| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2023/0076/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/77 |
| Огноо | 2023-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 17.2.2., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.Э түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,
шүүгдэгч Т.Н түүний өмгөөлөгч Б.Батчимэг,
шүүгдэгч Б.С түүний өмгөөлөгч Э.Сайханаа,
хохирогч М.Ч түүний хууль ёсны төлөөлөгч М.П нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал би, Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын .Н, И овогт Б-ийн С, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ын Э нарт холбогдох эрүүгийн 2317000000064 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1997 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шат угсрагч мэргэжилтэй, “Заг инженеринг” барилгын компанид шат угсрагч, оосорлогч, дохиочин ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум........ дүгээр баг, ..... ........... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Ш овогт Бын Э /РД:.............../,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 2000 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, ах, эгч нарын хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 3 дугаар баг, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Б овогт Т-ын .Н /РД:................/,
Шүүгдэгч: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, уул уурхайн сэлбэгийн нярав мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын............. дугаар баг, ............ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, /2002 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх, И овогт Б С /РД:.............../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нокиа Чойр” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд Т.Н, Б.С нартай бүлэглэн иргэн М.Чт хүч хэрэглэж бэлнээр 100 000 төгрөг дээрэмдсэн,
Яллагдагч Б.С нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нокиа Чойр” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд Т.Н, Б.Э нартай бүлэглэн иргэн М.Чт хүч хэрэглэж бэлнээр 100 000 төгрөг дээрэмдсэн,
Мөн Т.Нтай бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нокиа Чойр” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд иргэн М.Чтыг тонгорч газар унагаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун эгэмний доод хэсэгт, өвчүүнд, зүүн мөрөнд, баруун далны дээд хэсгээр, 2 далны хооронд, зүүн шуунд цус хуралт, баруун тохойнд, духны зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Т.Н нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нокиа Чойр” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд Б.Э, Б.С нартай бүлэглэн иргэн М.Чт хүч хэрэглэж бэлнээр 100 000 төгрөг дээрэмдсэн,
Мөн яллагдагч Б.Стай бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг эвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нокиа Чойр” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд иргэн М.Чтыг тонгорч газар унагаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун эгэмний доод хэсэгт, өвчүүнд, зүүн мөрөнд, баруун далны дээд хэсгээр, 2 далны хооронд, зүүн шуунд цус хуралт, баруун тохойнд, духны зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Хохирогч М.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өчигдөр орой буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим ТБ центр бааранд ганцаараа ороод 3 пиво захиалж уусан. Дахиад 8 пиво захиалж аваад 3-г нь уучихаад үлдсэн 5 пивыг нь хайрцаганд хийлгээд тухайн газраас гарсан. Тэгсэн нэг дэх нь өндөр цагаан футболктой доогуураа богино шорттой, хоёр дахь нь намхандуу хар фудволктой шорттой, гурав дахь нь цайвар өнгийн фудволктой үл таних 3 залуу тухайн баарнаас намайг дагаж гараад надад хандаж хонхорт буудал авчихсан байгаа тэнд очиж ууя гэхээр нь би тэгье гэж хэлээд цуг явсан. Тэгснээ тэр хүмүүс тамхи байхгүй гэснээ надад хандаад чи мөнгөтэй бол тамхи аваад өг гэхээр нь би тэгье гэж хэлээд тэр хүмүүсийн дагуулж очсон газарт очсон. Тэгсэн чинь нөгөө залуус энэ айл карт уншихгүй АТМ орж бэлэн мөнгө авья гэхээр нь цуг АТМ орсон. Би Чойрын хүн биш болохоор яг аль АТМ гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр өндөр залуутай цуг АТМ ороод өөрийн картнаасаа 100 000 төгрөг аваад гарч ирсэн. Тэгээд алхаж явтал намайг нэг нарийн гудам руу нөгөө 3 залуугийн 2 намхан залуу нь 2 талаас сугадаад оруулсан. Тэгээд хар фудволктой нь намайг тонгороод унагаасан. Би босоод иртэл цайвар өнгийн фудволктой нь дахиад намайг тонгороод унагаасан. Би тухайн үед баруун гартаа АТМ-аас авсан 100 000 төгрөгөө атгачихсан байсан. Тэгсэн цагаан фудволктой өндөр залуу нь наад мөнгөө нааш нь өг гээд миний гарнаас 100 000 төгрөгийг авчихсан. Тэгсэн нөгөө намхан 2 нь намайг өшиглөөд байсан чинь өндөр залуу нь за одоо болно гэж хэлээд тэр 3 яваад өгчихсөн. Тэгэхээр нь би босоод өөрийн ажил руу буюу Андууд дэлгүүрийн баригдаж байгаа барилга руу явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/
2. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр ганцаараа явж байсан. Тэгээд тухайн газар үйлчлүүлж байсан улаан өнгийн фудволктой залуутай танилцаж цуг суусан. Одоо нэрийг нь сайн санахгүй байна. Тэр залуу хэлэхдээ барилга дээр ажилладаг гэж ярьж байсан. Мөн тэр залуу тухайн газраас пиво худалдан аваад хайрцганд хийлгүүлчихээд буудал орж цуг ууя гэсэн. Анх тэр залуу ганцаараа явж байна гэсэн боловч гарахын үед 2 залуу ирээд суучихсан байсан. Тэгээд тухайн газрыг хаасны дараа бид 2 төв зам руу алхаж явтал намхандуу нэг залуу ирээд чи манай найзыг аваад явчихсан байх юм гэж хэлэхээр нь нээрээ л найзууд юм байх гэж бодоод би орхиод явихсан. Тэр улаан фудволктой залууг нөгөө залуучууд аваад явчихсан би тэгээд гэртээ хариад амарсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 51-52 хуудас/
3. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай бага хүү Б.Э 1997 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймагт төрсөн. Бага насандаа Сансар цэцэрлэгт хүмүүжиж, Ерөнхий боловсролын 1-р сургуульд суралцаж төгсөөд түүнээс хойш мал маллаж байгаад 2018 онд Заг инженеринг ХХК-д ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Тухайн өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөө хүү Б.Э бид 2 гар утас авахаар Нокиа-Чойр дэлгүүр орсон. Өмнө нь надад бензиний мөнгө өгнө гэж байсан юм. Тэгээд Нокиа-Чойр дэлгүүрийн гадаа байхдаа надад бинзен хийгээрй гэж хэлээд бэлнээр 100 000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр бензин хийчихсэн. Хорин мянгатын дэвсгэрт 5 ширхэг буюу 100 000 төгрөг байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 53-54 хуудас/
4. Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Б.С нь манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Б.С 1997 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн. Сүмбэр сумын 1-р сургуулийг 2013 онд төгсөөд Политехник коллежийг автын чиглэлээр суралцан төгсөөд түүнээс хойш хувиараа ажил хийж байгаа. Одоо надтай цуг Сүмбэр сумын 3-р багт баригдаж байгаа ОСО констракшн ХХК-ний барилга дээр ажиллаж байгаа. Б.С нь одоогоор гэр бүлгүй, ээж дүү нарын хамт Баянхошууны эгнээнд амьдардаг. Зан байдлын хувьд хурц ааштай биш харилцахад амар залуу байгаа юм. Архи бага сага хэрэглэдэг байх би цуг ууж үзээгүй болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 61-62 хуудас/
5. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Манай хүү С 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн Сүмбэр сумын 1-р сургуулийг 2013 онд төгсөөд Политехник коллежийг автын механизмын ангид суралцаж төгсөөд хөдөө мал дээр эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаад одоогоор эхнэрээсээ салчихсан ээжийн хамт амьдарч байгаа. Манай хүү С төлөв даруу зантай, хичээлдээ их сайн байсан, ажилд сайн хүүхэд байгаа юм. Архи согтуурулах ундаа ер нь хэрэглэдэггүй байсан. Харин сүүлийн үед ажиглаад байхад найз нартайгаа нийлээд уучихдаг болсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 65-66 хуудас/
6. Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Т.Н нь манай ээжийн төрсөн эгчийн хүү байгаа юм. Т.Н нь 2000 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Эцэг эхээс 8-уулаа айлын бага хүүхэд байгаа юм. Одоо эхнэр 1 хүүхдийн хамт Сүмбэр суманд амьдардаг. Эхнэр нь саяхан амаржсан. Одоо надтай хамт ОСО Констракшн ХХК-ний барилга дээр ажиллаж байгаа. Зан байдлын хувьд даруу дөлгөөн зантай, хүмүүстэй ер нь мууддаггүй. Ажилдаа сайн залуу байгаа юм...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 69-70 хуудас/
7. Гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Т.Нын төрсөн эгч байгаа юм. 2000 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн. Эцэг эхээс 8-уулаа, айлын бага хүүхэд байгаа юм. Сүмбэр сумын 2-р 10 жилийг 2016 онд төгсөөд түүнээс хойш одоог хүртэл Сүмбэр суманд ажиллаж амьдарч байгаа. Эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. Одоо найзтайгаа хамт Хонхорт баригдаж байгаа барилга дээр ажиллаж байгаа гэсэн. Бусадтай муудаад байдаггүй, бусдын үгэнд итгэмтгий, тусархаг, бусадтай харилцаа сайтай, зан байдлын хувьд тогтвортой хүүхэд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 73-74 хуудас/
8. Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182 дугаар дүгнэлтэд: М.Чын биед баруун эгэмний доод хэсэг, өвчүүнд, зүүн мөрөнд, баруун далны дээд хэсгээр, 2 далны хооронд, зүүн шуунд цус хуралт, баруун тохойнд, духны зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2023 оны 06 дугаар сарын 21-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 77-78 хуудас/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 83, 92, 100-113, 114, 160-170 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Б.Э, Б.С, Т.Н нарт холбогдох эрүүгийн хэрэг улсын яллагчаар төрийн нэрийн өмнөөс оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.С нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нокиа чойр” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд Б.Э, Т.Н нартай бүлэглэн иргэн М.Чт хүч хэрэглэж бэлнээр 100,000 төгрөг авсан. Шүүгдэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нокиа чойр” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд Т.Н, Б.С нартай бүлэглэн иргэн М.Чт хүч хэрэглэж бэлнээр 100,000 төгрөг авсан. Т.Н нь 2023 оны 06 дугаар сарын 22-ний шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нокиа чойр” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд Б.Э, Б.С нартай бүлэглэн иргэн М.Чт хүч хэрэглэж бэлнээр 100,000 төгрөг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэм буруугийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасныг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасныг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Эгийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Прокуророос миний үйлчлүүлэгч Б.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь амь биед нь аюултай, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон ямар нэгэн идэвхтэй үйлдлээр илэрдэг. Гэтэл хэргийн үйл баримтаас харахад хохирогчийн гарт байсан 100 000 төгрөгийг авахдаа хохирогчийг айлган сүрдүүлж, амь биед нь аюултай, орчинд нь халдаж, түүний эрүүл мэндэд нь хохирол хор уршиг учруулахаар довтолсон ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй болох нь хохирогч Чын мэдүүлэг, шүүгдэгч Т.Н, С нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр нотлогддог. Хохирогч нь анх мэдүүлэг өгөхдөө би тухайн үед цагаан подволктой өндөр залууг нь наад мөнгөө нааш нь өг гээд миний гараас мөнгийг авчихсан. Босоод иртэл цайвар өнгийн подволктой залуу дахиад намайг тонгорсон. Би тухайн үедээ баруун гартаа АТМ-аас авсан 100 000 төгрөгөө атгачихсан байсан. Тэгсэн цагаан подволктой залуу наад мөнгөө өг гээд миний гарнаас 100 000 төгрөгийг авчихсан гэх мэдүүлгээс харахад 2 нь өшиглөж унагаагаад 1 нь 100 000 төгрөгийг авсан юм шиг харагддаг. Гэтэл өнөөдөр хохирогчийн хувьд бичиг, үсэг мэддэггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй гэж заасан байдаг. Монгол бичиг үсэг мэдэхгүй байгаа тохиолдолд заавал өмгөөлөгч юм уу хууль ёсны төлөөлөгчийг нь оролцуулах ёстой. Гэтэл байцаалтыг авахдаа хохирогч надаас мэдүүлэг авахдаа миний хажууд хүн байлгаагүй. Сүүлд нь нөхөж гарын үсэг зуруулсан байдаг. Хуулиндаа нөхөж гарын үсэг зуруулна гэсэн ойлголт байхгүй. Заавал хамт байж гарын үсэг зуруулна. Бичиг үсэг мэдэхгүй учраас мэдүүлэг өгөхөд заавал хамт байх ёстой. Мөрдөн байцаалтад өгсөн энэ мэдүүлгээр нотлох баримтын шаардлага хангахгүй гэж. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэж. Гэтэл өнөөдөр хохирогчийн хувьд яг одоо миний мөнгийг дээрэмдээд авчихсан хүч хэрэглэсэн зодсон гэж мэдүүлээгүй мөртлөө булаагаад авчихсан юм шиг мэдүүлэг. Энэ мэдүүлэг нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг. Шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадахгүй байгаа учраас нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж банйа. Миний үйлчлүүлэгчийн хувьд ярихдаа би мөнгийг нь АТМ-ээс авахдаа хүч хэрэглэсэн, зодож цохисон, заналхийлсэн үйлдэл хийгээгүй. Яагаад мөнгийг авсан гэхээр мөнгийг хамт авсан учраас энэ хүн мөнгөө хаячих болов уу гэж бодоод авсан. Гэхдээ би араас нь мөнгөө дансаар авах юм уу, бэлнээр авах юм уу гэж хэлсэн. Тэрийг бол дуулсан үгүйг мэдэхгүй. Мөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байгаа учраас миний үйлчүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дах хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг
Шүүгдэгч Т.Нын өмгөөлөгч Б.Батчимэг: .Нын хувьд 2023 оны 06 дугаар сарын 21-нд дээрмийн хэрэг үйлдсэн, мөн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хуулийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд огтоос хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн дээрмийн хэргийг үйлдсэн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэх улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийг үйлдэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 1.3-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн мөн дээрмийн гэмт хэрэг үйлдэх сэдэл, санаа зорилго байгаа юм уу, нотлогдвол зохих байдал нотлогдоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө болсон үйл явдлаас аваад үзэхээр дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Тухайн 100 000 төгрөгийг захиран зарцуулсан зүйл байгаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа маш дутуу хийгдсэн. Наад зах нь хохирогчийн мэдүүлэг дээр эргэлзээтэй. Тухайн үйл явдал болсон фактийг тодорхой мэдэж байгаа юм байхгүй байж 2023 оны 06 дугаар сарын 22-ний өдөр энэ хүн 09:10 минутад яаж мэдүүлэг өгсөн юм бэ. Тухайн үйл явдлын бодит нөхцөл байдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч чадсан юм уу гэдэг нь эргэлзээтэй. 09:10 минут гээд тухайн цаг хугацааг хөөгөөд үзэхээр “NOKIA” Чойрын гаднаас байрлаж Андууд хүртэлх хугацаанд тэр хүн 03:00 цагаас хойш яваад Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл өгөх хүртэл энэ хүн хаагуур явж байгаа, өөрөө их хэмжээний согтууралтай нь мэдүүлгээс харахад их хэмжээний согтолттой хүн өөрөө биеэ хянаад удирдан жолоодоод явах чадвар байсан юм уу энэ дээр их эргэлзээтэй. Мөн 09:10 минутын үед мэдүүлэг авсан үйлдэл нь хууль ёсны шаардлага хангаж байгаа юм уу, нотлох баримт болж чадах уу? энэ бол маш эргэлзээтэй. Их хэмжээний согтолттой ямар нэгэн байдлаар согтууруулах ундааны зүйл уусан үед биологийн хувьд саармагжуулсан зүйл байхгүй байж энэ хүн яаж мэдүүлэг өгсөн юм. Үүн дээр мөрдөгч согтолтыг дээр ямар нэгэн байдлаар тогтоогоогүй байж мэдүүлэг авчихсан нөхцөл байдал байгаа. Энийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. 2-рт үнэхээр шүүгдэгч нарыг бүлэглэн дээрмийн гэмт хэрэг үйлдчихсэн гээд оруулаад ирсэн. Шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордчихсон. Үнэхээр энэ гэмт хэргийг үйлдсэн юм уу гэдэг нь тухайн үйл явдал дээр мөрдөн шалгах ажиллагаа маш дутуу хийгдсэн. Өнөөдрийн байдлаар гэхэд АТМ-ээс 100 000 төгрөгийг Э хохирогчийн хамт авсан юм байна. Тэрнээс хойш хохирогч маш их хэмжээний согтолттой явж чадахгүй болохоор хоёр талаас нь дэмнэсэн байдлаар аваад явсан гэдэг талаар .Н, С, Э нар гуравуулаа мэдүүлдэг. Одоо энэ техник хөгжсөн байхад. Цаг хугацааны хувьд “NOKIA” Чойр гаднаа камертай. Цаашаа петровис камертай. Цаашаа Андуудын гадаа очиход камертай. Ийм нөхцөл байдлаар болсон явдлыг сэргээж хянаж мэдүүлгүүд үнэн зөв байсан эсэхийг тогтоосон юм байхгүй байгаад байгаа. Таньж олуулах ажиллагаа ач холбогдол багатай үүгээрээ гэм буруутайд тооцож яллах дүгнэлт үйлдэхдээ оруулж ирж байгаа нь нэг талдаа өрөөсгөл гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. тийм учраас миний үйлчлүүлэгч 100 000 төгрөгийг ямар нэгэн байдлаар хохирогчоос авч байгаа байдлыг хараагүй үзээгүй гэж тодорхой ярьдаг. Мөн дээрээс нь 100 000 төгрөгийг маргааш нь захиран зарцуулсан асуудал байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр ч тогтоогдож байгаа. Ийм учраас .Нын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсч байна гэх саналыг,
Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Э.Сайханаа: Хамгийн гол зүйл бол архи согтууруулах ундаатай холбоотой хэдэн үг хэлэх ёстой гэж бодож байна. Зориулалтынгазар насанд хүрсэн хүн архи согтууруулах ундаа хэрэглэх нь зүйтэй. Бар сав хааж байна гэдэг чинь одоо амарцгаа, бүгдээрээ явцгаая гэсэн үг. Ингээд явах болсон чинь бүгдээрээ тамхи тарианы асуудал яригдаад хохирогчийн хувьд 8-н лааз пиво авдаг. Тэрийг хамтраад уух үйл явдал өрнөдөг. Тэр 8-н пивоноос шүүгдэгч нар нэмээд уусан. Үлдсэн 5-г нь өөрөө уусан. Ийм зүйлүүд болсон. Тухайн нөхцөлд цааш үргэлжлэх ийм нөхцөл байдал үүсдэг. АТМ-ээс мөнгө авах ийм нөхцөл болсон. Хохирогчийн мэдүүлгээр 2023 оны 06 дугаар сарын 22-нд мэдүүлсэн мэдүүлгээр 2 залуу хар подволктой, доогуураа хар шорттой залуу намайг тонгорч унагаасан гэх мэдүүлэг байдаг. Гэвч хохирогч тухайн өдөр мэдүүлгээ бүрэн дүүрэн өгч чадахаар байсан уу, 06 сарын 22-нд энэ хүн ямар согтолттой байсан эсхүл мэдүүлэг өгөхдөө бичиг үсэг мэдэхгүйн умаас цагдаагийн ажилтан буруу зөрүү бичих ч гэдэг магадлал эрсдэл өндөр байгаа. Тэгэхээр сүүлд нь гарын үсэг зуруулсан ийм үйл явц байдаг. Бид нар хууль биелүүлэх ёстой хүмүүс. Цагдаа гэхээр монгол бичиг үсэг мэдэхгүй хүнийг дараа нь гарын үсэг зуруулах ч гэдэг юм уу ийм хуульчилсан зүйл байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар бичиг үсэг мэдэхгүй хүнд өмгөөлөгч оролцуулахаас өөрөөр бичиг үсэг мэддэг ямар нэгэн хүнийг оролцуулна гэсэн зохицуулалт байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл нотлобол зохих, нотлох баримт бүрдүүлэх үйл явц нь хууль зөрчсөн. Үнэлэхгүй байх боломжтой гэж үзэж байгаа. Хохирогч өөрөө хэлж байна. Би санахгүй мэдэхгүй байна гэж маш их хэлсэн. Шөнийн 03:00 цагт Андууд руу явсан гэж хэлсэн. Өөрийнх мэдүүлгээр намайг очиход шууд манай хамт ажилладаг хүмүүс цагдаа дуудсан гэж байгаа. Цагдаад 08:30 минутад мэдээлэл очсон байгаа. Тэгэхээр ингээд очихоор энэ хүн өглөө 08:30 минутад очсон нөхцөл буайдал тогтоогдож байна. Шөнийн 03:00 цагаас 08:30 цагийн хооронд энэ хүн хаагуур явсан юу хийсэн яаж өөрийгөө гэмтээсэн энэ үйл явц тогтоогдоогүй үлдчихсэн байна. Тэр хамт ажилладаг, ажиллаж байсан тэр хүнийг гэрчийн мэдүүлгээр асуух, тааралдсан гэх 2 охиноос гэрчийн мэдүүлэг авах зэрэг үлдээсэн зүйл байгаа. Мэдээллийн эх сурвалжийг зааж байж тэр нь нотлогдож байж нотлох баримт болдог. Тэгэхээр 08:30 минутад очиход унтаж амраагүй байна. Энэ хүний согтолтын зэрэг хэд байсан. Үнэхээр энэ хүн өөрийгөө удирдан жолоодох чадах бүрэн юм аа чадвартай байсан эсэх үнэхээр мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх өнөөдөр хууль ёсоор батлагдсан зүйл байхгүй. Шүүгч хүртэл энэ дээр гайхаад байгаа. Энэ хүн унтаж амраагүй. Согтолтын зэрэг нь арилаагүй байсан. Хажууд нь өмгөөлөгч эсхүл бичиг үсэг мэддэг хүн хэлсэн ярьсантай нь тулгаад өгчих хүн байгаагүй ийм зүйлүүд хэргээс тодорхой харагдаж байна. Энийг анхаарч үзэх байх гэж бодож байна. Энэ нөхцөл байдлаас үзвэл хохирогчийн согтолтын зэрэг согтсон нөхцөл байдлаас мэдүүлэг хэрхэн өгөх үнэхээрийн С-ын буруутай үйлдлээс гэмтэл учирсан гэх нь тогтоогдоогүй. Ийм зүйлүүд тогтоогдож байна гэж үзэж байна. Цаашлаад дээрмийн гэмт хэрэг 17.2 дугаар зүйлийн 2-т заасан бусдын эд зүйлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхгүйгээр авсан бол гээд энэ гэмт хэрэгт буруутгаад ороод ирсэн. Энэ хүн хэдэн төгрөг авчихсан юм бэ тэр нь байхгүй. Тэр байтугай Эг хэдэн төгрөг авсныг ч С мэдээгүй. С өөрөө мөнгө авсан бол дээрэм болно. Тэр байтугай Эг хэдэн төгрөг авсныг мэдээгүй. Тийм байтал энэ хүн дээрмийн хэргээр яллагдагч болчсон. Тэр мөнгө төгрөгөө хувааж авсан субъектив санаа зорилго нь байхгүй. Энэ хүн хохирогч унах гээд байхад нь түшсэн. Тэгээд хохирогч унасан зүйлүүд зөндөө байгаа. Хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эргэлзээгүй, С хохирогчийг зодсон хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдоогүй зүйлүүд байна. Ийм байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүхээс Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н, Б.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хохирогч М.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ ” “...Би тухайн үед баруун гартаа АТМ-аас авсан 100 000 төгрөгөө атгачихсан байсан. Тэгсэн цагаан фудволктой өндөр залуу нь наад мөнгөө нааш нь өг гээд миний гарнаас 100 000 төгрөгийг авчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/, шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгээд урагшаа уначих гээд байхаар нь би баруун гар талаас нь 100 000 төгрөгийг авсан...Би аавдаа 100 000 төгрөгний өртэй байсан юм, тэр өдрийн маргааш өглөө нь буюу 2023 оны 06 дугаар сарын 22-нд аавдаа бэлэн мөнгө болох 100 000 төгрөгийг өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 152/, гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд тухайн газрыг хаасны дараа бид 2 төв зам руу алхаж явтал намхандуу нэг залуу ирээд чи манай найзыг аваад явчихсан байх юм гэж хэлэхээр нь нээрээ л найзууд юм байх гэж бодоод би орхиод явчихсан. Тэр улаан фудволктой залууг нөгөө залуучууд аваад явчихсан...” гэсэн зөрүүгүй өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Т.Н, Б.С нар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Т.Н, Б.С нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 03 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг эвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нокиа Чойр” дэлгүүрийн урд талын нарийн гудамжинд иргэн М.Чтыг тонгорч газар унагаах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун эгэмний доод хэсэгт, өвчүүнд, зүүн мөрөнд, баруун далны дээд хэсгээр, 2 далны хооронд, зүүн шуунд цус хуралт, баруун тохойнд, духны зүүн талд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.Н, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн талаар
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хохирогч М.Чын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нөгөө 3 залуугийн өндөр залуу нь 100 000 төгрөгийг миний 5047086758 дугаарын данс руу шилжүүлж миний хохиролыг бүрэн барагдуулсан. Одоо ямар нэгэн хохирол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлснийг, мөн хохирогч М.Чын дээрэмдүүлсэн эд зүйл болох 100.000 төгрөгийг буцаан өгсөн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Э, Т.Н, Б.С нарыг баримтаар бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: Шүүхээс шүүгдэгч Б.Э, Б.С, Т.Н нарт холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Б.Эг прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсныг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Б.С, Т.Н нарт холбогдох зарим хэсгийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөр зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Т.Нт хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөр зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил, шүүгдэгч Б.Ст хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөр зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. 17.2 дугаар зүйл сонгомол санкцтай. 6 сараас 5-н жил хүртэлх хугацаанд зорчих эрх хязгаарлах эсхүл 6 сараас 5-н жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэнэ гэсэн ийм сонгомол санкцтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тэнсэх боломжтой. Ерөнхий ангид заасан байгаа. Шүүх миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлсөн Эрүүгийн хуулийн еөрнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эгийн хувьд ам 3. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Өмнөговь аймагт хамт ажилладаг. Тийм учраас улсын яллагчийн 2-н жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулчих юм бол хөдөлмөрлөх эрх хязгаарлагдаад ажил хөдөлмөрөө хийх боломжгүй болчихно. Тийм учраас залуу хүнийг амьдрах боломжийг тогтсон амьдрал, хийх ажилтай тул зорчих эрх хязгаарлахгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэх саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг: Миний үйлчүүлэгч Т.Ныг шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцсон. Шүүхийн шийдвэрийг хүндэлнэ. Хэдийгээр гэм буруутай гэж тооцож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар .Нын хувьд хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Мөн хохирогчийн хууль бус үйлдэл тухайн гэмт хэргийг гарахад нөлөөлсөн гэсэн нөхцөл байдлын хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Т.Нын хувь “ОСО” констракшнд өрлөгийн ажил хийдэг. Мөн ар гэрийн хувьд дөнгөж амьдрал зохиож байгаа. Хүүхэд нь 4 сартай ийм залуу гэр бүл байгаа. Анх удаа гэмт хэрэгт холбогдогж байгааг нь харж үзээд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг маань өөрөө зорчих эрх хязгаарлах, торгох ял, нийтэд тустай ажил хийх ял гэсэн сонгомол санкцтай байгаа. Эндээс хамгийн зохимжтой нь ажил байдал эрхэлдгийг нь харгалзан үзээд торгох ялын доод хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж өгөөч гэсэн саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Сайханаа: Б.Сыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд шүүхээс тооцсон. Шүүгдэгчийн үйлдэлд хөнгөрүүлэн үзэх нөхцөл шалтгаан байна гэж үзэж байна. Хохирогчийн хохирлыг нөхөн төлчихлөө. Хохирогчийн хууль бус ажиллагаа гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэж байгаа. Хохирогч бас өөрөө хэлсэн. Нөгөө талаараа 3-н шүүгдэгч үе тэнгийн залуучууд байгаа. Харин хохирогчийн хувьд 10 гаруй насны ахмад хүн байгаа. Зааж зөвлөх, харьцгаа иймэрхүү байдлаар чиглүүлээд явах боломж байсан. Харин тэгээгүй. Өөрөө пиво аваад дахиж архи уух сэдлийг төрүүлээд тамхи авах, иймэрхүү нөхцөл байдлыг үүсгээд яваад байсан нь хохирогчийн зүй бус үйлдэл байна гэж үзэж байна. Б.Сын хувьд залуу хүн. Ажил төрөл хийгээд явдаг. Сая ажлын гэрээ нь ирсэн байсан. Тодорхой өөрийн гэсэн орлоготой. Ээжтэйгээ дүүтэйгээ ам бүл 3-лаа амьдардаг хүн байна. Цаашдынх нь ажил амьдрал, хийж бүтээх зүйл, үр хүүхэдтэй болох гээд бүх зүйлд нь ял шийтгэлийн асуудал нилээн хурцаар нөлөөлнө. Тэгэхээр энэ байдлыг хөнгөрүүлэн үзээд торгох ялыг оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан байна.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Т.Н нарт яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь: хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангахгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Хохирогч М.Ч нь бичиг үсэг мэдэхгүй тул садан төрлийн хүн болох С.П-ийг байлцуулсан мэтээр мэдүүлэг авсан нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна. Шүүх хуралдааны явцад хохирогч М.Ч нь шүүгдэгч Б.Эг 2 намхан залуу болох Б.С, Т.Н нарыг өшиглөж байхад ирээд та нар больцгоо гэж хэлэн болиулаад баруун гарт байсан 100 000 төгрөгийг гараас авсан гэх мэдүүлгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэсэн, заналхийлсэн” гэх үйлдэл нотлогдон тогтоогдохгүй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авсан,и өөрөөр хэлбэл хохирогчийн бие махбодид болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авсан үйлдлээр илэрдэг.
Шүүхээс шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг, шүүгдэгч Б.С, Т.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай бүлэглэн учруулсан гэм буруутай гэж тус тус тооцов.
Энэ гэмт хэрэг нь хохирогч М.Чын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн 2023.06.26-ны өдрийн №182 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 100 000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах аижллагааны явцад төлж барагдуулсан, шүүх хуралдаанд оролцохоор ирж очсон зардал болох тээврийн хэрэгслийн зардалд 131.200 төгрөг, буудлын төлбөр 65.000 төгрөг, нийт 196.200 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж шүүх хуралдааны явцад хохирогчид 196.200 төгрөгийг бүрэн барагдуулсныг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.С, Т.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Б.Э, Т.Н, Б.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал:
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нар архидан согтуурсны улмаас амар хялбар аргаар мөнгө олж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх гэсэн үйлдлээс үүдэлтэй байна.
Мөн шүүгдэгч Б.Э, Т.Н, Б.С нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Т-ын .Н, И овогт Б С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
2. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.7.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүлйийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Ш овогт Б-ын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн,
Б овогт Т-ын .Н, И овогт Б С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Т.Н, Б.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйийн 2 дэхь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, Б.С нарт оногдуулсан 600 /зургаа./ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Т.Н, Б.С нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч Б.Э, Т.Н, Б.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн фудволк 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Б.Э, Т.Н, Б.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ