| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0168/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/186 |
| Огноо | 2023-10-24 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2023 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/186
2023 10 24 2023/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Х,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Ц,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Л,
Шүүгдэгч: Ч.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Боос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Чын Бд холбогдох эрүүгийн 22350012800204 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 16-нд Увс аймгийн ......... суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын ...... дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ц овогт Чын Б /РД:.............../.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ч.Бнь Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутагт байрлах гэртээ 2022 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө иргэн Х.Бнь өөрийн хоолойг нь заамдах үед шар өнгийн хуванцар сандлаар зүүн гар луу нь цохисны улмаас заамдаж байсан гар нь андуурч хойшоо савж унахдаа тухайн гэрт байсан хувцасны шүүгээг толгойны ар дагз хэсгээр мөргөж, улмаар биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал, хуйханд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Ч.Бг цагаатгах үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үүнд:
Улсын яллагч Б.Б:
Иргэн Х.Бгийн Увс аймаг дахь цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл (хавтаст хэргийн I-р хавтасны 04 дэх тал),
Иргэн Х.Бгийн эзэмшлийн Редми 9а /REDMI 9А/ загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 6-12 дахь тал),
Иргэн Б.Уагийн ззэмшлийн Саlаху А8 Star загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийи үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 13-16 дахь тал),
Цогцсыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 19-21 дэх тал),
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 24-25 дахь тал),
Гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 26-28 дахь тал),
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 38-39, 41-42 дахь тал, II-р хавтасны 66-67 дахь тал),
Гэрч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 45-47 дахь тал),
Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 56-57, 59-61, 63-64, 191-192 дахь тал),
Гэрч А.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 169 дэх тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 118-131 дэх тал),
Шинжээч эмч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 143-144 дэх тал),
Шинжээч эмч Б.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 146-147 дахь тал),
Шинжээч эмч Н.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 189 дэх тал),
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 223-228 дахь тал),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн II-р хавтасны 159 дэх тал),
Шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 227-228 дахь тал)-үүдыг тус тус шинжлэн судлав.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц:
Гэрч Х.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 45-47 дахь тал),
Гэрч Н.Ягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 49-51 дэх тал),
Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 59-61, 63-64 дахь тал),
Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 66-68 дахь тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 118-131 дэх тал)-үүд тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л:
2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 40 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 156 дахь тал),
2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 178-179 дэх тал),
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн II-р хавтасны 122-124 дэх тал),
2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоол (хавтаст хэргийн II-р хавтасны 125-130 дахь тал) тус тус шинжлэн судлав.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтуудаа шинжлэн судална гэв.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хгийн хохирлын талаарх 736.369 төгрөгийн 7 ширхэг НӨАТ-ын баримт, Амь хохирогчийн буяны ажилд зориулсан 2022 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай 2.500.000 төгрөгийн үнийн дүн бүхий 01 ширхэг нэхэмжлэх, 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай 2.500.000 төгрөгийн үнийн дүнтэй 1 ширхэг нэхэмжлэх, 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай 2.500.000 төгрөгийн үнийн дүнтэй 1 ширхэг нэхэмжлэх, 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай 2.500.000 төгрөгийн үнийн дүнтэй 1 ширхэг нэхэмжлэх нийт 10.736.369 төгрөгийн 12 ширхэг баримт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: Миний үйлчлүүлэгч Ч.Бн эхнэр Б.Ц 2 сартай жирэмсэн гэх өрхийн эмнэлгийн тодорхойлолт, Жирэмсэн эмэгтэйн эмнэлгийн хяналтын хөтөч тус тус шинээр гаргаж өгсөн.
А. Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт:
Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай гэрт Б ах, Б ах, Х.Б нар 0.5 литрийн Элэкс нэртэй архи ууж дуусгаад Б ах морьтой гэр лүүгээ явсан. Б ахын гэр бүлтэй хамт, тэдний машинаар Х.Б бид хоёр Ч.Бгийн гэрт 20 цагийн үед очсон. Ч.Б 1 литрийн архи задалсныг ууж дуусгаад Б ахынхан Ч.Бгийн аавынх руу явсан. Ч.Б аав нас барчихсан юм чинь би очоод үйлчилчихээд ирье гээд явсан. Талийгаач нөхөр Х.Б Ч.Бгийн араас явна гээд гэрээс олон удаа гарч гүйсэн, Ч.Бгийн эмээлтэй морийг унаад явна гэхээр нь би гэрт орж ирсний дараагаар цээж хувцсыг нь тайлаад зүүн хөлийн гутлыг нь тайлаад авчихсан. Тэгсэн мөртлөө явна гээд дайраад байсан. Би явуулаагүй. Тэгтэл намайг чи юутай ирсэн юм бэ?, Шийнхэн юутай явсан юм бэ?, чи нөхрийнхөө толгойг мэддэг хэн бэ? гэх мэтээр доромжилсон би аргалаад дараад хэвтүүлэхэд унтахгүй явна гэж босож ирээд байхаар нь би хацар луу нь хоёр удаа алгадаад, хөл рүү нь хоёр удаа өшиглөсөн. Босох гээд өндийхөөр нь би бор өнгөтэй Ч.Бгийн модон сандал аваад шидэхэд Бийн зүүн хөлний шилбэний ясны хэсэгт оносон. Түүний дараа талийгаач ус ууна гээд гэрийн үүд рүү мөлхөхөөр нь шанагатай ус авчирч өсгөн. Тэгэхэд манай нөхөр ус уусан. Би шанагаар цохиогүй. Тэгэж байхад Ч.Б ирсэн. Ч.Б ирсний дараагаар нөхөр хэсэг тайвшираад би орон дээр хэвтэж байсан, талийгаач миний урдуур сууж байсан. Тэгтэл нөхөр Чынхан ядуу хоосон буйр бууцгүйгээр нь бид нарыг дарамталлаа, баячууд та нар бид нарыг ядуу хоосноор дарамталлаа гэж хэлээд яриад байсан. Би талийгаачийн хэлсэн үгийг чагнаж хэвтэж байгаад Чынхан гэж юу байдаг юм бэ? гээд хэлэхэд талийгаач босож ирээд намайг заамдаж байгаад толгой руу гараараа цохиж байхад Ц босож ирээд бид хоёрыг салгаж байхад Ч.Б босож ирээд талийгаачийг татаад надаас салгахад талийгаач нөхөр Х.Б“Чи яахаараа үүнийг өмөөрдөг юм бэ?” гээд Ч.Б руу дайраад хоолойг нь цамцны захаар боосон. Ч.Б салгах гэж оролдсон боловч чадахгүй байсан тул хажууд байсан хуванцар, шар өнгийн сандлаар талийгаачийн зүүн гарны хэсэгт цохиход Ч.Бгийн цамцнаас барьсан гар нь тавигдаад хойшоо унахдаа толгойгоороо модон тавилга цохиод унасан. Унасан газартаа талийгаач унтсан бөгөөд өглөө сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Б.Ц, Ч.Б нар Х.Б намайг цохиж байхад салгаж байсан. Ч.Бнь манай нөхөр заамдаад цамцны захаар хоолойг нь боохоор сандлаар цохисон байх. Талийгаачийг алах санаа зорилготой цохисон зүйл байхгүй, тэгээд ч талийгаачийн зүүн гарын хэсэгт сандлаар цохисон, хойшоо унаад модон тавилга мөргөнө гэдгийг мэдээгүй байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 59-61, 63-64 дэх тал),
Гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр аавынхаа гэр лүү явахад талийгаач араас нь явна гэхэд У буюу У явуулахгүй гээд тэр хоёр манай гэрт хоорондоо маргалдаад У талийгаачийг цохиж, зодсон. Түүний дараа хоорондоо хэрэлдэхээ болиод У гэрийн баруун талын төмөр орон дээр унтаж, урдуур талийгаач газарт хэвтэж, би зүүн талын орон дээр 3 хүүхдийнхээ хамтаар унтаж байхад Ч.Б ойролцоогоор 01 цагийн үед ирсэн. Ч.Б ирээд хувцастайгаа орон дээр хэвтсэн. Энэ үед талийгаач “Баян, ядуу, та нар хөөж байна” гэх мэт юм яриад хэвтэж байгаад Утай маргалдсан. Манайх гэрэлтэй байсан бөгөөд талийгаач Угийн толгой руу гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би нөхөр Ч.Бг “Босооч, энэ хүмүүс хоорондоо маргалдаж байна” гээд би У, Х.Бнарын дундуур ороод Уг гэрийн урд хэсэгт галын доод талд очсон. Талийгаач Угийн араас цохих гэхэд нөхөр Ч.Б цамцны ар хэсгээс “Болиоч” гээд татахад эргээд манай нөхөр Ч.Бгийн цамцнаас нь заамдаад хоолойг нь боосон, Ч.Бг талийгаачийг “тавиач” гэж хэлж байсан. Би Уд “Одоо маргалдахаа больцгоо” гэж хэлээд зогсож байхад нөхөр Ч.Б нүүр нь улаасан байдалтай байхдаа хажуудаа байсан хуванцар шар сандлаар талийгаач Бийн зүүн гарны хэсэгт нэг удаа цохисон. Талийгаач тэр үед Ч.Бгийн энгэрээс барьсан барьцаа алдаад хойш саваад толгойгоороо манай гэрийн хувцас хийх зориулалттай модон шкафыг цохиод унасан. Унасны дараа талийгаач ямар нэгэн зүйл хэлэхгүй унтаад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 106-107 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч Б.Г мөрдөн байцалтын шатанд: “2022 оны өвөл цагаан сараар У /У/ эгч Х /Х.Б/ ах хоёр манай гэрт зодолдоод Х ах У эгчийг гараа бондоолгож /атгаж/ байгаад нүүр лүү нь цохисон. Тэгэхээр У /У/ эгч босч ирээд Х /Х.Б/ ахыг сандлаар цохисон. Түүний дараа аав ирээд унтаж байхад У эгч, Халзаа ах хоёр дахиад зодолдсон. Тэгээд Х ах, У эгч хоёр зодолдоод байхаар нь аав салгах гэхэд аавыг ингээд /хүүхэд өөрийнхөө цамцны захны урд хэсгээс татаж үйлдлээр харуулав/ гээд аав үхлээ гэсэн. Би аав, энэ хоёр нэгнийгээ аллааш дээ гээд орилсон чинь ээж намайг унтчих унтчих гэж хэлсэн. Тэгэхээр би орон дээрээ хоёр дүүгийнхээ хамтаар унтсан. Түүнээс хойш болсон асуудлын талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 112-113 дахь тал),
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 525 дугаартай “Талийгаач Х.Бийн цогцост гавал тархины битүү гэмтзл, гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал, хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн цогцост учирсан дээр гэмтэл нь шинэ гэмтэл байх ба цогцос ялзарч муудсан тул цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл, гавлын зулай ясны хугарлаас дээш зулайн орой хэсэг, зулайн заадал дайрч дух ясны зүүн дээд хэсэг рүү үргэлжилсэн хугарал гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаачийн цогцос ялзарч муудсан тул архаг хууч өвчин тогтоох боломжгүй. Шүүх химийн шинжилгээгээр цогцосноос авсан гэх цусанд 1.4 промилл спиртийн агууламж илэрсэн байх ба цогцос ялзарч муудсан, ялзралын эцсийн бүтээгдэхүүн ялгарч эхэлсэн тул согтолтын зэрэг тогтоохгүй. Шүүх биологийн шинжилгээгээр цус нь гемолиз болсон, хайлсан, бүлэг тогтоох боломжгүй байна гэжээ. Талийгаачийн нас барсан хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 118-131 дэх тал),
Шинжээч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Талийгаачийн шарилд шинжилгээ хийхэд баруун зулай ясны урд хэсэгт L хэлбэрийн салаалсан дотогш бага зэрэг хонхойсон хугаралтай, уг хугарлаас дээш зулайн орой хэсэг рүү үргэлжилж зулайн заадал дайрч дух ясны зүүн хэсэг рүү үргэлжилсэн хугарал тогтоогдсон бөгөөд модон тавилгын ирмэг хэсгийг нэг удаа мөргөхөд үүсгэгдэх боломжтой. Харин гараар цохих, хөлөөр өшиглөх үед үүсгэгдэх боломжгүй гэмтэл юм. Энэ гэмтлийг авсанаас хойш тархины дэд няцрал, цус харвалт, цусан хураа үүссэн тохиолдолд толгой өвдөх, тэнцвэр алдагдах, унтаарах, бөөлжих, огиулах, хурхирах, амин үзүүлэлтүүд буурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн II хавтасны 191 дэх тал),
Шүүгдэгч Ч.Ч.Бн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манайд цагаан сар хийж согтуу ирсэн. Эхнэртэйгээ маргалдаад эхэлсэн. Манай эхнэр болон охин энэ хүмүүс бие биенээ аллаа гээд орилолдоод эхэлсэн. Тэгээд би нойрмог босоод тэр хүмүүсийг салгах гэхэд миний хоолойг боосон. Би гарыг нь тавиулж чадахгүй болохоороо амь тэмцэж газар тэмтрэхэд сандал тааралдахаар нь аваад намайг боосон гар луу нь цохиход гараа тавиад хойшоо тавилга налаад унасан. Би санаатайгаар тэр хүнийг алъя гэж бодоогүй. Хоолой боогдож амь тэмцэхдээ л цохисон. Талийгаачаас салсны дараа миний амьсгаа давчдаад, 2, 3 тамхи татаж байж тайвширч, гайгүй болоод унтсан” гэх мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө амь хохирогч Х.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутагт байрлах иргэн Ч.Ч.Бгийн гэрт хонож байхдаа эхнэр Б.Утай маргалдаж, улмаар эхнэрээ цохиход шүүгдэгч Ч.Б нь тухайн зодооныг салгах, хэрүүл маргааныг таслан зогсоох зорилгоор дундуур нь орж, салгахад амь хохирогч Х.Бнь шүүгдэгч Ч.Бгийн цамцны энгэрээс нь заамдаж, цамцны захаар хоолойг нь боосон, хоолой боосон гарыг нь тавиулах зорилгоор хуванцар сандлаар зүүн гар луу нь цохиход амь хохирогч Х.Бгараа алдаж унахдаа толгой хэсгээрээ модон шүүгээний ирмэг хэсгийг мөргөж, хүнд гэмтэл авч, нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Б.Угийн “Талийгаач босож ирээд намайг заамдаж байгаад толгой руу гараараа цохиж байхад Ц босож ирээд бид хоёрыг салгаж байхад Ч.Б босож ирээд талийгаачийг татаад надаас салгахад талийгаач нөхөр Х.Б“Чи яахаараа үүнийг өмөөрдөг юм бэ?” гээд Ч.Б руу дайраад хоолойг нь цамцны захаар боосон. Ч.Б салгах гэж оролдсон боловч чадахгүй байсан тул хажууд байсан хуванцар, шар өнгийн сандлаар талийгаачийн зүүн гарны хэсэгт цохиход Ч.Бгийн цамцнаас барьсан гар нь тавигдаад хойшоо унахдаа толгойгоороо модон тавилга цохиод унасан” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Цгийн “Талийгаач Угийн толгой руу гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би нөхөр Ч.Бг “Босооч, энэ хүмүүс хоорондоо маргалдаж байна” гээд би У, Х.Бнарын дундуур ороод Уг гэрийн урд хэсэгт галын доод талд очсон. Талийгаач Угийн араас цохих гэхэд нөхөр Ч.Б цамцны ар хэсгээс “Болиоч” гээд татахад эргээд манай нөхөр Ч.Бгийн цамцнаас нь заамдаад хоолойг нь боосон, Ч.Б талийгаачийг “тавиач” гэж хэлж байсан. Би Уд “Одоо маргалдахаа больцгоо” гэж хэлээд зогсож байхад нөхөр Ч.Б нүүр нь улаасан байдалтай байхдаа хажуудаа байсан хуванцар шар сандлаар талийгаач Бийн зүүн гарны хэсэгт нэг удаа цохисон. Талийгаач тэр үед Ч.Бгийн энгэрээс барьсан барьцаа алдаад хойш саваад толгойгоороо манай гэрийн хувцас хийх зориулалттай модон шкафыг цохиод унасан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ч.Бн “Манайд цагаан сар хийж согтуу ирсэн. Эхнэртэйгээ маргалдаад эхэлсэн. Манай эхнэр болон охин энэ хүмүүс бие биенээ аллаа гээд орилолдоод эхэлсэн. Тэгээд би нойрмог босоод тэр хүмүүсийг салгах гэхэд миний хоолойг боосон. Би гарыг нь тавиулж чадахгүй болохоороо амь тэмцэж газар тэмтрэхэд сандал тааралдахаар нь аваад намайг боосон гар луу нь цохиход гараа тавиад хойшоо тавилга налаад унасан” гэх мэдүүлгээр амь хохирогч Х.Б нь шүүгдэгч Ч.Бгийн цамцны захаар хоолойг нь боож, амьсгалыг боогдуулсан болох нь тогтоогдож байна.
Б. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлыг тодорхойлон хуульчилсан байдаг.
Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал нь тодорхой этгээд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн боловч амь бие, эрүүл мэнд, өмч гэх мэт өөрийн болоод бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл, эс үйлдэхүй хийхийг ойлгоно.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн хувьд агуулсан боловч үйлдэгдэх болсон онцгой нөхцөл, нийгэмд ашигтай сэдэлтийн улмаас гэмт хэрэгт тооцохгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульд зааснаараа онцлог юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэж тус тус заажээ.
Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.
Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.
Амь хохирогч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Бгийн халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, хоолойг нь боож байгаа үйлдэл нь түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.
Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн гар луу хуванцар сандлаар цохисон Ч.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт гэж үзнэ.
Аргагүй хамгаалалт нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн хууль бус халдлагын эсрэг санаатайгаар хийгддэг, үүний улмаас довтлогч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулж, өөрийгөө хамгаалах эрх юм.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Б нь өөрт учирсан бодит аюул, заналхийллийн эсрэг хариу үйлдэл хийж Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан заяамал эрхээ хэрэгжүүлэн бусдад гэм хор учруулж, өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан үйдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт юм.
Шүүгдэгч Ч.Б нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн гар луу хуванцар сандлаар цохисон үйлдэл нь хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт буюу санаатай үйлдэл боловч, довтлогч этгээд буюу амь хохирогч Х.Бийг хаашаа унах, модон шүүгээ мөргөх эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдалд тухайн үйлдэл хийгдсэн байна.
Аргагүй хамгаалалтын үед довтлогч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ч гэмт хэрэгт тооцохгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхаар хуульд тусгайлан заасан тул шүүгдэгч Ч.Бгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235001280204 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц овогт Чын Бг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор будагтай модон сандал 1 ширхэг, шар өнгийн хуванцар сандал 1 ширхийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Бнь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2235001280204 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц овогт Чын Бг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Хын 75.000.000 төгрөгийн нэхэмлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор будагтай модон сандал 1 /нэг/ ширхэг, шар өнгийн хуванцар сандал 1 /нэг/ ширхэгийг тус тус цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай
6. Шүүгдэгч Ч.Бнь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлсгай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ