Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/171

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн М овогт Т-ын Ц-д холбогдох эрүүгийн 2335000000... дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ........................ өдөр Увс аймгийн .................. суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8,  эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .................. сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт Тын Ц, регистрийн дугаар: ......................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ц нь 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн .................. сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт намаржиж байсан Завхан сумын иргэн Д.Эгийн нэг тооны 5 настай буурыг хулгайлж, хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ц нь 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр Увс аймгийн .................. сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт намаржиж байсан ........... сумын иргэн Д.Эгийн нэг тооны 5 настай буур /тэмээ/-ыг хулгайлж, хохирогчид 2.000.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-14 дэх тал);

2. Хохирогч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Би 2021 оны намар 9 дүгээр сарын сүүлээр өөрийн эзэмшлийн цагаан зүсмийн 5 настай бууран тэмээг хайгаад олохгүй байсан. Тухайн тэмээ нь .................. сумын Сорхог гэх газарт нутаглаж байсан юм. Тэгээд тухайн тэмээгээ олохгүй хайгаад байж байтал .................. сумын Т.Ц гэх залуу авчихсан байсан бөгөөд миний тэмээг .................. сумын төв рүү оруулаад нядалсан, намайг цагдаад битгий хэлээч үнийг нь төлж өгнө гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сард Т.Ц надруу утсаар холбогдоод миний Хаан банкны дансруу 2 сая төгрөгийг “таны буурны мөнгө” гэж хэлээд шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-24 дэх тал);

3. Гэрч Ө.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Манайх .................. сумын 4 дүгээр багийн нутагт байхад 2021 оны 8 дугаар сард Д.Э надтай утсаар холбогдоод манай цагаан зүсмийн буур харагдсан уу гэж асуусан, тэгэхэд нь би чиний цагаан зүсмийн буур .................. сумын Т.Ц гэх айлын гадна урд хоёр хөлийг нь тушчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би хэд хоногийн дараа Д.Эгаас тухайн тэмээний талаар асуухад Т.Ц миний тэмээг нядалсан байна гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 26-27 дахь тал);

4. Гэрч Л.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...2019 онд байх оныг нь сайн санахгүй байна, манай 5 тооны тэмээ алдагдсан бөгөөд 2021 онд манай алдагдсан тэмээтэй ижил, цагаан зүсмийн атан тэмээ Увс аймгийн .................. сумын Гашуун хоол гэх газарт байсан юм. Тэгээд манай нөхөр малаа маллаж байгаад тухайн тэмээг тууж ирээд гэрийн гадна урд хоёр хөлийг нь тушиж байлгасан. Тэгээд уг тэмээг ижилд нь тавих гэж байгаад дахиад алдчих байх гэж бодоод Ховд аймгаас мал худалдаж авч байсан худалдаачинд 2.500.000 төгрөгөөр худалдсан юм. Тэгтэл удалгүй ........... сумын Д.Э гэх хүн ирээд танайх манай тэмээг зарчихсан байна гэж ирэхээр нь тухайн хүнд хохирлыг нь барагдуулж 2.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 28-29 дэх тал);

5. Гэрч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " ...Манайх 2021 оны 9 дүгээр сард Увс аймгийн .................. сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хөх нуруу гэх газарт Т.Цтой айл сахалт намаржиж байсан юм. Тэгтэл нэг өдөр / яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна/ Т.Ц малдаа явж ирэхдээ цагаан зүсмийн атан тэмээ тууж ирсэн бөгөөд гадна миний мэдэхээр 10 гаруй хоног тушаатай байсан. Би өөрийн 4 тэмээгээ алдаж хайж хөдөөгөөр 2,3 хоног яваад иртэл тухайн тэмээ байхгүй байсан. Тэгээд Т.Цоос танай гадна байсан атан тэмээ яасан бэ гэж асуухад зарчихсан гэж байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 30-31 дэх тал);

6. Гэрч Х.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Манайх 2021 оны 9 дүгээр сард Увс аймгийн .................. сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хөх нуруу гэх газарт Т.Цтой айл сахалт намаржиж байсан юм. Тэгтэл нэг өдөр / яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна/ Т.Ц малдаа явж ирэхдээ цагаан зүсмийн атан тэмээ тууж ирсэн бөгөөд тухайн үед ямар учиртай тэмээ авч ирсэн талаар асуухад манайх 2 жилийн өмнө буюу 2019 онд энэ тэмээг алдсан, тэгсэн чинь айлын тэмээнд байсан байна гэж хэлсэн бөгөөд ........... сумын зарим иргэдэд тухайн тэмээг хэний тэмээтэй хамт байсныг хэд гурван хүнээс асуусан гэж хэлж байсан. Тухайн үед манайх өвөлжөө рүү нүүсэн,  тэр тэмээг Т.Ц яасан талаар мэдэхгүй, тэдний гадна бараг 10 хоног тушаатай байсан...” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 32-33 дахь тал);

7. Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 158 дугаартай “...2021 оны 9 дүгээр сарын байдлаар Увс аймгийн ........... суманд 5 настай буурны зах зээлийн үнэ  цэний баримжаа 2.000.000 (хоёр сая) төгрөг болохыг  тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37 дахь тал);

8. Шүүгдэгч Т.Цын өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Ц, түүний өмгөөлөгч Ө.Н нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Шүүгдэгч Т.Ц нь 2021 оны 9 дүгээр сард Увс аймгийн .................. сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах .......... гэх газарт намаржиж байхдаа Увс аймгийн .................. сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт намаржиж байсан ........... сумын иргэн Д.Эгийн эзэмшлийн нэг тооны, 5 настай, цагаан зүсмийн буур /тэмээ/-г бэлчээрээс нь хулгайлан авч, гэрийнхээ гадаа 10 хоног байлгаж байгаад уг тэмээг 2.500.000 төгрөгөөр Ховд аймгаас мал худалдан авч буй хүнд худалдан борлуулсан болох нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Т.Ц нь хохирогч Д.Эгийн 1 тооны тэмээг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчид мэдэгдэхгүйгээр бэлчээрээс нь тууж, гэрийнхээ гадна авчирч байлгаж байгаад уг тэмээг бусдад худалдан борлуулж, захиран зарцуулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Шүүгдэгч Т.Ц нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Т.Цыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь маргаагүй болно.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Шүүгдэгч Т.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Эд 2.000.000 төгрөгийн  хохирол учирсан нь тогтоогдсон ба шүүгдэгч Т.Ц нь 2021 онд хохирогч Д.Эгийн эзэмшлийн Хаан банк дахь ............ тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлж, 2023 оны 9 дүгээр сард бэлнээр 500.000 төгрөг өгч, гэмт хэргийн хор уршигт нийт 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг төлсөн нь хохирогч Д.Эгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)-ээр нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Т.Цоос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Т.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Т.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 61 дэх тал);

Шүүгдэгч Т.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.500.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

4. Прокуророос шүүгдэгч Т.Цын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчтэй ял тохиролцон, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

5. Түүнчлэн шүүгдэгч Т.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Т.Цд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.

6. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналыг гаргаж, шүүгдэгч Т.Цд танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзлээ.

7. Иймд шүүгдэгч Т.Цын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Цд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1.000.000 (нэг сая) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий 10 настай бор зүсмийн морь, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 8. Шүүгдэгч Т.Цд оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

9. Шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Т-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Цд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Т.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ын гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгож ашигласан, 1.000.000 (нэг сая) төгрөгийн үнэлгээ бүхий, 10 настай, бор зүсмийн морь, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ шийтгэх тогтоолоор Т.Цоос гаргуулах гэмт хэргийн хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Т.Ц нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА