Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсумын Идэр |
Хэргийн индекс | 166/2023/0229/Э |
Дугаар | 2023/ШЦТ/251 |
Огноо | 2023-07-04 |
Зүйл хэсэг | 17.2.1., |
Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/251
2023 07 04 2023/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0229/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,
Шүүгдэгч Б.Ууганбаатар , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цагаан сахалт овогт Баатархүүгийн Ууганбаатарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000311 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Цагаан сахалт овогт Баатархүүгийн Ууганбаатар РД: МТ03221916 , 2003 оны 02 дугаар сарын 19 -ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3 , эцэг эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 67 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Б.Ууганбаатар нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Нэхийгийн байрны авто зогсоол дээр иргэн Н.Мөнхтуяагийн Iphone-14 маркийн гар утсыг худалдаж авна гэж үзэж байхдаа илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаж 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ууганбаатарын мэдүүлсэн: “...Би хохирогчийн гар утсыг зарсан мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглосон. Хохирлыг нь төлж барагдуулсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хууль зүйн мэдлэггүй, өөрийнхөө хайнга байдлаас болж өмнөх шүүх хуралдаанд ирээгүй явдалдаа уучлалт хүсэж байна. Шүүх хурал дууссаны дараа иргэний үүргээ сайн биелүүлж, Монгол Улсынхаа ирээдүйд хувь нэмрээ оруулах болно. Ажил хөдөлмөр эрхлэх болно. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. ” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2318000000311 дугаартай хэргээс:
Хавтаст хэргээс улсын яллагч: хохирогч Н.Мөнхтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-8 дахь тал/, гэрч М.Болорсүхийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, гэрч Б.Төгөлдөрийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/, гэрч Д.Дорждэрэмийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/, эд хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт болох бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт /хавтаст хэргийн 60 дахь тал/, их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа тодорхойлолт /хавтаст хэргийн 61 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлуулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.Ууганбаатарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ууганбаатар нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судласан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Б.Ууганбаатар болон түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Ууганбаатар нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт байрлах Нэхийгийн байрны авто зогсоол дээр иргэн Н.Мөнхтуяагийн Iphone-14 маркийн гар утсыг худалдаж авна гэж үзэж байхдаа илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаж 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Н.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тус тус мэдүүлсэн “...2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад ажил дээрээ очоод лангуугаа онгойлгоод худалдаа үйлчилгээ хийж байгаад орой 18 цагийн 18 цагт гар утсаараа фэйсбүүк үзэж байхад ****** авна гэсэн зар байхаар нь коммент хэсэгт нь байна гэж бичсэн. Тэгсэн ****** гэсэн хаягаас миний чат руу ******* байна уу гэхээр нь байгаа хайрцаггүй, наалт, цэнэглэгч дагалдана гэж бичсэн чинь хайрцаггүй юм уу өөр хайрцагтай утас байгаа юу гэхээр нь***** байгаа. Хайрцгийн лацыг нь хөндсөн байгаа гэхэд хайрцагтай бол зүгээр авъя. Би ажлаа тараад өөр рүү чинь чат бичиж байгаад авъя гэж бичихээр нь тэгээ гэж хэлсэн. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад ажлаа тараад парк дээр мод тарьж байсан чинь миний хаяг руу гар утас авна гэсэн хүн видео калл хийгээд залгахаар нь аваад ярихад ажил тарчихлаа. Чи ********* дээр хүрээд ирэх үү гэхээр нь за гэж хэлээд тарьсан модоо усалчхаад цуг ажилладаг Болорсүх эгчийн машинаар бид хоёр ******ны хажууханд байдаг тоглоомын талбай дээр ирээд зогсоход шаравтар царайтай, цагаан өнгийн маск зүүсэн, ногоон өнгийн цамцтай эрэгтэй хүн хүрч ирээд надтай уулзаад гар утсаа үзье гээд ***** загварын хайрцагтай гар утсыг аваад хайрцгаас нь гаргаж ирээд үзэж шалгаад 3,800,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод өөрийн гар утсаараа интернэт банкаар шилжүүлье гээд дансаа өгөөч гэхээр нь дансаа хэлсэн чинь миний гар утсыг аваад зугтаахаар нь машинаасаа буугаад араас нь гүйсэн боловч гүйцээгүй тул орхисон. ...Надаас гар утас аваад зугтаасан хүний зүсийг нь хараад би таньсан. Тэр хүнийг Ууганбаатар гэдэг. Яаж таньсан бэ гэвэл тэр хүүхэд Олон улсын худалдааны төвд өдөр болгон явж байдаг болохоор таньж байна. Анужинаас чамтай цуг яваад цэвэрхэн царай, том өргөн өмд өмсөөд яваад байдаг хүүхдийг хэн гэдэг вэ гээд Анужин над руу фэйсбүүк хаяг болон бичлэг, зураг явуулахаас нь үзэхэд гар утас аваад зугтаах үед өмссөн ногоон цамцтай явж байгаа бичлэг байсан. Ууганбаатарын 95465758 гэсэн дугаар барьдаг юм байналээ. 95465758 дугаараар фэйсбүүк хаяг байгаа эсэхийг шалгаж үзэхэд над руу чат бичсэн ****** гэсэн хаяг гарч ирсэн. Би алдсан гар утсаа 3,800,000 төгрөгөөр үнэлнэ. ...Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн үед алдсан гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 8 дахь тал/,
Гэрч М.Болорсүхийн мөрдөн байцаалтад 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн “...Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ажлын байран дээрээ буюу Олон улсын худалдааны төвийн лангуун дээр ажиллаж байхад орой 19 цагийн үед манай өөдөөс харсан лангууны эмэгтэй эмэгтэй болох Н.Мөнхтуяа эгчээ та хаашаа явах юм. Би нэг хүнд утас өгөх юм. Хамт яваад өгөөч гээд бид хоёр хамт Парк орж мод тарьж байгаад 21 цаг 30 минутын үед нөгөө утас авна гэсэн залуутай холбогдоод Нэхийгийн байрны тоглоомын талбайн хажууд очсон. Тэгтэл 160-165 см орчим өндөртэй, шар царайтай, маск зүүсэн, ногоон цамцтай 18-20 орчим насны залуу байсан. Тэгээд Мөнхтуяа утсаа гаргаад үзүүлж байтал нөгөө залуу гэнэт гар утсыг нь аваад зугтаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Гэрч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “... 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Ууганбаатар манайд ирж хонохдоо цагаан өнгийн хайрцагтай гар утас авч явж байсан. Тухайн гар утсыг бид хоёр Сүхбаатарын талбайн хажуу талын Монтел гар утасны худалдааны төвд 3,100,000 төгрөгөөр зарсан. Тухайн хүнээ танихгүй. Лангууг нь мэднэ. ...Манай аав, ээж хоёр авч өгсөн гэж ярьж байсан. Мөнгийг нь Хаан банкны 5055853528 тоот дансаар авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,
Гэрч Д.Дорждэрэмийн мөрдөн байцаалтад 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “... Би хувиараа Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Монтел гар утасны худалдааны төвд гар утасны лангуу ажиллуулдаг. Би тухайн өдөр буюу 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр * маркийн гар ут******ас нэг ширхгийг 3,100,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн гар утсыг маш сайн шалгаж авсан. Хайрцаг савтайгаа байсан. Уг гар утсыг миний өөрийн гар утас гэж хэлсэн. ...Би хохирол төлбөр болох 3,100,000 төгрөгөө тухайн залуугийн аав ээжээс авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
Гэрч Б.Баатархүүгийн мөрдөн байцаалтад 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “... Ууганбаатар надад хэлэхдээ 2023 оны 05 дугаар сарын 22-ны орой хүний гар утас аваад зугтаасан. Тэгээд тэр гар утсаа хотод 3,100,000 төгрөгөөр зарж борлуулсан гэж ярьсан. Би хүүгийнхээ өмнөөс учруулсан хохирол төлбөрийг нь бүрэн барагдуулж гар утас зарсан хүнд нь буцааж 3,100,000 төгрөгийг нь өгсөн. Би уг мөнгийг хүүгээсээ нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Эд зүйл хураан авсан тухай “...Иргэн Д.Дорждэрэм ТЛ92010211 -ээс Iphone 14 pro маркийн имей1: 351020628965959 , имей2: 351020629216493 дугаартай хар саарал өнгийн бүрэн бүтэн цагаан өнгийн хайрцагтай 1 ширхэг гар утас хураан авав.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “...хар хөх өнгийн ар талдаа 3 том камертай ******* маркийн гар утсыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 11:00 цагт хохирогч Наранбаатар овогтой Мөнхтуяа МИ02282806 -д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 32 дахь тал/,
Капитал зууч ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “... ******* маркийн гар утас /шинэ/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 3800000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 36, 37 дахь тал/,
Хаан банкны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “ 99955758 ********** ” гэх утга бүхий шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 52 дахь тал/
Б.Ууганбаатарын мөрдөн байцаалтад 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн “... Би 2023 оны 05 дугаар сарын 22-ны өглөө гэртээ ганцаараа байж байгаад өдөр 15 цагийн үед хоол хийж идчихээд утсаараа фэйсбүүк хаяг руу орж Дархан утас авна зарна гэсэн групп дээр Iphone 14 promax маркийн гар утас худалдаж авна гэх утгатай зар оруулсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би ********* цахим хаягаас ********* маркийн гар утас зарна гэж зурвас ирсний дагуу би уг хаягтай холбогдож байгаад Дархан сумын 14 дүгээр баг Нэхий хотхоны байрны гадна 21 цагт уулзахаар тохирсон. Тэгээд 21 цагийн үед Нэхийгийн байрны гадна талд очиход саарал өнгийн биеийн тамирын хувцастай эмэгтэй байхаар нь очиж уулзаж гар утсыг нь худалдаж авахаар сонирхож байгаад гар утсыг нь аваад Хуучин хорооллын 39 дүгээр байр руу зугтааж Нэгдсэн эмнэлэг хүртэл гүйгээд эмнэлгийн урд талын автобусны буудал дээр зогсож байгаад фэйсбүүк ортол Дархан Сэлэнгэ Улаанбаатар явна гэсэн групп дээр Дарханаас Улаанбаатар хот руу нэг хүн аваад шууд гарлаа гэсэн зар байхаар нь дугаарыг нь тэмдэглэж аваад гудамжинд явж байсан 50 орчим насны эгчээс та надад утсаараа нэг яриулаач гэж гуйгаад Улаанбаатар явна гэсэн хүнтэй ярьсан чинь Дархан хоёр дээр байн гэсэн. Тэгээд тэндээс таксинд суугаад Дархан хоёр өрөө орж Соната 7 маркийн машинд суугаад Улаанбаатар явсан. Миний гар утасны ярианы эрх хаагдчихсан байсан болохоор тэр эгчийн утсаар гуйж ярьсан юм. Тэгээд Улаанбаатар хот руу явж байхдаа таксины жолооч ахын утсыг гуйгаад найз Төгөлдөр рүү залгаж найз нь очиж байгаа шүү хаалгаа тайлаарай гэж хэлээд шөнө 03 цагийн үед гэрт нь очсон. Тэгээд маргааш өглөө нь Төгөлдөрт ONEXBET сайтад хоёулаа мөрийтэй тоглоё гэж хэлсэн чинь Төгөлдөр мөнгө байхгүй гэхээр нь найз нь утсаа зармаар байна гэж хэлээд Iphone 14 promax маркийн гар утсаа үзүүлсэн чинь Төгөлдөр хэний гар утас юм гэж асуусан. Тэгэхээр нь манай аав ээж хоёр надад авч өгсөн гэж хэлээд өдөр 12 цагийн үед найз Төгөлдөрийн хамт Сүхбаатарын талбайн хажууд байдаг Монтел гар утасны худалдааны төвд очсон. Тэгтэл гадна нь утас авна зарна гэсэн нэг намхан, бор царайтай ах байхаар нь тэр ахад утсаа үзүүлсэн чинь манай лангуун дээр очъё гэсэн. Тэгэхээр нь би найздаа чи хүнтэй яриа хөөрөө сайтай юм чинь ороод үнэтэй гайгүй зарчих гэж хэлээд би гадна нь зогсож байсан. Тэгээд Төгөлдөрийг удаад байхаар нь ороод болж байна уу гэж асуутал нэг ахад үзүүлж байсан бөгөөд Төгөлдөр одоохон гэж хэлсэн. Тэгээд би гадаа гараад байж байтал Төгөлдөр удалгүй гарч ирснээ 3,100,000 төгрөгөөр өгчихлөө. Би дансаараа авчихсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр талбайн хажууд нэг хоолны газар ороод хоёулаа хоол идээд ONEXBET сайтад нэг сая төгрөгөөр тоглосон ба 2,300,000 төгрөг хожсон. Тэгсэн чинь манай найз Төгөлдөр харж сууж байгаад одоо наад мөнгөө авчхаач гэхээр нь би 3,000,000 төгрөг болгож байгаад авъя гээд мөнгөө татахгүйгээр 2,300,000 төгрөгөөр дахин тоглоод алдчихсан. Тэгээд дахин 1,000,000 төгрөгөөр дансаа цэнэглээд тоглоод 1,500,000 төгрөг болгоод дахин алдсан. ...Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Төгөлдөрөөр уг гар утсыг заруулахдаа миний гар утас байгаа юм гэж хэлээд л заруулчихсан. Одоо уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн барагдуулсан. Мөн гар утас зарсан хүнд эргүүлээд мөнгийг нь бүрэн өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 49 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримт болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн бие махбодь, сэтгэл санаанд ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч, тэр даруй хохирогчоос зугтааж, зайлсхийсэн шинжтэй, шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Ууганбаатар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд хууль бусаар авах гэсэн шунахай сэдэлттэй байна.
Шүүдэгчийн хохирогчийг эд зүйлийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ууганбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн амар хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдэлтийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч Н.Мөнхтуяа нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар бүрэн хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Ууганбаатарт ял, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь тооцох саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч Б.Ууганбаатар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломж бүрдсэн. Гэвч өмнөх шүүх хуралдаанд өөрийнхөө хариуцлагагүйн улмаас шүүхийн дуудсанаар ирээгүй. Өмгөөлөгчийн зүгээс энэ тал дээр сайн зөвлөгөө өгсөн. Буруугаа ойлгож байгаа. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Б.Ууганбаатар нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, одоогоор их сургуульд суралцаж байгаа учраас дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэдэгт нь итгэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ууганбаатар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Б.Ууганбаатарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Б.Ууганбаатар нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Ууганбаатарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ууганбаатар нь энэ хэрэгт 6 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр солихоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цагаан сахалт овогт Баатархүүгийн Ууганбаатарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ууганбаатарыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Ууганбаатар нь 6 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ууганбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР