Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2026/0066

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд А.Ж

Нэхэмжлэгч: С.Б

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга

Гуравдагч этгээд: А.Ж

Гуравдагч этгээд: С.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “С.Б миний бие 2021 оны Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/105 захирамжаар газар эзэмшээгүй иргэн Н.Э-т газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2021 оны А/301 захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулж, 2022 онд А/161 захирамжаар иргэн А.Ж-т газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 923 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А

Гуравдагч этгээд С.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Гуравдагч этгээд А.Ж

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0776/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Баас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “С.Б миний бие 2021 оны Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/105 захирамжаар газар эзэмшээгүй иргэн Н.Эт газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2021 оны А/301 захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулж, 2022 онд А/161 захирамжаар иргэн А.Жт газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 923 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.4-т заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 164, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/105, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/301, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/161 дүгээр захирамжуудын Н.Э, А.Ж нарт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Гуравдагч этгээд А.Ж-ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

        3.1. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Н.Э-ийн 700 м.кв газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны А/105 тоот захирамжийн кадастрт нь өөрчлөлт оруулан, 2021 оны 09 дүгээр сарын 07-ны А/301 тоот захирамжаар 613 м.кв газар болгон өөрчилж, С.Б-ад 2019 оны 10 дугаар сарын 29-ний А/396 тоот захирамжаар 400 м.кв газар олгон газрын талбайн хэмжээг гудамж руу нь сунгасан байдаг. Иймд С.Б нь дур мэдэн хүний эзэмшлийн газар дээр байшин барьж, гэрчилгээ авсан 2019 оны А/396 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Н.Э-ийн 2006 оны газар хүссэн өргөдөл, 2006 оны /хуучны газрын гэрчилгээ, кадастрын 700 м.кв эрхийн хугацаа дуусч 2021 оны эрх сунгах өргөдөл, газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, газрын төлбөр 2007- 2000 он,  Зарын дагуу газар худалдаж авахаар А.Ж миний бие 2021 оны 07 сарын 02-ны өдөр хууль журмын дагуу Н.Э-тэй эрх шилжүүлэх гэрээ хийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд өгөхөд гэрээг хураан авсан.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Н.Эөөр 2021 оны 07 сарын 07-ны өдөр дахин өргөдөл бичүүлж авч, Н.Эийн 2021 оны А/105 тоот захирамжтай 699 м.кв газрын кадастрыг нь өөрчлөн 2021 оны 09 сарын 07-ны А/301 тоот захирамж гарган газрын хэмжээг 613 м.кв болгосны дараа 2022 оны 02 сарын 23-ны өдөр хууль журмын дагуу А.Ж миний бие газар эзэмших эрхээ шилжүүлэн авсан.

Газрын алба нь Н.Э-ийн 699 м.кв газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан газраас нь тасдан авч, 2019 оны 10 сарын 29-ны А/396 тоот шийдвэр гарган С.Б-ад 400 м.кв газар олгожээ. /Хавсралт 32 С.Б нь энэ газар дээр 2019 оноос өмнө газрын төлбөр огт төлөөгүй, өөр газар дээр төлсөн төлбөрөө энэ газар дээр төлсөн мэтээр тайлбарлаад байгаа/

Өөр газар гэдэг нь 2005 оны 08 сарын 24-ны өдрийн 226 тоот шийдвэртэй, нэгж талбарын 1462201974 дугаартай 400 м.кв газар, энэ нь Н.Э-ийн өмнөх гудамжны урд талын эгнээнд байрлах газар 400 м.кв газрын, 15 жилийн дараа 997 м.кв-аар сунгах гэрээ, гэрчилгээ, захирамж, С.Б-ын газрын байршлын кадастрын зураг, энэ байршил дээрх /2006-2023оны/ газрын төлбөр төлсөн газрын албанаас ирсэн кадастрын зураглал хавсаргав/

Анхан шатны шүүхийн хариу тайлбарт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын мэргэжилтэн Г.Б хэлэхдээ: С.Б нь 2005 онд байшингаа барьсан гэж тайлбарладаг. Гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирсэн баримтаар С.Б нь өөрийн биш бусдын газар дээр байшингаа барьсан гэдэг нь нотлогдож байна. /Хавсралт 40 41 өнгөөр ялгасан кадастрын зураг хавсаргав/ Газрын тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д газрыг гэрээний үндсэн дээр эрхийг, гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 57.4-т хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй аливаа иргэн, хуулийн итгээд газар эзэмшиж, ашиглахыг хориглоно гэж заасан байдаг гэж хэлсэн.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 01-04/6161 дугаар албан бичигтээ: С.Б нь 2005 оноос хойш хашаа, байшин барин амьдарч байсан гэх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны А/396 дугаар захирамжаар хашаалсан газрын зарим хэсгийг буюу 400 м.кв газрын эзэмших эрхийг баталгаажуулж авсан байна гэжээ.

С.Б нь 2005 оноос байшин барьж амьдарсан гэх бөгөөд 2005 онд авсан байшингийн фото зургийг нь 2021 оны 06 сарын 25-ны өдрийн Газрын албанаас бусдын газар дээр зөвшөөрөлгүй буусан, авч явахыг шаардсан шаардах хуудас наасан байшингийнх нь зурагтай нь харьцуулахад байшингийн хаалгыг даруулж хадсан хөндлөн банз, цонхыг битүүлж хадсан дөрвөлжин мод, цонхноос унжсан цагаан шуудай зэрэг нь 2005 оны зурагтай харьцуулахад хэвээр байгаа нь тухайн үед нэг ч амьдарч байгаагүй нь зургаас харагдаж байна.

Анхан шатны шүүх хурал дээр газар эзэмшигч Н.Эийн эхнэр С.Э нь тайлбартаа: "манай газар дээр 1 сарын дараа эзэн нь тодорхойгүй байшин барьсан байна гэдгийг газрын албанд хэлэхэд эзнийг нь олноо гэсэн, манай зүгээс 6-7 жил хөөцөлдөн явж, Н.Э нь 2 жилийн хугацаанд өвчний улмаас Солонгос улсад эмчилгээ хийлгэн хөөцөлдөж чадаагүй" гэв.

Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн 22 тоот хуралд Н.Эийн эхнэр С.Э нь 2006 оны 07 сарын 25-ны өдрийн 164 тоот шийдвэртэй 400 м.кв газрын хуучны гэрчилгээг үзүүлэн, 15 жилийн дараа буюу 2021 онд газраа сунгуулан, гэрчилгээгээ авсан гэж ярьж танилцуулж байсан.

Хурал даргалагч С.Б-аас 2019 онд А/396 тоот захирамжтай гэрчилгээнээс өмнөх хуучны гэрчилгээ нь байна уу гэж асуухад эхний удаа дуугараагүй, дахин асуухад С.Б байхгүй гэж хариулсан мөн газрын төлбөрийн баримт байна уу гэж асуухад бичиг хэрэгт өгсөн гэж хариулахад нь хурал даргалагч тэнд юу гэж өгөх юм бэ энд хуралд авчирч өгөх ёстой гэж хэлж байсан.

Хурал даргалагч: Н.Ч-аас /газар зохион байгуулагч мэргэжилтэн/ та нар хүмүүст газраа давхардуулж олгодог юмуу гэж хэлэхэд Ч би мэдэхгүй өмнөх газар зохион байгуулагч мэдэх байхаа гэж хариулж байсан. Энэ ярилцлага нь тухайн өдрийн хурлын тэмдэглэлд байгаа байхаа. /Хавсралт 50-53 Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг хавсаргав/

Үүнээс үзэхэд газрын алба нь Н.Э-ийн 700 м.кв газрын кадастрын зурагт өөрчлөлт оруулан С.Б-ад 2019 онд А/396 тоот захирамж гарган 400 м.кв газар олгон Н.Э-ийн газрыг 613 м.кв болгон өөрчилсөн байна. Цаашлаад С.Б нь миний худалдаж авсан 613 м.кв газрыг авна гэж удаа дараа над дээр нэхэмжлэл үүсгэж байгаа.

А. Ж миний бие нь 613 м.кв газрынхаа эрхээ шилжүүлсний дараа 2022 оны 05 дугаар сарын 18-нд Б ХХК-иар эргэлтийн цэгээ тодорхойлуулаад хашаагаа барьж амжаагүй байхад С.Б нь өөрийнхөө 400 м.кв газраа миний худалдаж авсан 613 м.кв газрыг нийтэд нь хар өнгөтэй төмөр хашаагаар хашаалсан байсан. 2022 оны 06 сарын 03-нд Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд миний худалдаж авсан газар дээр 1,5 м өндөртэй, хар өнгөтэй төмөр хашаа барьсан байна гэж өргөдөл өгөхөд 14 хоногт асуудлыг шийдэлгүй удаж, удаж 8 сарын дундуур Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж гарсан гээд газар зохион байгуулагч н.Ч хашааг буулгаж, журмын хашаанд хийнэ гээд машинаар ачаад, аваад явсан, тэр зун худалдаж авсан газартаа лагерьт манайх гарч чадаагүй.

2022 оны 08 сарын 22-нд Уран төмөр хийц ХХК-иар ногоон өнгөтэй хашаа хийлгэж, С.Б-ынхаар хамарлаж хашаалсан. 2023 оны 09 сарын 22 өдөр ажил тараад зуслангийнхаа газар дээр ирэхэд С.Б-ынхтай хамарласан 2 м урттай 17ш самбар буюу 34 м хашааг нурааж, тооны дэвтрийн цаасан дээр энэ миний өмч над руу залга /8803****/ гэж бичээд гэрийн бүслүүрт хавчуулсан байсныг аваад тэр даруй цагдаад мэдэгдсэн. Энэ дугаар С.Б-ынх баримтыг хавсаргав.

С.Б нь цагдаад мэдүүлэг өгөхдөө энэ айл манай газрыг хууль бусаар өөрийн болгосон, мөн манай хар өнгөтэй хашааг ногоон өнгөөр будаад авчихсан байна гэж мэдүүлсэн байсан. Цагдаа ирж хашааг үзээд үндсэн өнгө нь ногоон юм байна гээд явсан. Миний нөхөр Д.С нь бүх нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. Манай төмөр хашааны шонгуудыг хугалж, эвдэж, савх төмрүүдийг нь самбараас нь салгасан. Нураасан хашаа одоог хүртэл засаагүй савх төмрөөр нь түшүүлж боогоод байгаа. /Хавсралт 61/ С.Б манай хоёрын хамарласан хашааг гадны хүн яасан гэж эвдэж нураах билээдээ. Энэ хэрэг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хаагдсан. Хавсралт 62-63 Прокурорын бичиг баримтыг хавсаргав/

2024 оны 08 сарын 13-ны өдөр манай хашааны үүдэнд 1 цагаан машин зогсчихсон, хүн зураг дараад байхаар нь би гэрээсээ гараад очиход С.Б нь хашаанд орж ирж миний нүүр лүү нулимж, газраас шороо авч цацаад үхээчээ авгай минь зайлаад өгөөч гээд доромжилсон. Ингэж удаа дараа дарамталж айлгадаг.

С.Б нь Н.Эийн 700 м.кв газар дээр зуны байшин байршуулж, 400 м.кв газрыг нь тасдаж авснаар, би худалдаж авсан 613 м.кв газраа бүрэн гүйцэт эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа. Учир нь манай хойд талд байдаг айлууд манай газар дээгүүр машинаараа орж гардаг.

Иймд С.Б-ын /хуучны/ өмнөх гэрчилгээгүй, газрын төлбөр төлж байгаагүй, шинээр авсан гэрчилгээ болох 2019 оны 10 сарын 29 өдрийн А/396 тоот нэгж талбарын 1462205791 дугаар бүхий 400 м.кв газрын гэрчилгээг хүчингүй болгож, Н.Эийн Засаг даргын 2021 оны 03 сарын 10 өдрийн А/105 тоот шийдвэртэй нэгж талбарын 1462201969 дугаар бүхий 699 м.кв газрын эрхийг сэргээж, Н.Э-өөс миний худалдаж авсан 613 м.кв газрыг 699 м.кв газар болгож өгнө үү. “ гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч С.Б-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/105 захирамжаар газар эзэмшээгүй иргэн Н.Э-т газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, 2021 оны А/301 захирамжаар кадастрын зурагт өөрчлөлт оруулж, 2022 онд А/161 захирамжаар иргэн А.Ж-т газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь газрыг 2 жил дарааллан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, газрын төлөв байдлын шинжилгээ хийлгээгүй хуулийн заалтыг зөрчиж, миний гэр бүлийн 20 жил эзэмшиж байгаа газарт гэнэт дур мэдэн газрыг булаан эзэмшүүлж, 2019 оноос хойш одоог хүртэл газраа ашиглаагүй иргэнд давуу эрх олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2006 оны 164 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэж маргажээ.

4. Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч С.Б-аас анх аль байршилд, хэдий хэмжээний газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан болох, дүүргийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар С.Б-ад 400 м.кв, эсхүл гэрээнд заасан 997 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгч нь хэдий хэмжээгээр илүү эзэмшиж байгаа газарт газрын төлбөрийг төлж байсан болох, С.Б-ад маргаан бүхий байршлыг эсхүл гудамжинд байршиж байгаа нэгж талбарын 18641332545592 /шинэ дугаарлалтаар 1462201974/ дугаар бүхий 996 м.кв талбай бүхий газрыг дүүргийн Газрын албаны мэргэжилтнээс зааж, тэмдэгжүүлж өгсөн эсэх, нэгж талбарын 18641332545592 /шинэ дугаарлалтаар 1462201974/ дугаар бүхий 996 м.кв талбай бүхий газар байршиж буй хэсэгт гудамж төлөвлөгдсөн байсан эсэх, эсхүл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосноос хойш гудамж төлөвлөгдсөн эсэхийг тодруулсны үндсэн дээр бодит байдал дээрх газрын давхцалыг шийдвэрлэхээр, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байна...” гэж дүгнэн маргаан бүхий захирамжуудын Н.Э, А.Ж нарт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс “...2005 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 226 дугаар захирамжаар С.Б-ад 400 м.кв талбай бүхий зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар 29-ний өдрийн А/396 дугаар захирамжаар сунгасан, уг захирамжийг шүүхэд гаргаж өгсөн ...” гэж тайлбарласан боловч хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар 29-ний өдрийн А/396 дугаар захирамж авагдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй байна.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-т “... кадастрын мэдээллийн санд анх бүртгэгдсэн байгаагаас үзвэл, нэхэмжлэгчид 997 м.кв газар эзэмшүүлэхээр зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэхдээ 2005 оны 226 дугаар захирамж, түүний хавсралт, газар эзэмшүүлэх гэрээнд тус тус С.Б-ад 400 м.кв талбай бүхий зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд 997 м.кв газрын эзэмшүүлсэн талаар баримт түүний дотор кадастрын зураг байхгүй байгааг хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй учраас С.Бын эзэмшил газар нь гуравдагч этгээдийн газартай аль хэсгээр ямар хэмжээтэй давхцсан, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хэрхэн хөндөгдсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

7. Анхан шатны шүүхээс дээрх маргаан бүхий үйл баримтыг тогтооход зайлшгүй шаардлагатай баримтыг бүрэн цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байхаас гадна шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

8. Түүнчлэн Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баас “...Анхан шатны шүүхээс бодит байдал дээр хэргийг шийдэх хурал болоогүй. Маргаан бүхий 2 газрын 1 газрынх нь хувийн хэрэг ирсэн, нөгөө газрынх нь хувийн хэрэг ирээгүй тул шүүгчийн захирамж биелэлт хангагдаагүй гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж гарсан. Гэтэл бид нар руу шүүхийн шийдвэрийг ирж ав гэж хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан ....”  гэх тайлбар гаргасныг тэмдэглэв.

9. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримт хасах захирамжаар 2 дугаар хавтасны 113-232 дугаар талд авагдсан нотлох баримтыг хасч шийдвэрлэсэн боловч уг баримтуудыг хэргээс хасаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

    ШҮҮГЧ                                                Т.ЭНХМАА

 

    ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

 

                          ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН