Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2018/0230/З |
Дугаар | 128/ШШ2018/0414 |
Огноо | 2018-06-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2018/0414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Б.Бнэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Боржигон овогт Б.Б /РД:***********/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын хуульд үл нийцсэн буюу хууль зүйн үндэслэлгүйгээр гаргаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, нарийн бичгийн дарга З.М нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Б******* овогтой Б******* нь Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамж ******* тоотод оршин суудаг билээ. Тус хорооны Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулсны дагуу уг хуралдаанд оролцсон болно.
Хуралдаанаар
1/ Хурлын хуралдааны дарга, хурлын тэргүүлэгчид
2/ Хорооны Засаг даргыг тус тус сонгох, эрх бүхий албан тушаалтнаар томилуулахаар нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Хорооны Засаг даргаар томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгох иргэнийг нэр дэвшүүлэхэд хуралд оролцсон иргэдээс намайг Б.Б*******г нэр дэвшүүлж, санал хураалтыг илээр явуулахад нийт 117 иргэн санал хураалтад оролцсоноос 117 хүний саналаар сонгогдсон байдаг.
Ингээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу Иргэдийн Нийтийн хурлаас эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн дагуу Хорооны Засаг даргыг томилуулахаар 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн.
Хорооноос хүргүүлсэн саналыг баталгаажуулсан эсэхийг Б.Б******* нь удаа дараа тодруулж лавлах болгонд ямар нэгэн шийдвэр гаргаагүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Дүүргийн Засаг дарга Хорооны Засаг даргыг баталгаажуулан томилсон шийдвэр гаргах, эсхүл татгалзсан шийдвэр гаргахад хуулиар тогтоосон хугацаа байхгүй боловч өмнөх Засаг даргын бүрэн эрхийн 4 жилийн хугацаа албан ёсоор дуусгавар болгосноор дараагийн Засаг даргыг томилох нөхцөл бүрдэнэ.
Үүний өмнө дүүргийн Засаг даргаас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б/20 тоот захирамж гарган Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Б.Б 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр Хорооны Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн байсан болно.
Дүүргийн Засаг даргаас өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч хариу өгөх арга хэмжээ авахгүй байгаа бөгөөд хуулиар олгогдсон бүрэн эрхээ ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл хэрэгжүүлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан нөхцөлийг бүрдүүлж байна.
Мөн дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т заасан шаардлагыг хангаж байгаа иргэн Б.БМонгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх гэж
тус тус заасны дагуу төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Үүний зэрэгцээ энэхүү хугацаанд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно гэж зааснаар бусад аж ахуй эрхлэх эрх нь хязгаарлагдаж байгаа болно.
Улмаар нэхэмжлэгчийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлоос гадна Б.Б*******г нэр дэвшүүлсэн Иргэдийн Нийтийн хуралд оролцож санал өгсөн нийт 117 иргэний сонголт, хүсэл зоригийг ч хөсөрдүүлж, сонгогдох эрхийг зөрчиж, хорооны Иргэдийн Нийтийн Хурлаас хүргүүлсэн саналыг шийдвэрлэхгүй орхигдуулж, хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон дүүргийн Засаг даргын үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасан захиргааны акт гаргах болон захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа явуулаагүй байж дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.
Түүгээр ч зогсохгүй 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж, 5 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдааныг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэж, хорооны Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь тус шүүхэд яаралтай нэхэмжлэл гаргахад хүрсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг энэ тохиолдолд биелүүлэх боломжгүй, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын хуульд үл нийцсэн буюу хууль зүйн үндэслэлгүйгээр гаргаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Б.Б нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Б******* нь тус шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд эс үйлдэхүй гэдэгтээ ...5 дугаар хорооны Засаг даргаар сонгогдсон этгээдийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байгаа байдал-ыг хамааруулан Монгол Улсын Үндсэн хуулиар надад олгогдсон сонгогдох эрх зөрчигдөж байна гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс урьдчилан шийдвэрлүүлэх талаарх хуульд заасан шаардлагыг хангалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Б.БЗасаг даргаар сонгогдсон гэх Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн иргэдийн нийтийн Хурал хуульд заасан шаардлагыг хангаж хийгдсэн гэдэг нь эргэлзээтэй хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засаг даргыг тухайн ... хорооны Хурлаас нэр дэвшүүлж, ... хорооны Засаг даргыг харьяалах ... дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно, 3 дахь хэсэгт ... Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална гэж зааснаас үзвэл хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг шийдвэрлэх эрх хэмжээг зөвхөн харъяалах дүүргийн Засаг даргад хадгалагдах тусгайлсан зохицуулалттай байх тул маргааны үйл баримтын талаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх, нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж шийдвэрлүүлэх шаардлагагүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Б******* нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны ... Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох-оор 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох-оор заасан байх ба 26.4-т Энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал... гэж зааснаас үзвэл, дүүргийн Засаг дарга нь хорооны иргэдийн нийтийн хурлаас хорооны Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн этгээдийг томилох, эсхүл томилохоос татгалзах талаарх шийдвэр гаргах үүрэгтэй юм.
Гэтэл хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга хуульд заасан дээрх шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй буюу Б.Б*******г Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар томилох эсэх асуудлыг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй болох нь түр орлон гүйцэтгэгч томилсон шийдвэрийг ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...тус дүүргийн 5 дугаар хорооноос ирүүлсэн тухайн асуудлыг шийдвэрлэсэн талаарх ямар нэг эрх зүйн акт, бусад баримт бичиг гараагүй гэх тайлбараар тогтоогдож байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар тус дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга Б.Б*******г ... 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, хорооны 2016 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийсэн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн гэсэн үндэслэлээр чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгч Б.Б******* нь албан үүргээс чөлөөлсөнтэй маргаагүй байна.
Үүний дараа Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн иргэдийн нийтийн Хурлын анхдугаар хуралдаанаас Б.Б******* нь нийт 117 санал буюу 100 хувийн саналаар тус хорооны Засаг даргаар сонгогдсон
байх бөгөөд тухайн иргэдийн нийтийн Хурлын мөн өдрийн 06 дугаар тогтоолоор ... хорооны Засаг даргаар томилуулах-аар Б.Б*******г нэр дэвшүүлж 01 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлжээ.
Дээрхээс үзвэл, Б.Б*******г хорооны Засаг даргаар сонгосон 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр хүчинтэй хэвээрээ боловч хэрэгжих боломжгүй болсон үр дагаврыг үүсгэсэн, мөн нэхэмжлэгч Б.Бхувьд сонгуулийн үр дүнд томилогдон ажиллах эрх нь зөрчигдсөн гэж үзэхээр байна.
Хэдийгээр 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн хуралд оролцсон нийт 117 иргэдийн бүртгэл (овог нэр, оршин суугаа хаяг)-ийн тус хороонд 36 иргэний хаяг бүртгэлгүй болох нь тус хорооны иргэдийн бүртгэлийн өрхийн дэвтэр, хорооны нийгмийн ажилтны цахим мэдээллийн санд хийсэн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн бичиг баримтын үзлэгээр тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхөөргүй байна.
Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Статистикийн газраас ирүүлсэн лавлагаанд ...2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1478 өрх, 5955 хүн амтай гэснээс үзвэл Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 140 орчим иргэдийн нийтийн хуралд оролцсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно, 23.11-т Засаг даргад нэр дэвшүүлэх, ... тохиолдолд ... багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэснийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Б.Бхорооны Засаг даргаар сонгогдсон гэх Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн иргэдийн нийтийн Хурал хуульд заасан шаардлагыг хангаж хийгдсэн гэдэг нь эргэлзээтэй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Дээрхээс үзвэл, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хууль зөрчиж явагдсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллага /шүүх/-ын шийдвэр гараагүй, Б.Б*******г хорооны Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн тухайн хурлын шийдвэр хүчин төгөлдөр байхад хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас тус дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлаас хүргүүлсэн саналыг шийдвэрлээгүй нь буруу байх тул нэхэмжлэгч Б.Б*******гаас гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын хуульд үл нийцсэн буюу хууль зүйн үндэслэлгүйгээр гаргаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын тус дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргаар Б.Б*******г томилуулахаар өргөн мэдүүлсэн саналыг шийдвэрлэхийг хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ