Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/179

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,

Шүүгдэгч: Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цэ-ын Б-т холбогдох эрүүгийн 2335000000... дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .................. өдөр Увс аймгийн ............. суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс баяд, тусгай дунд боловсролтой, иргэний барилгын техникч мэргэжилтэй, “..............д барилгын өрлөгчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ............. сумын ............ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ц-ын Б-, (РД:.....................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн үед Увс аймгийн ............. сумын ................ тоотод байрлах Д.Оын хашааны гадаа иргэн С.Чтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, Ц.Б нь С.Чг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн ............. сумын .......... байх Д.Оын гэрийн хашааны гадна иргэн С.Чтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогч С.Чгийн өмгөөлөгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч С.Ч нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ц.Бээр зодуулж, хүндэвтэр гэмтэл авсны улмаас Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгүүлж, хагалгаанд орсон. С.Чг хот руу явж хагалгаанд орох үед Ц.Б өөрөө хамт явах боломжгүй гээд өөрийнхөө найз Оын хамт явуулсан. Шүүгдэгч Ц.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд Оын эхнэрийн дансанд 3.870.000 төгрөг шилжүүлсэн, ингэснээр тэр хохирогч С.Чд 3.870.000 төгрөгийн хохирол төлсөн гэж мэдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ц.Бийн шилжүүлсэн гэх 3.870.000 төгрөгийг О нь бүгдийг нь хохирогч С.Чгийн эмчилгээний зардалд зарцуулсан нь тогтоогдохгүй байгаа. ...Мөн С.Чгийн эмчилгээ дууссаны дараа ах эгч хоёр нь Увс аймагт хүргэж өгсөн шатахуун, замын зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. ...С.Ч нь өөрийн эмчилгээний зардал болон эм тарианы баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж өгч чадаагүй учир өмнөх шүүх хуралдаанд 372.000 төгрөгийн хохирлын баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө 175.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн бөгөөд нийт 547.000 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн. С.Чгийн хувьд барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй учир цэцэрлэгийн харуулын 1 өдөр гараад 3 өдөр амардаг ажлын хажуугаар хувиараа хөдөлмөр эрхлэхээр Энхманлайтай өдрийн 80.000 төгрөгөөр 3 сар ажиллахаар тохиолцсон байсан. 6 сард өдрийн 21 хоног ажиллаж 1.600.000 төгрөгийн ажил хийх боломжтой байсан. 7 сард 10 хоног ажиллаж 800.000 төгрөгийн ажил хийх боломжтой байсан. 8 дугаар сард С.Ч амралтаа аваад 9 сар хүртэл 21 хоног ажиллаж 1.600.000 төгрөгийн ажил хийх боломжтой байсан. Нийт 4.000.000 төгрөгийн ажил хөдөлмөр хийж орлого олох боломжтой байсан гэж үзэж нэхэмжилж байгаа юм. Нийт хохиролд 5.547.000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ө.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өөрөө хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо хохирогчийн хохирлыг барагдуулж байгаа юм. ...Ц.Б өөрөө ажил хөдөлмөр эрхэлж мөнгө олох шаардлагатай байсан учир Оыг С.Чтэй хамт хот руу яваад эмчилгээ эм тарианд нь тус дэм болоод ирээрэй гээд хангалттай мөнгө өгч явуулаад дэмжлэг үзүүлсэн. Оын хохирлын тооцооны тодорхойлолт нэг бүрчлэн гарсан зардлыг тооцсон бөгөөд худал зүйл бичигдээгүй юм. С.Чгийн хувьд гэмтлийн улмаас зайлшгүй шингэн зүйлээр хооллох эмчийн заавар зөвлөгөө өгөгдөөгүй учир хэвийн хооллож байсан тул хот руу явах замдаа болон хотод очоод буудалд байх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд хоол хүнсний хориггүй идэж ууж байсан. Хохирлын баримт бүрдүүлэхдээ бариачид очиж бариулсан гэдэг шалтгаанаар шатахуун түгээгүүрийн газраас 1 өдрийн дотор 3 баримт гарсан байдаг. С.Чгийн хохирлын баримтаас үзвэл түүний эхнэртээ авсан жирэмсний тестийн үнийг мөн гэртээ хэрэглэдэг хоол хүнсний үнийг миний үйлчлүүлэгч Ц.Бээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Ямар ч үндэслэлгүйгээр Дорнод аймгаас ирсэн ах эгч нарынхаа замын зардал 1.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Олох байсан орлогод 4.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь мөн л үндэслэлгүй байгаа юм. Миний үйлчлүүлэгч Ц.Бийн хувьд өөрийнхөө хөдөлмөрөөр ажил хийж хохиролд 3.851.750 төгрөгийн зарлага гаргасан. Өмгөөлөгч миний дэргэд Ц.Бийн зүгээс хохирогчид хандаж “өөрийнхөө боломжийн хэмжээнд хохиролд 5.000.000 төгрөг өгнө” гэж байхад С.Ч татгалзаж байсан. Ц.Бийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжилсэн тохиолдолд төлж барагдуулахаа илэрхийлж байгаа” гэх дүгнэлтийг,

4. Хохирогч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Дорнод аймгаас хүргэн ах, эгч хоёр Улаанбаатар хотод ирээд дахин намайг эмчилгээ хийлгэж дууссаны дараа Увс аймагт авч ирсэн замын зардал 1.000.000 төгрөг, би ажлын бус цагаар болон ээлжийн амралттай үедээ хувиараа ажил хөдөлмөр эрхэлж олох ёстой байсан орлого 4.000.000 төгрөг, шүдний аппаратаа авхуулах, эрүүний хадаасаа авахуулах зэрэг цаашид гарах хохиролд 6.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлгийг,

5. Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2335000000... дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-6 дахь тал);

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 7-9 дэх тал);

3. Хохирогч С.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Б бид хоёр Д.Оын автомашины урд талын суудал дээр, харин Б.Б, Д.О хоёр арын суудалд сууж байхад Ц.Б надаас тамхи нэхээд байсан ба тамхинаас болж Ц.Б бид хоёр маргалдаж машинаас бууж Ц.Б намайг цохисон. Тэгэхээр нь би түүний цээж хэсэгт нь гараараа нэг удаа цохиж түлхэж газарт унагаахад Д.О, Б.Б хоёр машинаас гарч ирээд намайг салгах үед Д.О нь Ц.Бийг өмөөрч намайг мөргөж, хоёр удаа гараараа цохисон. Б.Б, Д.Оыг надаас салгаж хашаа руу ороход Ц.Б нь намайг цохих гээд ирэхээр нь би түүний гараас нь барьж авахад намайг мушгиж унагаагаад дээрээс гараараа цохиж, үсдэж газар мөргүүлж, өшиглөсөн. Тухайн үед миний толгой өвдөж, эрүү шүд янгинаж өвдөөд би босож чадахгүй байхад Б.Б нь Ц.Бийг надаас салгасан ба би цагдаагийн байгууллагын 7045102 дугаарын утас руу залгаад дуудлага өгтөл Д.О миний гар утсыг булааж авч тасалсан. Тэгээд Д.О, Ц.Б хоёрыг Б.Б дагуулаад хашаа руу орсон бөгөөд миний толгой, эрүү, шүд янгинаж өвдөөд босоход хэцүү байсан болохоор хашааны гадна хэсэг сууж байгаад тэдний араас хашаа руу ороод гар утас өгчих би явлаа гэж хэлэхэд Ц.Б нь миний дагз хэсэг рүү цохисон. Тэгээд Б.Б бид хоёр хашаанаас гараад явахад Д.О, Ц.Б хоёр араас ирж намайг барьж аваад чи цагдаа дууддаг хэн бэ гэж томрохоор нь би зугтааж ойролцоох айлын хашаа давж ороод хашаагаар нь дамжиж гараад таксинд сууж эмнэлэг дээр ирсэн. Би баруун гараа атгаж байгаад Ц.Бийн цээж хэсэгт нь нэг удаа  түлхэж газарт унагаасан.

...Ц.Б нь гараа атгаж байгаад миний баруун мөр хэсэг рүү цохисон. Би түүнийг цохиж унагаахад Д.О миний зүүн чихний дээд хэсэг рүү мөргөж гараа атгаж байгаад нуруу, цээж хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Б.Б Д.Оыг салгаж авахад Ц.Б нь ирж намайг мушгиж газарт унагаагаад үсдэж газар мөргүүлж гараа атгаж толгой, цээж хэсэг рүү олон удаа цохисон бөгөөд би архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн зодуулснаасаа болоод манарсан болохоор яг юу болоод байгааг мэдэхгүй болсон. Миний эрүү, зүүн чихний урд хэсгээр болон урд хэсгээрээ цуурсан, толгой өвдөж, нүд харанхуйлж, дотор муухай оргиж байна. Мөн үүдэн доод, зүүн доод нэг араа хөдөлсөн зэрэг гэмтэл учирсан. Уг гэмтэл Ц.Б намайг үсдэж газар мөргүүлж, гараа атгаж байгаад цохих үед үүссэн. ...Миний эрүүний урд хэсэг үүдэн шүдний хажуугаар болон, зүүн арааны хойд хэсгээр доош хоёр газар хугарсан. Тухайн гэмтлийг Ц.Б нь намайг үсдэж газар мөргүүлж гараараа цохих үед учирсан. Би Б-ийг цохиж байхад Д.О нь намайг салгаж аваад чи яаж байгаа юм бэ гэж хэлээд гараараа миний цээж хэсэг рүү хоёр удаа цохиж, миний зүүн чихний дээд хэсэгт нэг удаа мөргөсөн. Д.О нь намайг цохих үед өвдсөн боловч миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. ...би Ц.Бээс ...эмчилгээ хийлгэхтэй холбоотой зардлыг гаргуулан авах хүсэлтэй байна. ...Ц.Б намайг зодож, миний эрүүл мэндэд гэмтэл учруулснаас болж би барилгын ажил хийж чадахгүй болсон болохоор энэ зун барилгын туслахаар ажиллах 2 сарын цалин хөлс 4.000.000 төгрөгийг Ц.Б-ээр төлүүлэн авах хүсэлтэй байна. Одоо миний биед Ц.Б халдаж зодсоноос үүссэн толгой өвдөх, эрүү янгинаж өвдөх, гар хөлийн шөрмөс татах зовиур байгаа бөгөөд би идэх гэсэн зүйлээ идэж чадахгүй шингэн зүйлээр хооллож байна" гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-34 дэх тал);

4. Гэрч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Ц.Б С.Ч нар зодолдоод эхлэхээр нь бид хоёр тэднийг салгахаар машинаас буухад С.Ч нь Ц.Бийг газар дээр унагаагаад дараад авчихсан дээрээс нь цохиж байсан. ...С.Ч нь Ц.Бээс уучлаарай гээд очиход Ц.Б нь чи намайг цохидог хэн бэ гэж хэлээд шууд цохиж тэр хоёр дахин зодолдож эхэлсэн. ...Тэгэхэд С.Ч ёо ёоо гэж орилохоор нь харахад Ц.Б нь С.Чг газар дээр дараад авчихсан дээрээс нь цохиж байсан ба Б.Б түүнийг очиж салгасан. Тухайн үед С.Ч нь газар дээр хэвтэж гар утсаараа цагдаад дуудлага өгч байхад би түүний утсыг булааж авахад утас нь унтарсан ба би С.Ч-г бос гэж хэлээд зогсож байхад манай урд талын хашаанд хүмүүс орилохоор нь Б.Б бид хоёр хашаа руу орсон. Бидний араас Ц.Б хашаанд орж ирээд тухайн хүмүүс орилоод байсан хашаа руу давж орсон. Б.Б бид хоёр манай хашаан дотор зогсож байхад Ч гаднаас орж ирэхээр нь би түүнийг хөөж яв гэсэн...Би зүүн гараа атгаж байгаад С.Чгийн цээж хэсэгт нь 2 удаа цохисон. Ц.Б, Б.Б нарын биед халдаж зодсон зүйл байхгүй. С.Ч нь Ц.Бийг газар унагааж түүний толгой хэсэгт нь гараараа цохисон, нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Харин Ц.Б нь С.Чг эхлээд толгой хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Мөн газарт унагаагаад дээр нь сууж байгаад түүний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон ба Б.Б очиж салгасан. Ц.Б бид хоёр С.Чг гэрээс нь очиж авахдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. С.Ч нь Ц.Б бид хоёртой уулзах үед биед нь ямар нэгэн ил харагдах гэмтэл, өвдөж зовиурласан зүйл байхгүй байсан. С.Чгийн толгой нүүр хэсэгт учирсан гэмтлийг Ц.Б нь уг хэрэг болсон гэх 2023 оны 06 дугаар сарын 02-ны орой гараа атгаж байгаад цохиж учруулсан. Харин би С.Чгийн цээж хэсэгт нь гараараа 2 удаа цохисонгэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 36-39 дэх тал);

5. Гэрч Ц.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 03-ны орой 23 цаг 30 минутын үед 30 орчим насны эрэгтэй хувцас нь шороо, цус шороо болсон байдалтай яаралтай тусламжийн тасагт ганцаараа орж ирсэн. Би тухайн хүнээс юу болсон талаар асуухад ............. сумын 12 дугаар цэцэрлэгийн доод талд хүнээр зодуулчихлаа гэж орж ирсэн. Би уг С.Ч-г дагуулж рентген зураг авхуулсан ба рентген зургаар түүний эрүү хоёр газар хугарсан байна гэсэн болохоор би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал);

6. Гэрч Б.Б-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.О бид хоёр автомашинаас буухад С.Ч нь Ц.Бийг газар дээр дараад авчихсан байсан болохоор Д.О түүнийг боль, битгий зодолдоод бай гэж хэлээд түлхэхэд С.Ч хөл алдаж гол руу унасан. С.Ч босож ирээд дахин Ц.Б рүү үг хэлээр дайрч маргалдаж, барьцалдаж аваад зодолдох гээд байхаар нь Д.О бид хоёр тэр хоёрыг салгасан ба тухайн үед Ц.Б нь С.Ч-г цохих шиг болсон. С.Ч газарт унаж эрүү хугалчихлаа гэж орилоод 7045102 гэх дугаар луу залгаж дуудлага өгөх гэхэд Д.О С.Ч-гээс гар утсыг нь булааж аваад цагдаа дуудаж яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд Ц.Бийг Д.О бид хоёр хашаа руу оруулаад тайвшруулах гэхэд Ц.Б урд талын айл руу хашаа даваад орсон. ...Тухайн орой Ц.Б, С.Ч нар нь хоорондоо маргалдаж зодолдож нэг нэгнийхээ биед халдаж цохисон. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн нэлээн согтолттой байснаас гадна, гадаа бүрэнхий байсан болохоор хэн нь хэнийхээ биеийн аль хэсэгт яаж зодсоныг тодорхой хараагүй. С.Чгийн эрүүнд учирсан гэмтлийг уг хэрэг болсон гэх 2023 оны 06 дугаар сарын 02-ны орой Ц.Б цохиж учруулсан. Тухайн орой Ц.Б, С.Ч нар нь нэг нэгэнтэйгээ маргалдаж хоорондоо зодолдож нэг нэгнээ цохисон ба Д.О бид хоёр тэднийг салгасан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал);

7. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 266 дугаартай “...Үзүүлэгч С.Чгийн биед эрүү яс баруун урд болон зүүн хэсгээр буюу эрүүний хоёрлосон хугарал, тус хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн чихний сувгийн амсарт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2023.06.02-ны 23 цаг 30 минутад үүчихсэн байсан талаар яаралтай тусламжийн №2134 дугаартай хуудсанд бичигдсэн байна. Эрүү яс баруун урд болон зүүн хэсгээр буюу эрүүний хоёрлосон хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 56-57 дахь тал);

8.  Увс аймгийн Прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2/1046 дугаартай “Зөрчил шалгуулах тухай” албан бичгийн хуулбар (1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал);

9. Увс аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 46-7/4064 дугаартай албан бичиг, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 0085374 дугаартай “Д.О-ыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгосон” гэх шийтгэлийн хуудасны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 192-193 дахь тал);

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 860 дугаартай  “...Увс аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.О-ын 2023.06.08-ны өдрийн 266 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд С.Чгийн шүдэнд гэмтэл учраагүй байна. Эрүү ясны ооч болон зүүн булан хэсгийн хугарлуудыг ил аргаар эвлүүлж хадах мэс ажилбарын явцад хугарал дайрсан 38-р агт араа шүдийг авсан байна. 38-р шүдийг авсан нь гэмтлийн зэрэгт хамааралгүй, эрүү ясны хугарлыг бэхлэх, эмчилгээ эдгэрэлтийн явцыг сайжруулах зорилгоор шүдний аппарат хэрэглэсэн байна. Мэс ажилбарын явцад 38-р агт араа шүдийг авсан нь эрүү ясны зүүн булангийн далд хугарал гэмтэлтэй шалтгаант холбоотой үүссэн байна. Шүдний аппарат хэрэглэснээр цаашид шүд бэхжиж хэвийн байдалдаа орох боломжтой. С.Чгийн биед учирсан эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Баруун хацар, зүүн чихний суваг, зүүн шууны зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. С.Чгийн биед учирсан эрүү ясны хоёрлосон хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн, цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдоно” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 225-230 дахь тал);

11. Хохирогч С.Чгийн 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс засал хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэс заслын тэмдэглэл, эмнэлэгээс гарах үеийн тэмдэглэлийн хуулбарууд (1 дэх хавтаст хэргийн 211-220, 236-239 дэх тал);

12. Хохирогчийн эрүүний хугарлын талаарх бичлэг бүхий CD, (1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал);

13. Ц.Б нь С.Чгийн эмчилгээний зардалд зориулж, Д.От явуулсан гэх 3.870.000 төгрөгийн зарцуулалтын тооцоо, Голомт банкны 6205123601 тоот дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 240-248 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч хэргээс:

1. Хохирогч С.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Ц.Б--т гомдолтой байна. Миний бие эрүүл мэндэд учирсан гэмтэл, хохирлын нөхөн төлүүлж авах хүсэлттэй байна" гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал);

2. Д.О нь Ц.Бийн хохиролд шилжүүлсэн мөнгийг хохирогч С.Чд зарцуулсан тухай тодорхойлолт гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 240-248 дахь тал);

3. Хохирогч С.Чгийн амбулаториар эмчлүүлэгчийн картын хуулбар, эрүүний хугарлын талаарх бичлэг бүхий CD зэрэг нотлох баримтуудыг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Д.Оаас гаргаж өгсөн С.Ч-д зарцуулсан хохирлын тооцоо (1 дэх хавтаст хэргийн 240-248 дахь тал);

2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Чгийн шинээр гаргаж өгсөн 157.000 төгрөгийн хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Хохирогч С.Ч, шүүгдэгч Ц.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

 - 2023 оны 6 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед ............. сумын 12 дугаар багийн .......... тоотод байрлах Д.Оын хашааны гадна Д.О, С.Ч, Б.Б, Ц.Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцад хохирогч С.Ч, шүүгдэгч Ц.Б нар согтуугаар хоорондоо маргалдан зодолдож, улмаар шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Чгийн эрүүл мэндэд “эрүү ясны хоёрлосон хугарал” гэх хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт тогтоогджээ.

Тодруулбал: Хохирогч С.Ч мөрдөн байцаалтын шатанд: ”...Ц.Б нь намайг цохих гээд ирэхээр нь би түүний гараас нь барьж авахад намайг мушгиж унагаагаад дээрээс гараараа цохиж, үсдэж газар мөргүүлж, өшиглөсөн. Тухайн үед миний толгой өвдөж, эрүү шүд янгинаж өвдөөд би босож чадахгүй байсан. ...Миний эрүүний урд хэсэг үүдэн шүдний хажуугаар болон, зүүн арааны хойд хэсгээр доош хоёр газар хугарсан. Надад учирсан эрүүний хоёрлосон хугарал гэмтлийг Ц.Б намайг үсдэж газар мөргүүлж, гараа атгаж байгаад олон удаа цохиж учруулсан” гэж,  гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд “...Ц.Б нь С.Чг эхлээд толгой хэсэгт гараа атгаж байгаад цохисон. Мөн газарт унагаагаад дээр нь сууж байгаад түүний толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон ба Б.Б очиж салгасан. С.Чгийн толгой нүүр хэсэгт учирсан гэмтлийг Ц.Б нь уг хэрэг болсон гэх 2023 оны 06 дугаар сарын 02-ны орой гараа атгаж байгаад цохиж учруулсан” гэж, гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд “...тухайн үед Ц.Б нь С.Чг цохих шиг болсон. С.Ч газарт унаж эрүү хугалчихлаа гэж орилоод 7045102 гэх дугаар луу залгаж дуудлага өгөх гэхэд Д.О С.Чгээс гар утсыг нь булааж аваад цагдаа дуудаж яах гээд байгаа юм гэсэн. ....С.Чгийн эрүүнд учирсан гэмтлийг уг хэрэг болсон гэх 2023 оны 06 дугаар сарын 02-ны орой Ц.Б цохиж учруулсан” гэж, шүүгдэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Би тухайн орой архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, С.Чг зодож, эрүүний ясны хугарал гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус мэдүүлснээс үзэхэд хохирогч С.Чгийн эрүүл мэндэд учирсан “эрүү ясны хоёрлосон хугарал” гэмтлийг шүүгдэгч Ц.Б учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Бийн үйлдлийн улмаас хохирогч С.Чгийн эрүүл мэндэд “эрүү ясны хоёрлосон хугарал” гэмтэл учирсан байх бөгөөд уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн, цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчдийн дүгнэлтээр  тогтоогдсон байна.

-Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Ч, гэрч Д.О, Б.Б, Ц.Д нараас гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч С.Чгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч С.Ч, гэрч Д.О, Б.Б, Ц.Д нарын мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 860 дугаартай дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг шийдвэрлэв.

Гэмт хэрэгт өртөх үеэр хохирогч С.Чгийн шүдэнд гэмтэл учраагүй, түүний 38-р агт арааг авсан, мөн шүдийг нь бэхжүүлэх зорилгоор шүдний аппарат хэрэглэж байгаа зэрэг нь С.Чд учирсан эрүү ясны хоёрлосон хугарал гэмтлийн улмаас үүссэн үр дагавар болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

2. Хохирогч С.Ч мөрдөн байцаалтын шатанд “2023 оны 06 дугаар сарын 02-ны орой Д.О нь миний цээж хэсэг рүү хоёр удаа цохиж, зүүн чихний дээд хэсэгт нэг удаа мөргөсөн” гэж мэдүүлжээ.

Өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон орой гэрч Д.О нь хохирогч С.Чгийн цээж рүү хоёр удаа цохиж, зүүн чихний дээд хэсэгт мөргөж, биед нь халдсан нь тогтоогдсон хэдий ч шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Чгийн зүүн чихний суваг болон бусад хэсэгт үүссэн зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь тогтоогдсон байх тул Д.Оын үйлдэлд эрүүгийн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн гэрч Д.О-аас хохирогч С.Чгийн биед халдсан үйлдлийн талаар хохирогч С.Ч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Би Б-ийг цохиж байхад Д.О нь намайг салгаж аваад “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд гараараа миний цээж хэсэг рүү хоёр удаа цохиж, миний зүүн чихний дээд хэсэгт нэг удаа мөргөсөн. Д.О намайг цохих үед өвдсөн боловч миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэж мэдүүлснээс үзэхэд Д.О нь хохирогчийн биед халдсан нь тогтоогдсон боловч түүний үйлдлийн улмаас хохирогч С.Чгийн эрүүл мэндэд хохирол учраагүй, Д.О нь шүүгдэгч Ц.Б-тэй бүлэглэж, хохирогч С.Ч-г зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй тул Д.О-т зөрчлөөр шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Хууль зүйн дүгнэлт:

1. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Чгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Ц.Бийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Бийн хохирогч С.Ч-г зодсон үйлдэл, хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ц.Б, хохирогч С.Ч нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ч-гийн эрүүл мэндэд “эрүү ясны хоёрлосон хугарал” бүхий, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч С.Ч нь уг гэмтлийн улмаас 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 3 хоног Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 22-ны хооронд Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ерөнхий мэдээ алдалтын дор оочны болон эрүүний зүүн булан хэсгийн хугарлыг ил аргаар эвлүүлж, ялтас шургуудаар бэхлэж хадах” мэс засал хийлгэсэн болох нь хохирогч С.Чгийн мэдүүлэг болон хавтаст хэргийн   нэг дэх хавтаст хэргийн 12-17, 211-220 дахь талд авагдсан өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу арилгахаар хуульд заажээ.

Тодруулбал: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх аргаар гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

Хохирогч С.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ээс гэмт хэргийн хор уршигт 10.000.000 гаруй төгрөг нэхэмжилж байна гэх хүсэлтийг гаргасан бөгөөд үүнийгээ олох байсан орлого 4.000.000 төгрөг, төрсөн ах, бэргэн эгчийн Дорнод аймгаас Улаанбаатар хотод дуудагдан ирсэн зардал болон тэдгээрийн хамт 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн зардалд нийт 1.000.000 төгрөг, үлдэх хэсгийг нь эмчилгээ, эм тарианы зардал, мөн бариачид бариулахаар ирж очсон унааны зардал гэж тодорхойлж, шүүгдэгч Ц.Бээс гаргуулахаар шаарджээ.

Харин шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Ч-гийн Улаанбаатар хотод эмчлүүлэхэд гарсан зардалд 3.850.000 төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргаж,  цаашид С.Чгийн эмчилгээ болон бусад зардлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Тодруулбал: Шүүгдэгч Ц.Б нь С.Чг 2023 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны хооронд Увс аймгаас Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлэхээр явахад  өөрийн найз Д.Оыг хохирогч С.Чтэй хамт хот явуулж, Д.Оын (Э-ын Ба-ийн Голомт банк дахь ........ тоот данс) дансаар дамжуулан хохирогчийн эмчилгээний зардал, байр, хоолны зардал, бусад зардлыг тухай бүр дансанд шилжүүлж, хохиролд нийтдээ 3.800.000 орчим төгрөг төлсөн гэх тайлбарыг гаргаж, холбогдох дансны хуулгыг нотлох баримтаар хавсарган өгсөн байна.

Нэг дэх хавтаст хэргийн 113-118 дахь талд авагдсан шүүгдэгч Ц.Бийн ХААН банк дахь ......... тоот дансны хуулга, мөн хавтаст хэргийн 241-246 дахь талд авагдсан, Д.Оын эхнэр Э-ын Б-гийн Голомт банк дахь ..........тоот дансны хуулга зэргийг шинжлэн судалж үзэхэд Ц.Б нь Д.Оын ХААН банк дахь ................ тоот дансанд 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “эмчилгээ” гэх гүйлгээний утгаар 100.000 (нэг зуун мянга)  төгрөг, Д.Оын эхнэр Э.Батхишигийн Голомт банк дахь .............. дансанд “Эмчилгээ” гэх гүйлгээний утгаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 1.000.000 (нэг сая) төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 500.000 (таван зуун мянга) төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 50.000 (тавин мянга) төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1.200.000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг тус тус С.Чгийн эмчилгээний болон бусад зардалд шилжүүлсэн нь тогтоогдож байна. (Ц.Б нь хохирогч С.Чд бэлнээр 500.000 (таван зуун мянга) төгрөг өгсөн гэж мэдүүлснийг С.Ч хүлээн зөвшөөрсөн болно.)

Гэтэл хохирогч С.Ч нь шүүгдэгч Ц.Бээс гэмт хэргийн хор уршигт Д.Оаар дамжуулан 3.850.000 төгрөг төлсөн гэх асуудлаар маргаж, “Би Улаанбаатар хот руу 2023 оны 6 дугаар сарын 8,9-ний үед эмчилгээнд явж, эрүү ясны хугарал бэхлэх хагалгаанд орсон. Тухайн үед Ц.Б өөрөө барилгын ажилтай байсан тул хамт явж чадахгүй гээд Д.Оыг надтай хамт явуулсан. Миний Улаанбаатар явсан замын зардалд О 105.000 төгрөг төлсөн. Хотод очоод надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. 7 хоног буудалд байрлахдаа хоногийн 50.000 төгрөгийн өрөөнд 6 хоносон, 60.000 төгрөгийн өрөөнд 1 хоносон. Буудлын зардал нийтдээ 360.000 төгрөг болсон. Эмчилгээ эмийн зардалд 169.000 төгрөг, Гэмтэл согогийн төвд хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөрт 200.000 төгрөг, эмчилгээний зардалд 109.257 төгрөг, эмнэлгийн төлбөрт 230.500 төгрөг, эмнэлэгт ус, ундаа, тараг авсан зардал 100.000 төгрөг, электрон тамхи 36.000 төгрөг болсон. Ингээд Ц.Бийн миний эмчилгээний зардалд Д.От шилжүүлсэн гэх 3.850.000 төгрөгөөс Д.О нь миний эмчилгээ болон бусад зардалд 1.809.757 төгрөг зарцуулсан. Энэ мөнгөн дүнг би хүлээн зөвшөөрнө” гэж мэдүүлсэн байна.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Ц.Б нь хохирогч С.Чгийн эмчилгээний зардалд зориулж 3.850.000 төгрөгийг Д.От дансаар шилжүүлсэн нь тогтоогдож байх боловч Д.О нь уг 3.850.000 төгрөгийг бүхэлд нь С.Чгийн эмчилгээнд зарцуулсан нь баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч С.Ч нь Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын төвд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны хооронд эмчлүүлэх хугацаанд Б- нь Д.Оаар дамжуулан эмчилгээний зардалд 3.850.000 төгрөг биш, 1.809.757 төгрөгийг төлсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа тул Б-ийг гэмт хэргийн хор уршигт 1.809.757 төгрөг төлсөн гэж үзнэ.

Түүнчлэн хохирогч С.Чгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 12 ширхэг НӨАТ-ын баримтаас мэдрэгчтэй жирэмсний тест худалдан авсан 2 ширхэг баримт, том зөгийн бал худалдан авсан баримт зэрэг нь гэмт хэргийн хохирол, хор уршигт хамааралгүй байх тул хасаж тооцон, үлдэх хэсгийг нотлох баримтаар үнэлж, 140.950 төгрөг, С.Ч нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А-ийн Е-ийн эзэмшлийн .........улсын дугаартай тээврийн хэрэгслээр Наранбулаг суманд очиж, бариачид бариулахад зарцуулсан бензиний зардал 100.000 төгрөг нийт 240.950 төгрөгийг шүүгдэгч Ц.Бээс гаргуулж, хохирогч С.Чд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхээс төлүүлэхээр тогтоосон 240.950 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Ц.Бийг гэмт хэргийн хор уршигт нийтдээ /1.809.757+ 240.950/ 2.050.707 төлснийг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч С.Ч нь цаашид эрүү ясыг бэхэлж, хадсан бэхэлгээг авахуулах мэс ажилбар хийлгэх шаардлагатай болох нь түүний мэдүүлэг, өвчний түүхийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хохирогч С.Чгийн цаашид гарах эмчилгээний болон бусад холбогдох зардал, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Ц.Бээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч С.Чгээс мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 08 дугаар сард Ундарга Увс ХХК-иас шатахуун авсан, Үүрэг нуур дэлгүүрээр үйлчлүүлсэн тухай 8 ширхэг НӨАТ-ын баримтыг нотлох баримтаар гарган өгч, шатахууны зардалд 269.750 төгрөг нэхэмжилсэн байх боловч тэдгээр баримтуудаар нэхэмжилж байгаа зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг мөн эсэх нь эргэлзээ бүхий байх тул гэмт хэргийн хохиролд тооцож гаргуулах боломжгүй гэж шүүх үзэв. (1 дэх хавтаст хэргийн 149 дэх тал),

Түүнчлэн хохирогч С.Чгийн нэхэмжилсэн 2023 оны 06, 07, 08 дугаар саруудад өдрийн 80.000 төгрөгийн хөлсөөр н.Э гэх хүнтэй ажиллахаар тохирсон хөлс буюу олох байсан орлогод нэхэмжилсэн 4.000.000 (дөрвөн сая) төгрөг, төрсөн эгч С.Ц, хүргэн ах Т нарын Дорнод аймгаас Улаанбаатар хотод дуудагдаж ирсэн зардал, мөн тэдний Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн зардалд нэхэмжилсэн 1.000.000 (нэг сая) зэргийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 1. Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах”  дүгнэлтийг,

3. Хохирогчийн өмгөөлөгч Б.Ц эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч С.Ч өнөөдрийн байдлаар 100 хувь эдгэрээгүй. Ц.Бийн зүгээс одоо ч гэсэн С.Чгээс уучлалт гуйгаагүй учир гэмт хэрэгтээ дүгнэлт хийж гэмшээгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ц.Бт хуульд зааснаар хариуцлага оногдуулж өгнө үү" гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Ц.Б нь анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч талаас уучлалт гуйж байсан. Ц.Б нь “............. 13 жил барилгын өрлөгчнөөр ажиллаж байгаа бөгөөд одоогоор “...........ний Завхан аймагт баригдаж буй орон сууцад барилгад өрлөгчний ажил хийж байна. Иймд Ц.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү" гэх дүгнэлтийг,

5. Хохирогч С.Ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би Ц.Бт маш их гомдолтой байна " гэх мэдүүлгийг,

6. Шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “С.Чгээс удаа дараа уучлалт гуйсан. Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Би “..............” ХХК-д 13 жил өрлөгчинөөр ажиллаж байгаа бөгөөд одоо манай компани Завхан аймгийн Баянтэс суманд улсын барилгын ажил явагдаж байгаа, би өнгөлгөөний өрлөг хийдэг. Би зорчих эрх хязгаарлах ял авбал цаашид компанидаа ажиллаж чадахгүй, надад өөр хийх ажил байхгүй болно. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би С.Чгийн цаашид эмчлүүлэх зардлыг төлөх болно” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Ц.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 102 дахь тал),  

-Шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн хор уршигт 2.059.757 төгрөг төлсөн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь хувийн байдлын хувьд 1992 онд төрсөн, 32 настай, тусгай дунд боловсролтой, иргэний барилгын техникч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, “...........” ХХК-д барилгын өрлөгчин ажилтай, тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Бийн хувийн зан байдлын талаар хавтаст хэргийн 49-52 дахь талд авагдсан гэрч О.С, Б.Э нарын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй байна.

8. Иймд шүүгдэгч Ц.Бийн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид  2.059.757 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Бийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

9. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн хор уршигт 2.059.757 төгрөг төлснийг дурдаж, хохирогч С.Чгээс нэхэмжилсэн олох байсан орлого 4.000.000 (дөрвөн сая) төгрөг, замын зардал 1.000.000 (нэг) сая төгрөг, шатахууны зардал 269.750 (хоёр зуун жаран есөн мянга долоон зуун тавь) төгрөг зэргийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Чгийн Улаанбаатар хотоос 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ирсэн зардал болон цаашид гарах эмчилгээний болон бусад холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Бээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус дус дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА