Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга Л.Оргилтунгалаг,

          Улсын яллагч Б.Батхишиг,

          Хохирогч Ж.Төмөрзүрх, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр /ҮД0552/,

          Шүүгдэгч Л.Баярсайхан, түүний өмгөөлөгч Х.Даваахүү /ҮД0058/, Г.Тунгалаг /ҮД:0424/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар:

 

            Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Баярсайханд холбогдох 2016 2400 0884 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, ШУТИС-н механик инженерийн төгсөх ангийн оюутан, ам бул 2, эхийн хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, 79 дүгээр байрны 4-68 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн гэх, Шарнууд овогт Лхагвадоржийн Баярсайхан /РД:УЕ87110259/,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Л.Баярсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны оройн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эмийн Ургамал гэх газрын замд Тоёота Приус-20 маркийн 70-51 УНК улсын дугаартай тзэврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдолгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Нямсүрэнг мөргөж амь насыг нь хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох

баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Баярсайханы өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Төмөрзүрхийн өгсөн: “Бид нар эхээс 10-уулаа бөгөөд манай талийгаач эгч хамгийн том нь байсан. Талийгаач нутаг явчихаад Улаанбаатар хотод ирээд Багануур явах гэж байгаад осолд орсон. Бид нар очиж байхад талийгаачийг шүүх эмнэлэг авч явсан байсан. Шүүгдэгч Л.Баярсайхан тухайн үед тооромзлох ямар ч арга хэмжээ аваагүй байсан. Оршуулгын зардалд 5.000.000 төгрөг өгсөн бөгөөд нийт 18.000.000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Л.Баярсайхан нь болгоомжгүйгээр гэмт хэрэгт холбогдсон байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

          Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.3-5/,

 

          Мөрдөн байцаалтанд хохирогч Ж.Төмөрзүрхийн өгсөн: “1952 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Их Жарталант буюу одоогийн Айраг суманд айлын том охин болж мэндэлсэн. Талийгаач эхээс 10-уулаа. Дорноговь аймгийн Чойр сумын 10-н жилийн сургуульд 1961 онд элсэн орж, 1965 онд 4 дүгээр ангиа дүүргэж, бүрэн бус дунд боловсоол эзэмшсэн. 2015 оны 10 дугаар сарын 05-ны орой 19 цаг өнгөрч байхад ажил тараад гэртээ 20 цагийн үед очоод амраад байж байсан. Тэгтэл 21 цагийн орчимд манай эгч Дулмаа нь эхнэрийн гар утас руу нилээн олон удаа залгасан байсан. Тэгээд эхнэр маань Дулмаа эгч рүү залгасан чинь Ж.Нямсүрэн эгчийг зам тээврийн осолд орчихсон байна гэж хэлэхэд нь л мэдсэн. Ингээд би эхнэрийнхээ хамт ослын газар луу явах гэж байтал Ж.Нямсүрэн эгчийг ослын газарт өөд болчихсон байна гэж Дулмаа эгч хэлсэн. Яг ослын талаар мэдэх зүйл байхгүй. Талийгаачийн оршуулагын зардалд яг хэдэн төгрөг гарсаныг нарийн сайн тооцоолж үзээгүй. Харин баримтууд нь бүгд байгаа, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх.32/,

 

          Мөрдөн байцаалтанд иргэний хариуцагч Л.Эрдэнэчимэгийн өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 05-ны орой 20 цаг өнгөрч байхад манай ээж над руу утсаар холбогдож Л.Баярсайхан нь над руу утсаар холбогдоод ээжээ тайван байгаарай хүү нь өнөөдөр очиж чадахгүй юм шиг байна шүү гэж хэлээд цаанаа уйлаад утсаа салгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүү Л.Баярсайханы утас руу залгасан боловч утас нь дуудаад байгаа мөртлөө авахгүй байсан. Ингээд би сандарсандаа 102-луу залгаж манай дүү зам тээврийн осол гаргачих шиг боллоо, хаана хэнээс лавлаж энэ талаар асуух вэ гэж асуутал надад 9302-той дугаар хэлж өгсөн. Тэгэхээр нь би тэр даруй уг дугаар луу залгаж асуусан чинь Хонхорын замд Тоёота Приус маркийн машин зам тээврийн осол гаргасан байна гэж хэлэхээр нь ослын газарт нөхөр, ахынхаа хамт явж очсон. Тэгтэл явган зорчигч эмэгтэй нь өөд болчихсон, манай дүүг цагдаагийн машин суулгасан байсан ба цагдаа нар хэмжилт хэргийн газрын үзлэг хийж байсан. Төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.44/,

            Мөрдөн  байцаалтанд  гэрч  Б.Мөнхбаяын  өгсөн: “2016 оны 10 дугаар сарын

05-ны орой 20 цагийн үед би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Хьюндай Соната-3 маркийн 58-18 УБЧ улсын дугаартай автомашинаа бариад Баянзүрх дүүргийн автовокзалаас Багануур дүүрэг орох санаатай 3 хүний хамт Улаанбаатар хотоос гарах гэж байтал танил болох Түмэн-Өлзий нь над дээр ирээд манай нэг эгч Сайншандын автобусаар ирж байгаа, иймд та замаас нь тосоод аваад явчих гэж хэлэхээр нь тэгвэл одоо тэр автобус нь хаана явж байгаа юм бэ гэж асуусан чинь би одоо эгчтэй яриад хэлье гээд миний хажууд тэр эгчтэйгээ өөрөө ярьсан. Тэгээд надад хэлэхдээ Налайхын постон дээр буугаад хүлээж байя гэж хэлүүлсэн байсан. Ингээд би Улаанбаатар хотоос өөрийнхөө автомашиныг жолоодон гарч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ургах наран хорооллын харалдаа замдаа ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал Түмэн-Өлзий нь над руу утсаар холбогдоод та хаана явж байна вэ, нөгөө автобус нь манай эгчийг буулгаагүй өнгөрөөд явчихсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд Ургах наран хорооллын харалдаа замд явж байна гэж хэлсэн чинь та тэгвэл Эмийн ургамалын замд манай эгчийг автобусны буудал дээрээс авчих, одоо би түүн рүү залгаад хэлье гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд би Эмийн ургамалын зам руу орсон чинь замын эсрэг урсгалын автобусны буудал дээр автобус зогсчихсон хүнээ буулгаж байхаар нь автобусны харалдаа баруун гар тал руугаа замаас гарч зогссон. Тэгээд би машинаас ганцаараа буугаад замын эсрэг урсгал руу зам хөндлөн гарч Түмэн-Өлзийгийн хамаатны эгчийг тосож аваад хоёр хайрцагтай махыг нь бариад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зам хөндлөн гараад машиныхаа урд гэрэлд хоёр хайрцагтай махыг тавиад тэр эгчийг авах гээд эргэтэл баруунаасаа зүүн чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явсан саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин нь тэр эгчийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгэхээр нь би шууд Түмэн-Өлзий рүү утсаар холбогдож хурдан хүрээд ирээ нөгөө хүн чинь машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд тухайн автомашины жолооч нь машинаасаа ганцаараа бууж ирээд зам дээр хэвтэж байсан хүнээ өргөөд замынхаа урд хэсэгт гаргаад 103-т дуудлага өгсөн. Дараа нь цагдаа болон түргэн тусламж ирсэн. Араас нь Түмэн-Өлзий ирэхээр нь би түүнд болсон асуудлаа хэлээд 3 хүнээ хүргэж өгөхөөр Багануур дүүрэг рүү явсан. Тэгтэл намайг Баяндэлгэр дээр явж байтал Түмэн-Өлзий нь утсаар ярьж ослын газарт ирэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би хүнээ очиж буулгаад эргээд ослын газарт очиж машинд мөргүүлсэн А цэг болон машинд мөргүүлээд унасан Б цэгийг тус тус зааж өгч хэмжилт хэргийн газрыг үзлэгийг хийлгэсэн юм” гэх мэдүүлэг /хх.52-53/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Д.Түмэн-Өлзийн өгсөн: “Тэгэхээр нь би эргэж Мөнхбаяр луу утсаар холбогдоод Эмийн ургамалын автобусны буудал дээр буулгана гэж байна гэж хэлсэн чинь би Ургах Наран хороолол өнгөрөөд явж байна, тэгвэл таарах юм байна гэж хэлсэн. Тэгээд над руу Мөнхбаяр нь эргэж утсаар холбогдоод Эмийн Ургамал дээр нэг автобус зогсож байна, автобуснаас нэг эмэгтэй хүн бууж байна, энэ мөн үү гэж асуухаар нь мөн гэж хэлээд утсаа тасалсан. Тэгтэл нэг их удалгүй буюу 5-10 минутын дараа Мөнхбаяр нь над руу утсаар холбогдоод эгч чинь машинд шүргүүлчихлээ чи хурдан ир гэж хэлэхээр нь би гэрээсээ машинаа бариад эхнэрийнхээ хамт явж байгаад замдаа дүү Уянгыг аваад ослын газарт очиход саарал өнгийн Тоёота Приус маркийн автомашин нь ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй, замаа чөлөөлөөд хөвөө хэсэг дээр зогсож байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нь Мөнхбаяр нь машинаа бариад Багануур дүүрэг рүү яваад өгсөн. Ингээд дараа нь Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хийх гэсэн боловч Мөнхбаяр нь явсан байсан учраас түүнийг би залган дуудаж ирүүлээд ослын газарт хэмжилт хэргийн газрын үзлэг хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх.54-55/,

 

          Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ууганбаатарын өгсөн: “2016 оны 10 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна гэх өдөр 19 цагаас 20 цагийн хооронд байхаа манай ажпын бригадын дарга Баяржаргал нь мөнгөлөг саарал өнгийн Тоёота Пирус маркийн автомашиныг 33-57 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабинд нь би Өсөхбаяр нарын хамт Баянзүрхийн товчооноос баруун тийш байх төмөр замын зам дагуух ажил үйлчилгээг хийгээд буцаж явах үед Эмийн ургамалын замд зүүнээс баруун чиглэлтэй, замын зорчих хэсэг дээр өнгийг нь анзаараагүй Тоёота Пирус 20 маркийн автомашин нь зогсчихсон, уг авгомашины зүун урд хэсэг нь эвдрэлтзй байсан ба машиных нь ард талд нь буюу замын зорчих хэсэг дээр эмэггэй хүний хувцас өмсчихсөн болохоор нь настай эмэгтэй хүн байна гэж харсан, харин замын голд малгай, цүнх зэрэг нь байсан юм, Тэгээд хажуугаар нь өнгөрч яваад бид 3 хоорондоо юм яриад хэсэг явж байтал цагдаа болон эмнэлэгийн машин явж өнгөрөхгүй болохоор нь би Өсөхбаярын 94098220 дугаараас 102-т дуудлага өгсөн. Бид нар ослын газарт зогсоогүй ба хажуугаар нь өнгөрөөд явахад машинууд тойрч гарч яваад байсан юм” /хх.56/,

 

          Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1834 дугаартай дүгнэлт /хх.58-59/,

          Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 16/46556 дугаартай дүгнэлт /хх.131-132/,

          Замын техникийн шинжээч Б.Батзоригийн 2016 оны 10 дугаар сарын 27 өдрийн 601 дугаартай дүгнэлт, Замын Цагдаагийн албаны 3 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан 698 дугаартай дүгнэлт /хх.81-82, 154-156/,

          Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх.9/,

         Гэрч Л.Эрдэнэчимэгийг байцаасан тэмдэглэл /48/,

         Гэрч Л.Алтантулгыг байцаасан тэмдэглэл /хх.49/,

         Хохирол төлсөн баримт /хх.103/,

         Л.Баярсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх.105-108/,

         Ял шалгах хуудас /хх.109/,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Төмөрзүрхийн хүсэлт болон шинээр гаргаж өгсөн баримтууд зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй байна.

 

          Л.Баярсайхан нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны оройн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Эмийн Ургамал гэх газрын замд Тоёота Приус-20 маркийн 70-51 УНК улсын дугаартай тзэврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д “Жолооч хөдолгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Нямсүрэнг мөргөж түүний амь нас хохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Л.Баярсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохирох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа Л.Баярсайханы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хохирогч Ж.Төмөрсүх нь хөнгөн ял шийтгэл оногдуулахыг хүсч нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж хорих ял биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Л.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 18.000.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Хэрэгт хураагдаж ирүүлсэн Л.Баярсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхэд ашиглуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй юм.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шарнууд овогт Лхагвадоржийн Баярсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохирох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баярсайханд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар, Л.Баярсайханд оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Л.Баярсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 18.000.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт хураагдаж ирүүлсэн Л.Баярсайханы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2477129 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхэд ашиглуулахаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн Төвд шилжүүлсүгэй.                                                                                                                                           

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар, Л.Баярсайханд оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/  жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалган, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Л.Баярсайханд сануулсугай.

          7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Л.Баярсайханд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол гаргаагүй, эсэргүүцэл бичээгүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР