| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0272/З |
| Дугаар | 221/МА2026/0034 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2026/0034
С.О-ын нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч С.О
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд Б.Т
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/232 дугаар захирамжийн С.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/31 дүгээр тушаалын Б.Т-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0697 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.И
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 128/2025/0272/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.О-оос Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/232 дугаар захирамжийн С.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/31 дүгээр тушаалын Б.Т-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0697 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.3. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 47.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/232 дугаар захирамжийн С.Я-д холбогдох хэсгийг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/31 дүгээр тушаалын Б.Т-т холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н давж заалдах гомдолдоо:
“...С.Я нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших хүсэлтийг гаргасан ба иргэний эрх зүйн чадвартай байх үедээ холбогдох захиргааны байгууллагад хүсэлтийг гаргасан байдаг. 2022 онд хүчин төгөлдөр хэрэгжиж байсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох” журмын 5.1.4-т зааснаар "Монгол улсын иргэн үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлт гаргахдаа засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа хүсэлт гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана" гэж заасны дагуу хүсэлт, өргөдөл нь бүртгэл мэдээллийн санд хадгалагдаж үлдсэн байна.
Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд нийтдээ 17 удаа нэмэлт өөрчлөлт орсон ба өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомжид иргэн эрх зүйн чадвартай байх үедээ гаргасан хүсэлт, гомдлыг захиргааны байгууллага хүлээж авсны дараа иргэн нас барсан тохиолдолд тухайн хүсэлт гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ гэх хууль тогтоомж байхгүй билээ.
...С.Я-ын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж нь тухайн газрыг хэнд хэдэн жилийн хугацаатай хэрхэн эзэмшүүлэх гэж буй нь тодорхой байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасны дагуу захиргааны актыг илт хууль бус гэж дүгнэх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаас үндэслэж газар эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлсэн Газар зохион байгуулалтын албаны шийдвэрийг мөн тус хуулийн 47.1.7-д "зааснаар илт хууль бус акт" гэж үзэх үндэслэлгүй гэж үзэхээр байна.
...Засаг дарга нь аливаа захирамжилсан буюу хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл, татгалзсан акт гаргахдаа өөрийн байгууллагын чиг үүрэг, эрхийн хүрээнд гаргадаг. Анхан шатны шүүх шийдвэрийн 4.5 дахь хэсэгт тухайн захиргааны байгууллага нь илт хууль бус акт гаргасны дараагаар тухайн актыг зөвтгөсөн хариу тайлбар өгсөн мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасан ба тус зүйл заалтын бусдын эзэмшиж ашиглаж байгаа газар гэдгийг иргэн, хуулийн этгээд тухайн газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу өөрийн эзэмшил, өмчлөлдөө авсан байхаар хуульчилж өгсөн байдаг. Хэргийн бодит байдлаас үзвэл С.О-ын үл хөдлөх хөрөнгө буюу байшин нь тухайн маргаан бүхий газарт хэзээ баригдсан нь тодорхойгүй, баригдаж байсан гэж шүүх үзсэн ч хуульд заасны дагуу газрыг эзэмшил өмчлөлдөө авсан эрх бүхий этгээд биш юм.
...Мөн Захиргааны байгууллага нь бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд суурин болон хээрийн судалгааг хийсэн байх шаардлага "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-д заасан шийдвэрт холбогдох нөхцөл байдлыг тодруулах, тогтоох суурин болон хээрийн судалгаа хийхээр заасан байдаг. Гэвч тус журамд заасан суурин болон хээрийн судалгаанд тухайн газар дээр үл хөдлөх эд хөрөнгө баригдаж байгаа эсэх тухайн эд хөрөнгийг хэний өмчлөл эсэхийг шалгах шалгуур байхгүй болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0697 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.О-оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч С.О-оос Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/232 дугаар захирамжийн С.Я-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/31 дүгээр тушаалын Б-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч С.О маргаан бүхий газарт амьдарч байсан болох нь 2014-2016 онд цахилгааны төлбөр төлсөн баримтаар, түүний амьдарч байсан 4х7 хэмжээтэй өвлийн байшин 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гал түймэрт шатсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 79/171 дугаар шинжээчийн дүгнэлт, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 524 дүгээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор, мөн шүүхийн үзлэг болон агаар сансрын зургаар тогтоосон маргаан бүхий газарт байгаа 2 байшинг С.О 2021-2024 онд сэргээн барьж амьдарч буй нь цахилгааны төлбөр төлсөн баримт, ажил гүйцэтгэх гэрээ, зарлагын баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдох бөгөөд хэргийн оролцогчид үүнд маргаагүй.
2.3. Нэхэмжлэгч С.О-ын эгч С.Я нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр[1], 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр[2] нэхэмжлэгчийн амьдарч байгаа гэх байшин, үл хөдлөх эд хөрөнгийн байрлах газар буюу Чингэлтэй дүүрэг, 24 дүгээр хороо, Шадивлан хаягт байрлах нэгж талбарын 1501314307 дугаар бүхий 279 м.кв газрыг эзэмших хүсэлтийг гарган,[3] үүний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/232 дугаар захирамжаар С.Я-д гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон.
2.4. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/232 дугаар захирамж гарахаас өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр С.Я нь нас барсан байжээ.[4]
2.5. С.Я-ын хүү Б.Т нь өвлөх эрхийн 0049 бүртгэлийн дугаартай гэрчилгээний[5] дагуу газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан[6], Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг Б.Т-т шилжүүлсэн байна.[7]
2.6. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно.”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.” гэж заасныг тус тус зөрчиж Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр А/232 дугаар захирамжаар С.Я-д буюу нас барсан иргэнд газар эзэмших эрх олгосон.
2.7. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан бөгөөд хуулийн энэхүү зохицуулалтын дагуу иргэнд эрх олгосон захиргааны акт нь хууль тогтоомжид нийцээгүй, хуульд заасан ямар ч үндэслэлд тулгуурлаагүй, эсхүл хуульд огт байхгүй үндэслэл заасан, мөн гаргасан актыг бодит байдалд хандсан этгээд нь биелүүлэх боломжгүй нь дүгнэлт хийх чадвартай жирийн дундаж иргэн харахад илэрхий тодорхой байгаа тохиолдолд захиргааны актыг илт хууль бус гэж үзнэ.
2.8. Тодруулбал, С.Я нь газар эзэмших хүсэлт гаргаж байх үедээ буюу 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний эрх зүйн чадвартай байсан боловч 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нас барсан, мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/232 дугаар захирамж гарах үед иргэний эрх зүйн чадвар нь хэдийн дуусгавар болсон байсан төдийгүй эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болсон байсан нас барсан иргэнд газар эзэмших эрх олгосон нь хууль тогтоомжид нийцэхгүй, бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-т “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасны дагуу илт хууль бус захиргааны акт байна.
2.9. С.Я-д газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/232 дугаар захирамж болох илт хууль бус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй төдийгүй өвлөгдөх эрх үүсээгүй маргаан бүхий газрыг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу шилжүүлсэн гэх Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/31 дүгээр тушаал мөн Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болно.
2.10. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж тус тус заасан.
2.11. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “...Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба С.Я-ын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоох, суурин болон хээрийн судалгаа хийх үүргээ биелүүлээгүйгээс хүсэлт нь газар эзэмшүүлэхэд тавигдах дээрх шаардлагыг хангаагүйг, хүсэлт гаргасан газарт тухайн газраас салгаж үл болох бусдын үл хөдлөх эд хөрөнгө ашиглагдаж байгаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, улмаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2025/0697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА