| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/01384/И |
| Дугаар | 01421 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 01421
2020 05 05 102/ШШ2020/01421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ДГШ СӨХ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.А холбогдох,
826,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бүрэнжаргал, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ДГШ СӨХшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ДГШ СӨХ-ны захирлаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор томилогдсон. Тус холбоо нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Үлгэрчилсэн норм, засвар үйлчилгээний жишиг” үнийг үндэслэл болгон 2015 оны 11 дүгээр сараас засвар үйлчилгээний хөлсийг 1 м.кв талбайд айл өрх 00000 төгрөг, аж ахуйн нэгж 600 төгрөг, лифт ашигласны төлбөр 6000 төгрөг, жижүүрийн цалин 7,000 төгрөг, цэвэрлэгээний хөлс 3,100 төгрөг, хог хаягдал ачих зардал 2,500 төгрөг байхаар тогтоосон байх бөгөөд Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Цагдаа-2 хотхон, 30А дугаар байр, 00000 тоот орон сууцны СӨХ-ны төлбөр сарын 31,800 төгрөг байна. Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Цагдаа-2 хотхон, 30А дугаар байр, 0000 тоотод оршин суугч нь 2017 оны 05 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,033,400 төгрөгийг төлөөгүй байгаа нь СӨХ-ны цаашдын үйл ажиллагаанд саад учруулж байх тул оршин суугч Д.Ааас 1,033,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Оршин суугч Д.Ань тус байрыг 2019 оны 11 сард худалдан авсан гэх тул нэхэмжлэлийн шаардлагаа 206,680 төгрөгөөр багасгаж, Д.Ааас СӨХ-ны төлбөрт 826,720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Ашүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2019 оны 11 сарын сүүлээр энэ байрыг худалдаж авсан. Гэрчилгээгээ аваад байрандаа орсны дараагаар манай ээжид өмнөх айл өр төлбөртэй гэдгийг хэлсэн. Өмнөх айлтай нь холбогдоод хэлсэн боловч манайх эхнээсээ төлөөгүй, одоо ч төлөхгүй гэдэг талаар хэлсэн. Би өөрөө энэ байранд байнга байдаггүй. Иймд 2019 оны 11 дүгээр сараас хойшхи төлбөрийг төлнө. Өмнөх төлбөрийг өмнөх оршин суугч н.Мөнхжаргал гэдэг хүнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар: зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ДГШ СӨХнь хариуцагч Д.Ад холбогдуулан 1,033,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаардлагаа 206,680 төгрөгөөр багасгаж, 826,720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ “...уг орон сууцыг миний бие 2019 оны 11 сард Л.Мөнхжаргал гэх хүнээс худалдан авсан. Худалдаж авах үед СӨХ-ны төлбөрийг төлөөгүй гэдгийг мэдээгүй. Худалдаж авсныхаа дараа Л.Мөнхжаргалд энэ талаараа хэлэхэд төлөхгүй гэж хэлсэн. Тиймээс худалдаж авсанаасаа өмнөх хугацааны төлбөрийг төлөх боломжгүй ” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.АБаянгол дүүрэг, 3 дугаар хороо, Цагдаа-2 хотхон, 30А дугаар байр, 0000 тоот орон сууцыг иргэн Л.Мөнхжаргалаас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авч, тус орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна./хх-14-16 тал/.
Хариуцагч нь тус байрны СӨХ-ны төлбөр буюу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг 2017 оны 05 дугаар сараас хойшхи хугацаанд төлөөгүй болон сарын төлбөр 31,800 төгрөг гэдэгт маргахгүй байна.
Нэхэмжлэгч “ДГШ СӨХнь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30а, 30б, 30в байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр олгосон 217 дугаартай гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул “ДГШ СӨХнь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардах эрхтэй байна./хх-3 тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.
Иймд сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг СӨХ-д төлөх үүрэгтэй байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэжээ.
Хариуцагч Д.Ань иргэн Л.Мөнхжаргалаас тус орон сууцыг худалдан авахдаа дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлж байсан эсэхийг шалгах үүрэгтэй байх бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иймд хариуцагч Д.Ааас Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Цагдаа-2 хотхон, 30А дугаар байр, 0000 тоот орон сууцны 2017 оны 05 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал буюу СӨХ-ны төлбөрт 826,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дунд гол шилтгээн” СӨХ-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 10000, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 826,720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ДГШ сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамжинд 24,391 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ДГШ Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА