Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/178

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Ц,

Шүүгдэгч: Д.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д-ийн А-д холбогдох эрүүгийн 2309000000.... дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................-нд Увс аймгийн .................. суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .................. сумын .............. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А овогт Дийн А, регистрийн дугаар: ..................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн D2008......дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймгийн .................. сумын цэцэрлэгт багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн D2008......дугаартай Боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Увс аймгийн .................. сумын цэцэрлэгт багшаар ажилд орж 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Д.А 2006-2007 онд Монгол Улсын Боловсролын их сургуульд суралцаж байгаад амьдралын шаардлагаар сургуулиасаа чөлөө авах гэж байхад хамт суралцаж байсан оюутан Б-ийн зүгээс диплом гаргачхаж болдог гэдэг байдлаар ойлгуулж Д.А-гээс 1.500.000 төгрөг авч хуурамч диплом гаргаж өгсөн байдаг. Тухайн үед Д.А эрх зүйн мэдлэггүй байсан учир тус сургуульд 2 жил суралцсан юм чинь дипломыг ашиглаж болох юм байна гэж ойлгоод 2008 онд уг дипломыг ашиглан Увс аймгийн .................. сумын цэцэрлэгт багшаар ажилд орсон байдаг. Д.А нь тус сумын цэцэрлэгийн багшаар ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан тус сумын цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолтоос үзвэл хамт олноо манлайлсан, ур чадвартай багшаар ажиллаж байсан болох нь тодорхойлогдож байна. Д.А нь ажиллах хугацаандаа оюуны хөдөлмөрийг тодорхой хэмжээгээр хийж байсан учир цалин гаргуулах боломжгүй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт “Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2309000000... дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Өмчийн хэлбэр үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийх ажлын удирдамж (1 дэх хавтаст хэргийн 7-10 дахь тал);

2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга (1 дэх хавтаст хэргийн 11-35 дахь тал);

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А нь анх 2004 онд туслах багшаар ажилд орж байсан. Түүний дараа 2008 оны намар 9 сараас бүлгийн багшаар томилогдон ажилласан. Нийт 18 жил ажилласан, ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-109 дэх тал);

4. Гэрч Я.Н-ийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсрол хяналтын улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /Еsis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-41 дэх тал);

5. Гэрч Ч.Эгийн /Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжинд шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг рdf файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS програм буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шөлгөлтөөр системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр зөрчилтэй байгаа...." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43-45 дахь тал);

6. Гэрч А.Тийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсрол хяналтын улсын байцаагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/. 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-49 дэх тал);

7. Гэрч Б.Д-ийн /Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн... Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51-53 дахь тал);

8. Гэрч Н.Бийн /Боловсрол, шинжпэх ухааны яамны боловсрол мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг... ЕSIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Нemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDF, ДБ гэсэн үг нь их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал);

9. Гэрч Д.А-гийн /Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4. 3.10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн, статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Нemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг..." гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-64 дэх тал);

10. Шүүгдэгч Д.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажилд ороход би бүрэн дунд боловсролтой байсан бөгөөд 2008 онд дээд боловсролтой болсон. Анх ажилд орохдоо хувийн өргөдөл өгөөд орсон. Харин үндсэн багш болохдоо дипломоо үзүүлээд болсон...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 81-83 дахь тал)

11. Увс аймгийн .................. сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны Б/05 дугаартай “...цэцэрлэгийн багш Д.А жирэмсний амралт авсан тул оронд нь Н.Б-г 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс багшаар томилон ажиллуулсугай...” гэх тушаалын хуулбар (2 дахь хавтаст хэргийн  70 дахь тал);

12. Увс аймгийн .................. сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2004 оны 1 дүгээр 26-ны өдрийн 02 дугаартай “...2004 оны 1 дүгээр сарын 01-нээс эхлэн Д.А-г цэцэрлэгийн туслах багшаар түр томилон ажиллуулсугай...” гэх тушаалын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 71 дэх тал);

13. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 68 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн D2008......дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн D2008......дугаартай бакавлаврын диплом, дипломын хавсралтыг ердийн хэрэглээний цаасан дээр өнгөт хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан үйлдсэн байна. Уг диплом, дипломын хавсралт нь хэт ягаан туяаны гэрэлд өдөөгдөх үнэт цаасны шинж тэмдгүүд илрээгүй. Мөн диплом болон дипломын хавсралт дээр дарагдсан тэмдгийн дардас мэт зүйлд ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмжийн хорын цацралтын шинж тэмдэг илэрч байх тул бараар дарагдаагүй тэмдэг байна” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 76-79 дэх тал);

14. Монгол Улсын Их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 1/352 дугаартай “Монгол Улсын Их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн Хятад хэлний багш хөтөлбөрт 2007-2008 онд Б овогтой С /............/ нь суралцаж төгссөн нь үнэн болно” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 52 дахь тал);

15. Гэрч Б.С-гийн  нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2003 онд Ховд аймгийн ...........сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар анги төгсөж, 2004-2008 онд Ховд их сургуульд Хятад хэлний орчуулагч мэргэжлээр суралцаж бакалаврын зэрэг хамгаалсан. D2008...... дугаартай дипломыг би 2004-2008 оны хооронд Ховд их сургуульд Гадаад хэлний тэнхимийн Хятад хэлний орчуулагч мэргэжлээр суралцан төгсөөд авч байсан бакалаврын диплом байгаа юм. Тухайн үед Ховд их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн Хятад хэлний орчуулагчийн ангийн багш Ц.И, сургуулийн захирал нь Ж.В гэх хүмүүс байсан. Миний бакалаврын дипломын дугаар D2008......юм....” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст 55-56 дахь хэргийн  тал);

16. Гэрч Б.Х-ын нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:”...Би Увс аймгийн .................. сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд Д.А бид хоёр хамт ажилладаг. Тэр хүүхдийн цэцэрлэгт 19 орчим жил ажиллаж байгаа. Д.Аг ажилд орж байх үед тус цэцэрлэгийн эрхлэгчээр А гэх хүн ажиллаж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сард нас барж, би цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож байсан. Багш нарын хувийн хэргээс харахад Д.А нь 3 үеийн намтар, өргөдөл, боловсролын баримт бичиг, төрийн албан хаагчийн анкет зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлж өгсөн харагдаж байна лээ” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 68 дахь тал),

17. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн Д.А-гийн гэх D2008......дугаартай дипломын эх хувь, түүний хавсралт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Гэрч Р.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А нь миний эхнэр бөгөөд бид хоёр 2001 онд нэг гэр бүл болсон. Одоо Увс аймгийн .................. сумын төвд өөрийн хувийн байшинд амьдардаг. Манай том охин оюутан, дараагийн охин 12 дугаар анги, дараагийн охин 2 дугаар анги, бага хүү 7 сартай юм. Би газар тариалан эрхэлж, харин эхнэр 2004 оноос хойш Увс аймгийн .................. сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байгаа. Дуулж, бүжиглэх авьяастай, аливаа ажилд гарын эв дүйтэй, Аймгийн бүтээлч багш, арга зүйч багш, 2019 онд байгууллагын аварга багш, боловсролын тэргүүн, .................. сумын хүндэт иргэн гэх мэт олон шагнал хүртэж байсан. 2004 оноос хойш сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллах хугацаандаа 4 ангийн 140 гаруй хүүхэд төгсгөж, эрхэлсэн ажилдаа эзэн нь байж ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2006-2007 онд Монгол Улсын Боловсролын их сургуульд элсэж 2 жилийн хугацаанд суралцаж байгаад хүүхэд харах хүнгүй болоод сургуулиа төгсөж чадаагүй. Д.А нь эрүүл чийрэг биетэй ямар нэгэн суурь өвчингүй, сэтгэцийн хувьд эрүүл ямар нэгэн эм тариа, эмчилгээ хийлгэдэггүй, элдэв муу зуршил байхгүй, архи, пиво, уудаггүй, тамхи татдаггүй, нийгмийн идэвх сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй, төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг зөөлөн, шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг зан чанартай,...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111 дэх тал);

2. Увс аймгийн Автотээврийн төвийн даргын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай “...Д.Агийн нэр дээр ...... улсын дугаартай франц Dacia Duster маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 118 дахь тал);

3. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 141 дугаартай “...Д.А нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс дээш оноотой байна” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал);

4. Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал);

5. Увс аймгийн .................. сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 79 дугаартай “...Д.А нь 42 настай, ам бүл-6. Нөхөр, 0-20 насны дөрвөн хүүхдийн хамт ......... багийн худалдааны хороололд оршин суудаг, нөхөр Б.Э нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг нь үнэн болно” гэх тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 178 дахь тал);

6. Д.А-гийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал);

7. Д.А-гийн бага хүүхдийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, өвчний түүхийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 180-182 дахь тал);

8. Д.А-г ажиллаж байх үед шагнагдаж байсан гэрчилгээ, батламж, өргөмжлөл, үнэмлэхийн хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 199-210 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.А нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

1. Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/446 дугаартай тушаалаар өмчийн хэлбэр үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажиллах удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталжээ. (1 дэх хавтаст хэргийн 05-10 дахь тал),

Сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нийт 162 хоногийн хугацаанд хяналт-шинжилгээ хийж, хяналт шинжилгээний явцад илэрсэн, нэр бүхий багш нарын зөрчилтэй, боловсролын баримт бичгүүдийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж, хуурамч эсэхийг тогтоолгохоор материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн нь тогтоогдож байна.

Тодруулбал: Ажлын хэсгийн хяналт шинжилгээгээр Увс аймгийн хэмжээнд Боловсролын яамны ESIS системд бүртгэлтэй байгаа 2151 багшийн дипломоос ажлын хэсэгт PDF файлаар ирүүлсэн 1731 багшийн боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийж, 25 зөрчлийг илрүүлсэн тухай “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга”-д тусгасан байх бөгөөд уг танилцуулгад хавсаргасан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн жагсаалт” гэх баримтын 450 дугаарт Д.Агийн бакалаврын дипломын D2008......дугаар нь Ховд Их сургуулиас Бын Сд “Хятад хэлний багш” мэргэжлээр олгосон, бакалаврын дипломын D2008......дугаартай давхацсан болохыг тогтоосон байна. (1 дэх хавтаст хэргийн 31 дэх хуудасны ар тал);

Түүнчлэн шүүгдэгч Д.А нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч “Би 2006 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын 4.5 жилийн хөтөлбөртэй ангид элсэн суралцсан. Ингээд 2007 онд хувийн шалтгааны улмаас чөлөө авах гэж байхад тус сургуульд хамт суралцаж байсан н.Б нь надад найдвартай диплом гаргадаг хүн байна гэхээр нь би зөвшөөрөөд түүнээс 1.500.000 төгрөгөөр диплом худалдаж авсан” гэх мэдүүлгийг өгсөн байна.

2. Дээр дурдсан үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч Д.А нь 2004-2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр суралцаж төгссөн гэх, D2008......дугаартай бакалаврын дипломыг ашиглан, 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Увс аймгийн .................. сумын цэцэрлэгт бүлгийн багшаар тасралтгүй ажиллаж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хууль зүйн дүгнэлт:

 

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 63 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Д.А-г Монгол Улсын Боловсролын их сургуулийн D2008......дугаартай, боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, Увс аймгийн .................. сумын цэцэрлэгт багшаар ажилд орж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар  түүний дээрх үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

2. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь 2004-2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа бусдаар тус сургуулийг төгссөн гэх, D2008......дугаартай, бакалаврын диплом гаргуулан авч, уг дипломыг хуурамч гэдгийг мэдэж байсан атлаа ашиглан, 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр  хүртэл Увс аймгийн .................. сумын цэцэрлэгт бүлгийн багшаар тасралтгүй ажилласан болох нь  нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал: Шүүгдэгч Д.А нь Увс аймгийн .................. сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2004 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай “Түр туслах багш томилох тухай” тушаалаар 2004 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тус цэцэрлэгт туслах багшаар,

Мөн цэцэрлэгийн эрхлэгчийн 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 15 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар багшийн үүрэгт ажилд тус тус томилогдон, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалын хуулбарууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүгдэгч Д.Агийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд тэрээр 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Увс аймгийн .................. сумын цэцэрлэгийн бүлгийн үндсэн багшаар ажилд орохдоо 2004-2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр суралцаж төгссөн гэх, D2008......дугаартай, бакалаврын дипломыг ашигласан нь нотлогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 70-74, 128-129,135-144,147-150, 2 дахь хавтаст хэргийн 68, 70-71, 76-79, 81 дэх тал),

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Д.Агийн нэрээр боловсролын мэдээллийн санд бүртгэгдсэн бакалаврын дипломын D2008......дугаар нь Ховд аймгийн .......... сумын иргэн, ......... регистртэй, Бын Сд Монгол Улсын Их сургуулийн Ховд дахь салбар сургуулиас 2008 онд олгосон, “Хятад хэлний багш” мэргэжлийн бакалаврын дипломын дугаар болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд шүүгдэгч Д.А-гийн цэцэрлэгийн багшаар ажилд орохдоо ашигласан, түүнд Монгол Улсын Боловсролын их сургуулиас 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олгосон гэх, “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлийн D2008......дугаартай бакалаврын диплом, түүний хавсралт нь хуурамч буюу үнэт цаасны шинжгүй, ердийн хэрэглээний цаасан дээр өнгөт хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан үйлдсэн болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн кримналистикийн ахлах шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 68 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.(2 дахь хавтаст хэргийн 58-60, 76-79, 84-86 дахь тал),

Иймд Д.А-гийн гэх, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлийн D2008......дугаартай бакалаврын диплом, түүний хавсралтыг хуурамч баримт бичиг гэж үзнэ.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2023 оны 7 дугаар сарын 07–ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон)-ийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаас үзэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллуулахаар заасан байх бөгөөд “Боловсролын диплом” гэдгийг Боловсролын тухай хуулийн 9 зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны боловсролын баримт бичиг гэж ойлгохоор заажээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 сарын 13-ны өдрийн 74 тушаалын хавсралтын 1.7 дугаар заалтад “Багшийн мэргэжлээр бакалавраас доошгүй боловсролын зэрэг эзэмшсэн мэргэжилтэнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус боловсролын төв (цаашид сургалтын байгууллага гэх)-д нэг хичээлийн жил ажиллан дадлагажиж, энэхүү журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан нөхцөлд багшлах эрх олгоно” гэж, 1 дэх хавтаст хэргийн 189-198 дахь талд авагдсан “Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлын байрны тодорхойлолт”-оос үзэхэд цэцэрлэгийн багшаар бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй иргэнийг ажиллуулах тусгай шаардлага тавигдаж байх бөгөөд шүүгдэгч Д.А нь тухайн ажлын байранд тавигдах боловсролын шаардлагыг хангаж, ажилд орохын тулд Монгол Улсын Боловсролын их сургуулиас 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр түүнд олгосон гэх, “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлийн D2008......дугаартай бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан, 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн .................. сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилд орсон нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Бичиг баримт хуурамчаар үйлдэх гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж, эсхүл хэсэгчлэн хуурамчаар үйлдэх, өөрчлөхийг ойлгох бөгөөд харин хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, тодорхой үр дагавар, давуу байдал үүсгэх зорилгоор хэрэглэх үйлдэл хамаарна.

“Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

 Өөрөөр хэлбэл  хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоожээ.

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Аг боловсролын баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ашигласан гэж яллажээ.

Гэтэл Д.А нь боловсролын баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн .................. сумын цэцэрлэгийн багшаар томилогдон тус байгууллагаас цалин авч, тасралтгүй ажиллаж  байгаад 2022 оны 9 дүгээр сараас жирэмсний амралт авсан нь тогтоогдож байх бөгөөд тухайн үеэс эхлэн .................. сумын хүүхдийн цэцэрлэгээс түүний нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 2023 оны 02 дугаар сарыг дуустал төлсөн болох нь 1 дэх хавтаст хэргийн 147-150 дахь талд авагдсан Д.Агийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2 дахь хавтаст хэргийн 70 дахь талд авагдсан .................. сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2022  оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/05 дугаартай тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

Харин шүүгдэгч Д.Аг Увс аймгийн .................. сумын Хүүхдийн цэцэрлэгийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн эсэх тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд прокуророос 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Д.Ад холбогдуулан  “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол” үйлдсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Агийн боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн .................. сумын Цэцэрлэгийн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн өдрөөс эхэлж, улмаар түүнийг яллагдагчаар татах хүртэл үргэлжилсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан буюу тухайн гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоосон 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Аг 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Увс аймгийн .................. сумын цэцэрлэгийн багшаар ажиллахдаа 2004-2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр суралцаж төгссөн гэх, D2008......дугаартай, бакалаврын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.А нь боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

3. Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн D2008......дугаартай, боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, Увс аймгийн .................. сумын цэцэрлэгт 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл багшаар ажиллаж, цалин авч, төрд материаллаг хохирол учруулсан нь тогтоогджээ.

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Аг 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн .................. сумын цэцэрлэгт ажиллаж, 118.903.313 төгрөгийн цалин авсан тул уг цалинг хууль бусаар олсон орлогод тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулах дүгнэлтийг гаргасан байна..

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор тус тус заажээ.

Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Д.Агийн хуурамч бичиг баримт ашиглан Увс аймгийн .................. сумын цэцэрлэгт ажиллаж, авсан цалинг энэ гэмт хэргийн улмаас төрд учруулсан шууд хохирол гэж үзэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Агийн Увс аймгийн .................. сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж, түүнд олгогдсон гэх цалинг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Агээс гэмт хэргийн хор уршигт 40.069.600 (дөчин сая жаран есэн мянга зургаан зуу) төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Д.Агийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг ял шийтгэл оногдуулах санал гаргахдаа харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжээр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан D2008......дугаартай дипломыг хэргийн хамт хадгалах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Д.А нь хувийн байдлын хувьд 43 настай, ам бүл 6, 0-20 насны 4 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Тэрээр анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Иймд Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв.

4. Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал);

-Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.А нь хувийн байдлын хувьд ...... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, амьжиргааны түвшин дунджаас дээгүүр (1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал), хувьдаа ...... улсын дугаартай франц Dacia Duster маркийн тээврийн хэрэгсэл зэрэг хөдлөх эд хөрөнгөтэй гэх хувийн байдлууд болон шүүгдэгчийн зан байдлын талаар гэрч Р.Э-ын мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

6. Иймд шүүгдэгч Д.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D2008......дугаартай, хуурамч дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Д-ийн  А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.А-гээс гэмт хэргийн хор уршигт 40.069.600 (дөчин сая жаран есөн мянга зургаан зуу) төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2004-2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг “Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч” мэргэжлээр суралцаж төгссөн гэх, Д.А-гийн нэр бүхий, D2008......дугаартай, хуурамч дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт  баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан ,хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БОЛОРМАА