| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 117/2025/0006/З |
| Дугаар | 221/ма2026/0069 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 221/ма2026/0069
Г ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Л.Одбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга
Нэхэмжлэгч: Г ХХК
Хариуцагч: Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Г ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М
Хариуцагч Д.Ж
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 117/2025/0006/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК-иас Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргад холбогдуулан “Г ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахыг даалгах”-аар маргасан байна.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Г ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахыг даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг дарга Д.Жгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
3.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугааp зүйлийн 106.5-д заасан "... Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй..." гэсэн зохицуулалтыг зөрчиж гарсан гэж үзээд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.4-т "...тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч Г ХХК-ийн ашигт малтмал хайх үйл ажиллагааг түр зогсоож, түдгэлзүүлсэн болохоос бичиг баримтын бүрдлийг бүрдүүлэх ажиллагааг хязгаарлаагүй байна...", 1.5-д "... Өөрөөр хэлбэл тогтоолд бичиг баримтын бүрдлийг хангаагүй гэх атлаа нэхэмжлэгчээс зарим бичиг баримтын бүрдлээ хангуулахаар хариуцагч сумын Засаг даргад хандахад уг тогтоолыг үндэслэл болгож буй нь үндэслэлгүй юм..." гэснийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан "...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна..." гэсэн шаардлагыг хангасангүй гэж үзэж байна.
Учир нь Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-т "... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх..." гэсэн байдаг.
Дундговь аймгийн Дэрэн сумын ИТХ-ын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дугаар тогтоолын 3-р заалтаар Г ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, холбогдох зөрчил, дутагдлыг арилган ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосон байдаг. Гэтэл шүүх "...нэхэмжлэгч Г ХХК-ийн ашигт малтмал хайх үйл ажиллагааг түр зогсоож, түдгэлзүүлсэн болохоос бичиг баримтын бүрдлийг бүрдүүлэх ажиллагааг хязгаарлаагүй байна..." гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2. Хариуцагч би "...Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “...хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх..." гэсэн зохицуулалт байхаас биш Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайланг хүргүүлж батлуулах гэсэн ойлголт байхгүй байна. Хуульд зохицуулаагүй асуудлаар Засаг даргад хандаж байгааг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна. Дэрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор Г ХХК-ийн үйл ажиллагааг тодорхой зөрчлүүдийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Дэрэн сумын Засаг даргад үүрэг болгосон учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгаа тухай дурьдсан хариуг хуульд заасан хугацаанд хүргүүлсэн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т гэж дүгнэснийг хүлээн заасан үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “...Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ...” гэсэн байна. 38.1.3-т "...энэ хуулийн 38.1.1- д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах..." гэсэн байдаг. Тус хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөө гэдэг нь Г ХХК 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор Дэрэн сумын Засаг даргатай зөвшилцөн боловсруулсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний тухай ойлголт юм.
Харин 38.1.6-д "...энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах..." гэсэн зохицуулалт буюу Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах гэсэн ойлголт огт байхгүй байна.
Өөрөөр хэлбэл 38.1.5-д хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх тухай зохицуулалт байгаа бөгөөд Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах гэсэн ойлголт, зохицуулалт огт байхгүй байгаа юм.
3.3. Нэхэмжлэгч Г ХХК-ийн зүгээс 2025 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулах гэсэн хүсэлт ирүүлсэн болохоос биш менежментийн төлөвлөгөөний тайланд тусгасан нэмэлт, өөрчлөлтийн тухай санал, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлт огт ирээгүй билээ.
Ийм учраас Засаг даргын хувьд хуульд зохицуулаагүй асуудлаар шийдвэр гаргах боломжгүй байна гэсэн хариу хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөөрс хойш 30 оногийн дотор Дэрэн сумын Засаг даргатай хамтран боловсруулаад тухайн үеийн Засаг даргаар батлуулсан байх ёстой Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний тухай зохицуулалт нь 2024 оны оны сонгуулиар томилогдсон Засаг даргад огт хамааралгүй асуудал юм. Анхан шатны шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан зохицуулалтыг буруугаар тайлбарлаж ... үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй... гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй... гэсэн зохицуулалтыг зөрчсөн тухай;
Нэхэмжлэгч Г ХХК нь 2025 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүйтэй холбоотой зохицуулалтаас харахад хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй тухай анхан шатны шүүх хурал дээр миний өмгөөлөгч тайлбарласан боловч хүлээж аваагүй юм. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй гэсэн дүгнэлтийг үндэслэн эс үйлдэхүй гаргасан тухай шийдвэрлэсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь:
Миний бие Г ХХК-ийн хүсэлтэд “...хуульд зохицуулаагүй асуудлаар шийдвэр гаргах боломжгүй байна..." гэсэн хариу хүргүүлсэнийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй юм. Г ХХК-ийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг батлуулахаар ирүүлсэн тохиолдолд Засаг дарга батлахаас татгалзсан тохиолдолд “.... үндэслэлгүйгээр татгалзсан...” гэж үзэх үндэслэлтэй болохоос хуулиар зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хуульд заасан хугацаанд өгсөөр байтал эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
Гэтэл шүүх Засаг даргаас хүргүүлсэн хариунд дурьдсан агуулгын хууль зүйн үндэслэлийг анхаарч үзэлгүй хуульд заасан үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй гэсэн дүгнэлтэнд тулгуурлан эс үйлдэхүй гэж үзэж байгааг “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн..." асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргалаа.
Ийм учраас Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 117/ШШ2025/0017 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г ХХК-иас Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргад холбогдуулан “Г ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлахгүй байгаа Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус компанийн 2025 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүхээс “...хариуцагчийн Г ХХК-ийн 2025 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй гэх хариу баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргыг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй гэж дүгнэв... Хариуцагчийн өмгөөлөгчөөс огт эс үйлдэхүй гаргаагүй, татгалзсан хариу өгөөгүй, батлах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан зохицуулалтад хамаарахгүй” гэж маргасан ч хариуцагч тусгайлан зохицуулсан хуулиар хүлээсэн үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй нь эс үйлдэхүй юм...” гэх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
4. Хэргийн үйл баримтын тухайд:
4.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр шийдвэрээр 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт “******” нэртэй газарт XV-02**** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Г ХХК-д олгосон.
4.2. Нэхэмжлэгч Г ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18/2025 тоот албан бичгээр Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргад 2025 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн.
4.3. Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/04 тоот албан бичгээр “... танай компани 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр XV-02**** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2016 оны 05 дугаар сарын 12-ны дотор хуульд заасны дагуу төлөвлөгөө батлуулсан эсэх нь нотлогдохгүй байна... Дундговь аймгийн Дэрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр тогтоол одоо болтол хүчинтэй байх тул энэхүү тогтоолыг зөрчих эрх сумын Засаг даргад байхгүй байна...” гэх үндэслэлээр батлахаас татгалзжээ.
4.4. Дундговь аймгийн Дэрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 74 дүгээр тогтоолоор Г ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн.
5. Тус тогтоолд үндэслэл болгосон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.6, 20 дугаар зүйлийн 20.3, 28 дугаар зүйлийн 28.1, 33 дугаар зүйлийн 33.1, 48 дугаар зүйлийн 48.1, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх бүрэн эрх олгогдоогүй байна.
6. Хариуцагчаас Г ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18/2025 тоот албан бичгээр хүргүүлсэн 2025 онд хэрэгжүүлэх Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлийн тухайд:
6.1. Ашигт малтмалын тухай хуульд Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянуулах батлуулах процессыг ялгамжтайгаар зохицуулсан.
6.2. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.”тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 38.1.3.”энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж,
Харин Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тухайд: Ашигт малтмалын тухай хуулийн 38 пугаар зүйлийн 38.1.4.”энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх”, 38.1.5.хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ” гэж заажээ.
6.3. Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ... стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална”, 9.5.”Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ.”, 9.6.”Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна.” гэж байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулжээ.
7. Эдгээр зохицуулалтаас үзэхэд хариуцагчаас Байгаль орчны төлөвлөгөө болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг аль алиныг баталж хүргүүлэх үүрэгтэй бөгөөд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах 3 жил тутам шинэчлэн боловсруулж батлуулах зохицуулалттай байна.
8. Харин хариуцагчийн “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д “...хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх..." гэсэн зохицуулалт байхаас биш Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайланг хүргүүлж батлуулах гэсэн ойлголт байхгүй байна. Хуульд зохицуулаагүй асуудлаар Засаг даргад хандаж байгааг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэх, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор батлуулах, жил бүр Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах үүргээ биелүүлэхийг шаардсан” гэх гомдол үндэслэлгүй.
9. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Г ХХК-ийн 2025 оны Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах ёстой гэх үндэслэлээр батлахаас татгалзсан нь дээр дурдсан хууль тогтоомжид нийцээгүйн дээр уг төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэл болгон батлахаас татгалзсан нь үндэслэлгүй болсныг дурдах нь зүйтэй.
10. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзэхэд, хариуцагч Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/04 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичигтээ нэхэмжлэгч Г ХХК-ийн 2025 оны “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлах боломжгүй гэж хариу өгсөн нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.Одбаатар
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН