Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 10

 

2020 оны 3 сарын 30 өдөр                         2020/ДШМ/10                                     Хэрлэн сум                                  

 

С-од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2020/0010/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга М.Долгоржав,

Прокурор Б.Бямбасүрэн,    

Шүүгдэгч С-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүүгийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн давж заалдах гомдлоор С-од холбогдох эрүүгийн 1939007950006 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Сүхгомбын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Норовлин суманд 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг “Алтаргана” жуулчны баазын хашаан дотор оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б- овогт Г-н С нь

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт оршин суух Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Ц-гийн “Samsung S-9” маркийн гар утсыг хулгайлж бусдад 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б- овгийн Г-н С-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч С-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч С-од оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч С- нь 70 хувийн хөгжлийн бэрхшээлтэй /сэтгэцийн/, хүний ярьсан зүйлийг бүрэн гүйцэд ойлгох чадвар муутай, эгч нь байнга харгалзаж явдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох эсэх талаар хүсэлтийг бичгээр өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “хөгжлийн бэрхшээл, сэтгэцийн, эсхүл хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн байна. Анхан шатны шүүх С-ын эгчээр хүсэлт бичүүлж, өөрөөр нь гарын үсэг зуруулж уг алдааг зассан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад С- нь “өмгөөлөгчгүй оролцоно” гэдгээ илэрхийлчхээд байхад хүсэлтийг заавал бичгээр гаргах албагүй гэж үзэж байгаа бол шүүх ч гэсэн бичгээр гаргуулах шаардлагагүй байсан.   

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг тогтоогоогүй. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад С-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Учир нь анхан шатны шүүх гэрч Г-ын “С- манайхаар байнга орж гарч мод хагалж, ус зөөдөг. ...зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй орж болно” гэх мэдүүлгийг няцаахдаа тухайн цаг хугацаанд Г- нь Сайнзоригтыг гэртээ орох зөвшөөрөл өгөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Г- нь гэр хороололд амьдардаг, тухайн цаг хугацаанд гэр нь цоожгүй, онгорхой байсан, Г-, С- нарын хувьд бие биеэ таньдаг, бие биенийхээрээ орж гардаг, дотно харилцаатай нутгийн хүмүүс зэрэг нөхцөл байдлаас харахад С- нь Г-ын гэрт орохдоо зөвшөөрөл авч орох үндэслэл тогтоогдохгүй байна. С-ын хувьд анхнаасаа хулгай хийх сэдэлт, санаа байгаагүй, Э-д өгсөн гэх 40000 төгрөгөө авах зорилготой явсан талаарх гэм буруугийн сэдэлт санаагаа анх гэрчээр мэдүүлэг өгөх үеэс хэлсэн байдаг.

Ийм анхан шатны шүүхээс С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж, түүний эрүүл мэндийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж тэнсэж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч Нарангэрэл С-ыг бусдын орон байранд нэвтрээгүй, хөдөөний айл учир хаалга нь цоожгүй, онгорхой байсан, С- нь Г-ынхоор байнга орж гардаг, дотно харилцаатай, нутгийн хүмүүс байсан” гэж байна. Тухайн байрны оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрснийг бусдын орон байранд нэвтэрсэн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуульд орон байр гэдгийг “...хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь хүн байнга амьдрахад зориулагдсан, 6х6 харьцаатай дүнзэн байшин байсан. Мөн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр уг байшинд нэвтэрсэн нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсныг харуулж байна.

Анхан шатны шүүх хуралдаанд С- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан. Шүүхээс С-оос “өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг та өөрөө бичсэн үү, таныг шахаж шаардаж нөлөөлсөн зүйл байна уу” гэж асуухад “би өөрөө бичсэн” гэж хэлсэн ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. С- нь тухайн хүсэлтийг эгчээрээ бичүүлээд өөрөө гарын үсэг зурсан. Хэн нэгэн айлгаж, сүрдүүлж, дарамталж гарын үсэг зуруулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн давж заалдах гомдлоор С-од холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

С- нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр багт байрлах Г-ын гэрээс Ц-гийн “Samsung S-9” маркийн гар утсыг хулгайлж 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Г-ынд байж байгаад хажуу айл руугаа орохдоо цүнх, утсаа орхиод гарсан. ...буцаад орж ирэхэд утас алга болсон байсан. Гар утсаа олж авсан болохоор гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

Гэрч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С-ыг манай гэрт байсан гар утсыг авсан болохыг цагдаагаас болон өөрөөс нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

Фэйр валуэшн” ХХК-ийн 2019 оны 12 дугаар  сарын 10-ны өдрийн 403 дугаартай” “Samsung S-9” маркийн гар утас 550000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 хуудас/

С-оос “Samsung S-9” маркийн гар утсыг хураан авч, хохирогч Ц-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-11 хуудас/,  

Гэрч Д, Снарын мэдүүлгүүд /хх-ийн 24-27 хуудас/, шүүгдэгч С-ын хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ. 

Гэгч Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С- нь манай ахын “Алтаргана” жуулчны баазын манаач юм. ...манайхаар орж гардаг, мод чулуу хагалж, ус зөөдөг. Өдөр болгон шахуу орж гардаг хүн болохоор зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй орж болно. Огт танихгүй хүн биш” гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаас үзэхэд С-ын үйлдлийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна.   

Иймд С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч С-ын биеийн эрүүл мэндийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг гаргаагүй хэдий ч шүүхийн шатанд өмгөөлөгч авсан дээр дурдсан зөрчил нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлөхөөргүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б- овгийн Г-н С-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.  

 

2. “Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4-т зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг С-од үүрэг болгож, шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, эрх хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдсугай.” гэж нэмсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын 3, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С- нь шийтгэх тогтоол гарснаас хойш 41 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА

                                ШҮҮГЧ                                               Я.АЛТАННАВЧ

                                                                                            Б.СҮХГОМБО