| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2019/01066/и |
| Дугаар | 01507 |
| Огноо | 2019-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 01507
| 2019 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2019/01507 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Б / /,
нэхэмжлэгч- Г / / нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч- “Б м г” ХХК-д холбогдох,
орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг гаргуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дооханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б би анх Б м г ХХК-тай Баянзүрх дүүргийн 12-р хорооны жанжны 19-р гудамжны 392 тоот газраа чөлөөлж өгөхөөр гэрээг 2013 оны 2 сард хийсэн. Үүнээс хойш энэ гэрээ 2 удаа өөрчлөгдсөн. Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтөөр орон сууц барихаар 60 м.кв байр өгөхөөр тохирсон байсан. Дахин төлөвлөлтын гэрээ удааширч байгаа учир Сүхбаатар дүүргийн 11-р Хангай хотхоны байрнаас авах саналыг захирал Мөнхтэнгэр тавьсны дагуу яаралтай орон сууцандаа ормоор байна гээд гэрээнийхээ дагуу шийдэж өгөөч гэснээр 2017-12-05-ны өдөр Б м г ХХК-тай захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Хангай орон сууцны хотхоны 516 дугаар байрны 50 тоот хаягт байрлах 37,9 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг өөрийн өмчлөлийн газрын төлбөрт тооцуулан худалдан авсан. 37.9 м.кв талбайтай байрыг хүлээлцэх актанд гарын үсэг зурж байрны түлхүүрийг хүлээж аваад 2018 оны 2 сард байрандаа орсон. Үүнээс хойш бид гэрчилгээгээ гаргуулахаар шаардаж байна.
Миний зүгээс мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан тул 2018-01-02-ны өдөр Н.Гт худалдахаар бол үл хөдлөх хөрөнгийн захиалгын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Н.Г нь орон сууцны мөнгийг надад бүрэн төлж барагдуулсан. Гэтэл Б м г ХХК нь байрны гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтуудыг гаргаж өгөхгүй жил гаруй хугацаа өнгөрч байна. Гэрчилгээгээ гаргуулж авах хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шалтгаан тоочиж гэрээний 3.1.10-д заасан үүргээ зөрчиж байна. Үүний улмаас өмчлөх эрхээ баталгаажуулж чадахгүй байгаа. Иймд Б м г ХХК-д улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэл, нэхэмжлэгч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, Н.Г нар нь хариуцагч “Б м г” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.Б орон сууцыг өөрийн өмчлөлийн газрын төлбөрт тооцуулан худалдан авсан, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаар иргэн Н.Гт худалдсан, уг орон сууцанд нэхэмжлэгч Н.Г амьдарч ашиглаж байгаа тул өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгаж өгнө үү гэж шаарлагын үндэслэлээ тодорхойлсон.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 109/1 тоот “захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны 516-р байрны 50 тоот 37,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барих ажлыг түүний хөрөнгөөр санхүүжүүлэн дуусгахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр тус тус нотлогдож байна /хх-1, 8-10/.
Талуудын байгуулсан гэрээнд гэрээний зүйлийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны 516-р байрны 50 тоот 37,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, нийт төлбөрийг 68.409.500 төгрөг гэж дурдсан байх бөгөөд гэрээ дүгнэж, тооцоо нийлэн, байр, түлхүүр хүлээлцсэн актыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна /хх-17-18/.
Нэхэмжлэгч Б.Б байрыг хүлээж авахдаа хуулбар баримт өгсөн гэж тайлбарлаж байх боловч эх хувийг эсхүл нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй боловч “захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г нэхэмжлэгч Б.Б байгуулж, гэрээний үүргийн биелэлтийг Б.Б, Н.Г нар шаардаж, орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаарлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй байна гэж үзлээ.
Талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны 516-р байрны 50 тоот 37,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барих ажлыг түүний хөрөнгөөр санхүүжүүлэн дуусгах, захиалагч орон сууцны төлбөрийг бартераар буюу газар, хашаа байшин оролцуулж төлөхөөр тохирсон гэрээг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан боловч уг гэрээний зүйл болох орон сууц ашиглалтад орсон байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож, хариуцагч тал орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Хариуцагч тал нэхэмжлэгч нарыг худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, үнийг төлсөн талаар маргаагүй, нэхэмжлэгч нар гэрээнд заасан хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууцны үнийг бүрэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гэрээ дүгнэж, тооцоо нийлэн, түлхүүр хүлээлцсэн тухай баримтаар нотлогдож байх тул хариуцагч нь үнийг бүрэн төлсөн захиалагчид буюу худалдан авагч нэхэмжлэгч нарын өмчлөлд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар уг гэрээний зүйл болох орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй /хх-18/.
Шүүх хариуцагч “Б м г” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж /хх-21/ хэргийн материал танилцуулсан /хх-24 ба хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх бүрэн эрхийг 2019-05-30-ны өдрийн итгэмжлэлээр Б.Мөнхбаярт олгосон байна /хх-20/.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гарч /хх-26/ хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлож, шүүх хуралдааны товыг хуульд заасан зохих журмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж баримтжуулсан /хх-28/ боловч 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Энхтүвшин оролцохоор ирсэн, түүнд хариуцагч тухайн өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд тухайн төлөөлөгч нь “...Мөнхбаяр төлөөлөгчийн ар гэрт ажил гарсантай холбогдуулан би оронд нь орж байна...” гэх тайлбарыг, хэргийн материалтай танилцаж, тайлбар гаргах талаар хүсэлт гаргаснаар тухайн өдрийн шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 12 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсан /хх-31, 32-33, 34/.
Энэ өдөр товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан /хх-36/ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гардан авч, хариу тайлбараа 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлэх байсан боловч хуульд заасан хугацаанд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д “нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагчтай 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 109/1 тоот “захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр авсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны 516-р байрны 50 тоот 37,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгө захиалгын эрх шилжүүлэх тухай гэрээгээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Н.Гт 62.000.000 төгрөгөөр шилжүүлж, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрх хүлээн авагчид хариу төлбөртэйгээр шилжүүлэхээр тохирсон байна /хх-11-12/.
Хэрэгт хавсаргасан баримтаар нэхэмжлэгч Н.Гээс 2018-06-15-нд 2.583.330 төгрөг, 2018-05-15-нд 2.583.330 төгрөг, 2018-02-15-нд 6.000.000 төгрөг, 2018-03-15-нд 2.583.333 төгрөг, 2018-01-02-нд 16.900.000 төгрөг, 2018-01-23-нд 5.000.000 төгрөг, 2018-04-15-нд 2.583.333 төгрөг, 2018-08-15-нд 2.583.330 төгрөгөөр нийт 40.816.656 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бд төлсөн байх бөгөөд Б.Б нь Н.Гээс байрны мөнгийг бүрэн авсан талаар тайлбарлаж маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны 516-р байрны 50 тоот 37,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Гийг эзэмшил, ашиглалтанд шилжүүлсэн болох нь тэдгээрийн тайлбар, төлбөр төлсөн талаарх баримт, Н.Гийн хаягийн бүртгэл зэргээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нарын хариуцагчаас орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгахаар шаардсан шаардлагад хариуцагч маргаж хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгч Б.Б нь хэлэлцэн тохиролцсон хөлсийг буюу орон сууцны үнийг төлөх үүргийг гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, Б.Б орон сууцыг захиалгын эрх шилжүүлэх гэрээгээр Н.Гт шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны 516-р байрны 50 тоот 37,9 м.кв талайтай 2 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргахыг хариуцагч “Б м г” ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар шаардлага үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь талуудын үүрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Гийг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай орон сууцны хотхоны 516-р байрны 50 тоот 37,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг хариуцагч “Б м г” ХХК-нд даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б м г” ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б, Н.Г нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зохигчид давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ