| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2018/01789/и |
| Дугаар | 01347 |
| Огноо | 2019-06-10 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 01347
| 2019 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2019/01347 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Н / /,
нэхэмжлэгч- Э и ХХК нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б / /-д холбогдох,
бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, нэхэмжлэгч Б.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Э и ХХК-ийн өмгөөлөгч П.Алтанчимэг /0185/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэмбилэг, хариуцагчийн өмгөөлөгч О.Санчирбал /2580/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дооханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н би өөрийн өмч хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 17 дугаар хороо, 32 дугаар байрны 378 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Бид шилжүүлж бэлэглэсэн. Ингэж бэлэглэх болсон шалтгаан нь манай нөхрийн буюу Э и компаний бөх гэж цоллогдон барилдаж байсан бөгөөд цаашдын хамтын ажиллагаа амжилтыг ерөөж, харцага цол авсан зэрэгт талархсан юм. Гэтэл 2018 оны 2-р сард телевизээр цагаан сарын бөхийн барилдаанд Нутгийн буян группийн бөх гэж цоллогдон барилдахыг өөрийн нүдээр үзэж цочирдож бухимдсан. Энэхүү үйлдэл нь Архангай аймгийн төдийгүй улсын хэмжээнд бидний нэр хүндийг үл тоосон, гутаасан зохисгүй үйлдэл болсон. Б нь Нийг ноцтой гомдоосон үйлдлийг гаргасан гэж үзэж бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар хандсан. Э и компаний захирал нутгийн бөхөө дэмжиж туслая гээд тухайн үед шинээр гарч байгаа бөхөд биш аймгийнхаа Б гэх залууг сонгоод харилцан туслалцаатай ажиллахаар болсон. Э и компанийн захирал аймгийнхаа бөхийг дэмжих зорилготой байсан тул Бийг Улаанбаатар хотод амьдруулахаар болж, 2015 оны намар өөрийн барьсан орон сууцнаас өгч, мөнгөн тусламж өгч Б Э и компанийн нэрээр цоллогдон барилдсан. 2018 оны 2 дугаар сард цагаан сарын барилдаанаар Н өөрийн компанийн бөхөө үзээд сууж байхад Э иийн бөх гэж цоллогдож байсан бөх нь нутгийн буян компаний бөх гэж цоллогдож улс орон даяар гарснаар энэ гэнэтийн үйл явдлыг мэддэг. 2018 оны 05 дугаар сард шүүхэд хандахаас өмнө эвлэрүүлэн зуучлах төвд хандаж, Б руу залгаад утсаа авдаггүй, эвлэрүүлэн зуучлах төвд ирээгүй. Бийг Э иийн бөх гэдгийг тодорхой хэмжээнд хүмүүс мэддэг. Гэтэл огт мэдэгдэхгүйгээр өөр компанийн бөх гэж цоллогдон гарч байгаа нь ноцтой гомдоосон буюу Нд хүнд туссан. Энэ залууд маш их итгэж, жудагтай бөх болоосой гэж итгэж байсан учраас өөрийн орон сууцаа өгсөн. Э и компаниас өгсөн байсан байрыг зарж машин болгоход нь бөх хүн аятайхан машин унах ёстой гэж үзээд өнгөрөөсөн, дараа нь дахин байр бэлэглэсэн шалтгаан нь 2013 оны 07 дугаар сараас Б бөх амжилттай барилдаад харцага цол авсанд нөхрийнх компаний бөх тул Э иийн компани болон Б нарын хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад их талархаж байсан гэдэг. Э и компаний захирлын хувьд Бид цалин өгч, нийгмийн даатгалыг төлж байсан. Өөр мөнгөн тусламж өгч байсан. Дараагаар нь байр өгсөн. Тэр нь машин болсон. Ноцтой гомдоосон гэдэгт заавал үг хэлээр доромжлох хамаарахгүй. Энэ хүн хамтарч ажиллаж байгаа Архангай аймгийн бөхийг хотод тодорхой амжилтад хүрэх суурийг Э и компаний захирал Энхтөр өгсөн, Н өөрийн сул орон сууцыг нөхөртэй нь хамтран ажиллаж байгаад баярлаж, хамтын үйл ажиллагааг ерөөж харцага цол авахад өгсөн. Нэхэмжлэгчийг гомдоосон үйл баримт 2018 оны 01 сарын 29-нд гарсаэ тул энэ үйл явдлаас хойш 5 дугаар сард шүүхэд хандсан. Хариуцагчийн зүгээс бэлэглэлийн гэрээнд маргаагүй, тухайн үед хариу үүрэг үүсээгүй. Э и компанийн захирал Энхтөр нь Нийн нөхөр. 2015-2017 оны хугацаанд хамтарч ажилласан гэдэг үгүйсгэгдсэнгүй. Б руу залгаад байхад утсаа аваагүй, Нийн хувьд олон хоногийн сэтгэлийн зовиурийг тээж явсан гэж тайлбарласан. Тухайн үед Б талархаад би насаараа энэ компаний бөх байна гэж хэлж байсан тул маш ихээр ноцтой гомдоосон гэж үзэж байна. Өнөөдөр Бийн хувьд машин тэрэгтэй, байртай болсон, ажил нь амжилттай яваа бөх. Эвлэрэх асуудал байвал эвлэрнэ гэснээ эвлэрээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 280 дүгээр зүйлийн 280.1.1 дүгээр заалт нь ноцтой гомдоосон үйлдэл нь нийтэд ил болсон. Тиймээс сөрөг үр дагавар бий болсон гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гол үндэслэл нь нэхэмжлэгчийг гомдоосон үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч Н нь Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 32-р байрны 378 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн боловч Б, Н нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулаагүй, Нийг төлөөлж эсхүл түүний нэрийг гаргаж барилдаагүй. Э и компаний нэрийг гаргаж барилдаж байсан. Харилцааны хувьд 2015 оноос эхлэн Э и компанийн нэр дээр барилдаж, 2015-04-27-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний дагуу 2 жилийн хугацаанд Э иийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг 7 сарын хугацааг төлсөн. Энэ талаарх баримт хэргийн 44, 45-р хуудсанд авагдсан. Э и ХХК нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг болох ажилтны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг 2015 оны 7-р сараас 2018 оны 2-р сар хүртэлх хугацаанд ердөө 7 удаа төлсөн. Тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар нэр дээр барилдах болсон бөгөөд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл бүрэн төлдөггүй байсан ч Э и ХХК-ийн бөх гэж цоллуулан барилдаж байсан. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар гэрээний хугацааг нэг жил байсан бөгөөд ажил олгогч нэгэнт үүргээ биелүүлээгүй тул гэрээг дуусгавар болсон гэж үзсэн.
Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэхийн тулд бэлэглэгчийн нийгэмд эзлэх байр суурь нэр хүндэд халдсан тодорхой үйлдэл гаргасан байх ёстой. Гэтэл Бийн зүгээс нэр хүндийг гутаах ямар нэгэн үг хэлээгүй, өөр компанийн нэр дээр барилдсан нь Нийн нэр хүндийг ноцтой гомдоосон гэх үндэслэл байхгүй. Б нь энэ компанийг ямар нэгэн байдлаар гутааж доромжлоогүй. Бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэх шаардлага нь гомдоох үйлдэл гаргахад нөлөөлсөн эсэхийг шалгах шаардлагатай. Тамирчин хүнд шаардлагатай хангамжийг гаргаж өгдөггүй, цалин өгдөггүй байсан тул өөр компанийн нэр дээр барилдах болсон нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч Н болон Э и компанид хохирол учирсан талаарх нотлох баримт байхгүй. Тэгээд ч шинжээчийн дүгнэлт дээр маргасангүй. Яагаад шинжээчийг асуух болсон гэхээр нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл байр шилжих ёстой, байр шилжих гэхээр манайх одоо боломжгүй болсон тул үнийг шаардана. Энэ дүн 80 сая биш гэдгийг бид тайлбарласан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, яагаад гэвэл м.кв зөрүүтэй байгааг үндэслэлтэй тайлбарлаагүй. 2002 оноос эхлээд бүх талбайн хэмжээг оруулж тооцоод улаан гэрчилгээ гаргадаг болсон гэж тайлбарласан боловч Бийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2017 оных. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ цаашдын хамтын ажиллагааг ерөөж гэж бичсэн байх боловч гэрчүүдийн мэдүүлгээр харцага цол авсан баярын найран дээр харцага цолыг мялааж байр бэлэглэсэн гэдгийг мэдүүлж хүлээн зөвшөөрсөн. Бэлэглэлийн гэрээнд цаашдын хамтын ажиллагааг ерөөх зорилго агуулаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 279 дүгээр зүйлд тусгай зориулалттайгаар хийсэн бэлэглэлийн гэрээ гэж тусгай заасан. Үүнд тодорхой үр дүнд хүрсний дараагаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцохоор заасан. Хэрэв нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ тайлбарласан агуулгаас харвал энэ бэлэглэлийн гэрээний талууд цаашид хамтын ажиллагаатай байж л дараа нь гэрээ хүчин төгөлдөр болохоор байсан. Энэ тусгай зориулалтын талаар дурдаагүй тул нэхэмжлэгчийг гомдоосон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа болохоос үүнээс гадна үр дагаврын талаар шаардлага гаргаагүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч М.Бид холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э и” ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулсан байна /хх-1, 17/.
Нэхэмжлэгч Б.Н өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр П.Алтанчимэгт /хх-2/ хоёр жилийн хугацаатай, нэхэмжлэгч Э и ХХК-нийг төлөөлөх бүрэн эрхийг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 61 дугаартай итгэмжлэлээр Г.Хурцбаярыг /хх-29/, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай итгэмжлэлээр Э.Батжаргалыг /хх-59/ нэг жилийн хугацаатай, хариуцагч М.Б өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр Ц.Эрдэмбилэгт гурван жилийн хугацаатай тус тус олгосон байна /хх-4/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Нэхэмжлэгч “Э и” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч М.Бид холбогдуулан тодорхой шаардлага үндэслэл гаргаагүй тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэх үндэслэлээр хамтран нэхэмжлэгчээр оролцохоос татгалзсан хүсэлтийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаснаар /хх-169/ хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчээр оролцоогүй болно.
Нэхэмжлэгч Б.Н нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нөхрийн Э и компаний бөх гэж цоллогдон барилдаж байгаад харцага цол авсанд нь баярлан, Э и компани болон Б нарын цаашдын хамтын ажиллагаа амжилтыг ерөөж талархсан сэтгэл гарган орон сууц бэлэглэсэн. Гэтэл 2018 оны 2-р сард цагаан сарын бөхийн барилдаанд Нутгийн буян группийн бөх гэж цоллогдон барилдсан үйлдэл нь Архангай аймгийн төдийгүй улсын хэмжээнд бидний нэр хүндийг үл тоосон, гутаасан зохисгүй үйлдэл болсон” гэх тайлбар гаргасныг хариуцагч М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгчийг гомдоосон үйлдэл гаргаагүй, Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 32-р байрны 378 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг бэлэглэсэн боловч Б, Н нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй үүрэг хүлээгээгүй, Нийг төлөөлж эсхүл түүний нэрийг гаргаж барилдаагүй. Э и компаний нэрийг гаргаж барилдаж байсан. Бэлэглэлийн гэрээний талууд цаашид хамтын ажиллагаатай байх талаар тохиролцсон зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлага нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа болохоос үүнээс гарах үр дагаврын талаар шаардлага гаргаагүй” гэж татгалзсан тайлбарыг гаргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар гэрчүүдийн мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх бэлэглэлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр Б.Н нь Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 32-р байрны 378 тоот 30м.кв хоёр өрөө орон сууцыг М.Бид хариу төлбөргүйгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна /хх-4, 5/.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан байх ба мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан нөхцөлд, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж заасан.
Бэлэглэл гэдэг нь хэл зүйн утгаараа ямар нэг зүйлийг хэн нэгэнд үнэгүй өгөхийг ойлгох бөгөөд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан хоёр талын бэлэг өгч авалцах тухай зөвшилцөл шаарддагаараа хоёр талт хэлцэл боловч үүсэх үүргийн тухайд зөвхөн бэлэглэгчид үүсэх тул нэг талт гэрээ тул бэлэглэлийн гэрээний агуулгын нэг тал бэлэг өгөх нөгөө тал үүнийг хариу төлбөргүй хүлээн авахыг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн нь гэрээний гол нөхцөл юм.
Нэхэмжлэгчийн бэлэглэсэн дээрх орон сууц нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Лхагвасүрэнгийн өмчлөлд шилжсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Ү-2201001442 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, гэрээний хуулбар зэргээр тогтоогдож /хх-54-57/ байх бөгөөд үүнээс дүгнэхэд хариуцагч М.Бийг “бэлэглэгчийг гомдоосон” гэсэн үндэслэл зааж, түүнтэй байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар маргасан боловч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д “бэлэглэгч бэлэг хүлээн авагчид гомдсон байх”, “бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн байх” зэрэг урьдчилсан нөхцөлүүд хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нөгөө талаас бэлэг хүлээн авагч М.Б нь өмчлөлийн зүйлээ өөрт олгогдсон эрхийн дагуу бусдад худалдахыг буруутгах эрх зүйн үндэслэл мөн тогтоогдохгүй байна.
Түүнчлэн гэрч Э.Ононтуяа нь 2015 оны үед Э иийн захирал Энхтөр Бийг энэ компаний бөх гэж танилцуулж байсан. 2017 оны бөхийн барилдаан харж байхад Б бөх өөр компанийн нэр дээр барилдаж байсан, Энхтөр захирал нутгийн бөхөө дэмжинэ гээд Бийг сонгосон талаар ярилцаж байсан. Н гэдэг хүнийг танихгүй, хүмүүсийн ярианаас Бид байр өгсөн гэж сонссон, дараахан нь манай хэдэн найзууд ярихдаа ямар жудаггүй нөхөр вэ гээд ярилцаж байсан. Бтай холбоотой мэдээллийг Энхтөрөөс л сонсож байсан гэж,
гэрч Д.Амгалан нь Б гэдэг бөх Архангай аймгийн цэнхэр сумын харьяат. Э и компани захирал Энхтөр би компанидаа нэг бөхтэй болно гээд Бийг хэлж байсан, удалгүй Э и компаний бөх гэж барилдаж эхэлсэн. Б гэдэг бөх Э и компаний нэр дээр барилдаж байгаад цолонд хүрч байсныг мэднэ, дараа нь байр бэлэглэсэн талаар сонссон. Н гэдэг хүн Бид байр өгсөн талаар мэдэхгүй, Э и компанийг өгсөн гэж мэднэ. Энхтөр, Н хоёр нь нэг гэр бүлийн хүмүүс гэж тус тус мэдүүлж,
шинжээч Ж.Уртнасан нь хуучин сууцны өрөөгөөр хөлсийг тооцдог байхад 28-30 м.кв гэж бичиг баримтуудад бүртгэдэг байсан. Одоо зах зээлийн байрны талбай м.кв-н хэмжээг тогтоохдоо үүдний өрөө, ванн, гал тогоо, жорлон тагтны бүх м.кв хэмжээг оруулж тооцдог болсон. Энэ байр хуучны байр учраас зах зээлийн жишгээр нийт талбайг хэмжиж дүгнэлт гаргасан гэж дүгнэлтээ тайлбарласан /хх-90-106, 172-177/.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр бэлгийн оронд харилцан тооцох ямар нэгэн хариу үүрэг ногдуулаагүй байх тул бэлэглэлийн гэрээ хүчингүй байх нөхцөл тогтоогдохгүй, бэлгийг буцаан шаардах эрхийн тухайд бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх ба хариуцагчийн Нутгийн буян группийн бөх гэж нэрлэгдэн барилдаж байгаа үйлдэлд нэхэмжлэгч гомдсоныг үгүйсгэхгүй хэдий ч энэ нь бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ноцтой үйлдэл биш.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Нийн нэрийг дурьдаж түүний бөх гэж хариуцагч барилдаж байгаагүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Н нь Э и ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсхүл тухайн компаний цаашдын үйл ажиллагаанд зориулж хариуцагчид тухайн хөрөнгийг бэлэглэсэн буюу хариуцагч дээрх бэлэглэлийн гэрээнд үүрэг хүлээсэн болох нь тогтоогдохгүй байх бөгөөд талуудын нотлох баримтаар гаргасан сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хариуцагч М.Бийг Нутгийн буян компаний бөх гэж тайлбарлаж байгаа үйл баримтанд талууд маргаагүй болно /хх-51, 81, 166, 167/.
Нэхэмжлэлийг хангахад хариуцагч нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нь тогтоогдсон байх шаардлагатай тул бэлэглэгч Б.Нийг бэлэг хүлээн авагч М.Б гомдоосон гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч М.Бийг Нутгийн буян группийн бөх гэж тайлбарлуулан барилдаж буйг 2018 оны сар шинийн барилдааны үер мэдсэн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан тул Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасан хугацааны талаар талууд маргаагүй болохыг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 80.000.000 төгрөгний үнэ бүхий орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох шаардлага бөгөөд үүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т зааснаар тодорхойлогдох тул дээрх шаардлагад ногдох хураамж 557.950 төгрөг байхад нэхэмжлэгчээс урьдчилан 527.950 төгрөгийг төлсөн байх тул үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар дутуу төлөгдсөн 30.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Нээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасныг баримтлан Б.Нийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай М.Бид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаарзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Нээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж 30.000 /гучин мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э и” ХХК нь нэхэмжлэгчээр оролцохоос татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ