Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

 Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал, 

 Улсын яллагч Т.Түмэнжаргал,

 Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргалаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000860078 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

                                                                      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, УБТЗамын барилга ашиглалтын 3 дугаар ангид галч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ......... дүгээр багт оршин суух хаягтай, одоо Сүмбэр сумын.............. дугаар баг, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Боржигин овогт Аын Б /РД:................/,                        

                                                                Холбогдсон хэргийн талаар:

                                 /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Зараагийн гашуун гэх газар байрлах Монгол гэр дотор эхнэр Д.Нг согтуу машин барьж явах гэлээ гэсэн үйлдэлд дургүйцэн, улмаар түүний толгойн үснээс зулгаах, толгой, гэдэс, баруун мөрөнд, зүүн хөхөнд, зүүн өвдөгний доод хэсэгт цус хуралт, толгойн оройд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “ Өчигдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бид хоёр Дархан сумын наадам үзээд 17 цагийн үед Сүмбэр сум 4 дүгээр баг, Гашууны гол гэх газар найз Мынд ирсэн. Тэднийд ирэхэд манай найзууд хонь хяргаад байж байсан. Бид 2 ирэхдээ 0,750 граммын 1 шил архитай ирсэн. Тэгээд бид 4 хонь хяргаж байсан малын хороонд 1 шил архиа хувааж уугаад дуусгасан. Манай найз нөхөр бид хоёрыг гэрт ороод амраад байж бай гэхээр нь гэрт нь ороод байж байтал манай нөхөр 2-уулаа охин дээрээ оччихоод ирье гээд байхаар нь яах юм бэ, ээжтэй байгаа юм чинь энд хоночихоод өглөө эрт Чойр орьё гэж хэлтэл миний гэдэс рүү элэгдээд, орноос өшиглөж унагаагаад, үснээс зулгааж чирснээ толгой руу гараараа зөндөө цохисон. Найзын охин хориод дийлээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа уур нь арай гайгүй болсноо янхан, гичий, танайхан угаасаа ийм ш дээ гээд элдэв бусаар хэлээд, хэл амаар доромжлоод байсан. Тэгээд төд удалгүй найзууд болон аав ээж нь орж ирсэн. Тэгээд манай найзын аав, ээж нь Чойр явна гэхээр нь би машинд нь дайгдаад Чойрт ирсэн. Б хөдөө машиндаа суугаад үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуудас/

Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №198 дугаартай дүгнэлтэнд:

  • Д.Нгийн биед зүүн мөрөнд, зүүн бугалганд, баруун мөрөнд, баруун бөөрний байрлалд, зүүн хөхөнд, зүүн өвдөгний доод хэсэгт цус хуралт, толгойн оройд зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллийн улмаас 2023.07.21-нд үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтлүүд нь “шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын

2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 12-13 хуудас/, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/ аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 4 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

“Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч Д.Нгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 198 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Бийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч А.Бийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч А.Бийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Түмэнжаргал нь шүүгдэгч А.Бэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч  А.Бэд Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болно.

   Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй  болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй байна.

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэд оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ