Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/176

 

                                 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М-,

Шүүгдэгч: С.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С-ын Я-д холбогдох эрүүгийн 2235000000.... дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......... Увс аймгийн .........суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын ............. тоотод оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Т овогт Сын Я, регистрийн дугаар..............;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Я нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “..........” хүнсний дэлгүүрийн урд иргэн А.Гийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Я нь Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “..........” хүнсний дэлгүүрийн урд 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч А.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Я-ын хувьд хохирогч А.Г-эд 500.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан бөгөөд хохирогчийн зүгээс цаашид нэхэмжлэх хохирол байхгүй гэдгээ илэрхийлсэн байна” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч С.Я нь шүүх хуралдаанд гэм буруугийн маргаангүй оролцож байгаа тул мэтгэлцэх зүйл байхгүй. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх хохирол байхгүй гэдгээ илэрхийлсэн. С.Я нь хувийн байдлын хувьд оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй, шинжээчийн дүгнэлтээр түүний оюун ухааны түвшин 68%-ийн коэффициент гэж гарсан. Тэрээр одоо төрсөн эгч С.О- болон хүргэн ах Л нарын асаргаанд амьдардаг. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 625 дугаар дүгнэлтэд С.Яыг 9-12 насны хүүхдийн сэтгэхүйтэй гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нас 14 наснаас эхэлдэг бөгөөд С.Яын гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа дүгнэлт хийх чадвар нь сэтгэхүйн субьектив талын хувьд хараахан бүрдэж чадахгүй гэж үзэж байна. С.Яын хувьд уг гэмт хэрэг хийсэн гэдэгтээ эргэлзэж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн талаараа ойлгож байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэмт хэрэг хийсний улмаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй байдаг боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл эрүүгийн хариуцлага хөнгөрдөг гэдгийг С.Я ойлгохгүй байгаа. Хохирогчийн хувьд нэхэмжлэх гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. С.Яын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх дээр ямар нэгэн мэдлэг боловсрол байхгүй бөгөөд тайлбарлаад ч ойлгохгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч С.Я шүүхийн хэлэлцүүлэгт: “А.Г шатнаас уначхаад ахыгаа босгочих гэхээр нь би татаад босгосон байхад намайг хилс хэрэгт оруулж байна. Улаангом даяараа намайг хилс хэрэгт орсон гэж инээлдэж байна. А.Г надад хандаж “чамайг би цагдаад өгөөгүй” гэж хэлж байсан. Хүний нэр хүндийг ингэж болохгүй. Хохиролд манай ах 500.000 төгрөг өгсөн байсан. Зохиомол хэргээ над руу оруулсан байсан” гэх мэдүүлгийг гаргасан.

Эрүүгийн 2235000000.... дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-5 дахь тал);

2. Хохирогч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дүү А.Б-гийнд очиж ажил хийж байхдаа найзтайгаа хамт хоёр шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи уучихаад найз Ж.Л-гийн хамт гэрлүүгээ явж байгаад дөрвөн замын уулзвар дээр байх .......... гэх дэлгүүрийн гадна очиж амраад сууж байхад гэнэт дээлтэй хүн гарч ирээд намайг заамдаж унагааж байгаад нэг удаа өшиглөж, цээжин хэсэг рүү хоёр удаа гараараа цохиж, миний толгойг газар мөргүүлсэн, тэгэхээр нь би үхэх гэж байна, намайг тавьчих гэж хэлсний дараа намайг тавьж, би чамайг ална шүү гэж элдэв янзаар хэлж байгаад миний малгайг авч яваад урчихсан... 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн төв дээр ирж шинжилгээ өгч, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд 9, 10 дугаар хавирга хугарсан, уушги нэг талдаа бяцралттай, нэг уушги хөөсрөлттэй гэсэн тул гэмтлийн тасагт 9 хоног, эрчимт эмчилгээний тасагт 6 хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Тухайн хүнийг би таньдаг бөгөөд надтай хамт явж байсан Ж.Лын хадам дүү С.Я байсан. Би урьд өмнө таарч байсан боловч маргалдаж байгаагүй. Миний биеийн байдал дунд зэрэг бөгөөд анх эмнэлэгт ирэхэд босох чадваргүй байсан, 15 хоног эмчилгээ хийлгээд өөрөө босох чадвартай болсон. Гэхдээ амьсгалахад хүндрэлтэй удаан ярьж чаддаггүй. Амьсгалын аппарат тогтмол зүүдэг. Мөн уушги өөрчлөлттэй гэсэн тул эмч нарын зөвлөгөөнөөр орж Улаанбаатар хот руу явах юм бас яригдаж байгаа...гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 6-10 дахь тал),

3. Гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой нь манай нөхөр А.Г нь унтаж байхдаа бие өвдөөд байна гэж хэлээд зовиуртай хоносон бөгөөд надад толгой өвдөж байна гэж хэлж байсан. 2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой би ажлаа тараад ирэхэд нөхөр бие өвдөөд байна гэж хэлээд хэвтээд байхаар нь 103-т дуудлага өгсний дагуу эмч ирж үзээд хавирга гэмтсэн байна, ажлын цагаар ирж нэгдсэн эмнэлэгт шинжилгээ өгөөрэй гэж хэлсэн. Маргааш өглөө нь нөхрийн хамт нэгдсэн эмнэлэг орж эмчид үзүүлээд баруун талын хоёр хавирга хугарсан тул яаралтай эмнэлэгт хэвт гэж хэлээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Мөн эмчид үзүүлж байхдаа манай нөхөр шатнаас унасан гэж мэдүүлсэн. Гэмтлийн тасагт 8-9 хоног орчим хэвтэн эмчлүүлж байхад дахин шинжилгээ авч, томографид ороход зүүн талын уушги нь бяцралттай, баруун талын хавирга хугаралттай тул бяцарсан тал нь ажиллагаа хэвийн бус байгаа талаар эмч нарын зөвлөгөөнөөр орж Улаанбаатар хот руу явж гэмтлийн тасагт очиж дахин нарийн шинжилгээ өгөхөөр яригдаж байхад биеийн байдал нь хүндэрч эрчимт эмчилгээний тасагт шилжиж одоогоор 8 дахь хоногтоо хэвтэн эмчлүүлж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот руу явахаар болсон. ............. дэлгүүрийн үүдэн дээр сандал дээр сууж байхад нь Я нь гэнэт гарч ирээд зодсон. Гэтэл хамт байсан Ж.Л- нь салгасан зүйл байхгүй бөгөөд манай нөхөр газар уначихаад босоод ирэхэд Ж.Л- байхгүй байсан учраас гэртээ ганцаараа ирсэн гэж хэлсэн..гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 11-13 дахь тал);

4. Гэрч Г.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18-19 цагийн үед аав Г- найз Л-ын хамт  согтуу ирээд Л-а нь манайд хононо гэж хэлэхээр нь би манай гэрт нялх хүүхэд байгаа учраас хонуулах боломжгүй, би таныг таксинд суулгаад гэрт чинь хүргээд өгье гэсэн боловч Л- би эхнэр хүүхэдтэйгээ маргалдсан, 3-4 хоног гэртээ хариагүй, одоо гэртээ харьж чадахгүй гэж хэлээд танай гэрт хонох боломжгүй бол түлээний амбаарт чинь хононо гэж хэлээд орж унтсан. Тухайн үед аав бас архи уусан байсан учраас удалгүй унтаад өгсөн. Маргааш өглөө нь би 07 цагийн үед гадуур ажилтай байсан тул эрт гарч явахад аав болон манай гэр бүлийнхэн амралтын өдөр байсан учраас унтаад хоцорсон. Би өдөр гэртээ буцаж ирэхэд ээж ажилдаа явсан, харин дүү нар байсан бөгөөд орой 19-20 цагийн үед аав ганцаараа бас архи уусан байдалтай, толгой хэсэг нь хавдаж нүүр болон хувцас толгой нь шороо болсон мөн нурууны ар хэсэг нь өвдөж зовиуртай байна гэхээр нь юу болсон талаар асуухад эхлээд унаснаас болж гэмтчихлээ, Л-ааг дууд мөн цагдаа дууд гэж хэлэхээр нь Ж.Л- ах ямар хамаатай юм гэж асуухад согтуу байсан учраас Ж.Л-аг дууд гээд дахин дахин хэлж байгаад өвчин намдаагч уугаад унтсан. Маргааш өглөө нь орноосоо босохгүйгээр халуурч бөөлжиж, хоол цай идэхгүй байсан учраас дахин өвчин намдаах эм уугаад байсан бөгөөд яагаад бэртсэн талаар асуухад 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Л-тэй хамт айлд очиж архи уучихаад буцаж гэрлүүгээ явж байгаад дөрвөн замд байх .......... гэдэг дэлгүүрийн үүдэн дээр сууж хөлөө амрааж байхад Л-гийн хадам дүү Я нь ирээд Л-г уруу татаж гэртээ хонуулж архи ууж байна гэж хэлээд уурлаж түлхэж унагааж байгаад хавирга хэсэг рүү дэвссэн учраас хэсэг хугацаанд ухаан манарч байгаад нэг сэрээд босоход Л- болон Я нар байхгүй байсан, тэгээд би гэртээ ганцаараа ирсэн гэж хэлсэн. Аав бэртсэнээс хойш гурван хоног өвчин намдаагч ууж амьсгалахад хүндрэлтэй байна гэж хэлж байсан учраас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед 103 дуудахад түргэн тусламжийн эмч ирээд хавирга давхардсан байна, маргааш өглөө ирж шинжилгээ өг гэсний дагуу аав бид хоёр 14 цагийн үед Бат-Үржихүй өрхийн эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай гэмтлийн эмчид очиж үзүүл гэсний дагуу гэмтлийн тасагт очиж үзүүлэхэд хавирга хугарсан тул рентгенд үзүүл гээд бичиг хийж өгсөн боловч эмчид үзүүлэх цаг дууссан байсан учраас маргааш өглөө нь үзүүлэхээр цаг авчихаад гэрлүүгээ явсан. Гэрт очиход аавын бие хөндүүрлэж өвдөж хоносон. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өглөө ээж, аав бид гурав эмнэлэг дээр очиж рентген зураг болон томографид үзүүлэхэд хавирга хугарсан учраас уушги гэмтсэн байна гээд яаралтай гэмтлийн тасагт хэвтүүлж, нарийн шинжилгээнүүдийг авсан. Гэмтлийн тасагт 8-9 хоног хэвтэн эмчлүүлж байхад биеийн байдал нь муудаж эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн хэвтүүлсэн. Тухайн хугацаанд эмчилгээ шинжилгээ дутуу байгаа учраас 2-3 хоног дахин эмчилгээ хийж байгаад Улаанбаатар хот руу явах эсэхийг нь шийднэ гэж байгаад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэгдсэн эмнэлгийн машинаар эмч болон ээжийн хамт Улаанбаатар хот явсан. 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр ээжтэй ярьж, аавын биеийн байдлыг асуухад биеийн байдал нь хүнд бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эмч нарын зөвлөгөөнөөр орно гэж хэлсэн. Баруун талын хавирга хугарсны улмаас уушги руу хатгаж уушги нь гэмтсэн мөн тухайн зүйлээс хамааран зүүн талын уушги нь бяцралт үүссэн гэж эмч нь тайлбарлаж байсан. Мөн уушгины гурван дэлбээний нэг нь хумигдсан учраас нэг нь ажиллагаагүй болсон гэж ярьж байсан. Өөрөөр ямар нэг байдлаар нүүр болон бусад хэсэгт гэмтэл учирсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 14-17 дахь тал);

5. Гэрч Ж.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр архи уусан байхдаа найз А.Гийн гэрт очиход согтуу байсан учраас Г-ийн охин Г.А- нь намайг хүргэж өгнө гэж байсан боловч би их согтсон учраас гэртээ харихгүй гэж хэлээд тэдний түлээний амбаарт хоносон. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 24-ний өдөр би А.Гийн хамт Буянхүүгийн гэрт очсон. Учир нь Буянхүү Улаанбаатар хот явсан учраас гэрийнхээ түлхүүрийг надад үлдээж, би гэрийг нь харж байсан. Бид хоёр Буянхүүгийн гэрт 0,5 литрийн Ерөөл нэртэй хоёр шил архи уусан. Тухайн үед өөр ямар нэгэн хүн байгаагүй учраас бид хоёр өдөржин хамт уусан,би тухайн үед нилээн согтсон байсан. Бид хоёр архиа ууж дууссаны дараа нэг мэдэхэд А.Г бид хоёр дөрвөн замд явж байсан бөгөөд .......... гэдэг нэртэй дэлгүүрийн урд байх сандал дээр очоод тамхи татах гээд сууж байтал манай хадам дүү С.Я нь хаанаас ч юм гарч ирээд А.Гийг цохиж байхаар нь би очоод салгах гээд С.Яын гарнаас татахад нь би унах гээд байсан тул салгаж чадаагүй. Би тухайн үед их согтсон байсан учраас зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа. 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр А.Г бид хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Бид хоёрыг хамт явж байхад өөр хүн А.Гийг зодож цохисон зүйл байхгүй. С.Я улаан хүрэн өнгийн дээлтэйгээ явж байсан. Ганцаараа ирсэн бөгөөд ямар нэгэн хүнтэй хамт явж байгаагүй. Би тухайн үйл явдал болсноос хойш 2-3 хоногийн дараа С.Яд чи А.Гээс очиж уучлалт гуй, настай хүнийг яагаад цохиж байгаа юм гэхэд надад уурлаж би уур хүрээд цохисон гэж хэлэхээр нь намайг А.Гтэй нийлж архидсан учраас А.Гийг зодсон гэж би хувьдаа ойлгосон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн  17-19, 22-23 дахь тал);

6. Гэрч С.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр миний төрсөн дүү С.Я нь А.Г гэх хүн намайг хэл амаар доромжилж миний хамраас цус гаргасан учраас би А.Гийг цохисон гэж хэлэхээр нь би яагаад бие муутай хүнийг цохиж байгаа юм гэж хэлэхэд намайг доромжилсон гэж хариулсан. Дахин манай нөхөр Ж.Л- нь надад хэлэхдээ хамт ажилладаг хүмүүсийн хамт А.Гийг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очсон. А.Гийн хавирга хугарсан байна гэж хэлж байсан бөгөөд өөр ямар нэгэн юм хэлээгүй. Би Яд чиний цохисон хүн эмнэлэгт хэвтэж байна, хаана нь, яаж цохисон  бэ гэж асуухад тэгсэн байна уу гэж хариулсан бөгөөд өөр ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал);

7. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн А.Гийн өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн  32-50 дахь тал);

8. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 454 дугаартай “Үзүүлэгч А.Гийн биед баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхийд нь хамарсан арьсан доорх хий хуралт, баруун далны дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд тоггоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 09 дүгээр сарын 28-нд үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн №11983 тоот өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхийд нь хамарсан арьсан доорх хий хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 54-57 дахь тал);

9. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн  “Шүүх сэтгэц эмгэг судлалын” 2023 дны 8 дугаар сарын 07-ны өдрийн 625 дугаартай “...С.Я нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. С.Яын оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. С.Я нь өөрийн сэтгэцийн түвшинд болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Я нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй бөгөөд Оюуны түвшин-коэффициент нь 64%-тай байна. Насанд хүрэгчдийн хувьд оюуны хөгжил нь 9-12 настай хүүхдийнхтэй ижил байна гэсэн үг. Үүний улмаас дунд сургуульд суралцахад зарим бэрхшээл гарна. Ийм эмгэгтэй ихэнх насанд хүрэгчид ажиллах хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд орох, нийгэмд хувь нэмэр оруулах чадвартай байна. С.Я нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. С.Яын дээрх эмгэг нь төрөлхийн гаралтай бөгөөд шинж тэмдэг нь тогтвортой илэрдэг тул өөрөө болон бусдад аюул учруулах эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно. С.Я нь гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. С.Я нь хэрэг үйлдэх үед догшрол үүссэн гэх эмнэлзүйн шинж тэмдэг, эмнэлгийн бичиг баримтат илрээгүй байна. Ховд аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эмч нарын гаргасан шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Хохирогч А.Гийн шүүхийн шатанд өгсөн: “...С.Я нь 2022 оны 9 дүгээр сарын 24-нд хувийн маргааны улмаас надад гэмтэл учруулсан. А.Г миний бие нь эмчилгээний төлбөр гаргуулж авсан гомдолгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн байна (2 дахь хавтаст хэргийн 53 дахь тал);

2. Гэрч Ж.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Я нь сургуульд огт суралцаагүй бөгөөд төрөлхийн сэтгэцийн өөрчлөлттэй, бага байхдаа групп тогтоолгож тэтгэмж авдаг болсон. С.Яд 2004 онд аймгийн халамжаас шинэ гэр олгож манай хашаанд ирж буусан. Түүнээс хойш оройд гэртээ хонож хоол, цайгаа манайд орж ирж идэж, уудаг. Өдөр нь гадуур явж байгаад ирдэг болсон. Заримдаа хөлсөөр ажил хийж хөлс авдаг, заримдаа өдөржин хэсээд өнждөг. Гэр бүл огт зохиож байгаагүй, мөн архи болон тамхи огт хэрэглэдэггүй. Ах дүү нарынхаа үгэнд сайн ордог. Аж амьдралын хувьд гэвэл тааруу амьдралтай гэртээ зөвхөн орж унтах амрах зорилгоор байдаг бусад үед байнга манайд хоол цай унд идэж ууж тэтгэмжийн мөнгөөрөө амьдардаг. Хүмүүс С.Яыг Яншаа гэдгээр нь мэддэг бөгөөд гудамж талбайд шүлэг уншаад явдаг гэдгээр нь мэднэ. Хүнд тусархаг зантай байдаг болохоор хүмүүс дургүйцээд байдаггүй. Харин өөрийг нь шоолсон хүүхэд болон том хүнд огцом уурлаж айлгах тохиолдол байдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал);

3. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Шүүх сэтгэц эмгэг судлалын” 2023 дны 8 дугаар сарын 07-ны өдрийн 625 дугаартай “...С.Я нь Оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. С.Яын оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. ....С.Я нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй бөгөөд Оюуны /түвшин-коэффициент нь 64%-тай байна. Насанд хүрэгчдийн хувьд оюуны хөгжил нь 9-12 настай хүүхдийнхтэй ижил байна гэсэн үг. Үүний улмаас дунд сургуульд суралцахад зарим бэрхшээл гарна. Ийм эмгэгтэй ихэнх насанд хүрэгчид ажиллах хөдөлмөрлөх, нийгмийн харилцаанд орох, нийгэмд хувь нэмэр оруулах чадвартай байна.” гэх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Я шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

 - Шүүгдэгч С.Я нь 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “..........” хүнсний дэлгүүрийн урд тодорхой шалтгаангүйгээр иргэн А.Гийн цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа 2 удаа цохиж, толгойгоор нь хүчтэй газар мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Шүүгдэгч С.Яын дээрх үйлдлийн улмаас хохирогч А.Гийн эрүүл мэндэд баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхүйд нь хамарсан арьсан доорх хий хуралт бүхий гэмтлүүд учирсан нь тогтоогдсон бөгөөд уг гэмтлүүд нь амь насанд аюултай, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

Шүүх хуралдаанаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон ба улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Тодруулбал: Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Г, гэрч А.Б-, Г.А-, Ж.Л-, С.О- нараас гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хохирогч А.Гийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, сэтгэцийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч А.Г, гэрч А.Б-, Г.А-, Ж.Л-, С.О- нарын мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 454 дугаартай дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэв.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч С.Я нь хохирогч А.Гийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, түүний цээж хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөж, гараараа 2 удаа цохиж, толгойгоор нь хүчтэй газар мөргүүлэн зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч С.Яыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч С.Яын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 454 дугаартай дүгнэлтээр нотлогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч С.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Яыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Я нь гэм буруугийн асуудлаар маргасныг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч С.Я-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Гийн эрүүл мэндэд “баруун уушгийг бүхэлд нь хамарсан буюу дээд, дунд, доод дэлбэнгүүдийг хамарсан уушгины няцрал, цээжний баруун хөндийд шингэн хуралдалт, зүүн талын 9 дүгээр хавирга суганы арын шугамаар зөрөөтэй далд хугарал, зүүн талын 10 дугаар хавирганы зөрөөгүй далд хугарал, цээжний зүүн талын дотор урд хананд хий хуралт, цээжний зүүн ар хэсгийг нэлэнхүйд нь хамарсан арьсан доорх хий хуралт бүхий амь насанд аюултай хүнд хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч А.Г нь уг гэмтлийн улмаас Увс аймгийн нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр төв эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгэсэн болох нь хохирогч А.Гийн мэдүүлэг болон 1 дэх хавтаст хэргийн 32-50, 177-195 дахь талд авагдсан өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогджээ.

3. Хохирогч А.Г нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Яаас эмчилгээний зардалд 1.132.131 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шатанд хохирогч А.Г нь “...Миний зүгээс эмчилгээний төлбөрөө гаргуулж авсан гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн байх ба шүүхээс хохирогч А.Гэд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр “Шүүх хуралдаанд оролцохгүй, С.Яаас хохиролд 500.000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй“ гэх хариуг өгсөн нь 2 дахь хавтаст хэргийн  52-53 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Яаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч С.Я нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 625 дугаартай дүгнэлтээр нотлогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт, Ховд аймгийн Бүсийн оношлогооны төвийн Шүүх сэтгэцийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 625 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч С.Я нь олон улсын өвчний ангиллын F70 буюу төрөлхийн оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй, түүний оюуны түвшин 65%-тай, оюуны чадавхийн баримжаа, нас 9-12 насны дундаж хэмжээтэй болох нь тогтоогдсон байх бөгөөд уг дүгнэлтүүдэд шүүгдэгч С.Яыг өөрийн сэтгэцийн түвшинд болсон явдлыг зөв тусгаж мэдүүлэг өгөх чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үе дэх түүний сэтгэцийн байдалд оюуны хоцрогдлын дошгирол, солиорол гэх эмнэл зүйн шинж тэмдгүүд илрээгүй болохыг тогтоосон байна. (1 дэх хавтаст хэргийн 66-67, 2 дахь хавтаст хэргийн 26-29, 184-188 дахь тал),

Өөрөөр хэлбэл сэтгэцийн шинжээчийн дүгнэлтүүдэд шүүгдэгч С.Яын оюуны чадавхын ерөнхий түвшинг 64%-тай буюу оюуны чадавхийн баримжаа 9-12 насны дундаж хэмжээтэй байгааг тогтоосон хэдий ч энэ нөхцөл байдал нь түүний хэрэг хариуцах чадварыг үгүйсгэхгүй байх бөгөөд сэтгэцийн шинжээчийн дүгнэлтүүд нь агуулгын хувьд хоорондоо зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч С.Я нь сэтгэцийн хувьд төрөлхийн оюуны хөнгөн хомсдол өвчтэй боловч тэрээр өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, өөрийгөө удирдан жолоодох чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа хэрэг хариуцах чадвартай байсан нь гурван удаагийн сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч С.Ят Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.Ят 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба түүний нийт цагдан хоригдсон 132 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна ”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “С.Я нь хувийн байдлын хувьд оюуны хөнгөн хомсдолтой, шинжээчийн дүгнэлтээр түүний оюуны түвшингийн хэмжээ 68%-ийн коэффициенттэй байна гэж гарсан. Тэрээр төрсөн эгч С.О- болон хүргэн ах Л-аа нарын асаргаанд амьдардаг. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 625 дугаар дүгнэлтэд С.Яыг 9-12 насны хүүхдийн сэтгэхүйтэй гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нас 14 наснаас эхэлдэг бөгөөд С.Яын гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа дүгнэлт хийх чадвар нь сэтгэхүйн субьектив талын хувьд хараахан бүрдэж чадахгүй гэж үзэж байна. С.Яын хувьд уг гэмт хэрэг хийсэн гэдэгтээ эргэлзэж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн талаараа ойлгож байгаа эсэхийг мэдэхгүй байна. Гэмт хэрэг хийсний улмаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй байдаг боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрвөл эрүүгийн хариуцлага хөнгөрдөг гэдгийг С.Я ойлгохгүй байгаа. Хохирогчийн хувьд нэхэмжлэх гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. С.Яын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх дээр ямар нэгэн мэдлэг боловсрол байхгүй бөгөөд тайлбарлаад ч ойлгохгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү" гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч С.Я нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргаагүй болно.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч С.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснөөр хохирогч А.Г гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид...учруулсан хохирлыг  төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон гэж үзлээ.

Шүүгдэгч С.Я нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, ялаа эдэлж дуусгавар болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан С.Яын энэ нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч С.Яын хувийн зан байдлын талаар гэрч Ж.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг С.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгч С.Яд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, С.Я-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь төрөлхийн оюуны хөнгөн хомсдол эмгэгтэй гэх хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Я-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч С.Я нь энэ гэмт хэргийн улмаас Увс аймаг дахь сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар мөн өдрөөс эхлэн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал яллагдагчаар цагдан хоригдож байсан байх бөгөөд Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16 дугаартай магадлалаар Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023  оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Я-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл нийтдээ 132 (нэг зуун гучин хоёр) хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Я-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 132 (нэг зуун гучин хоёр) хоногийг түүний эдлэх хорих ял оруулан тооцож, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт С-ын Я-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Я-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Я-д оногдуулсан 2 (хоёр) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч С.Я-ын энэ гэмт хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 132 (нэг зуун гучин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Я-аас гаргуулж, хохирогчид олгох хохирол, хор уршиг байхгүй, хохирогч А.Г нь цаашид шүүгдэгч С.Я-аас хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч С.Я-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол эсэргүүлцэл гарсан тохиолдолд уг арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БОЛОРМАА