Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/75

 

                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б- овогт Ц-ийн Дд холбогдох эрүүгийн 2317000900082 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 21-нд  Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, ........ дугаар хороо, Зүүн Баян-Уул ..........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ц-ын Д /РД:-----/,

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Д нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 91-32 УНЯ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1-р баг босоо тэнхлэгийн хатуу хучилттай автозамын 465/194 дугаартай километрийн шонгийн орчим жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсэгт “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 12.3 “...Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож зам тээврийн осол гаргаж  дотор нь зорчиж явсан зорчигч Б.Жгийн биед атгаал ясны далд хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч Ц.Д үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 33-35 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 3 хуудас/

3. Хохирогч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд өөрийнхөө эхнэрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

4. Иргэний нэхэмжлэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн машин нь миний нэр дээр байдаг боловч манай хүү Л.А-ийн машин байгаа юм. Тэгээд манай худууд бинзен бага иддэг болохоор  машиныг нь гуйж аваад Замын-Үүд орчихоод буцаж явахдаа ийм хэрэг явдал болсон байна лээ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28хуудас/

5. Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “91-32 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний ээж болох Энхтуяагийн нэр дээр байдаг юм. Би тухайн үед гадаадад байсан болохоор мөнгийг нь ээж рүү шилжүүлээд ээж нэр дээрээ авч байсан юм. Миний автомашиныг манай хадам аав, ээж хоёр 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр гуйж унаад Замын-Үүд явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/

6. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9195 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- Б.Жгийн биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

- Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.3-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэжээ. /хх-ийн 43-44 хуудас/

7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 4-12, 14 хуудас/

8. Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 55-56 хуудас/

9. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9/2023 дугаартай Зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52 хуудас/

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 81 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Ц.Дыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Дын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Ц.Д  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гарган оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Д нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Б.Ж нь хохирол нэхэмжлээгүй нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ц.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Долгожав нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

                                                                             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Дыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Долгожавт урьд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.АРИУНЖАРГАЛ