Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

хохирогч Э.Батцэнгэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар,

            шүүгдэгч Г.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ганболдын Галбадрахад холбогдох эрүүгийн 201619000847 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сум 6 дугаар баг МСҮТ-ийн 25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Шархай овогт Ганболдын Галбадрах /РД:НЭ91010211/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Галбадрах нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цаг 40 минутын үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшигийн хөндий” дэх “Эс си ти и эм” ХХК-ийн хашаанаас тус ХХК-ийн эзэмшлийн Тоёото РАВ-4 маркийн 22-06 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан,

Мөн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Эс си ти и эм” ХХК-ийн эзэмшлийн РАВ-4 маркийн 22-06 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа онхолдож зам тээврийн осол гарган зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

            Хохирогч Э.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй хохирол бүрэн барагдсан. Шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэв.

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

            Гэрч М.Ням-Осор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би Галбадрахыг 1 жилийн өмнөөс танилцаж мэнд устай болсон юм. Галбадрах нь намайг Тех цайны газар ажиллуулдаг байхад манайхаар үйлчлүүлдэг байсан. Мөн манай эхнэр Сарантуяагийн хамт “Хөшигтийн хөндийн” нисэх онгоцны буудалд хамт ажилладаг байсан. Тэгээд яваандаа сайн танилцаж манай гэр орноор орж гардаг болсон юм. Намайг 2016 оны 11 сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр баг А-7-1 тоотод гэртээ өвлийн идэшээ хийгээд байж байхад Галбадрах 1900 цаг өнгөрч байхад над руу утасдаад “ахаар сонин сайхан юу байна” гэж мэнд асуусан юм. Би “сонин сайхан юмгүй ээ, ах нь идэшээ хийгээд мах чанаж байна” гэж хэлсэн. Тэгтэл Галбадрах “ өө би яваад очъё та мах чанаж бай гэж хэлээд манай гэрт удаагүй 30 орчим минут болоод ирсэн. Тэгээд Галбадрах манайд ирээд хоол унд идээд авчирсан 1 шил архи, 1 том орос пиво гаргаж ирээд бид хоёр хоёулаа уусан юм. Би түүнийг юм уусан тул унтаж амрах байх гээд хаалга онгойлгоод машиныг нь оруулсан. Хоол идэнгээ 1 шил 750 граммын Соёрхол архийг ууж дуусгасан пивоныхоо талыг ууж бараагүй. 23 цаг өнгөрч байхад Галбадрах би харьж амарлаа, маргааш өглөө эрт ажилтай гэж хэлээд явсан. Төд удалгүй 30 орчим минутын дараа гаднаас орж ирээд танай гудамжны үзүүрт машинаа унагачихлаа гэж хэлсэн. Тэгээд би хувцасаа өмсөөд хамт очиход жалганд унасан байсан, орой тул хүн дуудах гэхээр унтаж амарсан байсан тул замаар явж байсан 2 танихгүй залууг дуудаж өргөлцөж босгосон. Тэгээд Галбадрах манай гэрт ороод аяга цай залгилчихаад явсан. Би түүнийг чи манайд хоноод яв гэхээр одоо зүгээр эрт ажилтай гээд явсан. Өөр зүйл болоогүй. Тухайн үед ганц шил архи уучихаад баахан мах идээд халуун шөл уучихаад би одоо зүгээрээ гээд эрүүл хүн шиг яриад байхаар нь би хориглож чадаагүй юм. Галбадрах осол болсон талаар ямар нэгэн байгууллагад мэдэгдээгүй. Нэгт архи уусан, тухайн үед маш их салхи шуургатай байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-29 тал/,

 

-гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-Эс Си Ти И Си Эм ХХК-ий 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн автомашин алдагдсан тухай мэдэгдэл /хх-05 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8 тал/,

-DVD  бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-09 тал/,

-эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-11-12 тал/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13 тал /,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16 тал/,

-зам тээврийн осол дээр тогтоогдсн акт /хх-17 тал/,

-хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-18 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-19-20 тал/,

-битүүмжилсэн эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-21 тал/,

-эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тогтоол /хх-22 тал/,

-Эс Си Ти И Си Эм ХХК-ий 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хохирогч иргэний нэхэмжлэгч томилох тухай албан бичиг /хх-24 тал/,

-автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-31 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-32 тал/,

-эд зүйлийн үнэлгээ /хх-37 тал/,

 

-2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №00000128 тоот дүгнэлт

Хариулт 1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Тоёото Рав-4” маркийн 22-06 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Галбадрах нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв. Г.Галбадрах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 2 бүлгийн 2.7 дахь хэсэгт “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2 дугаар бүлгийн 2.5 “зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх: ,в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага/ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын эд зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх,” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзэв.

Хариулт 2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Тоёото рав-4” маркийн 22-06 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Галбадрахын хурдыг тогтоох боломжгүй.

Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Тоёото рав-4” маркийн 22-06 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Г.Галбадрах нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 бүлгийн 2.7 дахь хэсэгт “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэв.

Хариулт 4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв гэжээ /хх-35 тал /,

 

-“Тоёото рав-4” маркийн 22-06 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-53 тал/,

-Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-58 тал/,

-Өү Жи Си Ти ХХК-ний 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №20 дугаар албан бичиг,

 

            -шүүгдэгч Г.Галбадрахын ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх- 47 тал/,

 

- шүүгдэгч Г.Галбадрахыг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сэжигтнээр /хх-43 тал/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр дахин /хх-44 тал/, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар /хх-45 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Шүүгдэгч Г.Галбадрах нь 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цаг 40 минутын үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Хөшигийн хөндий” дэх “Эс си ти и эм” ХХК-ийн хашаанаас тус ХХК-ийн эзэмшлийн Тоёото РАВ-4 маркийн 22-06 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугатаасан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Эс си ти и эм” ХХК-ийн эзэмшлийн РАВ-4 маркийн 22-06 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа онхолдож зам тээврийн осол гарган зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч М.Ням-Осорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Хоол идэнгээ 1 шил 750 граммын Соёрхол архийг ууж дуусгасан пивоныхоо талыг ууж бараагүй. 23 цаг өнгөрч байхад Галбадрах би харьж амарлаа, маргааш өглөө эрт ажилтай гэж хэлээд явсан. Төд удалгүй 30 орчим минутын дараа гаднаас орж ирээд танай гудамжны үзүүрт машинаа унагачихлаа гэж хэлсэн. Тэгээд би хувцасаа өмсөөд хамт очиход жалганд унасан байсан, орой тул хүн дуудах гэхээр унтаж амарсан байсан тул замаар явж байсан 2 танихгүй залууг дуудаж өргөлцөж босгосон. Тэгээд Галбадрах манай гэрт ороод аяга цай залгилчихаад явсан. Би түүнийг чи манайд хоноод яв гэхээр одоо зүгээр эрт ажилтай гээд явсан. Өөр зүйл болоогүй. Тухайн үед ганц шил архи уучихаад баахан мах идээд халуун шөл уучихаад би одоо зүгээрээ гээд эрүүл хүн шиг яриад байхаар нь би хориглож чадаагүй юм. Галбадрах осол болсон талаар ямар нэгэн байгууллагад мэдэгдээгүй. Нэгт архи уусан, тухайн үед маш их салхи шуургатай байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-29 тал/, гэмт хэргийн талаархи, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, Эс Си Ти И Си Эм ХХК-ий 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн автомашин алдагдсан тухай мэдэгдэл /хх-05 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8 тал/, DVD  бичлэгэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-09 тал/, эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-11-12 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-13 тал /,гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16 тал/, зам тээврийн осол дээр тогтоогдсн акт /хх-17 тал/, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-18 тал/, автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-31 тал/, эд зүйлийн үнэлгээ /хх-37 тал/, хохирогч Э.Батцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Галбадрахыг Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Галбадрахын холбогдсон Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  “яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Г.Галбадрахын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

                                               

Харин шүүгдэгч Г.Галбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн”, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн” зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэл оногдуулсан болно.

             

Шүүгдэгч Г.Галбадрах нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Э.Батцэнгэл нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохирлын асуудал байхгүй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлийн талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 120000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошиба маркийн 32 инчийн зурагт зурагт битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох,

 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Шархай овогт Ганболдын Галбадрахыг авто тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шархай овогт Ганболдын Галбадрахад холбогдуулан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Галбадрахыг 2 /хоёр/ 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Г.Галбадрахад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 120000 төгрөгийн үнэлгээ бүхий Тошиба маркийн 32 инчийн зурагт зурагт битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн СД-1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7.Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан Г.Галбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдасугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Галбадрахад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 зааснаар ялтан Г.Галбадрахад нь тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн Цагдаагийн газарт далгасугай.

 

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан Г.Галбадрах нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Г.Галбадрахад танилцуулсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Г.Галбадрахад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ц.ОТГОНЖАРГАЛ