Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00669

 

 

                                            “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                       хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01391 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1325 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдох

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”гээс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдуулан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд байгуулагдсан 2015.05.22-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01391 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдох “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1325 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.17-ны өдрийн 1325 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэр, магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Нэхэмжлэгч талаас “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”тай байгуулсан 2015.05.22-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн Чингэлтэй дүүргийн Газрын албанд гаргасан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д газар эзэмших эрхээ шилжүүлэхийг хүссэн хүсэлт нь түүний гараар бичигдээгүй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гарган өгч, шүүхэд шинжлэн судлуулсан байдаг. Монгол Улсын дээд шүүхийн 21 дүгээр тогтоолын 2.2-т “Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана.” гэжээ. Шүүхэд нотлох баримтаар шинжлэн судлагдсан Чингэлтэй дүүргийн Өмч, газрын албанд гэх гарчигтай “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”гээс “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”д газар эзэмших эрхээ шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлт, 2017.02.10-ны өдрийн 149 дүгээр “Шүүхийн шинжилгээний үндэсний төв”-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудад шүүх огт дүгнэлт хийлгүй, шийдвэр гаргасан. Энэ дүгнэлтээр дээрх “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” руу газар эзэмших эрхээ шилжүүлэхийг хүссэн хүсэлт нь түүний бичгийн хэв загвартай тохирохгүй болохыг тогтоосон байдаг.

4.2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг талууд өөрсдөө гаргах бөгөөд тус хүсэлтийн хавсралт нь “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байхаар хуульчилсан. Бид “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан хүсэл зоригийн илэрхийлэл нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”-гийнх биш байсан, тэрээр хууран мэхлэгдэж, огт танихгүй хүнд өөрийн газар эзэмших эрхээ шилжүүлсэн асуудлыг ярьж маргаж байгаа нөхцөлд түүнийг үнэхээр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх зорилгоор газрын албанд хүсэлт гаргасан эсэхийг шүүх нягталж, дээрх баримтуудад дүгнэлт хийн үндэслэл бүхий шийдвэр гаргах боломжтой. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх баримтад буюу нэхэмжлэгчийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр, магадлал нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

5. Хариуцагч тал “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн тайлбар гаргав.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”гээс хариуцагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарт холбогдуулан “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нарын хооронд байгуулагдсан 2015.05.22-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг сэргээх тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” надад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014.12.31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн дагуу 00554455 дугаар бүхий гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалттай 700 м.кв газар олгосон. Миний бие удаан хугацаагаар өвдөж эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан тул найз Т.Дарамсүрэнд газрын гэрчилгээг аваарай гэж захисан... 2015.05.22-ны өдөр Т.Дарамсүрэн нь Чингэлтэй дүүрэгт байрлах нотариат дээр намайг дуудан гэрээнд гарын үсэг зуруулсан. Нотариат дээр би болон Т.Дарамсүрэнгээс өөр хүн байгаагүй. Гэтэл миний болон миний охин Б.Бум-Эрдэнийн газрын гэрчилгээг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”, Э.Номин гэх иргэдэд тус тус шилжсэн байсныг Нийслэлийн Газрын албанаас лавлагаа авснаар буюу 2016.08.03-ны өдөр мэдсэн. Би охин Б.Бум-Эрдэнийн хамт захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг 2017.12.06-ны өдөр Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн. Миний бие 2015.05.22-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариат дээр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурахдаа өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлнэ гэсэн санаа зорилго агуулаагүй. 2015.05.22-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг баталгаажуулсан нотариатч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, мөн 21 дүгээр зүйлийн 21.3.3-т заасан нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон үйл ажиллагаа явуулсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д тус тус заасны дагуу гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь газар эзэмших эрхийн гэрчилгээг надад шилжүүлэхээр 2015.05.22-ны өдөр гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Ийнхүү гэрээ байгуулагдсан өдрөөс хойш нэг жил гаруй хугацааны дараагаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”тай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, газар эзэмших эрхээ шилжүүлсэн хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Би маргаан бүхий газрын эзэмших эрхийг хуульд заасны дагуу шилжүүлж авсан бөгөөд 2018.09.17-ны өдөр тус газрын өмчлөх эрхийн гэрчилгээг авч одоо өөрийн амьдрах хувийн сууцыг барьж байгаа. Иймд өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,” надтай харилцан тохиролцож байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

9. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Тодруулбал, шүүх “... талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийг хууран мэхэлж, хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэл, мөн тухайн гэрээг нотариатч гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 21.1.3-т заасан хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй...” гэж хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарласан байна.

10. Тодруулбал, маргаан бүхий гэрээнд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй, харин тэрээр “...гэрээнд гарын үсэг зурахдаа өөрийн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлнэ гэсэн санаа зорилго агуулаагүй, хууран мэхлэгдсэн...” гэх боловч энэ нь нотлогдоогүй, дүүргийн Газрын албанд гаргасан газар эзэмших эрх шилжүүлэх тухай гаргасан хүсэлт нэхэмжлэгчийн бичгийн хэвтэй тохирохгүй болохыг нотолсон шинжээчийн дүгнэлт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг шууд үгүйсгэх, нэхэмжлэгчийг хууран мэхлэгдэж гэрээ байгуулсан гэх тайлбарыг нотлох баримт болохгүй юм.

11. Иймд “... шүүх дээрх баримтад буюу нэхэмжлэгчийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01391 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1325 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЦОЛМОН

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ