Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,

Шүүгдэгч: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт М-ын М.Төд холбогдох эрүүгийн 2335000000... дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............... өдөр Увс аймгийн ........................ суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, Увс аймгийн ........................ сумын ............... оршин суух хаягтай, урьд тус шүүхээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байсан, Ш овогт М-ын М.Т, регистрийн дугаар: ................................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах “Өгөөж” баарны гадна хохирогч Т.Аыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч М.Т нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах “Өгөөж” баарны гадна хохирогч Т.Аыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч М.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан. М.Тийн хувьд өмнө нь 5 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч, тухай бүр ялаа эдэлж дуусгавар болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал ажиглагдаж байна гэж дүгнэх үндэслэлгүй юм. Одоо гэм буруутайд тооцогдож байгаа зүйл анги нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг юм. Өмнөх гэмт хэргүүдийн хувьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй гэж үзэж байна. ...Өмнөх ялын тооцооны хуудастай холбоотой ирүүлсэн албан бичиг нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6 сар 26 хоногийн ялын үлдэгдэлтэй гэх албан бичигт үндэслэн ялын тооцоог гаргаж өгнө үү. М.Т нь 23 настай, ар гэрийн хувьд 4 ах, 3 эгчтэй, 1 дүүтэй бөгөөд ах эгч нар нь тус тусын амьдралтай болсон тул өөрөө ах эгчдээ туслаад мал маллаж амьдарч байгаа. М.Тийн хувьд зорчих эрх хязгаарлах ялыг 2 жил 6 сар хугацаа буюу 910 хоног эдлэх ял авсан учир засарч хүмүүжиж ялаа эдэлж байгаа. М.Т нь урьд эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож байгаагүй, мөн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан учир улсын яллагчийн санал гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар М.Тийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг тусад нь эдлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Би удаа дараа гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хэргийг минь хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2335000000... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-4 дэх тал);

2. Хохирогч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр миний танил Э.С гэх эмэгтэйгийн төрсөн өдөр болсон тул найз нарын хамт Соёмбо караокед 21:00 цаг орчимд орж сууж байгаад ...23:50 цагийн орчимд тэндээс гарч яваад Өгөөж баарны орчимд машинтай явж байтал Г гэх танил хүн таарч найз маань машин зогсоогоод түүнтэй уулзсан. Гтай хамт М.Т гэх залуу хамт явсан бөгөөд тэр залуу нь машинд хүрч ирээд арын суудалд суучаад Э.Сд ууж байсан пивоо уулгах гэж шахаад байсан. Тэр үед Э.Сгийн үерхдэг найз Ж.М найз охиноо өмөөрөөд тэр залуугийн барьж байсан пивийг цохиод газарт унагасан ...М.Т, Ж.Мыг машинд суусан байхад цонхоор очиж хавираад маргаан үүсгээд байсан. Би түүнийг түлхээд би машиндаа суугаад явлаа гэж хэлэхэд надтай маргалдаад бид хоёр нэг нэгэнтэйгээ барьцалдаж авсан. Би түүнийг доош дараад толгойг зүүн гараараа уургалж сугадаад доош дартал тэр залуу намайг өргөөд хажуу тийш унагасан, би гараараа тулаад уналгүй тогтсон. Тэгтэл тэр залуу дахин намайг өргөөд гэдрэг унагасан. Би гэдрэг цементтэй талбай дээр ар дагзаар унасан..гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал);

3. Гэрч Ж.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр миний найз охин Э.Сгийн төрсөн өдөр болсон тул найз Т.Аын хамт гурвуулаа Соёмбо караоке орсон. Тэндээс гараад явж байтал Өгөөж баарны Г гэх найзтай тааралдаад түүнтэй уулзаж байтал Гтай хамт явсан М.Т гэх залуу ирээд миний найз охин руу ууж байсан пивоо сарвайгаад ганц амсчих гэж хэлсэн. Найз охин уухгүй гэж хэлэхэд дахин өгөх гээд байсан. Би хажуугаас нь хүний ууж байсан пиво уухгүй яах гээд байгаа юм бэ? гэж хэлэхэд тэр надтай маргалдаад би машинаас буугаад тэр залуу пиво балгах хооронд нь пивийг нь цохиод асгачихсан. Түүнээс болж маргалдаж барьцалдаж автал хажууд байсан хүмүүс салгаад би машиндаа ороод сууж байтал Т.А нь М.Тийг түлхэж холдуулах гэтэл М.Т түүнийг давхар хамаад гэдрэг нь унагаад Т.Аын дагзнаас цус гарсан. М.Т зугтаах гэхэд нь би араас нь очиход газраас чулуу шүүрч авсан. Тэр чулуугаараа хүн цохиогүй. Тэгээд бид салаад явцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал);

4. Гэрч Э.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“...Өчигдөр миний төрсөн өдөр болж найз залуу Ж.М, түүний найз Т.Аын хамт Соёмбо караокед орж 1 цаг дуулаад ундаа ууж байгаад харанхуй болсон байхад гарч явсан. Машинтай явж байтал Г гэх танил Өгөөжийн гадна сууж байхтай таарч Ж.М түүнтэй уулзсан. Гтай хамт явсан залуу нь надад ууж байсан пивоноосоо уулгах гээд байсан. Би уухгүй гэхэд дахин өгсөн тэгтэл хажуугаас Ж.М машинаас буугаад тэр залуугийн ууж байсан пивийг цохиж унагаасан. Тэгээд тэр хоёр маргалдаж барьцалдаж авсан. Т.А, Г нар тэднийг салгасан, Тэгтэл тэр залуу Т.Атай маргалдаад Т.Аыг өргөөд шидчихсэн. Т.Аын ар дагз орчмоос цус гарч байсан. Тэгээд салаад явцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал);

            5. Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаартай “...Үзүүлэгч Т.Аын биед зүүн зулайд няцарсан шарх, зүүн мөр, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэхээр ирүүлсэн тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн зулайд няцарсан шарх, зүүн мөр, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь тал);

6.  Шүүгдэгч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Би тэр залуугийн хөл рүү давхар хамаад гэдрэг нь унагасан. Т.А гэх тэр залуу унаж босож ирээд толгой хагарчихлаа гэж хэлж байсан. Би Т.Ат учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байгаа. Цаашид нөхөн төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал);

7. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол, хувийн баталгаа гаргуулсан баримт (хавтаст хэргийн 32-33 дахь тал);

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35-36 дахь тал);

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 02/666 дугаартай “...М.Т нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдэгдэл 1 жил 13 хоног буюу 378 хоногийн ялын үлдэгдэлтэй байна...” гэх ялын тооцооны хуудас (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

10. Шүүгдэгч М.Тийн урьд нь 5 удаагийн ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар (хавтаст хэргийн 91-130 дахь тал);

11. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинээр гаргаж өгсөн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/930 дугаартай “...М.Т нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас биеэр эдэлсэн 1 жил 8 сар 19 хоног буюу 624 хоног, шагналын 2 сар, 20 хоног буюу 80 хоног, эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоног буюу 206 хоногийн ялын үлдэгдэлтэй байна” гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М хэргээс:

            1. Шүүгдэгч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Би Т.Ат учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байгаа. Цаашид нөхөн төлж барагдуулах болно. Би 2000 онд Увс аймгийн ........................ суманд төрсөн. Аав маань лам хүн байсан бөгөөд намайг 5 настай байхад өвчнөөр нас барсан. Ээж маань хөдөө малчин байсан бөгөөд 2013 онд хүнд өвчний улмаас нас барсан. Би 4 ах, 3 эгч, 1 дүүгийн хамт өнчин өрөөсөн өссөн. Одоо 2 ах, 2 эгч тусдаа гарч амьдрал зохиосон, 1 дүү маань оюутан. Би ах, эгч, дүүгийн хамт ........................ сумын төвд өөрсдийн хашаа, гэрт амьдардаг. Би багаасаа сумын цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн. Эцэг, эх нас барснаас хойш том ах биднийг хариуцаж өсгөсөн. Би ........................ сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцаж 12 дугаар ангийг 2018 онд төгссөн. Цэргийн албыг 2020-2021 онд Баян-Өлгий аймгийн 0340 дугаар ангид хааж, алба хаах хугацаа дуусаж халагдсан. Түүнээс хойш хувиараа барилгын арматурчнаар ажиллаж байгаа. Ямар нэгэн компанид харьяалагдаж нийгмийн даатгал төлдөггүй, хувиараа хөлс мөнгөө тохироод дулааны улиралд ажилладаг. Өвлийн улиралд хөдөө ........................ сумын Гүнбүрд багт ахынхаа мал маллаж амьдрал залгуулдаг. Надад хувьд ногдох эд хөрөнгө байхгүй, эхнэр хүүхэд байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал);

            2. Хохирогч Т.Ат учирсан хохиролд 300.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хохирогчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Т нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Шүүгдэгч М.Т нь 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутагт байрлах “Өгөөж” баарны гадна хохирогч Т.Аыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүү мэндэд “зүүн зулайд няцарсан шарх, зүүн мөр, зүүн шилбэнд зулгаралт” бүхий “хөнгөн” хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Т.А, гэрч Ж.М, Э.С нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаартай дугаартай дүгнэлт, шүүгдэгч М.Тийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч М.Т нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч М.Тийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Т нь хохирогч Т.Аыг цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч М.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч М.Т нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Ат 300.000 төгрөг төлж барагдуулснаар Т.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж, тодорхойлолт гарган, наториатаар гэрчлүүлж ирүүлсэн нь хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Т нь 2 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 206 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна” гэх  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “М.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж, хохирол төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж, урьд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

4. Шүүгдэгч М.Т нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Би удаа дараа гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хэргийг минь хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргав.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

- Шүүгдэгч М.Т нь урьд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан,

-Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдэлж байсан,

 -Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Төд оногдуулсан хорих ял, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож байсан,

-Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан,  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д заасныг баримтлан М.Төд оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнд оногдуулсан 6 сар хорих ял, 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон,

-Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Төд 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан М.Төд оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч М.Төд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил, 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 91-130 дахь тал),

-Шүүгдэгч М.Т нь хувийн байдлын хувьд 2000 онд төрсөн, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, эгч, дүүгийн хамт амьдардаг, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур (оноо 409-ээс доош) орлоготой, хувьдаа үл хөдлөх хөрөнгө болон бүртгэлтэй тээврийн хэрэгсэлгүй зэрэг хувийн байдлууд хавтаст хэргийн 38-47 дахь талд авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна.

-Шүүгдэгч М.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр урьд удаа дараа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан боловч хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх тул түүний дээрх нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлгүй.

Шүүгдэгч М.Т нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Ат 300.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Т нь урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд нэмж нэгтгэж, оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас өнөөдрийн байдлаар буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар  205 хоног буюу 6 (зургаа) сар, 25 (хорин тав) хоног зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байгаа нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/930 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

6. Иймд шүүгдэгч М.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй, “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, урьд удаа дараа гэмт хэрэгт холбогдож байсан хувийн байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төд 1 (нэг) сар, 5 (тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сар 5 хоног зорчих эрх хязгаарлах ял дээр урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэж, оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 205 хоног буюу 6 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 (найман) сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ........................ сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Төд зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт М-ын М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төд 1 (нэг) сар 5 (тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) сар, 5 (тав) хоног зорчих эрх хязгаарлах ял дээр урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор нэмж нэгтгэж, оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 205 хоног буюу 6 (зургаа) сар, 25 (хорин тав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 (найман) сарын хугацаагаар тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ........................ сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь  гэмт хэргийн хор уршигт 300.000 (гурван зуун мянга) төгрөг төлснийг дурдаж, түүнээс энэ шийтгэх тогтоолоор  гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Шүүгдэгч М.Т нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан,  цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА