Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж, шүүгч Н.Ариунжаргал, шүүгч Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэйгээр,

нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,

улсын яллагч Ш.Батсүх,

иргэдийн төлөөлөгч Д.Н,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа,

        шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн Ч-ад холбогдох 2217000000056 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ......... дугаар баг,   .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Ц-ийн Ч /РД:.........../,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Яллагдагч Ц.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 23 тоот хашааны гадаа 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Н.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг 29-20 УНТ улсын дугаартай “Ford Explorer” маркийн тээврийн хэрэгслээр 2 удаа мөргөж дайрсны улмаас Н.Б нь тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийгдэж байгаад 23 цаг 13 минутад цээж, доод мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас барж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ч-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000056 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Юуны өмнө талийгаачийн ар гэр, хань, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, ээж, ойр орчмын найз нөхдөөс нь маш ихээр уучлалт хүсэж байна. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр архи ууж болгоомжгүй үйлдэл гаргаж талийгаачийн амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим би талийгаач руу залгасан. Талийгаач надтай 2-3 хоногийн өмнө дэлгүүрийн гадаа таарсан. Тэрнээс өмнө бид хоёр 10 хоногийн өмнө уулзсан тэгэхэд ковш авсан танай ажлаар ковшийн ажил байна уу? гэсэн. Тэгэхээр нь би манайх 2-3 ковштой нэмж авах байх гэж хэлсэн. Энэ талаараа хариу өгөөгүй учир байсан ярилцах гэж очсон. Би ярихаа мартаад хэд хоносон байсан. Тэгээд би яриад нөгөө ажил нь юу болсон гэхэд чи хүрээд ир ирэхээр чинь ярилцъя гэсэн.  Тэгээд би гэрийнхээ гаднаас гэртээ ч ороогүй шууд гараад замаараа дэлгүүрээр ороод нэг шил архи аваад очсон. Би талийгаачийн гэрийн гадаа очоод залгасан.  Бид хоёр машин дотор тэр архийг уусан. Нилээн удаан ярилцаж суусан. Хааяа машинаас гарч тамхи татаад орж гараад ярилцаад байсан. Уулзсан шалтгаан нь энэ. Архиа ууж дууссан. Над руу ярихдаа талийгаач жоохон халамцуу байсан. Би горьдох болов уу? гэж бодоод замаараа архи аваад очсон нь миний түмэн буруу болсон. Тэгээд архийг ууж дуусаад машины гадаа тамхи татаад сууж байгаад баяр болох юм билээ гээд ярихад тэгвэл эндээс шууд чамтай явна шүү гэж хэлсэн. Тийм зүйл яриад байж байгаад би жолооч дуудах санаатай хоёр хүн рүү залгах гээд нэг рүү залгаад зогсож байтал хашаан дотроос нэг танихгүй хүн гарч ирсэн. Над руу хэдэн үг хэлэхээр нь би үгийг нь даахгүй маргалдсан. Маргалдаад уурандаа намайг нэг цохиж аваад боогоод тэгээд миний толгой руу цохисон. Би боолтонд ороод нүд эрээлжлээд байхаар нь ерөөсөө явъя гэж бодоод машиндаа суугаад машинаа асаагаад хөдлөх гээд урагшаа хөдлөхөд талийгаач гараараа дохисон. Ухраад нэвт гарахгүй юм чинь гэж бодоод буцаад урагшаа дөнгөж хөдөлмөөр болсон. Жоохон ухраад ард машин байгаа гэж санаад тэгээд урагшаа хөдлөхдөө талийгаач миний баруун урд гарсныг анзааралгүй маневер хийчих санаатай баруун талд байгаа талийгаачийг харалгүй урагшаа хөдлөсөн. Нөгөө хүнийг харсан талийгаачийг ерөөсөө анзаараагүй. Тэгээд талийгаач миний баруун урд гарсныг анзааралгүй дайрсан байсан. Тэгээд тэндээс хүн гараа сарвагануулаад сонин байхаар нь яачив гээд буцаад ухарсан чинь талийгаач өмнө нь хэвтэж байсан. Тэгээд би машинаа тэр чигт нь унтраагаад талийгаач дээр очсон. Талийгаач газар ёолоод хэвтэж байсан. Би очоод юу болов, яав гэж хэлээд эмнэлэг хүргэж өгөх гээд утсаа хайгаад жоохон цаг алдсан 2-3 минут болсон. Тэгээд би карманаасаа утсаа аваад эхнэртээ хэлээд эмнэлэг дуудах гэтэл талийгаачийн ах эмнэлэг дуудаад зогсож байсан. Эмнэлэг дуудах уу? гэтэл би дуудаж байна гэсэн тэгээд төд удалгүй манай эхнэр ирсэн. Араас нь түргэн, цагдаа ирсэн. Тэгээд талийгаачийг эмнэлэг аваад явсан. Тэгээд би цагдаа нартай үзлэг хийлгээд үлдсэн гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орой 19 цагийн үед энэ хэрэг болсон байсан. Бүх явдал болсны дараа би очсон. Манай нөхрийн ах нь над руу утсаар ярьсан. Утсаар ярьсны улмаас би ирсэн. Биднийг ирэхэд эмнэлгийн машин гэрийн үүднээс хөдөлж байсан. Цагдаагийн машин зогсож байсан. Би юу болоод байгаа юм бэ? гэж хэлээд ороод цүнхээ тавьчихаад эмнэлэг рүү очсон. Нөхрийгөө эмнэлэгт очсоны дараа очсон. Манай нөхөр эмнэлэгт очоод эмчилгээ хийлгэж байгаад 23 цаг 13 минутанд нас барсан. Ц.Ч үнэхээр гэмшиж байсан бол бид нар дээр өөрийн биеэр ирж уучлалт гуйх байсан ч ирээгүй. Эгч нар нь ирсэн. Миний хувьд үнэхээр сэтгэлгүй гэж бодож байна. Үнэхээр гэмшиж байгаа бол бид нар дээр өөрийн биеэр ирээд болсон асуудлын талаар яриад уучлалт гуйж болох байсан байх нэг ч удаа тэгж ирээгүй. Огт манайд ирж байгаагүй, би урд нь Ц.Ч гэж мэднэ. Манай нөхөртэй найз нөхөд байсныг үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайхаар орж гарч үзээгүй. Эхнэртэй нь манай нөхөртэй нэг газар ажиллаж байсан. Би санаатай гэмт хэрэг гэж бодож байна. Огт манайд ирж байгаагүй хүн хэзээ хэнтэй ч архи ууж, уулзаж учирч болно. Гэмтээж бэртээгээд явахгүй яасан бэ? яагаад хүний амь насанд хүрэх болсон юм бэ? би үнэхээр гомдолтой байна. Өөрийгөө өмгөөлөх гээд ийм олон өмгөөлөгч аваад эхний хуралд 5 өмгөөлөгч ирсэн. Одоо хоёр өмгөөлөгч өмгөөлж хийсэн хэрэгтээ гэмшихгүй, өөрийгөө өмгөөлж байгаад үнэхээр харамсалтай, их гомдолтой байна гэв.

3. Иргэний нэхэмжлэгч У.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Ч ахыг танина, манай ээж Ц.У-ийн төрсөн дүү нь байгаа юм. Миний нэр дээр бүртгэлтэй 29-20 УНТ улсын дугаартай саарал өнгийн Ford Explorer гэх нэртэй Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн суудлын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг юм. Тухайн машиныг одоогоос 6 жилийн өмнө манай нөхөр Б худалдаж авч байсан. Тухайн үед манай нөхөр машинаа худалдан авахдаа миний нэр дээр бүртгүүлсэн юм байна лээ. Би тэр машиныг хаанаас, хэдэн төгрөгөөр худалдаж авч байсан эсэхийг болон хэдэн онд үйлдвэрлэгдсэн, хэдэн онд Монгол улсад орж ирсэн зэргийг ерөөсөө мэдэхгүй байна. Нарийн зүйлийг нь манай нөхөр Б л мэдэж байгаа байх. Манай машиныг манай нагац ах Ч 2022 оны 04 дүгээр сарын үед “Хөдөө явах ажилтай боллоо, машинаа түр хэрэглүүлээч” гэж гуйгаад Говьсүмбэр аймаг руу аваад явсан. Түүнээс хойш манай машиныг авч ирж өгөөгүй л байна. Бид нар саяхан 2022 оны 6 дугаар сард Говьсүмбэр аймагт очоод Ч ахад машинаа наадмын өмнөхөн авъя тэр болтол хэрэглэж л бай гэж хэлсэн юм. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын үед манай нагац эгч Ц.О манай нөхөрт Ч ахыг манай машиныг жолоодож яваад хүн мөргөчихсөн байна гэж хэлсэн байна лээ. Тухайн тээврийн хэрэгслийг хэзээ, хаанаас, хэдэн төгрөгөөр авсныг сайн мэдэхгүй байна. Би нөхрөөсөө гар утсаар асууж байгаад хэлье... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/,

4. Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрийнхөө ээжийн гэрт буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, хувийн байр 23 тоотод байж байсан юм. Тухайн байрны эсрэг талд нь манай төрсөн дүү Б-ын гэр нь байдаг юм. Манай ээжийн байр манай дүү Б-ын байр нь нэг хашаанд байдаг болохоор хоёулаа нэг хаягтай гэсэн үг юм. Тэгээд байж байтал манай дүү өглөө нь жаахан архи уучихаад унтаж байтал гаднаас 15 цагийн үед үл таних хүн Форд гэсэн жийп машинтай хүрч ирээд манай дүү Б-ын гэрт удалгүй манай дүүг аваад явчих шиг болсон. Тэгэхээр нь би гэрээсээ гарч ирээд хартал нөгөө машин хөдлөөд явчихсан байхаар нь би Бын гэрт яваад ортол Б гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод ном уншаад хэвтэж байгаад оройн 19 цагийн үед тамхи татах гэж гэрээс гараад байшингийнхаа баруун талд сууж байтал нөгөө машин манай хашааны гадна ирээд зогссон. Тэгтэл машинаас манай дүү Б нэлээд архи уусан байдалтай халамцуу бууж ирээд хашаанд орж ирээд миний хажууд суугаад эхнэртэйгээ гар утсаар яриад байж байтал машины жолооч машинаасаа буугаад хашаанд орж ирсэн. Тухайн машины жолооч нэлээд согтуу архи уусан байдалтай байсан бөгөөд манай дүүд хандан ганц юм ууя гээд байсан. Тэгтэл Б надад юу байдаг юм бэ, чи ер нь яв яв гэж хэлтэл нөгөө залуу нь чи их том болчихож дээ гэх зүйл хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд нөгөө жолооч залуу нь хашаанаас гарах гээд хашааны хаалга онгойлож чадахгүй байсан чинь манай дүү очоод хаалгыг нь онгойлгож өгөөд хоёулаа хамт хашаанаас гараад явчихсан юм. Тэгээд хашааны гадна манай дүү нөгөө залуутайгаа хэрэлдэж маргалдаад байх шиг байсан бөгөөд нөгөө залуу нь машиндаа суугаад машинаа ухрааж байсан. Тэр үед нь би гэр рүүгээ ороод юмыг яаж мэдхэв гэж бодоод 00-ын өрөөнд ороод цонхоороо /цонх онгорхой байсан/ харж байтал нөгөө жолооч манай дүүг хашааны хаалгатай хавсраад машинаараа мөргөх шиг болоод түг хийх чимээ гарч, хашааны хаалга цаанаасаа түлхэгдээд ганхаж байгаа харагдсан. Тэр үед нь манай дүү чи яаж байгаа юм бэ, намайг дайрчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь би гэрээч гарч хашааны гадна очтол манай дүү Б нөгөө залуутай барьцалдаад авчихсан бие биенээ 2-3 удаа цохиод ноцолдоод байсан. Тэгэхээр нь би тэд нарыг боль боль гэж хэлээд байж байтал нөгөө залуу машиндаа суугаад машинаа асаагаад ухарч байх үед нь манай дүү машины урд зогсчихсон чигээрээ ухар гэж орилж байсан чинь нөгөө жолооч чи яасан том пизда вэ гэж хэлээд машинаа хаазалж байгаад ухасхийгээд манай дүүг машиныхаа хамар хэсгээр мөргөтөл манай дүү газар ойччихсон чинь нөгөө жолооч машинтайгаа манай дүүгийн дээр гарчих шиг болсон. Манай дүү машины хамар доороос харагдахгүй байсан. Тэгээд нөгөө залуу машинаа хойш нь ухраасан чинь манай дүү машины хамар доороос гараад ирсэн. Тэр үед нь би газраас чулуу аваад чи хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлээд машин руу нь шидтэл урд талын салхины шилийг нь онож шил нь цуурч хагарсан. Тэгтэл нөгөө залуу машинаасаа гарч ирээд пизда чинь яасан хаашаа пизда вэ, би ялаа даана гэж орилж гарч ирээд манай дүүг газар ёолоод хэвтэж байхад нь бос гэж хэлээд гарнаас нь татсан. Тэгэхээр нь би тэр нөхөрт чи наад хүнээ битгий хөдөлгөөд бай гэж хэлчихээд гэр лүү ороод гар утсаа авч гарч ирээд эмнэлгийн байгууллага, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тухайн үед надаас өөр хүн байгаагүй. Сүүлд нь манай дүүг ёолоод орилоод хэвтэж байхад зүүн айлынх нь хүн юу болсон бэ гээд гарч ирж байсан. Тухайн үед машин ухарч байхдаа тэр чигээрээ хойшоо ухраад гараад явах боломж байсан, ард нь ямар нэгэн саад байгаагүй. Тухайн машины жолооч ухарч байгаад зогсоод, машинаа хаазалж байгаад урагшаа ухасхийгээд манай дүүг мөргөчихсөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48, 55-56 дугаар хуудас/,

5. Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ амарч байхад 20 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжаас хүнд өвчтөн үзүүлэе гэж дуудсан. Тэгээд би 20 цаг өнгөрөөгөөд ирэхэд осолд орж гэмтсэн Б гэх хүн яаралтай тусламжийн тасгийн эрэмбэлэн ангилах хэсэгт эмчилгээ хийгдэж байсан. Б гэх өвчтөн нь шокийн байдалтай, хавсарсан гэмтэлтэй байсан тул эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлж эмчилгээ хийсэн. Өвчтөн Б нь зам тээврийн осолд орж зүүн хөлний гуя хоёр хэсэгт хугаралтай зөрсөн, аарцагны суудал ясны хугарал, зүүн талын 3, 4, 5, 6 дугаар хавирга хугаралтай, баруун хөлийн 5 хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал зэрэг гэмтэл байсан. Дээрх гэмтлүүдэд шингэн сэлбэх, өвдөлт намдаах, цус тогтоох, ясны хугарлуудад хөдөлгөөн хязгаарлах гипс тавьж боолт хийх, артерийн даралт өгсөх, зүрх судас дэмжих зэрэг эмчилгээ хийгдсэн. Н.Быг үхэлд хүргэх болсон шалтгаан нь хүнд зэргийн хавсарсан гэмтэл, шокийн байдал, олон эрхтний дутагдал гэсэн онош тогтоосон. Н.Б нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг өнгөрч байхад аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж эмчилгээ хийлгэж байгаад 23 цаг 13 минутад зүрх нь гэнэт зогсож нас барсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед манай ажлын жижүүрийн утаснаас над руу залгаж машины осолд орсон хүн хүргэгдэн ирлээ гэсний дагуу би эрчимт эмчилгээний тасагт тухайн Н.Б гэх хүнийг хүлээн авч үзлэг хийхэд Н.Б эмнэлэгт анх ирэхдээ ухаантай, өвдөлт зовуурь ихтэй шокийн байдалтай хүргэгдэн ирсэн. Биед нь ил харагдсан зүүн дунд чөмгөний яс хугарч, хөлийн хэвийн байдал алдагдсан, 2 хөлийн шагай хэсгээр хавдаж хөхөрсөн байдалтай байсан бөгөөд Н.Б хөдөлж чадахгүй байсан. Мөн цээж хэсэгт рентген зураг авч үзэхэд цээжний зүүн, баруун талын олон хавирганы зөрүүтэй хугаралтай, түнх болон мөчийн рентген зурган дээр баруун талын суудал яс, зүүн хөлийн дунд чөмөг, 2 хөлийн шилбэ болон шагай хэсгийн олон тооны хавсарсан хугарал үүссэн байсан. Тэгээд Н.Бд шингэн сэлбэх, цус бүлэгнэлийг дэмжих, өвдөлт намдаах, гармони эмчилгээ, зүрх судас дэмжих, бактерийн эсрэг эмчилгээ зэргийг хийсэн. Тухайн үед Н.Баас яагаад гэмтэл авсан талаар асуухад машинд дайруулсан гэдэг зүйлийг хэлж байсан, тэгээд яг хэн гэдэг хүн яагаад машинаар дайрсныг асуухын завдалгүй эмчилгээ үйлчилгээний явцад өвчтөн ухаангүй болж шокийн байдал гүнзгийрснээр Н.Б эмнэлэгт хүргэгдэн ирснээс хойш 3 цаг 13 минутын дараа буюу 23 цаг 13 минутад зүрх судас зогсож нас барсан. Н.Бын бие болон өмссөн хувцсанд бусадтай зодолдож, цохилцсон зүйл анзаарагдаагүй бөгөөд намайг ирэхэд Н.Бын хувцсыг тайлчихсан орон дээр хэвтүүлээд цагаан хэрэглэлд оруулсан байсан. Хүнд зэргийн гэмтлийн улмаас эд эрхтний үйл ажиллагаа алдагдаж хүн маш их өвдөлт мэдрэхээр шокийн байдалд ордог. Мөн том мөчийн хугарлын улмаас цус алдалт үүсэхэд хүн шокийн байдалд ордог. Шокийн байдалд орсон хүн шокийн зэргээсээ хамаарч ухаантай байх эсэх нь хамаарна. Шокийн хөнгөн дунд зэрэгт байгаа хүн ухаантай байдаг боловч шокийн хүнд зэрэгт орох үедээ ухаангүй болдог. Н.Б эмнэлэгт хүргэгдэн ирснээс 1 цаг гарангийн хугацаанд ухаангүй болсон байх. Яг хэдийд ухаангүй болсон талаар санахгүй байна... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 197 дугаар хуудас/,  

6. Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Ц.Ч гэдэг хүнийг танина, миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс наймуулаа байсан, 2 нь өөд болчихсон, одоо зургуулаа. Ч нь айлын 8 дахь хүүхэд буюу хамгийн отгон хүүхэд юм. 4 эгч, 3 ахтай. 2 том ах маань нас барсан. Том эгч У Говьсүмбэр аймагт, ах Г Өмнөговь аймагт тэтгэвэрт, эгч У Улаанбаатар хотод хувийн компанид, эгч У, ээж Ц бид нар Говьсүмбэр аймагт тус тус амьдарч байна. Ч нь Өмнөговь аймгийн Манлай сумын 8 жилийн сургуулийг 1985-1993 он хүртэл сурч төгссөн. Анги удирдсан багшаар И-ийн Ж гэдэг хүн байсан. Өмнөговь аймгийн төвд байдаг сураг гарч байсан. Миний дүү Ч нь 8 дугаар анги төгссөн, цэргийн алба хаагаагүй. Ч нь 8 дугаар анги төгсөөд хөдөө аав, ээжтэй мал малладаг байсан. Ямар нэгэн байгууллагад ажиллаж байгаагүй. Том тэрэг барьж тээвэрт л явж амжиргаагаа залгуулдаг байсан. Ч-ын ангийн хүүхдүүд Говьсүмбэр аймагт байдаггүй. Чад агсам согтуу тавьдаг зан байхгүй. Архи уусан бол бид нараас зугтаж гэр орондоо унтчихсан байна гэж дуулддаг байсан. Тэр болгон архи, дарс уугаад байдаггүй. Ч бид хоёр 2 насны зөрүүтэй, хүнд их тусархуу, тусч зантай, хүний машин тэрэг янзлаж өгдөг. Машинаа янзлуулсан хүмүүс нь архи авч өгдөг. Техникийн чадвартай, хуучин машин авч засаж янзлаад зардаг. Гэр бүл болон ах, дүү, төрөл садан хүмүүстэйгээ эвтэй, найрсаг, зөөлөн, өрөвчхөн зантай хүн дээ. Аядуу зөөлхөн хүн. Миний аав зөөлхөн даруухан удирдах ажил олон жил хийсэн хүн байсан. Ээжид болсон асуудлыг хэлээгүй. Хуулийн дагуу дүүг саатуулагдсан байгаа гэж хэлсэн. Ээж маань нуруугаа хугалчихсан босож явж чадахгүй настай хүн бий... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас/,

7. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Н.Б гэх хүнийг танина, манайх айл хөрш 30 шахам жил болж байгаа болохоор танина, хөрш л гэхээс биш бие биенийхээрээ орж гараад яваад байдаггүй хүмүүс байсан. Харин Ч гэдэг хүнийг зүс танина, тааралдахаараа мэндтэй л явдаг хүмүүс байгаа юм. Би дээрх хүмүүстэй садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг Хувийн байр 15 тоотод хүүхдийн хувцасны дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим дэлгүүрээ хаачихаад гэр лүүгээ орох гэтэл нэг хүн ёо ёо гээд орилох чимээ гарсан. Тухайн үед би хашааныхаа баруун талын хаалгаар гэр лүүгээ орох гээд явж байсан бөгөөд манай баруун талын хашаа буюу талийгаач Н.Б гэдэг айлын хашааны өмнө Б өөрөө хашааныхаа урд талд Бо багшийн байшингийн ар талд хэвтэж байсан, харин түүний хажууд ах нь гэх хүн /нэрийг нь мэдэхгүй/ зогсож байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ, түргэн дуудсан уу гэж асуусан чинь түргэн дуудсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би нэг их сүртэй зүйл болоогүй юм байх гэд бодоод нэг их анзаараагүй гэртээ орчихсон юм. Тэгээд сүүлд нь буюу 2-3 хоногийн дараа Б-ыг нас барсан талаар сонссон. Би тухайн үед хашаа руугаа орох гээд явж байсан бөгөөд нэг их сүртэй зүйл болоогүй л юм байх гэж бодоод сайн анзаарч хараагүй, ямар ч гэсэн талийгаач Б Больсүрэн багшийн байшингийн ард хэвтчихсэн ёо ёо гээд орилоод байсан. Тухайн үед түүний хажууд ахаас нь өөр хүн байгаагүй, ойр хавьд нь хүн байсан эсэхийг нь анзаараагүй. Талийгаачийн ойр хавьд ямар нэгэн тээврийн хэрэгсэл байсан эсэх талаар анзаараагүй. Би хашаандаа зүүн хойд талынхаа байшинд амьдардаг болохоор хүнтэй маргалдаж, муудалцах нь сонсогдох боломжгүй, ер нь талийгаач гэртээ хүн, амьтан авч ирээд муудалцаад маргалдаж байсан талаар би лав сонсоогүй юм байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60 дугаар хуудас/,

8. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Н.Б, Ч гэх хүмүүсийг танина. Талийгаач Б бид 2 ШУТИС-ийн харьяа Холбооны сургалтын төв гэх сургуульд хамт суралцаж байсан. Манай дээд курст суралцаж байсан. Бид тааралдахдаа мэнд устай л өнгөрдөг хүмүүс бөгөөд найз нөхдийн ямар нэгэн холбоо байхгүй, энгийн л харилцаатай хүмүүс байгаа юм. Харин Ц.Ч-тай ажил төрлийн асуудлаар сүүлийн 11 жил найзалж байгаа юм. Бид анх тээвэрт явж байгаад танилцаж байсан бөгөөд түүнээс хойш найз нөхдийн холбоотой болсон хүмүүс байгаа юм. Би дээрх хүмүүстэй садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сарын эхээр /хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна/ Ч манай хөдөө гэрт ирээд замын хавтан аваад явсан. Тухайн үед надад хавтан байсныг Ч мэддэг байсан бөгөөд надад Даланжаргалан сумын хүн, хавтан гайгүй үнэтэй авч байна, чи хавтангаа зарахгүй юм уу гээд надаас хавтан аваад ачаад явж байсан. Түүнээс хойш түүнтэй уулзаагүй. Би Ч-тай танилцаж, найзалж нөхөрлөөд 10 гаран жил болох үед Ч-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхыг үзээгүй ээ. Тийм болохоор түүнийг архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн гэж ойлгоод яваад байдаг юм. Бид хамт тээвэрт явж байхдаа эртхэн амрах үедээ ганц нэг шил архи уух уу гэхээр Ч уухгүй гээд уудаггүй байсан юм. Би түүнийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь хараагүй болохоор түүнийг архи уусан үедээ ямар зан араншинтай эсэхийг нь мэдэхгүй байнa. Манай найз Ч нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэнжид амьдардаг бөгөөд яг хэдэн тоотод байдаг эсэхийг нь би ерөөсөө анзаардаггүй юм байна. Ч эхнэр 2 хүүхдийнхээ хамт амьдардаг юм. Манай найз хүмүүстэй харилцахдаа их сайхан, зөв харьцдаг бөгөөд архи дарс уугаад байдаггүй, дутагдалтай тал нь жаахан сандруу зантай, жаахан сандрах юм бол ямар үйлдэл хийхээ сайн мэддэггүй зантай хүн байгаа юм. Ер нь бол зөөлөн талын хүн байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас/,

9. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Н.Б гэдэг хүнийг танихгүй. Харин Ч гэдэг хүнийг танина. Ч ах бол миний ээж Ц.У-ы төрсөн дүү нь байгаа юм. Би “Осо контракшн” ХХК-нд ажилладаг байсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад 18 цагийн орчим гэртээ буюу Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 119 тоотод байж байтал 18-19 цагийн үед шиг санагдаж байна. Манай хашаанд байдаг Ч ахын эхнэр Г эгчтэй хашаан дотор тааралдсан чинь Г эгч надад агаа руу чинь явчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 40-40 ГСО улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд Г эгчийг суулгаад Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Оргил-Ундраа гэдэг нэртэй дэлгүүрийн ард талд байдаг /хаягийг нь хэлж мэдэхгүй байна/ айлын хашаанд очсон. Тухайн газар очиж явах замдаа Г эгч надад Ч ах чинь хүн дайрчихсан юм шиг байна гэж хэлж байсан бөгөөд тухайн газар нь ирэхэд тэр айлын хашаа нь урд талдаа цагаан өнгийн 1 давхар байшинтай байсан бөгөөд хашааны хаалга болон урд талын байшин хоёрын хоорондох зай нь нэлээд давчуухан газар байсан. Намайг очих үед тухайн цагаан өнгийн байшингийн ар тал болон хашааны хаалга хоёрын дунд нэг эрэгтэй хүн хэвтэж байсан бөгөөд түүний хажууд нь манай ах Ч зогсож байсан. Тухайн хэвтэж байсан хүнийг нь эмч үзээд байж байсан бөгөөд цагдаа нар ч бас ирчихсэн байсан. Тухайн үед газар хэвтэж байсан хүн ёолоод байсан бөгөөд намайг очих үед эмч нь нэг тариа хийгээд эмнэлгийн машинд хийгээд аваад явчихсан. Тухайн хэвтэж байсан хүнийг эмнэлгийн машинд носилк дээр хэвтүүлээд аваад явсан бөгөөд эмчээс нь өөр хажуугаас нь түшиж явах хүн хэрэгтэй гээд Г эгч эмнэлгийн машинд суугаад явсан. Тэгээд би тухайн газарт нь байж байхад цагдаа нар үзлэг хийгээд хэмжилт хийгээд байсан бөгөөд түүнийгээ дуусгаад Ч ахыг машинтай нь аваад явчихсан. Би гэр лүүгээ явсан. Тухайн өдрийн өглөө нь би Ч ахтай утсаар яриад машины нэг юм дуугараад байна, та үзээд өгөөч гэж хэлсэн чинь би чамайг орой ажлаас чинь тараад ирэхээр нь харж өгье гэж байсан юм. Тэгээд намайг орой Ч ах дээр очиход тэр надад нэг их зүйл яриагүй. Би өнөөдөр машиныг чинь үзэж өгч чадахгүй нь ээ. Улаанбаатар хот руу явахдаа машиныхаа дугуйг үзэж яваарай, хотод очоод хэзээ буцах юм бэ? надад хэлээрэй, буцахаар чинь юм захиж магадгүй шүү гэж ярьж байсан өөр зүйл яриагүй. Хэргийн талаар би Ч ахаас асуугаагүй, Ч ах ч надад хэргийн талаар яриагүй. Би Г эгчийг явсны дараа дэлгүүр яваад Ч ахад тамхи ундаа авч өгсөн. Ч ах тухайн үед архи уучихсан байсан бөгөөд нүдээр харахад л архи уусан нь мэдэгдэж байсан. Нэлээд согтуу байх шиг байсан бөгөөд яриа нь нэлээд өөрчлөгдсөн. Хэл ам нь ээдрээд яриа нь ойлгомжгүй болсон байсан. Ч ах архи согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй, ихэнхдээ л хөдөө тээвэрт явчихдаг бөгөөд гэртээ байх хугацаандаа машин янзлаад л байдаг юм. Хааяа л архи уудаг бөгөөд архи уусан үедээ элдэв зан араншингүй унтаад өгдөг, байнга архи уугаад байдаггүй хүн байгаа юм. Манай ах Ч нь эхнэр Г болон 2 хүүхдийнхээ хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Чойр 119 тоотод амьдардаг юм. Тухайн хашаанд нь манай эмээ Ц тусдаа байшинд амьдардаг бөгөөд би эмээтэйгээ хамт амьдардаг юм. Ч ах хүнд их тусархаг, дандаа бид нар болон ах дүү нартаа их санаа тавьдаг, гэртээ байхдаа зүгээр байж чаддаггүй, дандаа ямар нэг зүйл оролдож хийж байдаг хөдөлмөрч, техник талын мэдлэг сайтай хүн байгаа юм. Мөн сандруу зантай, сандрахаараа даралт нь ихэсчихдэг хүн байгаа юм. Манай ах Ч хичнээн архи уусан байсан ч гэсэн санаатайгаар хүнийг машинаар дайраад алчих хүн биш гэж бодож байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 64-65 дугаар хуудас/,

10. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Н.Б, Ч гэх хүмүүсийг танина. Б аймгийн холбооны газар ажилладаг байсан бөгөөд манай ажил түүний ажилтай ойрхон байдаг тул бид тааралдахдаа мэндтэй устай л байдаг хүмүүс байгаа юм. Харин Ч-ыг 2019 оноос хойш таних болсон тэр эхнэрийн хамт манай “Аялгуут хэмнэл” бүжгийн холбоонд элсэн орсон бөгөөд тэр үеэс нь эхлэн таних болсон. Түүнээс хойш холбооны гишүүдийн нэгэн адил харилцаатай байх болсон. Дээрх хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Талийгаач Б архи согтууруулах ундаа зохих хэмжээгээр хэрэглэнэ. Гэхдээ би сүүлийн хэдэн жил түүнтэй ойр дотно байгаагүй болохоор тэр талаар сайн мэдэхгүй байна. Харин Ч хааяа л архи согтууруулах ундаа хэрэглэдэг, гэхдээ тэгтлээ их ухаан алдталаа согтоод байдаггүй хүн байгаа юм. Архи уусан үедээ ямар нэгэн илүү дутуу зан байдаггүй. Энгийн л байж байдаг хүн байгаа юм. Би Б-ыг архи дарс уучихаад олон ааш гаргаад байсныг мэдэхгүй байна. Ер нь зан харилцааны хувьд энгийн даруухан хүн байсан юм. Харин Чын хувьд архи дарс уугаад байдаггүй, зан харилцааны хувьд энгийн даруухан, ямар нэг илүү дутуу зан араншин байхгүй хүн байгаа юм. Бүжгэнд маш их идэвхитэй явдаг байсан бөгөөд бүжгийн хамт олондоо ч нэр хүндтэй хүн байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 67 дугаар хуудас/,

11. Гэрч П.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Н.Б гэдэг хүнийг танина, бид нэг байгууллагад 5 жил ажилласан садан төрлийн холбоо байхгүй, харин Ч гэдэг хүнийг танина. Ч бид 1999 оноос хойш албан ёсоор гэр бүлээ батлуулан нэг гэрт амьдарч байна. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 119 тоотод амьдарч байгаа. Би түүнтэй анх 1996 онд Дорноговь аймагт байхдаа танилцаж байсан бөгөөд 1999 онд нэг гэрт орж амьдрах болсон. Би ажлынхаа хамт олонтой зугаалганд явж байгаад 2022 оны 6 дугаар сарын 18-ны орой гэртээ ирсэн юм. Тухайн үед зугаалганд явж ирээд нэлээд ядарчихсан ирсэн бөгөөд шууд л унтаад өгсөн. Намайг гэртээ ирэх үед манай нөхөр Ч гэртээ машин янзлаад л байж байсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 10 цаг өнгөрч байхад нөхөр бид 2 босоод цай ундаа уучихаад би буцаад унтчихсан юм. Манай нөхөр Ч гэрийн гадаа хашаанд байсан машиныг янзлах гээд гэрээс гараад явчихсан, би урьд өдөр нь нэлээд ядарчихсан ирсэн болохоор унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад өдрийн 14 цагийн орчим сэрээд гэрээс гарч бие заcaxaд манай нөхөр Ч хашаан дотроо машин янзлаад байж байсан. Тэгэхээр нь би буцаж гэртээ орж ирээд гал тогооны 2-3 ширхэг алчуурыг угааж тавьчихаад хэвтэж байсан чинь дахиад унтчихсан байсан. Тэгээд унтаж байгаад оройн 17 цаг 30 минутын орчим сэрээд гэрээс гараад иртэл Ч байхгүй байсан болохоор нь өөрийн хүү Т-аас аав чинь хаачсан юм бэ? гэж асуутал манай хүү аав дөнгөж саяхан гараад явчихсан гэж хэлсэн бөгөөд манай хашааны хаалга онгорхой байсан ба хашаанд байсан 29-20 /серийг нь мартсан байна/ улсын дугаартай саарал өнгийн өнгөтэй Ford Explorer маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би гэртээ хоол ундаа бэлдээд байж байтал оройн 19 цаг 10-20 минутын орчим Ч өөрийн 88701744 гэсэн дугаараас миний гар утас руу залгахаар нь би гар утсаа автал хань нь хүн дайрчихлаа, Оргил-Ундраагийн хойд талд Б-ын хашаанд хурдан хүрээд ир гэж хэлсэн юм. Тухайн үед Ч нэлээд айсан шинжтэй байх шиг байсан. Тэгэхээр нь би манай хашаанд манай хадам ээжтэй хамт байдаг Б-д хэлээд түүний 40-40 ГСО улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй нь Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Оргил-Ундраа гэдэг нэртэй дэлгүүрийн ард талд байдаг /хаягийг нь хэлж мэдэхгүй байна/ Б-ын хашааны гадна очсон. Тухайн газар нь ирэхэд талийгаач Б-ын хашааны урд талд нь цагаан өнгийн нэг давхар байшинтай байсан бөгөөд хашааны хаалга болон урд талын байшин хоёрын хоорондох гудамж маягийн газар байсан бөгөөд талийгаач Б хашааны урд талын цагаан өнгийн байшингийн хойд талд нэг метр орчим зайд хажуу тийшээ харчихсан ёолоод хэвтэж байсан бөгөөд түүний хажууд талийгаачийн ах нь гэх хүн болон манай нөхөр Ч зогсож байсан. Намайг очих үед эмнэлгийн машин болон цагдаагийн машин ирсэн байсан бөгөөд эмнэлэг ирээд талийгаачийн биеийг үзээд нэг тариа хийгээд түүнийг носилк дээр хэвтүүлээд эмнэлгийн машинд оруулсан. Тэр үед би талийгаачийг Б ах аа, нүдээ нээгээд над руу хараарай гэхэд над руу нүдээ нээгээд харж байсан. Мөн түүнийг носилк дээр тавих гээд та бөгсөө дээш нь өргөөрэй гээд хэлэхэд тэр бөгсөө өргөж байсан бөгөөд түүнээс маш их архи үнэртэж байсан. Тэгээд эмнэлгийн машинд суулгаад би хажууд нь түүнийг хараад эмнэлэг дээр ирсэн. Тэр үед талийгаачийн зүүн хөл нь гэмтсэн байсан гэдгийг нь нүдээр хараад мэдсэн болохоор би эмнэлгийн машинд, түүний зүүн хөлийг нь түшээд явж байсан. Би эмнэлгийн машинд явж байхдаа талийгаачийн эхнэр Я эгч рүү утсаар яриад та 103 дээр хурдан ирээрэй, бид нар аваад явж байна гэж хэлсэн. Би тухайн үед Ч-тай нэг ч үг солиогүй. Би машинаас буугаад л шууд талийгаач дээр очсон. Харин талийгаачийг носилк дээр тавиад өргөх гэхэд нь Ч өргөх гэхээр нь би түүнийг чи хэрэггүй цаашаа гэж хэлээд түүнийг ойртуулаагүй юм. Тэгээд л шууд эмнэлгийн машинд суугаад явчихсан болохоор Чтай нэг ч үг сольж чадаагүй. Ч тухайн үед архи уучихсан юм шиг царайтай байсан, гэхдээ нэг их согтуу байгаагүй, гайгүй л юм шиг харагдсан. Мөн тэр үед түүний нүүрний дух орчим хүзүү орчим улайсан байгаа харагдаж байсан. Би Чыг гэрээсээ 17 цаг өнгөрч байхад гарсан байх гэж бодож байна, намайг унтаж байгаад 17 цаг өнгөрөөгөөд сэрэхэд манай хүү Ч-ыг саяхан гарлаа гэж байсан. Гэрээсээ гарахаасаа өмнө Ч архи согтууруулах ундаа хэрэглээгүй юм. Намайг 14 цагт сэрээд гэрээс гарахад тэр машин янзлаад л хашаан дотроо байж байсан. Харин гэрээс гарахдаа ганцаараа гарсан гэж манай хүү надад хэлж байсан. Манай нөхөр Ч тэр болгон архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй, хааяа л нэг баяр ёслол болон найз нөхөд ирсэн үед л архи согтууруулах ундаа хэрэглэдэг юм. Хааяа энд тэнд архи уух юм бол намайг ирээд ав гэж дуудахаар нь би очоод авчихдаг байсан бөгөөд архи уусан үедээ ямар нэгэн муухай зан араншин байхгүй, зүгээр л унтаад өгдөг хүн байгаа юм. Архи уусан үедээ агсам согтуу тавиад хэн нэгэнтэй муудалцаж, маргалдаж байсан зүйл байхгүй. Манай нөхөр Ч нь бага насаа Өмнөговь аймгийн Манлай суманд өнгөрүүлсэн бөгөөд айлын бага хүүхэд байгаа юм. Аав нь насаараа удирдах ажилтан хийсэн, ээж нь номын санч, холбоочин байсан юм билээ. Манай нөхрийн аав, ээж нь их төлөв түвшин хүмүүс байсан. Манай нөхөр Өмнөговь аймгийн Манлай суманд 8 дугаар анги төгсөөд тус сумандаа аав, ээжтэйгээ хамт мал маллаж байгаад 1996 онд Дорноговь аймагт жолооны курст суралцаж байх хугацаандаа надтай танилцаад бид гэр бүл болсон. Манай нөхөр төрийн байгууллагад ажиллаж байгаагүй бөгөөд дандаа л хувиараа бизнес хийдэг байсан. Тэгээд Говьсүмбэр аймагт 2008 онд нүүж ирээд эндээ том оврын тээврийн хэрэгсэл жолоодож тээвэрт явдаг байсан юм. Манай нөхөр эхээсээ наймуулаа, айлын бага хүүхэд байгаа юм. 3 ах, 4 эгчтэй байсан бөгөөд 2 том ах нь нас барчихсан юм. Мөн манай нөхөр цэрэгт яваагүй, одоо бид 3 хүүхдийнхээ хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Чойрын 119 тоотод амьдарч байна. Манай нөхөр гэр орондоо түшигтэй, үр хүүхэд, хань ижилдээ анхаарал халамжтай найз нөхөд олонтой. Найз нөхдийн хүрээнд нэр хүнд сайтай, худлаа занд дургүй, ах дүү, ээждээ халамжтай, ах дүү нартаа их нөмөр, түшигтэй жаахан сандруу, аймхайдуу зантай. Хөдөө энд тэнд тээвэрт явж байхдаа хөдөө хээр ганцаараа унтахаар айгаад байна гээд байдаг. Мөн цаг хугацаа тулсан юманд сандраад хурдал, түргэл гээд байдаг юм. Ер нь жаахан шударга, худлаа занд дургүй, ноён нуруу их сайтай хүн байгаа юм. Мөн гэр орондоо элдэв янзын ааш авир гаргадаггүй. Говьсүмбэр аймгийн “Аялгуут хэмнэл” гэх нэртэй бүжгийн холбооны гишүүн бөгөөд тухайн холбоонд нэр хүнд сайтай, техник сэтгэлгээ их сайтай, ямар ч машиныг эвдэрсэн үед нь янзалчихдаг. Хүний машин эвдэрлээ гэхэд очоод янзлаад өгчихдөг тусархуу зантай хүн, мөн өөрөөсөө насаар ахимаг хүнтэй их найзалдаг үеийнх найзууд зөндөө олон байдаг бөгөөд их нөхөрсөг, тусархаг зан чанартай хүн байгаа юм...  гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70 дугаар хуудас/,

12. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Ц.Ч гэх хүнийг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. Би 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зохицуулагч дэслэгч Р-д Сүмбэр 10-аас хүн мөргүүлсэн байна гэх дуудлага мэдээлэл ирсэнд Р-ийн хамт тус дуудлага мэдээлэлд ирсэн. Дуудлаганд ирэхэд амь хохирогч нь цагаан өнгийн байшингийн ард доошоо харсан байдалтай ёолоод хэвтсэн, түүний хажууд Ц.Ч болон нэг эмэгтэй /Ч-ын эхнэр гэж бодсон/ Ц.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болох байдалтай байсан. Мөн тус газарт нэг эрэгтэй хүн байсан. Тухайн эрэгтэй нь энэ 2 архи уугаад хоорондоо маргалдаж байгаад Ч нь машинаараа амь хохирогчийг өөрийнх нь хашаатай хавсраад нэг мөргөөд ухарч байгаад дахин мөргөөд дээгүүр нь гарсан гэж ярьж байсан. Ч-ын амь хохирогчийг мөргөсөн гэх машин нь хойшоо харсан байдалтай цагаан байшин болон түүний баруун талын хашааны голд буюу цагаан байшин, хашаа хоёрын голд байж байсан. Үзлэг хийж байх үед цагаан байшингийн хойд хэсэгт амь хохирогчийн хэвтэж байсан газарт газрын хөрсөн дээр цус мэт зүйлээр бохирлогдсон, хатаагүй байдалтай байсан. Тухайн цагаан өнгийн байшингийн ар хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйн мөр байсан, гэхдээ тухайн үед ухсан болон тоормослосон мөрийн аль болохыг мэдээгүй. Дуудлага мэдээлэлд очиж шалгахад Ц.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үйл хөдлөлөөс нь илт мэдэгдэж байсан бөгөөд мөн Чаас архи согтууруулах ундааны зүйл их үнэртэж байсан учраас би согтолтын зэргийг нь шалгасан бөгөөд тухайн үед согтолт шалгасан бичлэг нь надад байгаа. Тухайн үед Ч болон тухайн эмэгтэй нь ямар нэгэн зүйл ярьж хэлэхгүй байсан. Тухайн эрэгтэй Б нь болсон асуудлыг ярьж өгөөд байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна гэж дүгнээд согтолтын зэрэг шалгах багаж үлээлгээгүй байх гэж бодож байна. Тухайн хүн тэр 2 хүнд хандан та 2 найз нөхөд байж болиоч нэгнийгээ аллаа ш дээ гэж хэлж байсан. Бийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй бөгөөд хувцсанд нь гадны нөлөөллөөр үүссэн ямар нэгэн шороо, тоос, урагдалт байгаагүй. Ч-ын биед зүүн хацар хэсэгт нь бага зэрэг шалбарсан, хүзүү нь улайсан байсан өөр зүйл анзаараагүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 14-15 дугаар хуудас/,

13. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Ц.Ч, Н.Б нарыг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар Жижүүрийн жолоочоор 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгээд 14 цагийн үед санаж байна, Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд хүн хутгалуулчихлаа гэх дуудлага мэдээллийн дагуу шинжээч Э.Б-ий хамт Шивээговь сум руу явсан. Шивээговь суманд хэргийн газрын үзлэг хийж дуусаад Говьсүмбэр аймаг руу буцаж байх замд 19 цагийн үед гэж санаж байна жижүүрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг ХБ 23 тоотод хүн машинд дайруулчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу би шинжээч Э.Б-ий хамт хэргийн газар очсон. Хэргийн газар очиход мөрдөгч Э.М, автын байцаагч Р нар ирчихсэн байсан ба хэрэг болсон газар буюу Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ХБ 23 тоотод модон хашаа бүхий цагаан байшингийн ертөнцийн зүгээр баруун талд хойш харж зогссон саарал өнгийн Форд маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн үед би жижүүрийн машин дотроос хэргийн газрын үзлэг хийж байсан алба хаагчдыг болон хэргийн газрын ерөнхий байдлыг харж байсан. Саарал өнгийн Форд маркийн тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газар байсан. Гэхдээ надтай ирж уулзсан зүйл байхгүй. Саарал өнгийн Форд маркийн тээврийн хэрэгслийн салхины шил нь хагарсан байсан. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл үүсээгүй байсан...  гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/,

14. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Ц овогтой Ч гэх хүнийг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. Би 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн хэлтсийн даргын баталсан хуваарийн дагуу хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр би 10 цагт цагдаа Т-ээс ээлж хүлээн авсан. Би тухайн өдөр ээлж хүлээн аваад Ц.Ч гэх хүнийг бие засуулахад тухайн Ц.Ч гэх хүн надаас би одоо яах бол, намайг яах бол гэх зүйлийг яриад байсан бөгөөд байгаа байдал нь их сандарч, түгшсэн байдалтай, бусад хүмүүстэй ямар нэгэн зүйл ярихгүй, дуугаа хураасан байсан. 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ц.Ч гэх хүнийг ахлах мөрдөгч, ахлах дэслэгч Э.М нь хүлээн авсан. Тэгэхдээ Ц.Ч-ын согтолтын зэрэг шалгагч драйгер багажаар үлээлгэсэн тэр үед 0,00 гэх заалтыг зааж байсан бөгөөд түүнийг нь ахлах дэслэгч Э.М өөрийнхөө гар утас дээр зургийг нь дарж авч байсан, тэгээд Чыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу аваад явсан. Тухайн үед 0,00 гэх үзүүлэлтийг зааж байсан бөгөөд энэ нь согтолтгүй, эрүүл байна гэсэн заалт юм...  гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 19 дүгээр хуудас/,

15. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Ц овогтой Ч гэх хүнийг танихгүй, садан төрлийн холбоо байхгүй. 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч Г-н хамт үүрэг гүйцэтгэсэн. Ц.Ч гэх хүнийг би хүлээн аваагүй. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан эмч Гансэлэм хүлээн авсан. Тухайн хүнийг надад хэлэхдээ гэмт хэрэгт холбогдсон этгээд учир хяналтаа сайн тавиарай гэж хэлсэн. Ч нь намайг хажууд нь байж байх үед бусадтай болон надтай ямар нэгэн зүйл дугарахгүй, харьцахгүй байсан. Мөн би хажуунаас нь холдсон ч гэсэн бусадтай ерөөсөө харьцахгүй байх шиг байсан. Эрүүлжүүлэх байранд байх үедээ дуугаа хураасан, бусдаас өөрийгөө тусгаарласан шинжтэй байсан. Чын биед ил харагдах гэмтэл, шарх гэх зүйл харагдаагүй. Ц.Ч нь камерт ороод л шууд хэвтээд өгсөн. Согтолт нь дунд зэрэгтэй л байсан санагдаж байна. Ямар нэгэн элдэв зан араншин гаргаагүй, би бие засах уу? гэж асуухад үгүй гэж хэлсэн өөр зүйл надад хэлээгүй...  гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 21 дүгээр хуудас/,

16. Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Шивээговь суманд байж байгаад бага зэргийн асуудал үүсгэсний улмаас 18-19 цагийн орчимд /цагийг нь сайн санахгүй байна/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд байх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд ирсэн. Тухайн өдрөө тэндээ хоносон. Би Ц овогтой Ч гэх хүнийг сайн танихгүй, садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Ц.Ч гэж 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хамт эрүүлжүүлэгдсэн ах шиг санагдаж байна. Эрүүлжүүлэхэд таарахаас өмнө харж байгаагүй. Тус өдөр нэг камерт саатуулагдсан тухайн Ц.Ч гэх хүн нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 20-21 цагийн орчимд эрүүлжүүлэх, саатуулах байранд орж ирсэн, орж ирэх үедээ хувцсыг нь бол хараагүй, мөн биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй, байхгүй байсан гэж би бодож байна. Согтолтын зэрэг нь ч мөн гайгүй байсан санагдаж байна. Камерт байж байх үедээ юм дугарахгүй, дуугаа хураачихаад хүн мөргөчихсөн, гайгүй байгаа, үхчихээгүй байгаа гэж хэлж байсан. Өөр нэг их зүйл яриагүй, сэтгэл санаа нь ямар байсан талаар би сайн мэдэхгүй байна. Ямартай ч хүнтэй бараг юм дуугарахгүй байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ их согтоогүй байсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 23 дугаар хуудас/,

17. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Ц.Ч, Н.Б гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Сүмбэр сумын 1 дүгээр баг хувийн байрны 23 тоотын гадна талд автомашинд дайруулсан хүн байна гэсэн дуудлага мэдээлэлд жижүүрийн бүрэлдэхүүний хамт үзлэг хийсэн. Уг дуудлагаас өмнө Шивээговь суманд хэргийн газрын үзлэгт яваад жолооч, ахлагч Б-ийн хамт аймаг руу явж байхад замд Цагдаагийн жижүүрийн шуурхай албанаас жолоочийн утас руу залгаж дуудлага гарлаа гээд шууд очих газрыг нь хэлчихсэн байсан. Тухайн хэргийн газарт ирэхэд ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.М замын зохицуулагч зэрэг жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн байсан. Мөргүүлсэн гэх хүний ах гэж нэг хөгшин хүн болсон асуудлын талаар ярьж байсан. Манай дүү анх энд машинд мөргүүлсэн, дараа нь дахин өөр газарт мөргүүлсэн талаар зааж байсан. Чулуулаг гэх хатуу хөрстэй газар байсан. Шинжилгээнд тэнцэх тод мөр байхгүй, бүдэг дүрслэгдсэн тээврийн хэрэгслийн мөрнүүд байсан ба мөрдөгчийн хэлснээр үзлэгийн гэрэл зургийг бэхжүүлж байсан. Би хэргийн газрын үзлэгээр авсан таавчик, цус 2-ыг мэдэж байна. Таавчик, цус 2-ыг машинд мөргүүлсэн хүний эд зүйл гэж тэнд байсан настай ах хэлж байсан. Цагаан өнгийн цаас бол тэнд байсан хуучин цаас байсан үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд орсон байна лээ. Тэр бол хэрэгт ач холбогдолгүй зүйл юм. Намайг уг газарт ирэхэд машинд мөргүүлсэн гэх хүн байгаагүй ба хэвтэж байсан газарт нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйл газрын хөрсөнд тогтсон байсныг мөрдөгч зургийг нь ав гэсний дагуу 1 дугаарын цифрээр гэрэл зургаар бэхжүүлсэн. Анх мөргүүлсэн цэг таавчик байсан газрыг заасан болохоор А цэгээр тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлсэн. Тэгэхэд уг хашааны гадна талд ногоон өнгийн таавчик байсан юм. Машинд мөргүүлсэн хүний ах нь гэж настай хүн энэ манай дүүгийн таавчик гэж хэлж байсан. Хэргийн газрын үзлэгийг ахалж байсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.М нь хэргийн газрын үзлэгийн зургаар бэхжүүлж аваарай гэж хэлэхээр нь зургаар бэхжүүлсэн юм. Мөн 23 дугаарын хашааны хаалганы өмнө байсан таавчикний зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Мөрдөгч ав гэж хэлээгүй болохоор аваагүй. Тус газарт нүдэнд тод харагдах болон шинжилгээнд тэнцэхүйц тээврийн хэрэгслийн дугуйны мөр байгаагүй. Уг мөрөн дээгүүр зөндөө хүний гутлын мөрнүүд гишгэсэн байсан болохоор тодорхой авчих мөр байгаагүй юм. 2 дугаараар дугаарласан гэрэл зураг бол хэргийн газрын ерөнхий байдлыг харуулсан зураг. 3, 4 дүгээр цэг бол талийгаачийг анх тээврийн хэрэгслээр мөргөсөн гэх цэгийг А үсгээр тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. 5 дугаар цэг бол талийгаачийн өмсөж байсан гэх таавчикийг гэрэл зургаар бэхжүүлэн авсан... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 25 дугаар хуудас/,

18. Гэрч М.Р мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Ц.Ч, Н.Б гэх 2 хүнийг танихгүй, найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй. 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг хувийн байрны 23 тоотын гадна машинд хүн мөргүүлчихсэн байна гэсэн дуудлага ирлээ гэж жижүүрээс мэдэгдсэн. Тухайн дуудлагын дагуу хэргийн газарт зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б-ий хамт ирэхэд машинд дайруулсан гэх хүн 23 тоот хашааны урд талын байшингийн ар хэсэгт хэвтэж байсан. Эмнэлгийн машин ирээгүй байсан ба төд удалгүй эмнэлгийн машин ирж үзээд яаралтай авч явахгүй бол болохгүй нь гээд аваад явсан. Үзлэгийн баг араас ирж үзлэгээ хийсэн Форд машины жолооч гэх хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б согтолт шалгах багаж авчрахаар ажил руу явсан ба үзлэг дууссаны дараа тухайн хүний буюу жолоочийн согтолтыг шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Согтолт шалгах багажаар зохицуулагч, цагдаагийн эхлэгч Б.Б шалгахад 2.85 гэсэн заалтыг зааж байсан. Зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б утсаараа согтолт шалгах үедээ бичлэг хийж байсан. Тэр мөргүүлсэн гэх хүнийг эмнэлгийн машин авч явсны дараа хэвтэж байсан газрын хөрс бага хэмжээний цус болсон байсан. Шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж байгаа харагдсан. Тухайн хэргийн газарт очиход урд талаасаа ордог коридор маягтай байршилтай. Баруун талаараа хашаатай, зүүн талд нь байшинтай, уг байшингийн баруун талд хойшоогоо чиглэлтэй Форд маркийн машин байсан. Хойд талын хашааны гадна талд саарал өнгийн жижигхэн суудлын тэрэг хажууны гадна талд тавьсан байдалтай харагдаж байсан. Бид нарыг очиход нэг хөгшин ах байсан ба тухайн хүн энэ 2 муудалцаад машинаараа дайрчихсан гэсэн утгатай зүйл ярьж байсан. Машинаараа манай дүүг хашааны хаалгатай хавсарч мөргөсөн гэж жолоочийг хэлээд байсан. Тэр үед тасгийн дарга байгаагүй дуудлага бүрт тасгийн дарга ахлахад мэдэгдэх ёстой. Түүний дагуу ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч М-г дуудсан. Үзлэг хийж байхад машинд мөргүүлсэн хүний таавчик гээд 23 дугаартай хашааны өмнө байсан. Энэ хаана байсан юм бэ? гэж асуухад нөгөө ах би тэнд тавьсан юм гэж хэлсэн. Тэр машины жолоочоос юу болсон, яасан гэж асуухад юу ч дуугарахгүй зогсоод байсан. Форд автомашины салхины шилийг тэнд байсан ах машинд мөргүүлсэн хүнийг өмөөрч хагалсан гэсэн утгатай зүйл ярьж байсан...  гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 27 дугаар хуудас/,

19. Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

 Би Ц.Ч, Н.Б гэдэг хүмүүсийг танихгүй, найз нөхөд, садан төрлийн холбоо байхгүй. 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэртээ амарч байхад манай байцаагч, цагдаагийн дэслэгч М.Р над руу утасдаад, Сүмбэр сумын 1 дүгээр баг хувийн байрны 23 тоотод хүн машинд мөргүүлсэн гэсэн дуудлага ирлээ. Би ирчихээд байна, та ирэх үү? гэж хэлсэн. Тухайн үед тасгийн дарга эзгүй байсан, миний хувьд хүн дайруулсан гэх дуудлагад ахлах зохицуулагчийн хувьд очсон. Тухайн газарт очиход Форд маркийн автомашин урдаасаа хойшоо чиглэлд харсан байдалтай унтраалттай байсан. Жолооч нь машиныхаа дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харахад согтуу байсан. Юу болсон яасан талаар асуухад жолооч гэх залуу юу ч хэлэхгүй, дуугүй байсан. Харин машинд дайруулсан гэх хүн ёолоод хойшоо харсан машины зүүн урд талд нь хэвтчихсэн, эмнэлгийн хүмүүс үзээд байж байсан. Машинд дайруулсан хүний хувцас, шороо болсон нуруу хэсэг нь ил гарсан харагдсан. Тухайн хүнийг үзэж байсан эмч анхны мэдээллээр гуяны яс хугарсан байж болзошгүй, яаралтай авч явлаа гээд эмнэлгийн машинд өргөж оруулаад авч явсан. Мөрдөгч болон замын зохицуулагч, шинжээч нар үзлэг хийж байсан. Тэр үед хойд талын хашаанаас нэг ах гарч ирээд наад 2 чинь түрүүнээс хойш энүүгээр архи уугаад хоорондоо маргалдаж зодолдоод байсан гэж хэлсэн. Тэр машины жолоочийн хүзүү хэсэг нь жаахан улайчихсан байгаа харагдсан. Машины урд талын шил хагарсан, цуурсан байсан. Тэгэхлээр нь би жолоочоос юу болсон юм бэ, та 2 хоорондоо зодолдсон юм уу? гэхэд тийм бид 2 найзууд байгаа юм гэж хэлсэн. Хойд талын хашаанаас гарч ирсэн ах болохоор дундуур орж ирээд наад хүн чинь саяын эмнэлэг явдаг манай дүүг санаатай мөргөсөн. Хашаа руугаа заагаад энд манай дүүг хашаатай хавсарч мөргөсөн. Тэгэхлээр нь би чулуу шидэж, уг машины шилийг хагалсан юм гэж хэлсэн. 2-3 удаа манай дүүг машинаараа мөргөсөн гэж байсан. Газар дээр нь согтолт шалгах багажаар жолооч гэх Ч-ыг шалгасан. Үзлэгийн баг үзлэгээ дуусгаад машиныг нь манай зохицуулагч цагдаа, дэслэгч Б.Б журмын хашаа руу авч явсан ба Ч-ыг ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.М жижүүрийн машинтай аваад явсан. Тухайн өдөр жижүүрийн жолоочоор ахлагч Б байсан. Намайг дуудлага дээр очиход тухайн газарт жижүүрийн бүрэлдэхүүн байсан. Сүүлд 40-40 ГСО улсын дугаартай Приус маркийн машинтай эхнэр нь гэж нэг хүүхэн нэг залуугийн хамт ирсэн. Түүнээс хойш 10-аад минутын дараа нэг хүүхэн ирээд манай аав янз бүр болвол таньтай ярина шүү гэж хэлээд хойд талын хашаа руу ороод явсан. Өөр хүн амьтан байгаагүй. Тухайн газарт олон машин явдаг, дамжин өнгөрөх боломжгүй санагдсан. Тойроод нарийхан гудамж байсан. Тухайн өдөр дулаахан, гэгээтэй нар шингээгүй байсан. Тухайн жолооч гэх Ч нь огт юм ярихгүй, дуугүй л байсан. Тэр хүн мөргөсөн жолооч нэлээн их согтолттой байгаа  бололтой байсан. Хойд хашаанаас гарч ирсэн ах тэр жолоочид хандан та 2 найзууд байж нэгнийгээ ингэж болохгүй шүү дээ гэж хэлэхэд жолооч залуу толгой дохиод байгаа харагдсан. Машин ордог том хаалганы өмнө тээврийн хэрэгслийн мөр эргэсэн, ухарсан бололтой байсан. Тэр хашааны гадна тал сул шороотой нааш, цаашаа холхисон байдалтай мөрнүүд байсан. Машинд дайруулсан хүнийг эмнэлэг авч явсны дараа түүний хэвтэж байсан газарт бага хэмжээний цус мэт зүйл газрын хөрсөн дээр байсан. Шинжээч уг цусны зургийг дарж байгаа харагдсан. Хойд талын хашаанаас гарч ирсэн ах хэлэхдээ уг саарал өнгийн машиныг манай машин гэж байсан. Тэгэхлээр нь би энэ 2 таавчик хэнийх юм бэ гэж асуухад машинд дайруулж, эмнэлэг явсан хүний таавчик тэнд байсныг би авчирч тавьсан юм гэж хэлж байсан. Ослын газарт байсан эд зүйлсийг хөдөлгөсөн байсан учир үзлэгт тусгаагүй байх. Форд маркийн автомашин болохоор 23 дугаарын хашаа руу харсан байдалтай зогсож байсан. Уг машин болохоор машинд дайруулж эмнэлэг явсан хүний машин гэж ярьж байна...  гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 29-30 дугаар хуудас/,

20. Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Би Ч гэдэг хүнийг танихгүй, садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. Би 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад найз нартайгаа жаахан архи, шар айраг хувааж ууцгаасан юм. Тэгээд шөнө найзуудтайгаа жаахан маргалдсан чинь манай эхнэр цагдаа дуудчихсан байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг шөнийн 3 цагийн орчим цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд авч ирж эрүүлжүүлсэн. Тэгээд эрүүлжүүлэгдэж хоноод 2022 оны 6 дугаар сарын 20-ны өглөө эрүүлжүүлэхээс гарсан. Би тухайн үед эрүүлжүүлэх байрны урд талаасаа 2 дахь камерт орсон, намайг ороход тухайн камерт нэг настайвтар ах, нэг залуухан миний үеийн залуу нар байсан. Тухайн хүмүүсийг би танихгүй хүмүүс байсан бөгөөд хоёулаа туранхай биетэй хүмүүс байсан. Харин нөгөө талын камерт 2-3 хүн байх шиг байсан. Ямар ч гэсэн нэг хүн үүрээр орж ирээд орилж хашхираад байсан. Надтай хамт нэг өрөөнд байсан хүмүүс юу ярьж байсан эсэхийг мэдэхгүй байна. Намайг орж ирэхэд тэр 2 хүн энгийн л зүйл ярьж байхаар нь би тухайн хүмүүст хандан та нар чимээгүй бай, би унтмаар байна гэж хэлээд нөмрөх юмаа толгой дээгүүрээ нөмрөөд унтчихсан, нэг сэрсэн чинь өглөө болсон байсан. Харин өглөө болсон хойно тухайн хүмүүс ямар нэгэн зүйл яриагүй... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 32 дугаар хуудас/,

21. Шинжээч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Дүгнэлтэнд талийгаачид учирсан гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж, дайруулсан үйлдлийн улмаас үүсэх боломжтой гэж хариулсан. Үүнийг тоогоор илэрхийлбэл 2 /хоёр/ удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 45 дугаар хуудас/,

Талийгаачид учирсан гэмтлүүд гэмтлүүдээс зүүн дунд чөмөгний хугарал тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед үүссэн байх боломжтой ч хугарлын байрлалаас үзэхэд яг мөргүүлсэн үед үүссэн гэж үзэх боломжгүй, харин бусад өвчүү, хавирга, суудал яс, баруун хөлийн 5-р хурууны хугарлууд нь машинд дайруулах буюу автомашины доод талын эд ангиудад дарагдаж шахагдсанаас үүссэн байхаар байна. Гадна талын зөөлөн эдийн гэмтлүүдийн биеийн дээд хэсгийн гэмтлүүд нь автомашинд дайрагдахад үүснэ, харин 2 хөлийн шилбэ, тавхай хэсэгт үүссэн гэмтлүүд автомашинд мөргүүлэхэд үүссэн байх боломжтой. Тэгэхээр талийгаачийн дунд чөмөгний хугарал нь босоо үед /шилбэний зулгаралт/ мөргүүлэх үед үүссэн боломжтой, бусад гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед талийгаач хэвтээ байрлалд байхад дугуй болон автомашины доод талын эд ангиудад дарагдаж шахагдсанаас үүснэ. Тээврийн хэрэгсэл талийгаачийн бие дээгүүр дугуйгаараа дарж /давж, дайрч/ гарсан шинж тэмдэг илрээгүй. Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг тээврийн хэрэгслээр 2 удаа тусдаа мөргөж гэмтээсэн зүйл байхгүй, харин 1 удаа мөргөж талийгаачийг газар унасны дараа тээврийн хэрэгслийн дугуй, эд ангиудад дарагдаж, шахагдсанаас үүссэн байх боломжтой гэж үзэхээр байна. Учирсан олон гэмтлийн улмаас хүний биед их хэмжээний өвдөлт өгч, уг өвдөлтийг тэсвэрлэхгүйн улмаас, эд эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдаж үхэлд хүргэдэг. Шоконд ортолоо тухайн хүний бие махбодийн онцлогоос тодорхой хугацаа өнгөрөөдөг бөгөөд, гэмтэл авсан даруйдаа нас бараагүйг илэрхийлнэ... гэх мэдүүлэг /3 дугаар хх-ийн 194-195 дугаар хуудас/,

22. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 646 дугаар дүгнэлтэнд:

- Ц.Ч нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

- Ц.Ч нь өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадвартай байна.

- Ц.Ч одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

- Ц.Ч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

- Ц.Ч нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

- Ц.Чад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэрэгтэй сэтгэцийн эмч Д.Дэжидмаа, Л.Баттулга, ахлах зэрэгтэй сэтгэцийн эмч С.Байгальмаа гэжээ. /1 дүгээр хх-ийн 101-102 хуудас/,

23. Шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар дүгнэлтэд:

- Талийгаачийн цогцост өвчүү ясны хугарал, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн дунд чөмөгт яс, баруун талын суудал яс, баруун тавхайн 5 дугаар хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, дагзны дээд хэсэг болон зүүн зулайн ар хэсгийн хуйх, ясны хальсанд цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, зүүн мөр, нуруу, хоёр тохой, зүүн шилбэ, баруун тавхай, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүдээс цээжний цус хуралт гэмтлээс бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна.

- Талийгаач нь элэгний хатуурал өвчтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөөгүй.

- Талийгаач нь О/I/ бүлгийн харьяалалтай цустай байна.

- Талийгаачийн цусанд 1.8 промилл, ходоодны шингэнд 3.1 промилл спиртийн зүйл илэрсэн. Цусан дахь 1.8 промилл спиртын зүйлийн илрэл нь дунд зэргийн согтолтод хамаарна.

- Талийгаач нь цээж, доод мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокд орж нас баржээ.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Галиндэв гэжээ. /1 дүгээр хх-ийн 107-121 дүгээр хуудас/,

24. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 740 дүгээр дүгнэлтэд:

- Талийгаач Н.Бын цогцост өвчүү ясны хугарал, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн дунд чөмөгт яс, баруун талын суудал яс, баруун тавхайн 5 дугаар хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, дагзны дээд хэсэг болон зүүн зулайн ар хэсгийн хуйх, ясны хальсанд цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, зүүн мөр, нуруу, хоёр тохой, зүүн шилбэ, баруун тавхай, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээжний цус хуралт гэмтлээс бусад гэмтэл нь шинэ гэмтэл байна.

- Шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тээврийн хэрэгсэлд мөргүүлж, дайруулах үйлдлийн улмаас үүсэх боломжтой.

- Талийгаачид учирсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Ч.Эрдэмболор гэжээ. /3 дугаар хх-ийн 36-40 дугаар хуудас/,

25. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 150 дугаар дүгнэлтэд:

- Ц.Чын биед дээд уруулын дотор салстанд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.06.19-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадварын тогтонгид нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /3 дугаар хх-ийн 48 дугаар хуудас/,

26. Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1471 дүгээр дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн 29-20 УНТ улсын дугаартай “Ford Explorer” маркийн саарал өнгийн автомашины урд салхины шилэнд үүссэн 700х600мм хэмжээтэй гэмтэл нь автомашины баруун талаас зүүн чиглэлд хатуу зүйлтэй үйлчлэх үед үүссэн цууралт байна.

- Шинжилгээнд ирүүлсэн 29-20 УНТ улсын дугаартай “Ford Explorer” маркийн саарал өнгийн автомашины урд салхины шилэнд үүссэн цууралтыг ямар зайнаас, ямар эд зүйлээр үүсгэсэн болохыг мөр судлалын шинжилгээгээр тодорхойлохгүй.

- Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Галбадрах /3 дугаар хх-ийн 223-224 дугаар хуудас/,

27. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/,

28. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас/,

29. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 16 дугаар хуудас/

30. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 6-12 дугаар хуудас/,

31. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 21-27 дугаар хуудас/,

32. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

33. Тэврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 225-229 дүгээр хуудас/,

34. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 235-239 дүгээр хуудас/,

Гэрч Н.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай

35. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 104-108 дугаар хуудас/,

Яллагдагч Ц.Ч-  ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай

36. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 109-111 хуудас/,

37. “Ашид Б” ХХК-ны автомашины техникийн үнэлгээний тайлан /1 дүгээр хх-ийн 88-89 дугаар хуудас/

38. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 231-234 дугаар хуудас/,

39. Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, түүнд холбогдох баримтуудыг хуулбар /1 дүгээр хх-ийн 204-224 дугаар хуудас/,

40. Хохирлын зардлын баримтууд, хохирол төлсөн тухай баримт /3 дугаар хх-ийн 51-97, 98-102 хуудас/,

41. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 175 дугаар хуудас/,

42. Шүүгдэгч Ц.Чад цагдан хорих болон хязгаалалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтууд /1 дүгээр хх-ийн 133-135, 160-164, 170-173, 2 дугаар хх-ийн 102-104, 121-122, 177-178, 189-193, 201-204, 216-220 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Ц.Чын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 23 тоот хашааны гадаа 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Н.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг 29-20 УНТ улсын дугаартай “Ford Explorer” маркийн тээврийн хэрэгслээр 2 удаа мөргөж дайрсны улмаас Н.Б нь тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийгдэж байгаад 23 цаг 13 минутад цээж, доод мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас барж, хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч Д.Н гэм буруугийн шүүх хуралдаанд “Миний бие нь шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Тус хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогчийн тал гэрч нарын мэдүүлэгтэй танилцлаа. Миний хувьд мэргэжлийн хуульч биш боловч иргэдийн төлөөлөгчийн хувьд эрх үүргийн дагуу дараах санал бодлоо хургэж байна. Архи уусан хүн тухайн үед ухаан санаагаа алдсанаас нэг нь амь насаа алдаж, нэг нь өнөөдөр хэрэгтэн болоод зогсож байгаа нь харамсалтай байна. Эрхэм шүүгч нар минь хүний алдсан оносон явдал болон хийсэн үйлдэлд нь мэдээж хуульд заасан ял оногдуулах байх. Гэхдээ хийсэн хэрэгтээ гэмшиж алдаагаа ухамсарлаж байгаа байдлыг нь харгалзан үзээд хуульд заасан заалтын доод хэмжээгээр хөнгөн ял оногдуулна уу гэсэн саналтай байна. Мөн гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я-ын өмгөөлөгч М.Ү гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.Чын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Тодруулбал гэрч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд 2 удаа мэдүүлэг өгсөн, мэдүүлгийг нь газар дээр нь шалгасан, Ц.Ч-тай нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан, мэдүүлэгтэй нь холбогдуулан туршилтын ажиллагаа хийсэн. Гэрч Н.Б-ийн мэдүүлэг нь тогтвортой өөрчлөгддөггүй. Гэрч Н.Б нь шүүгдэгч Ц.Ч-ыг тухайн үед өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээрээ талийгаач Н.Б-ыг санаатай мөргөсөн талаар маш тодорхой мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Ц.Ч-ын мэдүүлэг үнэн гэж байгаа бол анх яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар тодорхой мэдүүлэг өгөх боломжтой байсан. Гэтэл мэдүүлэг өгөхгүй байж байгаад 2 сарын дараа мэдүүлэг өгөхдөө маш зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Ингээд улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлттэй санал нэг байна. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я-аас нэхэмжилсэн 201 600 000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ч-аас гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Ч-ын өмгөөлөгч Ц.Гансүх гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.Ч-ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэргийг анхнаасаа маш дутуу шалгасан. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн. Тухайн үед талийгаач Н.Б хаана хэвтэж байсан нь тодорхойгүй. Хэргийн газрын үзлэгийн А цэг бол хэрэг гарсан цэг байх ёстой. Энэ цэгийг талуудын оролцоотойгоор тогтоох ёстой. Тэгтэл А цэгийг тогтоохдоо гэрч Н.Б-ийн мэдүүлэгт үндэслэж тогтоосон. Тэр хаана байсан нь тодорхойгүй таавчикийг А цэгийн хажууд байрлуулаад зургийг нь авчихсан байсан. Мөн шинжээч Ч.Э мэдүүлэхдээ “Талийгаачийн биед учирсан гэмтлүүдийг тээврийн хэрэгслээр 2 удаа тусдаа мөргөж гэмтээсэн зүйл байхгүй, харин 1 удаа мөргөж талийгаачийг газар унасны дараа тээврийн хэрэгслийн дугуй, эд ангиудад дарагдаж, шахагдсанаас үүссэн байх боломжтой гэж үзэхээр байна.” гэж мэдүүлдэг. Энэ мэдүүлгээс үзэхэд Ц.Ч нь тээврийн хэрэгслээр санаатайгаар талийгаач Н.Б-ыг 2 удаа мөргөсөн нь тогтоогдохгүй байна. Иймд Ц.Ч-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан аль тохирох зүйлээр зүйлчилж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Ч-ын өмгөөлөгч Л.Бурмаа гэм буруугийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч Ц.Гансүхийн дүгнэлттэй санал нэг байна. Энэ хэрэг дээр хэргийн газрын үзлэгийг маш дутуу хийсэн. Тээврийн хэрэгслээр талийгаач Н.Б-ыг мөргөхөд хашааны хаалга ганхсан гэж байгаа бол тэр хашааны хаалганд үзлэг хийх ёстой байсан. Үүнийг хийгээгүй орхигдуулсан. Мөн туршилтын ажиллагааг дутуу хийсэн. Туршилтаар тухайн тээврийн хэрэгсэл тэр давчуу жижиг зайнд хэрхэн хөдөлгөөн хийж гарах ёстой байсныг туршилтаар тогтоогоогүй. Зүгээр гэрч Н.Б-ийн мэдүүлгийг шалгасан болоод орхисон. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа шүүгдэгч Ц.Ч-ын мэдүүлгийн дагуу ажиллагаа хийгээгүй. Зөвхөн гэрч Н.Б-ийн мэдүүлгийг үндэслэж ажиллагаа явуулсан. Мөрдөгчийн зүгээс гэрч Н.Б-ээс мэдүүлэг авахдаа дандаа хөтөлж мэдүүлэг авсан. Иймд Ц.Ч-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Ц.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байрны 23 тоот хашааны гадаа 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Н.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг 29-20 УНТ улсын дугаартай “Ford Explorer” маркийн тээврийн хэрэгслээр санаатай дайрсны улмаас талийгаач Н.Бын амь насыг хохироож, хүнийг алсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Ц.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я-ын өмгөөлөгч М.Үүрийнтуяа, иргэдийн төлөөлөгч Д.Н нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Ц.Ч нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэхдээ “Ford Explorer” маркийн 29-20 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан талийгаач Н.Б-ыг санаатай дайрсны улмаас түүний амь насыг хохироож, биед нь өвчүү ясны хугарал, баруун 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, зүүн дунд чөмөгт яс, баруун талын суудал яс, баруун тавхайн 5 дугаар хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, дагзны дээд хэсэг болон зүүн зулайн ар хэсгийн хуйх, ясны хальсанд цус хуралт, баруун бөөрний өөхөн эслэгт цус хуралт, зүүн мөр, нуруу, хоёр тохой, зүүн шилбэ, баруун тавхай, баруун шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл учруулж, цээж, доод мөчдийн хавсарсан гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокд орж нас барсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Ч-ыг зүйлчилсэн хуулийн зүйл анги тохирсон байна гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Шүүх бүрэлдхүүн шүүгдэгч Ц.Ч-ын өмгөөлөгч Ц.Гансүх, Л.Бурмаа нараас гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Ц.Ч нь “Ford Explorer” маркийн 29-20 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр санаатай дайрч талийгаач Н.Б-ын амь насыг хохироож, хүнийг алсан болох нь гэрч  Н.Б-ийн “...Тэр үед нь би гэр лүүгээ ороод юмыг яаж мэдхэв гэж бодоод 00-ын өрөөнд ороод цонхоороо /цонх онгорхой байсан/ харж байтал нөгөө жолооч манай дүүг хашааны хаалгатай хавсраад машинаараа мөргөх шиг болоод түг хийх чимээ гарч, хашааны хаалга цаанаасаа түлхэгдээд ганхаж байгаа харагдсан. Тэр үед нь манай дүү чи яаж байгаа юм бэ, намайг дайрчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь би гэрээс гарч хашааны гадна очтол манай дүү Б нөгөө залуутай барьцалдаад авчихсан бие биенээ 2-3 удаа цохиод ноцолдоод байсан. Тэгэхээр нь би тэд нарыг боль боль гэж хэлээд байж байтал нөгөө залуу машиндаа суугаад машинаа асаагаад ухарч байх үед нь манай дүү машины урд зогсчихсон чигээрээ ухар гэж орилж байсан чинь нөгөө жолооч чи яасан том пизда вэ гэж хэлээд машинаа хаазалж байгаад ухасхийгээд манай дүүг машиныхаа хамар хэсгээр мөргөтөл манай дүү газар ойччихсон чинь нөгөө жолооч машинтайгаа манай дүүгийн дээр гарчих шиг болсон. Манай дүү машины хамар доороос харагдахгүй байсан. Тэгээд нөгөө залуу машинаа хойш нь ухраасан чинь манай дүү машины хамар доороос гараад ирсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.А-ийн “...Өвчтөн Б нь зам тээврийн осолд орж зүүн хөлний гуя хоёр хэсэгт хугаралтай зөрсөн, аарцагны суудал ясны хугарал, зүүн талын 3, 4, 5, 6 дугаар хавирга хугаралтай, баруун хөлийн 5 хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал зэрэг гэмтэл байсан. Дээрх гэмтлүүдэд шингэн сэлбэх, өвдөлт намдаах, цус тогтоох, ясны хугарлуудад хөдөлгөөн хязгаарлах гипс тавьж боолт хийх, артерийн даралт өгсөх, зүрх судас дэмжих зэрэг эмчилгээ хийгдсэн. Н.Быг үхэлд хүргэх болсон шалтгаан нь хүнд зэргийн хавсарсан гэмтэл, шокийн байдал, олон эрхтний дутагдал гэсэн онош тогтоосон...

...Тухайн үед Н.Б-аас яагаад гэмтэл авсан талаар асуухад машинд дайруулсан гэдэг зүйлийг хэлж байсан, тэгээд яг хэн гэдэг хүн яагаад машинаар дайрсныг асуухын завдалгүй эмчилгээ үйлчилгээний явцад өвчтөн ухаангүй болж шокийн байдал гүнзгийрснээр Н.Б эмнэлэгт хүргэгдэн ирснээс хойш 3 цаг 13 минутын дараа буюу 23 цаг 13 минутад зүрх судас зогсож нас барсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Н-ийн “...Тухайн үед би хашааныхаа баруун талын хаалгаар гэр лүүгээ орох гээд явж байсан бөгөөд манай баруун талын хашаа буюу талийгаач Н.Б гэдэг айлын хашааны өмнө Б өөрөө хашааныхаа урд талд Б багшийн байшингийн ар талд хэвтэж байсан, харин түүний хажууд ах нь гэх хүн /нэрийг нь мэдэхгүй/ зогсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл, шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20 дугаар дүгнэлт, шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 740 дүгээр дүгнэлт,

шинжээч Ч.Э-ын “...Тэгэхээр талийгаачийн дунд чөмөгний хугарал нь босоо үед /шилбэний зулгаралт/ мөргүүлэх үед үүссэн боломжтой, бусад гэмтлүүд нь автомашинд дайрагдах үед талийгаач хэвтээ байрлалд байхад дугуй болон автомашины доод талын эд ангиудад дарагдаж шахагдсанаас үүснэ...” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Б-ийг яллагдагч Ц.Ч-тай нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад гэрч Н.Б нь “...би тухайн байшингийн баруун хойд булангаас жижиг чулуу аваад “Чи хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлээд машин руу нь чулуу шидтэл урд салхины шилийг нь хагалсан...” гэж мэдүүлдэг, яллагдагч Ц.Ч нь “...тэр үед Б ах миний зүүн гар талын урд талаас буюу хашааны хаалганы урдаас миний машин руу чулуу шидсэн... ...Б ахын шидсэн чулуу миний машины урд талын салхины шилийг оноод хагалсан...” гэж мэдүүлдэг, мөн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1471 дүгээр дүгнэлтээр 29-20 УНТ улсын дугаартай “Ford Explorer” маркийн саарал өнгийн автомашины урд салхины шилэнд үүссэн 700х600мм хэмжээтэй гэмтэл нь автомашины баруун талаас зүүн чиглэлд хатуу зүйлтэй үйлчлэх үед үүссэн цууралт болох нь тогтоогддог ба уг дүгнэлтээр шүүгдэгч Ц.Чын мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Ц.Ч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь шүүгдэгч Ц.Ч, талийгаач Н.Б нар нь архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Ч-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч Ц.Ч-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас талийгаач Н.Бын амь нас хохирсон, түүний оршуулгын зардалд шүүгдэгч Ц.Ч нь 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг төлж барагдуулсан байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я нь манай нөхөр тэтгэвэрт гартлаа ажилласан бол 201 600 000 /хоёр зуун нэг сая зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилснийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Ч-аас жич нэхэмжлэх эрхтэй болно.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Ц.Ч-ыг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ц.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 158 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ч-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 29-20 УНТ улсын дугаартай “Ford Explorer” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 15 000 000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгож, уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч У.Нтэд буцаан олгож, хэрэгт хураагдан ирсэн сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я-ын өмгөөлөгч М.Үүрийнтуяа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Ч-ын өмгөөлөгч Ц.Гансүх эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.Чын хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байгаа тул эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Чын өмгөөлөгч Л.Бурмаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл ангийг зөвшөөрөхгүй байгаа боловч өөрөө тээврийн хэрэгслээр хүнийг мөргөж амь насыг хохироосон болохоо хүлээн зөвшөөрдөг. Иймд шүүгдэгч Ц.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Ч-ын өмгөөлөгч Л.Бурмаагаас гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж заажээ. Гэтэл шүүгдэгч Ц.Ч нь талийгаач Н.Бын оршуулахтай холбоотой зардалд 40 000 000 /дөчин сая/ нөхөн төлсөн хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх боломжгүй байна.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Харин түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 /ес/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 09 /ес/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ын цагдан хоригдсон 158 /нэг зуун тавин найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ц.Ч нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч У.Нтийн 2008 онд үйлдвэрлэсэн, IFMEU73E98UB2383 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн Ford Explorer маркийн 29-20 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ч-аас уг тээврийн хэрэгслийн үнэ болох 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, харин шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт иргэний нэхэмжлэгч У.Нт /РД:КЕ89061606/ олгож шийдвэрлэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Туршилт 2022.12.01”, “Яллагдагч Ц.Ч-аас мэдүүлэг авах гэхэд татгалзсан тухай бичлэг 2022.06.22”, “Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа 2022.07.26”, “Ц.Ч мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа 2022.12.01” гэсэн тус тус бичиглэл бүхий цагаан өнгийн 4 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ыг 09 /ес/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ад оногдуулсан 09 /ес/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-ын цагдан хоригдсон 158 /нэг зуун тавин найм/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ц.Ч нь оршуулахтай холбоотой зардалд 40 000 000 /дөчин сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2008 онд үйлдвэрлэсэн, IFMEU73E98UB2383 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн Ford Explorer маркийн 29-20 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг шүүгдэгч Ц.Ч-аас гаргуулж улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 2008 онд үйлдвэрлэсэн, IFMEU73E98UB2383 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн Ford Explorer маркийн 29-20 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт иргэний нэхэмжлэгч У.Нт /РД:КЕ89061606/ олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Туршилт 2022.12.01”, “Яллагдагч Ц.Ч-аас мэдүүлэг авах гэхэд татгалзсан тухай бичлэг 2022.06.22”, “Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа 2022.07.26”, “Ц.Ч мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа 2022.12.01” гэсэн тус тус бичиглэл бүхий цагаан өнгийн 4 ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Я-аас нэхэмжилсэн 201600000 /хоёр зуун нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ЭНХМАНДАХ              

                                                                ШҮҮГЧИД                                  Н.АРИУНЖАРГАЛ                                            

                                                                                                                    Б.БАТТУЛГА