Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/197

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0191/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Наранмөнх,

Хэлмэрч Ц.Отгонжаргал ,

Шүүгдэгч Д.Нарангэрэл , шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ноосон овогт Дэмбэрэлийн Нарангэрэлийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000197 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ноосон овогт Дэмбэрэлийн Нарангэрэл РД: ТЯ64042411 , 1964 оны 04 дүгээр сарын 24 -ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 1 , Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 10 дугаар орцны зоор-ийн давхарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Д.Нарангэрэл нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Сутай бааранд хувийн маргааны улмаас иргэн М.Алтаншайг цохиж эрүүл мэндэд нь дагзны зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн өнгөж гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нарангэрэлийн мэдүүлсэн: “...Би тухайн өдөр бааранд бүжиглэж байсан. Тэр үед миний ард талд нэг хүүхэн бүжиглэж байхдаа бөгсөөрөө түлхээд бүжиглээд байсан. Би тоогоогүй. Тэгээд олон хүмүүс бужигналдаж байх үед нөгөө эмэгтэй намайг түлхлээ гээд заамдаад авсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг түлхээд өөрөөсөө холдуулсан. Дараа нь Алтаншагай гэх залуу намайг шууд цохисон. Би уур хүрээд зөрүүлээд Алтаншагайг цохисон чинь хажууд талаас хоёр эмэгтэй ээлжлээд миний төмсөг, бие рүү өшиглөсөн. Худлаа мэдүүлэг өгсөн байсан. Өчигдөр Алтаншагайг шүүх хурал дээр яагаад худлаа мэдүүлэг өгсөн бэ? гээд загнаж байна лээ. Намайг цохиж зодсон. Зураг нь байна. Буруу гэдгээ зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000197 дугаартай хэргээс:

 

Хавтаст хэргээс улсын яллагч: Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, хохирогч М.Алтаншагайн мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14 дэх тал/, гэрч Б.Дуламжавын мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, гэрч Д.Мягмарын мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/, гэрч Х.Хишигбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/, гэрч С.Дуламсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, гэрч М.Саруулсайханы мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, гэрч П.Чинзоригийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/, Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, шинжээч эмч Г.Ганпүрэвийн мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/, яллагдагч Д.Нарангэрэлийн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэрч С.Дуламсүрэнгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/-ийг тус тус шинжлэн судлуулж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Нарангэрэлийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Нарангэрэл нь 2023 оны 03 дугаар сарын 08-аас 09-ний өдөрт шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Сутай баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хохирогч М.Алтаншагайг эхнэрээ өмөөрч биед нь халдлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисны улмаас М.Алтаншагай нь баарны баганыг дагз хэсгээрээ мөргөж ухаан алдаж унан биед нь дагзны зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн өнгөц гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж тус тус заасан. Иймд шүүгдэгч Д.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Д.Нарангэрэл болон түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Д.Нарангэрэл нь 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Сутай баарны бүжгийн талбай дээр иргэн М.Алтаншайг эхнэрээ өмөөрч биед халдлаа гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд дагзны зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн өнгөж гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Сутай нэртэй баарны зааланд байх хяналтын камерт үзлэгийг хийхэд 2023 оны 03 дугаар сарын 09-ний орой 00 цаг 59 минутанд Д.Нарангэрэл гэгч нь бүжгийн талбай дээр М.Алтаншагайн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж унагаж байгаа бичлэг байх бөгөөд үүний дараа Д.Нарангэрэлийг үүдний хэсэг рүү түлхээд авч яваа эмэгтэй хүмүүсийн бичлэг үлдсэн байв.” тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Хохирогч М.Алтаншагайн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 09, 04 дүгээр сарын 12-ны өдөр тус тус мэдүүлсэн “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би дүү нар болох Саруул , Энхтүвшин , Отгончимэг нарын хамт Сутай нэртэй бааранд 20 цаг өнгөрч байхад орсон. Тэгээд 0,75 литрийн хоёр шил архийг хувааж уугаад сууж байтал араас 22 цагийн үед манай эхнэр болох Дуламжав орж ирсэн бөгөөд бөөнөөрөө хамт сууж байхдаа би бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Ингээд бүжиглэж байгаад нэг танихгүй залуутай санамсаргүй байдлаар шүргэлцсэн чинь миний араас толгой руу цохисон. Энэ үед би ухаан алдаж унасан ба нэг сэрсэн чинь эмнэлэг дээр толгойдоо оёдол тавиулж байсан. Тийм учраас би цагдаагийн байгууллагад хандсан. Уг нь би  тэр хүнтэй шүргэлцсэнийхээ дараа уучлал гуйхад намайг тоохгүй над руу дайрч давшлаад байсан. Тэгээд нэг мэдэхэд харагдахгүй болсон байсан ба хаанаас ч юм гэнэт гар ирээд миний толгой руу цохисон. Гэхдээ юугаар цохисныг би мэдээгүй. Миний зүгээс гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...Намайг ухаан балартаж унахад Д.Нарангэрэлийг хэн ч цохиогүй. Тэр бааранд ямарч зодоон болооогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 14 дэх тал/,

 

Гэрч Б.Дуламжавын 2023 оны 03 дугаар сарын 09, 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлсэн “...Би 2023 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цаг 40 минутанд ажлаасаа тарахад манай хадам аав болон нөхөр түүний дүү нар утсаар залгаад бид нар Сутай бааранд байна. Баярыг чинь тэмдэглэх гэсэн юм хүрээд ир гэхээр нь би гэрээрээ ороод хувцсаа солиод яваад очиход 22 цаг болж байсан. Намайг очиход тэд нар хоёр шил архи авчихсан ууж байсан ба бид нар нийлээд хэсэг сууж байхдаа би нөхөр болох Алтаншагайгийн хамтаар бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал юунаас болсон юм мэдэхгүй байна. Нэг танихгүй хүнтэй маргалдаад бие биеэ түлхээд байсан ба тухайн үед сүртэй юм болохгүй байлгүй гэж бодоод бүжиглэж байтал нөгөө хүн манай нөхрийн толгой руу гараараа нэг удаа хүчтэй цохих үед манай нөхөр хойшоо савж унаад ардаа байсан баганыг толгойнхоо ар хэсгээр мөргөж ухаан алдаад газар унасан. Энэ үед тэнд байсан хүмүүс тэр хүнийг цааш нь хашиж шахаад та хүн алчихлаа шүү дээ гээд байсан. Энэ үед Алтаншагайн аав хүүгээ өмөөрөөд тэр хүн рүү уурлаад дайрах үед тэр хүн аавыг нь бас хоёр удаа гараараа цохисон. Гэхдээ аавынх нь биед гэмтэл учраагүй. Тэгээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Би Нарангэрэлийг цохиогүй. Нарангэрэлийн биед хэн ч хүрээгүй. Түүнийг баарны хоёр хүүхэн хашиж зогсоод огт ойртуулаагүй. Бааранд түүнийг цохих боломж хэнд ч байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18 дахь тал/,

 

Гэрч Д.Мягмарын мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр  би өөрийн хүү болонн Алтаншагай , түүний эхнэр Дуламжав , бусад бэрийнхээ хамт Сутай бааранд орж баяр тэмдэглэсэн. Тэгээд бид нар ширээнд суугаад архи дарж ууж дараа нь манай хүү болон бэрүүд бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байсан. Тухайн үедээ би юу ч анзаарахгүй ширээн дээрээ сууж байтал баарны зөөгч хүүхэн ирээд таны хүү бүжгийн талбай дээр ухаан алдаад уначихлаа та хурдан яваад оч гэхээр нь би сандараад яваад очтол манай хүү шалан дээр ухаангүй хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан. Харин манай хүүг цохисон гэх хүн цаана нойлын хажууд хүмүүсээр хашуулаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хүн дээр очоод чи яагаад миний хүүг цохиж байгаа юм бэ гэж асуусан чинь тэр хүн миний зүүн шанаан тус газар гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл удалгүй цагдаа нар ирсэн. Миний биед учирсан гэмтэл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

 

Гэрч С.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “...Тус өдөр би бармен Хишигбаяр гэх хүний хамтаар Сутай бааранд ажиллаж байхад орой бааранд бүжиглэж байсан Алтаншагай гэх залуугийн эхнэр нь бүжгийн талбай дээр Нарангэрэл гэх хүнтэй бие биеэ түлхэлцээд чинь нөхөр болох Алтаншагай нь ширээн дээрээс босож ирээд Нарангэрэл гэх хүний шанаан тус газар нь гараараа нэг удаа цохисон чинь Нарангэрэл зөрүүлээд түүний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Энэ үед Алтаншагай хойшоо савж унасан ба унахдаа баарны голд байсан баганыг мөргөж толгойгоо хагалсан. Энэ үед би Нарангэрэл гэх хүнийг хориглоод цаашаа нойлын хажууханд хашиж байсан ба түүнийг хэнч цохиж зодоогүй. Тухайн үедээ Алтаншагайтай хамт явсан эхнэр, дүү нар нь  дайрч давшлаад байсан боловч би тэд нарыг Нарангэрэл гэх хүн рүү ойртуулаагүй. ... Алтаншагай хамгийн эхлээд Нарангэрэл гэх хүнийг бүжгийн талбай дээр нүүрэн тус газарт нь гараараа цохих үед нүүрэнд нь жаахан зулгарч цус гарсан. Түүнээс бусад гэмтлийг бааранд хэн нэгэн цохиж учруулаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Гэрч М.Саруулсайханы мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...2023 оны 03 дугаар сарын 08-н орой 20 цагийн үед адам аав Мягмар, хадам ах Алтаншагай, бэр Отгонцэцэг нарын хамт Сутай бааранд орж хэсэг архи дарс ууж идээд сууж байтал 22 цагийн үед араас том бэр Дуламжав орж ирсэн. Ингээд бүгдээрээ бүжиглэж байгаад 23 цагийн үед би нойл орж бие засчхаад дараа нь гадаа гарч агаарт зогсож байгаад буцаад бааранд ороод иртэл нэг хүн манай хадам аав Мягмарын нүүрэн тус газарт нь гараараа цохисон. Энэ үед би юу болж байна гээд наанаас нь яваад очих хооронд дахин аавын шанаан тус газартнь гараараа нэг цохисон. Тухайн үед миний уур хүрээд тэр хүн рүү уурлаж хөгшин хүн цохилоо, чи яахаараа миний аавыг цохидог юм гэж хэлтэл нөгөө хүн миний өөдөөс салаавч болон дунд хуруугаа гаргаж дараа нь хэлээ гаргаж өөдөөс нулимсан. Энэ үед би түүн рүү дайрсан боловч түүнийг баарны ажилтан хоёр хүүхэн хамгаалаад цаашаа нойлын булан руу шахаад хэнийг ч ойртуулахгүй байсан. Тийм учраас тэр хүн рүү хэн ч ойртож чадаагүй. Харин тэр хүн дохио зангаагаар бид нарыг доромжилсон хэвээрээ байсан. Тэгтэл Дуламжав араас чи хүн алчихлаа шүү дээ гэж орилохоор нь гайхаад хартал Алтаншагай бүжгийн талбай дээр ухаан алдаад унасан байдалтай байсан. Тэгэхээр нь би эмнэлгийн байгууллага болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Нарангэрэл гэх хүнийг хэн ч цохиогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Гэрч П.Чинзоригийн мөрдөн байцаалтад 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн “... Би Бүртгэл дээрээс харахад дээрх хүнийг үзээд төмсөгний үрэвсэл гэсэн онош тавьсан байна. Уг үрэвсэл нь биеэ даасан үрэвсэл байж болно. Энэ нь заавал гэмтлийн улмаас биш өвчний улмаас гэсэн үг юм. Эсвэл гэмтлийн улмаас үүссэн байж бас болно. ...Тэр үед үзүүлсэн Нарангэрэл гэх хүн нарийн шинжилгээ өгөхгүй явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 322 дугаартай “... М.Алтаншагайн биед дагзны зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн өнгөц гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн ба дарааллыг тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №32/23 дугаартай “... Дэмбэрэл овогтой Нарангэрэл нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. Дэмбэрэл овогтой Нарангэрэл нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай байна. Дэмбэрэл овогтой Нарангэрэл нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна. Дэмбэрэл овогтой Нарангэрэл нь одоогор сэтгэцийн хувьд эрүүл учир сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ авах шаардлагагүй байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

*******ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн “...2023 оны 03 дугаар сарын 08-ны орой 20 цаг 30 минутын үед би Сутай бааранд ганцаараа орсон. Би өөрөө архи дарс хэрэглэдэггүй. Тамхи татдаггүй учраас жаахан бүжиглэх санаатай байсан юм. Тэгээд бүжгийн талбай дээр гараад жаахан бүжиглэж байтал хажууд бүжиглэж байсан нэг танихгүй хүүхэн бүжгийн талбай дээр намайг бөгсөөрөө түлхээд шахаад байсан учраас би тэр хүүхэнтэй түлхэлцээд зогсож байтал түүний нөхөр бололтой нэг залуу ширээний араас босож ирээд эхнэрээ өмөөрч надтай маргасан ба намайг түлхэж миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Энэ үед миний уур хүрээд түүний шанаан тус газарт гараараа нэг удаа цохисон чинь тэр залуу хойшоо савж унасан. Унахдаа толгойгоорооо  багана мөргөж унасан. Тэгтэл тэнд байсан хүмүүс шуугилдаад бид нарын голоор орж салгасан ба баарны нэг ажилтан хүүхэн намайг шахаад нойлын ойролцоо аваачсан. Энэ үед Алтаншагай гэх хүний эхнэр миний төмсөг рүү өшиглөж намайг гэмтээсэн. Одоо миний биеийн байдал зүгээр.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, эд мөрийн баримт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч М.Алтаншагайн биед учирсан дагзны зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн өнгөц гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Нарангэрэлд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн сонсголгүйн улмаас өөрийгөө зөв ойлгуулаагүй, хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Хохирогч М.Алтаншагай нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирол нэхэмжилж баримтыг ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад хохиролгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдаг. Миний үйлчлүүлэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохиролгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй,  бүрэн сонсголгүй хувийн байдалтай байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бүрэн сонсголгүйн улмаас группт байдаг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Нарангэрэлд ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Д.Нарангэрэлд  оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ноосон овогт Дэмбэрэлийн Нарангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нарангэрэлд 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нарангэрэлд шүүхээс оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Нарангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Нарангэрэлд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР