Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/00557

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б Ц

Хариуцагч: А Б

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б Ц

хариуцагч А Б

нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А Бтэй 2016 онд танилцаж 2017 онд хамтран амьдарсан. Бидний охин Ц.А нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн. Охиноо төрөхөд бид Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч, охин маань одоогоор эхээрээ овоглож байгаа. Бид зан харилцаа гэр бүлийн гадуурхи харилцаанаас болж 2019 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Цаашид охиндоо хэрэгцээнийх нь хувцас, боловсрол, өсч томроход нь хэрэглээнийх нь зардлуудыг миний бие ганцаар хариуцах хүндрэлтэй байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.А-д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү.

Хариуцагч А Б шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие охин Ц.Ад хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. А Б, Б Ц нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр охин Ц.А-г төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б Цгийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч А Б-с хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан охин Ц.А сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 35,868 төгрөг төлөх бөгөөд илүү төлсөн 34,332 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35,868 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч  А Б-с 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Ц.А-г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А Б нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,868 төгрөгийг улсын төсөвт үлдээж, илүү төлсөн 34,332 төгрөг, хариуцагч А Б-с улсын тэмдэгтийн хураамжид 35,868 төгрөг тус, тус гаргуулж нэхэмжлэгч Б Ц-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА