Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 20

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор Л.Солонго

Шүүгдэгч Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, Э.Наранцацрал

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урангоо

Нарийн бичгийн дарга Б.Энхбаатар нар оролцов.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолтой, Б.М холбогдох 1928002610168 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, шүүгдэгч Б.М нарын давж заалдах гомдлыг  үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, “Баян-Уул” ХХК-нд  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч ажилтай, ам бүл 2, эхнэрийнхээ хамт  Өмнөговь аймаг, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Сэврэй сумаас зүүн урд зүгт 80 км Зүүн загийн худаг гэх газарт шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр С.Бат-Амгалангийн эзэмшлийн 20-12 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 4 дүгээр хавсралтын гуравдугаар зүйлийн 3.6-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.О эрүүл мэндэд хөнгөн, Г.У, Б.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Э амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго нь Б.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Б.М Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.М хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Урангоо, Б.О, Х.О, С.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ” ...Миний үйлчлүүлэгч Б.М 2019 оны 5 дугаар сард төрсөн өөрийн хүү талийгаач Э нь төрөхдөө тархи нуруу нугасны гэмтэлтэй төрсөн тул Улаанбаатар хотод эмчийн хяналтад байж төрөөд улмаар нярайн тасагт 1 сар гаруй эмчлэгдэж байж гарсан бөгөөд сар болгон Улаанбаатар хотын Эх нялхсын төвд тогтмол эмчилгээ хийлгэж байсан бөгөөд эмчилгээнээс гадна сайн гэсэн лам, бөө мэргэн хүмүүст хандаж үзүүлж явж байсан бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 20-нд хадам тал нь Гурвантэс суманд сайн ламд үзүүлсэн одоохон хүүгээ аваад ирж засал хийлгүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн тул байгууллагын дарга Б хандаж тусламж хүсэхэд машинаа өгч явуулсан.

Ингээд Гурвантэс суманд очиж засал номоо хийлгүүлчхээд буцаж явах замд Сэврэй сумаас 80 км орчим газар замын ховил дээр хойд дугуйгаараа халтираад онхолдсон . Энэ ослоос болж хүү нь газар дээрээ амьсгал хурааж, эхнэр У зорчигч О нарт хүндэвтэр гэмтэл учирсан билээ.

Энэ хэргийн улмаас гэмтэл авсан хүмүүс нь тухайн ослоос болсон эмчилгээний зардал болон иргэний нэхэмжлэгч нар нь М амьдрал ахуй байдлыг сайн мэдэх бөгөөд хүүгийнхээ төлөө яаж зүтгэж байгааг мэддэг учраас мөнгө төгрөг нэхэмжлээгүй машинаа өөрөө засаж авна гэсэн.

Хохирогч О нь эмчилгээнд их мөнгө зарцуулаагүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байсан ч Мөнхийн ар гэрээс ээж Ургамалцэцэг нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа төлж барагдуулсан байна.

Б.М хувийн байдлын талаар “Баян-Уул” ХХК-ийн нийт ажилчид хамт олон удирдлагын багийн гаргасан тодорхойлолтоор М нь эрхэлсэн ажил мэргэжилдээ бүтээлчээр хандаж шинийг санаачлан ажилладаг хамт олныхоо итгэлийг хүлээсэн тэргүүний ажилтан тул байгууллагын хамт олон нь хамт олны хурлаараа хэлэлцэж 100 хувийн саналаар хамт олны батлан даалтад авахыг дэмжсэн албан тоот ирүүлснийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэнсэж хянан харгалзах ялаар хөнгөрүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.М нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Миний бие төрөлхийн тархины усжилттай, нуруу нугасны эвэрхийтэй гэсэн оноштойгоор эмчилгээ байнга хийлгэдэг хүүхдээ аваад эхнэртэйгээ хамт Сэврэй сум орж  хүүхдээ ламд үзүүлж засан ном уншуулахаар болоод тухайн ажлаа амжуулаад буцаж явах замдаа 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэврэй сумын зүүн урд зүгт 80 км-т шороон замын ховилд хойд дугуйгаараа халтираад онхолдсон.

Миний бие энэ санамсар болгоомжгүй байдлаасаа болоод үр хүүхдээ алдаж, Х.О биед хөнгөн гэмтэл Г.У, Б.О нарын биед хүндэвтэр гэмтэл учруулж, мөн С.Б хөрөнгөд хохирол учруулсан үйлдэлдээ маш их харамсаж байна.

Эхнэр  бид хоёр өвчтэй хүүхдээ эрүүл болгох бүхий л арга хэмжээг авч аль сайн гэсэн лам, бариач, эмнэлгээр явдаг байсан.

Цагдан хоригдох хугацаандаа маш их зүйлийг ойлгож, ард үлдсэн эхнэр У маш их өрөвдөж хийсэн үйлдэлдээ гэмшиж, энэ л үед ханьдаа бараа болж, ганцаардуулахгүй ар гэр амьдралаа алдахгүй, бутрахгүй явах гэсэн хүсэл минь хязгаарлагдаж байгаад үнэхээр их харамсаж байна.

 Иймд эрхэм шүүгч та бүхэн миний хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа маш их гэмшиж байдал болон хохирогч нарт учруулсан хохирол төлсөн, хохирогч нарын биеийн байдал бүрэн эдгэрсэн, залуу хүний хувьд ганцхан удаа надад итгэл хүлээлгэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар хөнгөрүүлж тогтоож өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна ” гэжээ. 

Прокурор Л.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодож 2 хүнд хүндэвтэр гэмтэл учруулж, өөрийн хүүхдийн амь насыг хохироосон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж байна. Миний буруутай үйлдлээс болж хохирол учруулсандаа маш их гэмшиж байна. Анхаарал болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Иймд эрхэм шүүгч та бүхэн анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэв.                     

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ялын дээд хэмжээ нь 5 жил хүртэлх хугацаагаар болон түүнээс доош жилийн хорих ял оногдуулсан тохиолдолд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна гэж заасан. Тэгэхлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ нь 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулах заалттай байгаа. Тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэргийг үйлдсэн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг өөрчилж оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна  гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Б.М 1 жилийн хорих оногдуулсан. Энэхүү шийтгэх тогтоолын үндэслэл нь Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал нь үндэслэлтэй гэж үзэж байна. Б.М нь цагдан хоригдож байх хугацаандаа учруулсан хохирлыг барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Тохиолдлын шинжтэй энэ гэмт хэрэг нь үйлдэгдсэн. Цагдан хоригдож байх хугацаандаа маш их гэмшсэн гэдгээ мэдүүлж байна. Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Манай үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд дээд боловсролтой, инженер мэргэжилтэй. Хэрэгт холбогдох үедээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн ажилтай байсан. Болгоомжгүй байдлаасаа болж хүүхдээ алдсандаа маш их харамжсаж байна. Залуу хосуудын хувьд хүүхдээ 7 сартай гэдсэнд байх үеэс нь эхлэн эмчийн хяналтад байдаг байсан. Мөн осол гарахад замын үзэгдэх орчин муу, халтиргаатай байснаас болж осол гарсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.     

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хань халамжтай, хариуцлагатай хүн. Миний хүүхэд нуруу нугасны ивэрхийтэй төрсөн. Төрсний дараа 48 цагийн дотор хагалгаанд орж байсан. Үүнээс хойш бүтэн 1 сарын хугацаанд эмчилгээнд байж байгаад гарч ирсэн. Эмчилгээнээс гарахдаа тархины усжилттай, мэргэжлийн эмч нарын хяналтад сар бүр ордог байсан. Манай эгч ардын аргаар эмчлэх боломж байна гэж санал тавихаар нь очиж үзүүлээд рашаан аваад явсан. Улаанбаатар хотод эх нялхаст цаг авчихсан учраас цаг давчуу байсан. Өөрийн нөхрийг 1 жилийн хорих ял оногдуулаад явуулж үнэхээр чадахгүй байна. Санамсаргүй, болгоомгүйгээр үйлдэгдсэн энэ хэргийг би уучилж байна. Ханьтайгаа үлдэхийг маш их хүсэж байна. Миний хань хийж бүтээх насандаа хорих ял авсандаа харамсаж, гэмшиж байгаа. Хохирогч нарын хохирлыг барагдуулсныг харж үзээд  ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Бид үнэхээр хүүхдээ эмчлүүлэхээр явж байсан. Санаатайгаар энэ гэмт хэрэг үйлдэгдээгүй учраас би уучилж байна. Хоёулаа л хамт явсан. Хүүхдийнхээ төлөө хаана сайн бариач, эмч байна бүгдэнтэй нь холбогдож хүүхдээ үзүүлж байсан учраас Б.М гомдол мэдүүлэх хүсэл байхгүй гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч  И.Олонмөнх нарын бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

“Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймаг, Сэврэй сумаас зүүн урд зүгт 80 км Зүүн загийн худаг гэх газарт шороон зам дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр С.Бат-Амгалангийн эзэмшлийн 20-12 ӨМӨ улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 4 дүгээр хавсралтын гуравдугаар зүйлийн 3.6-д заасныг зөрчин зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.О эрүүл мэндэд хөнгөн, Г.У, Б.О нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, М.Э амь насыг хохироосон үйл баримт хавтас хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О /хх-30-31/, Г.У /хх-46-47/, гэрч Б.Л /хх-47-49/, С.Б /хх-33/, Х.О /хх-50-51/, Ц.Г /хх-54/ нарын мэдүүлгүүд, хэргийн газар болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-6, 7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-8-25/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Харин иргэний нэхэмжлэгч С.Б нь “Б.М нь миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл гаргаж Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр 3308000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд энэ хохирлыг түүний ээж Ургамалцэцэг нь төлж барагдуулсан учир нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал байхгүй. Иймээс Б.М анх удаа гэмт хэргийг санамсар болгоомжгүй үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ноогдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өгч, хамт олны дунд үлдээж өгнө үү”,  хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.У нь “Миний ханийн ид хийж бүтээх насандаа цагдан хоригдож байгаадаа үнэхээр харамсаж гэмшиж буйг, их зүйл ухаарч ойлгож буйг, бусдад учруулсан эд хөрөнгө, эрүүл мэндийн хохирлыг зохих хэмжээгээр төлж барагдуулсан, мөн анх удаа санамсаргүй гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж ял шийтгэлийг биеэр эдлүүлэх биш тэнсэж өгнө үү”, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.О “Одоо миний бие эдгэсэн, ослоос үүдэн надад 300000 төгрөгийн хохирол учирсныг Б.М ээж У төлж барагдуулсан, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, гомдол саналгүй болсон тул Б.М санамсаргүй үйлдсэн хэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн тайлбар, хүсэлтүүдийг давж заалдах шатны шүүхэд гаргасан тул давж заалдах шатны шүүхээс дээрх хүсэлтүүдийг харгалзан үзэж зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.        

Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж” гэж,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай” гэснийг ““Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Б.М анхааруулсугай” гэсэн заалтыг нэмсүгэй.

4. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох нь хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл энэ хэрэгт 70 /дал/ хоног цагдан хоригдсон болохыг  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Т.БЯМБАЖАВ