| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2023/0190/Э |
| Дугаар | 2023/ШЦТ196 |
| Огноо | 2023-05-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0190/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Д.Энхтүвшин /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Харчин овогт Дашнямын Энхтүвшинг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000234 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Харчин овогт Дашнямын Энхтүвшин РД: УИ91110855 , 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь Дархан төмөрлөгийн үйлдвэр-т авто самосвал-ын жолооч ажилтай, ам бүл 4 , эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух хаягтай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Д.Энхтүвшинг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Энхтүвшин нь 2023 оны 03 дугаар сарын 23 -ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Өнгөт хорооллын 1б байрны гадна талбайд гээгдүүлсэн иргэн Д.Баясгалан -ийн Samsung A33 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Энхтүвшингийн мэдүүлсэн “...Би хохирогчид гар утсыг нь буцаагаад өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч улсын яллагчтай 450,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000234 дугаартай хэргээс:
Эд зүйл хураан авсан тухай “... Хар өнгийн Самсунг А33 бүрэн бүтэн гар утас 1 ширхгийг УИ91110855 регистрийн дугаартай Дашням овогт Энхтүвшин -ээс хураан авч тэмдэглэл үйлдэв.” тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Хохирогч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн “...2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16 цаг 10 минутын орчимд гэрээсээ буюу Шинэ хорооллын 11 дүгээр байрны урд талын төв замаас таксинд суугаад Олон улсын худалдааны төвийн урд зам дээр буусан. Тэгээд таксинаас буугаад гар утсаа өмдний халааснаас гаргаж ирэх гээд тэмтэрч үзэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд замаар явж байсан такси зогсоож суугаад өмнө нь сууж явсан таксины араас яваад хайгаад олоогүй. Тэгээд олон хүн нь өгчих байлгүй гэж нэг хоног хүлээгээд маргааш нь цагдаагийн байгууллагад хандсан. Би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мобикомоос ХХК-аас 1,239,000 төгрөгөөр худалдаж авч байсан Самсунг А33 маркийн 5G гар утас байсан. Хавтастай хар өнгийн гэртэй хөх өнгийн шинээрээ гар утас байсан. Тухайн үед суусан такси нь Приус 30 маркийн хар өнгийн машин байсан бөгөөд 0399 ДАХ улсын дугаартай байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “... Самсунг А33 маркийн 128GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны байдлаар 900000 /Есөн зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 23, 24 дэх тал/,
Д.Энхтүвшингийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн “...Би 2023 оны 03 дугаар сард Өнгөт хорооллын Сакура нэртэй дэлгүүрийн эсрэг талын байрны хогийн савны хажуугаар орой 21 цагийн үед Шинэ Дархан орох санаатай ганцаараа алхаад явж байхад хар өнгийн А33 маркийн гар утас дэлгэц нь дээшээ харчихсан байдалтай газар байхаар нь тухайн гар утсыг аваад харахад 10% орчим цэнэгтэй байхаар нь кодыг нь тайлахаар оролдож байгаад дэлгэцийн баруун буланд нь жижиг Z үсгэн зураасаар зурахад дэлгэцийн түгжээ тайлагдсан. Тэгэхээр нь би тухайн гар утсыг бараг нэг цаг орчим асаалттай хэвээр авч явахад ямар нэгэн хүн огт залгаж холбоо барихгүй байж байгаад утас нь унтарсан. Харин унтахаар нь би сим картыг нь аваад өөрийн 99768287 дугаарын сим картаа хийгээд тухайн гар утсыг шалгаж үзээд буцааж унтраагаад гэртээ очсон. Тэгээд маргааш өглөө нь үүрээр 05 цагийн үед Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд үйл ажиллагаа явуулдаг Дархан төмөрлөг ХХК-ийн төмөртэй уурхай руу 18 хоногийн хугацаатай яваад ирсэн. Харин тухайн гар утсаа гэртээ үлдээгээд явсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уурхайгаас буугаад гэртээ ирсэн. Харин маргааш нь цагдаагийн байгууллагаас холбогдоод тухайн гар утасны талаар тодруулж асуухаар нь би ирж болсон зүйлийн талаар мэдүүлж байна. ...Би гар утас олж сим картаа хийснээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 38 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Энхтүвшингийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Энхтүвшинг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Энхтүвшингийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшинд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс Д.Энхтүвшинд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Энхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Харчин овогт Дашнямын Энхтүвшинг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшинг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшинд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Энхтүвшин нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Энхтүвшинд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР