| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаргарьдын Сүхгомбо |
| Хэргийн индекс | 226/2020/0006/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 10.1, |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 06
С-т холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2020/0006/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттайгаар,
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Прокурор Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч С, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан, Г.Бадамгэрэл нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын давж заалдах гомдлоор С-т холбогдох эрүүгийн 1939005780347 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1986 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн суманд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Н-н С нь
2018 оны 7 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 26-11 тоотод өөрийн төрсөн хүү /2 сартай/ Э-ийг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 3-30 тоотод өөрийн төрсөн хүү /2 сар, 4 хоногтой/ Э-г болгоомжгүй үйлдлийн улмаас механик амьсгал бүтэлт, амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Н-н С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч С-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч С-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С давж заалдах гомдолдоо: Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ гэмшиж байна. Цагдан хоригдож байх хугацаанд миний биеийн байдал муудаж, даралт байнга ихсэж, нойргүйдэж, ухаан алдаж эмнэлгийн түргэн тусламжийг олон удаа дуудаж үзүүлсэн. Миний том хүү хөгжлийн бэрхшээлтэй, намайг цагдан хоригдсоноос хойш “ээжтэйгээ уулзана” гээд “Бам”-ын байрнаас холдохоо больсон, хоёр бага хүүхэд маань хүнд хэцүү нөхцөлд байна. Иймд миний биеийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүүхдүүдээ харж хандах, асрах боломжоор хангаж өгнө үү. Би цаашид архи уухгүй байж хүүхдүүдийнхээ сайн ээж, ханийнхаа сайн гэргий байх болно гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах гомдолдоо: С-ын 2018 оны 7 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 26-11 тоотод өөрийн төрсөн хүү /2 сартай/ Э-ийг болгоомжгүй үйлдлийн улмаас хөнжлөөр бүтээж механик амьсгал бүтэлт, амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг хохироосон үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээснийг Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Цэен-Ойдов 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 5/156 дугаар тогтоолоор хаасан атал прокурор Одгэрэл 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор сэргээсэн. Хяналтын прокурор Цэен-Ойдовын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолтой аймгийн прокурорыг түр орлон гүйцэтгэгч Батхишиг танилцаж гарын үсэг зурсан атал прокурор Одгэрэл уг тогтоолыг сэргээсэн нь Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Иймд С-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан тэнсэж, үүрэг хүлээлгэх ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан атал анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй. С- нь мөрдөн шалгах ажиллагаанд “...би унтаж байгаад хөдлөхдөө хүүхдээ хөл рүү гээ болгосон байх...” гэж мэдүүлдэг өгсөн бөгөөд тус мэдүүлэгт хөтлөгдөн хэргийн бүх ажиллагааг хийгдсэн гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Э-г ...хөнжлөөр бүтээж механик амьсгал бүтэлт, амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг хохироосон...” гэж дурдсан боловч С уг үйлдлийг санадаггүй, тухайн үед бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг тул их ядардаг, бөх унтдаг талаараа мэдүүлдэг. Хавтаст хэргээс харахад тухайн үед гэрт И, С, 9-12 насны хоёр хүүхэд байсан боловч хүүхдүүдээс мэдүүлэг аваагүй байсан. Хэрэв хүүхдүүдээс мэдүүлэг авсан бол тухайн үед Э уйлсан эсэх, уйлсан бол Э-г авсан эсэхийг тодруулах боломжтой байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3-т “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” талаар заасан байдаг. С-ын хувьд тухайн үед сэтгэцийн өвчтэй хүүхдээ асран хамгаалдаг, өөрөө нялх биетэй байсан, хийсэн үйлдлээ санахгүй байгаа зэргээс харахад сэтгэцийн байдлыг тогтоолгох шаардлагатай байсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан байтал С-ын мэдүүлэгт хөтлөгдөн ажиллагаа явуулж түүнд ял оногдуулсан байх тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасны дагуу ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.
Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...гэмт хэргийн улмаас 2 хүүхдийн амь нас хохирсон тул гэмт хэргийн хор уршгийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ...” гэж дурдсан нь үндэслэлгүй, 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна гэжээ
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хяналтын прокурор Цэен-Ойдовын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолтой аймгийн прокурорыг түр орлон гүйцэтгэгч Батхишиг танилцаж, гарын үсэг зурсан атал прокурор Одгэрэл тогтоолоор сэргээсэн нь хууль зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Прокурорын байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно” гэж заасан. Прокурорын тухай хуульд доод шатны прокурорын шийдвэрийг дээд шатны прокурор хянахаар хуульчилсан. Үүний дагуу дээд шатны прокурор тогтоолыг хянаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн.
Шүүгдэгч С-ын хувьд архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, түүний болгоомжгүй үйлдлийн улмаас 2 хүүхдийнх нь амь нас хохирсон, энэ талаар гэрч И- тодорхой мэдүүлэг өгсөн, хөнгөн гэмт хэрэг тул хүүхдүүдийг асуух, сэтгэц тогтоох зэрэг нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчид оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч С, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарын давж заалдах гомдлоор С-т холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
С нь 2018 оны 7 дугаар сарын 21-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 26-11 тоотод өөрийн төрсөн хүү /2 сартай/ Э-ийг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 3-30 тоотод өөрийн төрсөн хүү /2 сар, 4 хоногтой/ Э-г болгоомжгүй үйлдлийн улмаас механик амьсгал бүтэлт, амьсгал зүрх судасны дутагдалд оруулж амь насыг хохироосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уртнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “С- И- нар нь архины хамааралтай, манай байгууллагын үйлчилгээнд хамрагдаж байсан зорилтот бүлгийн хүмүүс. ...2 удаагийн тохиолдлоор И-ын хүүхдийн амь нас эрсдсэн. Цаашид дахин эрсдэл учрахаас урьдчилан сэргийлж холбогдох арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. ...И-ынд одоо бага насны хүүхдүүд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,
Гэрч И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө сэрээд ...харсан чинь хүүхэд маань эхнэрийн хөлд, хөнжил доор ....нас барчихсан байсан. ...Тэр орой манай эхнэр бараг тасраад унтсан. ...2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эхнэрийн төрсөн өдөр болж архи уусан. Эхнэр маань согтоод ...хүүхэд дээрээ дэр тавиад унтчихсан байсан, ....2 сартай хүүхэд маань нас барж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуудас/,
Гэрч З.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны орой ...750 граммтай архийг гурвуулаа хувааж уусан. ...2019 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө би И-ын дунд охин З-с ба хүүхэд нь нас барсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,
Гэрч Б.Намуундарийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Х” өрхийн эмнэлэгт их эмчээр ажилладаг. ...2019 оны 9 дүгээр сарын 24-нд хүүхдийг үзэхээр очиход Э-г нас барсан гэж хэлсэн. ...Хүүхдийн өсөлт хөгжил сайн, жин нь нэмэгдэж байсан. ...2018 оны 7 сард С-ын хүүхэд нь нас барсан гэж сонсож байсан, шалтгааныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,
Гэрч Р.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...С- ажилсаг, нийтэч, үр хүүхэддээ халамжтай, гэр орны ажилд сайн. ...том хүү И нь хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн өөрчлөлттэй, ...дараах хүүхэд Э нь 9 настай, эмэгтэй. ...бага хүүхэд О нь 3 настай, том хүүтэй нь адил байх гэж боддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,
Яллагдагч С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай найз О-н төрсөн өдөр болсон. Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 3-30 тоотод буюу манай гэрт ...750 граммын архийг О, И бид гурав хувааж уусан. ...би гэрийн зүүн талын орон дээр хүү Э-г аваад 22 цаг өнгөрч байхад унтсан, шөнийн 01 цаг өнгөрч байхад сэрж хүүгээ хөхүүлсэн. ...2019 оны 9 дүгээр сарын 21-ний өглөө И- намайг сэрээхэд хүү Э- ...миний зүүн хөлний орчим дээшээ хараад хэвтэж байсан. ...амьсгалахгүй байсан, гэхдээ бие нь халуун байсан. ...Би шөнө унтаж байгаад хөдлөхдөө хүүхдээ хөл рүүгээ болгосон байх гэж бодож байна. ...Би өдөр хүүхдүүдээ хараад их ядардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, асаргаа, сувилгаа их ордог...
...2018 оны 7 дугаар сарын 22-н миний төрсөн өдөр байсан. Манайх Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 26-11 тоотод байсан. ...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр О, У хоёр дарс, пиво, архитай ирсэн. ...750 граммтай архийг О, У, И- бид дөрөв хувааж уусан. Дарс, пивыг нь уугаагүй. ...2018 оны 7 дугаар сарын 22-ны шөнө 02 цагийн орчим хүү Э-ийг хөхүүлээд, манцуйлаад унтуулсан. 2018 оны 7 дугаар сарын 22-ны өглөө И- намайг сэрээхэд Э-ийн нүүрэн дээр дэр байсан. ...Э- амьсгалахгүй байсан. ...Би унтаж байгаад гараа сугалж авахдаа дэрийг татаж хүүхэд дээрээ тавьсан байх гэж бодож байна. ...Талийгаач өөрөө дэр өргөх ямар ч боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-96 хуудас/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 50 дугаартай
-Талийгаач Э-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...
-Талийгаач Э- нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдал орж нас баржээ” гэх дүгнэлт / хх-ийн 79 хуудас/,
Талийгаач Э-гийн үхлийг шалтгааныг тогтоосон Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай
- ...Талийгаач нь механик амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны дутагдал орж нас баржээ...” гэх дүгнэлт / хх-ийн 64 хуудас/,
2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 3-30 тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 17-22 хуудас/,
2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 26-11 тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 24-29 хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх С-ын үйлдсэн гэмт хэргийн талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд түүнийг няцаах үндэслэл, сэтгэцийн хувьд эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах” талаар гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорын дээд шатны прокурор гэж ойлгоно” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т “дээд шатны прокурор нь доод шатны прокурорын хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг заавал хянана” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6-д “Хэрэг бүртгэлтийн хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзвэл дээд шатны прокурор уг тогтоолыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлт, эсхүл мөрдөн байцаалт явуулахаар харьяаллын дагуу шилжүүлж болно” гэж тус тус заасны дагуу хяналтын прокурор Ц.Цэен-Ойдвын 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 5/156 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг /хх-ийн 10-11 хуудас/ дээд шатны прокурор Б.Одгэрэл хүчингүй болгож, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн /хх-ийн 13 хуудас/ нь үндэслэлтэй байх тул энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс С-т оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С-ын цагдан хоригдсон 38 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧ Я.АЛТАННАВЧ
Б.ДЭНСМАА