Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Л-гийн Н-д холбогдох эрүүгийн 2335000000... дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............. өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .............. сумын ................. оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж байсан, Ө овогт Л-гийн Н, (регистрийн дугаар: ............);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр согтуугаар Увс аймгийн .............. сумын .............. гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн дүү Л.Бтэй маргалдах явцдаа түүнлүү ус буцалгагч шидэж, хамт байсан иргэн Г.Сгийн толгой хэсэгт цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Л.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн .............. сумын ............ байрлах гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн төрсөн дүү Л.Бтэй маргалдах явцдаа ус буцалгагч шидэж тухайн үед хамт согтууруулах ундаа хэрэглэж байсан иргэн Г.Сгийн толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Л.Нгийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй учир хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Л.Нгийн нөхөр хөлсөөр ажил хийж, туслах малчнаар ажилладаг.  Л.Н нь нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 11 дүгээр анги, 7 дугаар анги, 5 настай цэцэрлэгийн хүүхдүүдээ хичээл сургуульд хүргэж өгөх шаардлагатай байдаг. Ийм учраас Л.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэр бүлийн байдал, үр хүүхдүүдээ асран хамгаалах нөхцл байдлыг харгалзан үзэж хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2335000000... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал);

2. Хохирогч Г.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 27-ны өглөө үүрээр 7 цагийн үед манай найз Л.Б соёлын тэргүүний ажилтан болсон учраас тус аймгийн .............. сумын 4 дүгээр багийн нутагт байрлах Л.Бгийн гэрт Д.Эын хамтаар 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад очсон. Л.Бгийн гэрт түүний төрсөн эгч Л.Н, мөн Л.Б, түүний нөхөр, хүүхдүүд нь байсан ба биднийг очсоны дараагаар Л.Н, Л.Б нар босож ирсэн. Тэд нар өмнөх орой нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм шиг байсан. Д.Э, Л.Н, Л.Б бид дөрөв тухайн 0.5 литрийн Ерөөл нэртэй 1 шил архийг тойруулаад юм ярингаа хувааж уугаад дууссан. Түүний дараа Л.Н миний унтсан орны завсар байсан мөнгө алга болчихлоо гэж хэлэхэд Л.Б би аваагүй, би яаж мэддэг юм гээд тэр хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба тэд нарыг битгий маргалдаад бай гээд дундуур нь ороход Л.Н нь Л.Бгийн гэрт байдаг ус буцалгагчийг шидэхэд миний толгойг оноод толгойноос цус гарсан. Би Л.Нтай хэрэлдэж, маргалдсан зүйл байхгүй... Би Л.Бгийн гэрт очих үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас ус буцалгагч шидэхэд бултаж чадаагүй, оногдчихсон...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-21 дэх тал);

3. Гэрч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найз Г.Сгийн хамт Л.Бгийн гэрт 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авч очсон. Бид хоёрыг очиход Л.Б, төрсөн эгч Л.Н нар байсан. Тэгээд бид 4 тухайн архийг хувааж уугаад дуустал Л.Н нь миний мөнгө алга болчихлоо гэж хэлээд Л.Б, Л.Н хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгээд Г.С гэрээс гарах гэж байтал Л.Н нь газарт байсан ус буцалгагч аваад Л.Б рүү шидтэл Г.Сгийн толгойг цохисон бөгөөд тухайн үед Г.Сгийн толгойноос цус гараад цагдаа дуудсан юм... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал);

4. Гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өөрийн гэртээ буюу .............. сумын ............ байж байтал миний найз болох Г.С нь Д.Эын хамтаар ирсэн бөгөөд тухайн үед миний төрсөн эгч Л.Н манай гэрт байсан. ...Тэд 0.5 литрийн архи авч ирсэн. Тэгээд тухайн архийг бид дөрөв хувааж уугаад дуустал миний төрсөн эгч Л.Н нь миний мөнгө алга болчихсон байна гэхээр нь таны мөнгийг хэн авах билээ, та ямар нэгэн газар хийсэн байх гэж хэлтэл над руу чи миний мөнгийг авчихлаа гээд дайраад хэрүүл хийгээд байсан. Тэгтэл Г.С та хоёр одоо болио гэж хэлээд миний урдуур ортол Л.Н эгч газарт байсан эвдэрхий ус буцалгагчийг надруу шидэж, Г.С-гийн толгойг цохисон. Г.С-гийн толгойноос цус гараад цагдаа дуудсан юм. ...Тухайн үед Г.С, Л.Н нар хоорондоо хэрэлдэж, маргалдсан зүйл байхгүй, тэр хоёрын хооронд ёс хонзон, өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал);

            5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 333 дугаартай “...Үзүүлэгч Г.Сгийн биед баруун зулайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун зулайд язарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М хэргээс:

            1. Гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай төрсөн эгч Л.Н нь айлын 2 дахь хүүхэд бөгөөд .......... төрсөн. Увс аймгийн .............. сумын Цогцолбор 2 дугаар сургуульд суралцаж төгсөөд 10 дугаар анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, мэргэжилгүй, Монгол хэлээр уншиж, бичиж чаддаг. Сургууль төгссөний дараа нөхөр болох Б.О- гэр бүл болоод тус аймгийн ..... сумын нутагт оршин сууж, амьдарч байгаад .............. сум руу шилжиж ирээд, ....... нөхөр, 4 хүүхдийн хамтаар байнга оршин сууж амьдардаг. Манай төрсөн эцэг, эх нас барчихсан. Бид эцэг эхээс наймуулаа. Л.Н эгч 2 дахь хүүхэд нь бөгөөд .............. суманд 4 дэх ах Л.С, 2 дахь эгч Л.Н бид гурав амьдардаг юмаа. Л.Н эгч 4 хүүхэдтэй. Том охин нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг, 2 дахь хүүхэд нь 11 дүгээр анги, дараагийн хүүхэд нь 7 дугаар анги, 4 дэх хүүхэд нь цэцэрлэгт суралцдаг, 4 настай юм. Манай хүргэн ах О.О нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хөдөө явж туслах малчин хийдэг, янз бүрийн хар бор зэрэг олдсон ажлаа хийж мөнгө олдог, төрсөн эгч Л.Н мөн тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн амьжиргааны түвшин доогуур өрх бөгөөд сар бүр хүнсний талонд хамрагддаг, хүүхдүүдийн мөнгө зэргээс өөр өрхийн орлогын эх үүсвэр байхгүй. .............. сумын 4 дүгээр багт хашаатай, 8 ханатай Монгол гэртэй, өөр эд хөрөнгө байдаггүй. Л.Н нь зан байдлын хувьд төлөв даруухан зантай, тэвчээртэй, аливаа асуудалд хүлээцтэй ханддаг, уурлаад байдаггүй, эелдэг зөөлөн зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, сайхан сэтгэлтэй, тусархуу, хөдөлмөрч, цайлган сэтгэлтэй хүн юм. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа баяр ёслолын үеэр гэр бүл, найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг, тамхи татдаггүй, элдэв муу зуршилгүй. Эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг биетэй, урьд өмнө эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байгаагүй, биеийн хөгжил хэвийн, сэтгэцийн хувьд эрүүл. Л.Н нь гарын ур дүүтэй юм оёхдоо сайн, түүндээ сонирхолтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-32 дахь тал);

            2. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2/77 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоол, 2/22210123 хувийн хэргийн дугаартай Лгийн Нарантуяад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хяналтын хугацаа дууссан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.2 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь: 1. Л-гийн Н-д холбогдох эрүүгийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай...” гэх хуулбар (хавтаст хэргийн 78 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Н нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Шүүгдэгч Л.Н нь 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн .............. сумын ........... тоотод байрлах төрсөн дүү Л.Б-гийн гэрт Л.Б, Г.С, Д.Э нарын хамт ахуйн хүрээнд архидан согтуурах явцдаа “орны дэвсгэр завсар хийсэн мөнгө алга болсон байна” гэх шалтгаанаар төрсөн дүү Л.Бтэй маргалдаж, улмаар газарт байсан ус буцалгагчийг Л.Б рүү шидэх үед уг ус буцалгагч Г.Сгийн толгой хэсэгт онож, түүний эрүүл мэндэд “баруун зулайд язарсан шарх гэмтэл бүхий “хөнгөн” хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.С, гэрч Д.Э, Л.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 333 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Л.Н нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Л.Нг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Н нь ус буцалгагч шидэж, хохирогч Г.Сгийн толгой тус газарт цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Л.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Л.Нг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Л.Н, хохирогч Г.С нарын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Хохирогч Г.Сд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирээгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.С нь Л.Н-гаас гэмт хэргийн хор уршигт 100.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаараа  мэдүүлжээ. (хавтаст хэргийн 20-21 дэх тал);

Гэвч хохирогч Г.С нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар ямар нэгэн нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй, шүүгдэгч Л.Н нь хохирогч Г.Сгаас нэхэмжилсэн 100.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй болох нь тус тус тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Сгаас гэмт хэргийн хор уршигт гаргуулахаар нэхэмжилсэн 100.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч Л.Нгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Л.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах, ял эдлүүлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг давхар хэрэглэх”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Л.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэдийгээр Л.Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч үр хүүхдүүдээ асран хамгаалдаг эх хүн, эхнэр хүн гэдэг үүргээ ухамсарлаж байгаа. Л.Нгийн нөхөр хөлсөөр ажил хийж, туслах малчнаар ажилладаг.  Л.Н нь өөрийн асаргаанд байдаг 11 дүгээр анги, 7 дугаар анги, 5 настай цэцэрлэгийн хүүхдүүдээ хичээл сургуульд хүргэж өгөх шаардлагатай байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай бөгөөд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, бугуйндаа цаг зүүчихвэл өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйд хүндээр тусах магадлалтай юм. Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт дуусаж эцсийн үг дээрээ эрүүгийн хариуцлагатай холбоотой саналаа гаргах байхаа. Л.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэр бүлийн байдал үр хүүхдүүдийг харгалзан үзэж хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч Л.Н нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргав.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

- Шүүгдэгч Л.Н нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаа дуусгавар болсон нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Л.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг урьд гэмт хэрэг үйлдэж байсан гэх үндэслэлээр хүндрүүлэн үзэх үндэслэлгүй юм. (хавтаст хэргийн 64, 66-71 дэх тал);   

-Шүүгдэгч Л.Н нь хувийн байдлын хувьд ......, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг,өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош) орлоготой, хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй зэрэг хувийн байдлууд  хавтаст хэргийн 56-62, 82-87 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

-Шүүгдэгч Л.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж шүүх дүгнэв.

6. Иймд шүүгдэгч Л.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн .............. сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

            Улсын яллагчаас шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч Л.Н нь хэдийгээр согтуугаар гэмт хэрэг үйлдсэн боловч түүнийг архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, архины хамааралтай болохыг хангалттай тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иймд шүүгдэгч Л.Нд нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Нд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Лгийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажлыг Увс аймгийн .............. сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Г.Сгаас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 100.000 (нэг зуун мянга) төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Л.Н  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Нгаас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА