг даалгах, мэдээллийг тараасан телевиз, вебсайтуудаар тархсан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцааж, залруулга хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч М.М.А.Х ТББ-ын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, өмгөөлөгч Т.Д нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Д.Г болон “Монголын мэргэжлийн анчдын холбоо” төрийн бус байгууллага нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, тэдний ажил хэргийн нэр хүндийг гутаасан зүйл байхгүй болно. Гэтэл нэхэмжлэгч нар нь сүүлийн хэдэн жил М.М.А.Х ТББ-д холбогдуулан удаа дараа нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь бидний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Анх М.М.А.Х ТББ-д холбогдуулан нэхэмжлэл гаргадаг байсан бол сүүлдээ иргэн Д.Г надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн өндөр настан намайг чирэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа үйл баримтууд болох вэб сайт, хэвлэл мэдээлэлээр цацагдаж байгаа мэдээллүүдийг ялгаж ойлгох нь зүйтэй гэж үзэж байна. Д.Г хэд хэдэн амьтаны тухай асуудлыг ярьсан. Хэвлэл мэдээллийн сэтгүүлчид 5 угалзыг хууль бусаар агнасан байна гэдгийг нэхэмжлэгч нарт шууд хамаатуулж ярьсан мэтээр ярьж байна. Ажил хүндийн нэр төрийг сэргээх гэж байна. Ажил хэргийн нэр төрийг сэргээнэ гэдэг нь тухайн этгээд ажил мэргэжлийнхээ болон албан тушаалын байдлаараа буюу ангын тухай хуулийг хэрэгжүүлдэг хүмүүстэй холбоотой гэж үзэж байгаа юм. Гэтэл хавтаст хэрэгт хэрэгсэхгүй болсон талаарх прокурорын тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Гэрчүүд хувиарт ан агнах байтал нэг угалзыг илүү агнасан мөн хувиарт ангын бүс нутгаас өөр газар угалз агнасан талаар хэлсэн. Ангаа агнахдаа бичиг баримтаа үзүүлэхгүйгээр агначихаад дараа нь бичиг баримтаа нөхөж үйлдсэн гэх асуудал яригдсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. Нэгдүгээрт Д.Г Монголын мэргэжлийн анчдын тэргүүн удирдах зөвлөлийн дарга хүн байгаа. Гэрч н.Эрбулангийн өгсөн гэрчийн мэдүүлэг, Д.Г-ийн тухайн үед мэргэжлийн байгууллагуудад өгч байсан мэдээлэл зэрэг байгаа. Амьтны тухай хуульд тухайн агнуурын бүс нутагт анагдах ангын төлөвлөгөөг баталж, тэр төлөвлөгөөний дагуу ан хийх ёстой, дээрээс нь ан хийх тусгай зориулалтын ховор ан амьтан түүний нүүдэл удам угсаа, төлжих нөхцөл байдлыг харгалзан тухайн жилийнхээ 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймаг сумын иргэдийн хурлаас ангын тоо толгойг сум бүрээр гаргаж өгнө гэх тодорхой хуулийн заалтууд байдаг. Л.М” компани Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин гэх агнуурын бүс нутагт 1 угалз, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд 1 угалз, С.Н ХХК-д Дорноговь аймгийн Олон овоот гэх газарт 2 угалз агнахыг зөвшөөрсөн. Гэтэл энэ зөвшөөрлийн дагуу агнах ёстой ангаа агнахгүйгээр өөр бүс нутагт угалз агнасанаас уг маргаан гарсан. Тухайн жилийнхээ 10 дугаар сарын 1-ний дотор багтаж буюу хуульд заасан хугацаандаа амжиж агнахын тулд өөр бус нутагт очиж угалз агнасан байна гэх хардалтуудыг бий болгосон. н.Даваасамба гэх хүн ажлын байран дээрээ 150,000,000 төгрөгийн авилга авч, ялагдагчаар татагдаад явж байгаа. Энэ талаар орон даяараа бүх нийтээрээ мэдэж байгаа. н.Даваасамба гэх хүний гэм буруу нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын сайдын А/460 дугаар тушаалаар баталчихсан хуваарийг өөрчилж, С.Н ХХК-д өгсөн Баянхонгор аймгийн Хөвсгөлд байх Олон овоотын 2 угалзыг “нөөц алга” гээд шилжүүлж өгсөн л асуудал байгаа. Хугацаандаа асуудлыг шийдвэрлэхгүй хугацаа алдуулснаар бичиг баримтыг нөхөж хийх боломжийг олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.М ХХК, С.Н ХХК, М.С ХХК нар нь хариуцагч М.М.А.Х-Н.Ү.Т.Б.Б, С.Гэрэл нарт холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулга хийх, уучлалт хүсэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Тодруулбал, хариуцагч “Монголын мэргэжлийн анчдын холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Г нь www.medee.mn, www.dailynews.mn, www.nutag.mn, www.zaluu.mn, www.wikimon.mn вэбсайтуудад, мөн 2016 онд “VTV” телевизийн “Шударга ярья” нэвтрүүлэгт оролцохдоо Л.М ХХК, С.Н ХХК-ийн захирал н.Б, М.С ХХК-ийн эзэн У.Буяндэлгэр, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын захирал Д.Д-тайхуйвалдаж ан хийх зөвшөөрөл авсан, мөн хууль бусаар угалз агнасан” гэх худал мэдээллийг удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан хэмээн нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагаа нотлохоор “Өдрийн сонин”-ы 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Гадаадын өндөр дээд хэмжээний анчин, зочид төлөөлөгчдөд 2017 онд 4 угалз, 4 тэх, 1 буга агнуулах гэнэ. Энэ үнэн үү ...” гэх гарчигтай ярилцлагын хэсэг, “VTV” телевизээр цацагдсан “Шударга ярилцъя” ярилцлагын нэвтрүүлгийн бичлэг /уян дискэнд бичсэн/, “medee.mn, nutag.mn, zaluu.mn, dailynews.mn” зэрэг вэб хуудаснуудаас хэвлэн авсан бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
Хариуцагч М.М.А.Х ТББ-ын тэргүүн Д.Г нь “VTV” телевизээр цацагдсан “Шударга ярилцъя” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо нэхэмжлэгч байгууллагуудын тухай хэлсэн зүйлийнхээ талаар маргахгүй байгаа хэдий ч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нэхэмжлэгч нар нь ангийнхаа зөвшөөрлийг авсан боловч зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж угалз агнасан, мөн зөвшөөрөлдөө заагдаагүй өөр бүс нутгаас угалз агсан, зөвшөөрөлд заасан бүс нутгийг шилжүүлсэн гэх боловч ан хийснийхээ дараа зөвшөөрлийг нөхөж гаргасан” тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ. Гэвч хариуцагчийн дээрх тайлбараа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, хариуцагч М.М.А.Х ТББ-ын тэргүүн Д.Г нь 2016 онд “VTV” телевизийн “Шударга ярилцъя” ярилцлагын нэвтрүүлэгт оролцохдоо “... Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Даваасамба, Л.М, Степ номадс, М.С” компаниудын захирал Б, Буяндэлгэр нарыг Авлигатай тэмцэх газарт өгсөн, ... тэд Баян-Өлгийн аймгийн Булган суманд 1 угалз 9 дүгээр сарын 20-ны өдөр хууль бусаар агнасан. Сумын засаг дарга “агнуул, би араас нь бичгийг нь явуулчихна” гэж хэлсэн байсан. ... Тэгээд 27-нд нь Баянхонгор аймгийн Баацагаанд дахиад нэг угалз хууль бусаар агнасан, ... гэтэл А-23 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Хөвсгөл суманд агнагдах ёстой байсан 2 угалзыг Баян-Өлгийн Булган, Баянхонгорын Баянцагаанд шилжүүлчихсэн байсан. ... Хөвсгөлд 2 угалз агнагдаагүй гээд өөр тийшээ тушаал гаргаад шилжүүлчихжээ. Гэтэл Хөвсгөлд нь 2 угалз агнагдсан ба нэг л угалз агнагдаагүй” гэж ярьсан нь шүүхээс 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Шударга ярилцья” нэвтрүүлгийн бичлэг бүхий дискэнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба үүнийг хариуцагч нотлох үүрэгтэй бөгөөд гаргасан мэдээлэл нь бодит байдалд нийцэж байгааг өөрөө нотолж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасны дагуу иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд нь эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй.
Харин хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/446 дугаар “Тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарь батлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралтад нэхэмжлэгч Л.М ХХК нь Баян-Өлгий аймгийн Булган сумын “Улаагчин” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, мөн аймгийн Алтай сумын “Халуун бардам” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баацагаан” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, нэхэмжлэгч С.Н ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Олон овоот” агнуурын бүс нутагт 2 толгой угалз, нэхэмжлэгч М.С ХХК нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын “Төмөрт” агнуурын бүс нутагт 1 толгой угалз, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын “Хойд өнжүүл” /Ханан баян/ агнуурын бүс нутагт 1 толгой угалз агнах зөвшөөрлийг тус тус авсан /1 дүгээр хавтаст хэргийн 219-223 дугаар тал/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/23 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах” тухай тушаалаар Баян-Өлгийн аймгийн Булган сумын “Улаагчин” агнуурын бүс нутгийн 2016 онд агнах угалзын тоо хэмжээний “1” гэснийг “2” гэж, Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Баацагаан” агнуурын бүс нутагт 2016 онд агнах угалзын тоо хэмжээний “1” гэснийг “2” гэж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын “Олон овоот” агнуурын бүс нутагт 2016 онд агнах угалзын тоо хэмжээний “2” болон С.Н ХХК гэснийг хасчээ /1 дүгээр хавтаст хэргийн 172-174 дүгээр тал/. Дээрх тушаалуудаар олгогдсон агнах угалзын тоог хэтрүүлж хууль бусаар угалз агнасан гэх гомдлыг Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Н.Т нь 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Т.Б /Л.М ХХК/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон /1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал/. Мөн М.М.А.Х-Н.Ү.Т.Б.Бас 2016 онд Авлигатай тэмцэх газарт гаргасан Л.М ХХК, С.Н ХХК-ийн захирал Т.Б нь зөвшөөрөлгүй угалз агнуулсан” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 334 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ /1 дүгээр хавтаст хэргийн 224-229 дүгээр тал/.
Дээр дурдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/446 дугаар “Тусгай болон ахуйн зориулалтаар амьтан агнах, барих хуваарь батлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/23 дугаар “Тушаалд өөрчлөлт оруулах” тухай тушаал, Төв аймгийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 334 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.М ХХК, С.Н ХХК, М.С ХХК нь хууль бусаар, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж угалз агнасан гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.
Иймд хариуцагч М.М.А.Х ТББ-ын тэргүүн Д.Г нь “VTV” телевзийн “Шударга ярилцья” нэвтрүүлэгт оролцохдоо “нэхэмжлэгч нарыг хууль бусаар, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж угалз агнасан” гэж нэхэмжлэгч нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Л.М ХХК, С.Н ХХК, М.С ХХК-иудын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, залруулга хийж, уучлалт хүсэхийг хариуцагч М.М.А.Х-Н.Ү.Т.Б.Бд даалгах нь зүйтэй. Харин хариуцагч Д.Г нь дээрх мэдээллийг иргэнийхээ хувиар олон нийтэд тараасан нь тогтоогдохгүй байх тул Д.Гд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн “Өдрийн сонин”-ы 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Гадаадын өндөр дээд хэмжээний анчин, зочид төлөөлөгчдөд 2017 онд 4 угалз, 4 тэх, 1 буга агнуулах гэнэ. Энэ үнэн үү ...” гэх гарчигтай ярилцлагын хэсэг, www.medee.mn, www.dailynews.mn, www.nutag.mn, www.zaluu.mn, www.wikimon.mn вэбсайтуудаас хэвлэсэн хуулбар баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй баримтууд байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.М ХХК, С.Н ХХК, М.С ХХК-иудын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, залруулга хийж, уучлалт хүсэхийг хариуцагч М.М.А.Х-Н.Ү.Т.Б.Б-д даалгаж, хариуцагч Д.Г-д холбогдох “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцааж, залруулга хийж, уучлалт хүсэхийг даалгах” тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нараас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М.А.Х-Н.Ү.Т.Б.Бас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
Х.ЭНХЗАЯА