Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/ма2026/0081

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н

Нэхэмжлэгч: Д.Т

Хариуцагч: Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан өндөр насны тэтгэврийн нэмэгдэл 20 хувийг нэмэгдүүлж олгох тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг олгуулахыг даалгах...” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 921 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0802/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Т-аас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан өндөр насны тэтгэврийн нэмэгдэл 20 хувийг нэмэгдүүлж олгох тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг олгуулахыг даалгах...” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 921 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 9.1.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын “нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн 20 хувийг Д.Т-т олгохгүй байгаа” эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нас барсан тэтгэвэр авагч Л.Г-ийн авч байсан тэтгэврийн 20 хувийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож, Д.Т-т олгохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч Д. Т нь нөхөр болох Л.Г агсантай 1994 онд гэр бүл болон Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн дагуу бүртгүүлсэн. 1994 оноос 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 31 жил хамт амьдарсан, дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн. Л.Г нь 2025 оны 06 дугаар сарын 06-ны нас барж, нас барсны бүртгэлд бүртгүүлсэн байна. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын дагуу нас барсан иргэний авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг өөрийн тэтгэвэр дээр нэмүүлэх хүсэлт гаргасаныг дараах шалтгааны улмаас хүлээн авч шийдвэрлээгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 01/82 дугаартай албан бичгээр ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан ирүүлсэн зөвлөмжийн 2.6 дах заалтад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний авч байсан тэтгэврийн 20 хувиар тооцсон дүнгээр нөхөр эсхүл эхнэрийн сарын тэтгэврийг нь нэмэгдүүлэхээр заасан.

Энэ тохиолдолд дараах шаардлагыг хангасан байна. Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байхыг шаардана. Хоёр тэтгэвэр авагчийн аль нэг нь хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бол 20 хувийн нэмэгдлийг тооцон олгохгүй. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба нас барсан болон гэр бүлийн гишүүн тэтгэвэр авагчийн гэрлэлтийн бүртгэлийг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын системээр авах, уг системээс авах боломжгүй тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээг хуулбарлан мэдээллийн санд оруулах, түүнчлэн гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа авна, 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсныг гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн тооцно. Өөрөөр хэлбэл гэрчилгээнд бичигдсэн гэрлэсэн, гэрлэлтийг бүртгэсэн хугацааг баримтална. Дээрх шалгуурыг хангасан тохиолдолд тэтгэврийн нэмэгдлийг нас барсан тэтгэвэр авагчийн нас барсаны дараагийн 2 дахь сараас тооцож олгоно. Тухайлбал, тэтгэвэр авагч 1 дүгээр сард нас барсан бол түүний нас барсаны дараагийн сар буюу 2 дугаар сарын тэтгэврийг олгоод 3 дугаар сараас эхлэн нөхөр эсхүл эхнэрт нь 20 хувиар тооцсон нэмэгдлийг олгоно.

Нэхэмжлэгч Д.Т-ийн нөхөр Л.Г нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож, тус газраас өндөр насны тэтгэврээ авч байсан. Тухайн иргэн маань 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нас барсан ба журамд зааснаар нас барсан тэтгэвэр авагч иргэнд дараа сарынх нь буюу 04 дүгээр сарын тэтгэврийг олгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд 05 дугаар сараас тэтгэврийг авахаар байна.

Нэхэмжлэгч Д.Т нь тус газарт хандан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан. Нэхэмжлэгч Д. Тийн нөхөр Л.Г агсныг нас барах цаг хугацаанд Д.Т нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байсан учраас Д.Т нь тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн Даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх гэдэг шаардлагыг хангахгүй байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 9 дүгээрт Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/XT2025/0079 дугаартай тогтоолыг барьж шийдвэрлэсэн. Энэ тогтоол нь зөвхөн тухайн үеийн буюу нэхэмжлэгч Ж.У-д холбогдох хэрэг маргаан дээр хууль тайлбарласан гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0921 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Д.Т-аас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан өндөр насны тэтгэврийн нэмэгдэл 20 хувийг нэмэгдүүлж олгох тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байгаа Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг олгуулахыг даалгах...” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Д.Т нь нөхөр Л.Г-тэй 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлсэн, түүний нөхөр Л.Г 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон тэтгэвэр авч байгаад 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барсан.

3.2. Нэхэмжлэгч Д.Т-аас 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан үндэслэлээр нөхөр Л.Гийн авч байсан тэтгэврийн 20 хувийг өөрийн тэтгэвэрт нэмэгдүүлэх хүсэлтийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан боловч хүсэлтийг буцаасан. Энэ үйл баримттай талууд анхан шатны шүүх хуралдааны явцад маргаагүй.

4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ”, 9.1.1-д “Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн”, 9.1.2-т “20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан” гэж заасан бөгөөд өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний нөхөр, эсхүл эхнэр нь дээрх шаардлагыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэврээ 20 хувиар нэмэгдүүлэн авах эрхтэй.

5. Д.Т нь нөхөр Л.Гтэй 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 31 жил хамт амьдарсан, түүний нөхөр 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нас барж, нэхэмжлэгч 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нь дээрх хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан байна.

6. Гэтэл хариуцагчаас Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 тоот зөвлөмжийн 2.6-д дээрх хуулийн заалтад “...Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх. Өөрөөр хэлбэл хоёр тэтгэвэр авагчийн аль нэг нь хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бол 20 хувийн нэмэгдлийг тооцон олгохгүй...” гэснийг үндэслэн Д.Т-ийг “өндөр насны тэтгэвэр авагч нас барах үед буюу нас барахаас өмнө түүний эхнэр, эсхүл нөхөр нь өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон” байх шаардлагыг тавьж хүсэлтийг шийдвэрлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хязгаарласан.

7. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч Д.Тийн нөхөр Л.Г агсныг нас барах цаг хугацаанд Д.Т нь тухайн нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй байсан учраас Д.Т нь тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх гэдэг шаардлагыг хангахгүй байхад анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн...” гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.

8. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 921 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                               ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

 

                               ШҮҮГЧ                                                 Л.ОДБААТАР

 

                               ШҮҮГЧ                                                 Б.АДЪЯАСҮРЭН